ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Соёл, урлагийг хөгжүүлэх сангийн 2012 оны үйл ажиллагааны тайлан (Сангийн хөрөнгийн зарцуулалтыг төсөл, хөтөлбөр, арга хэмжээ бүрээр, зарцуулалтын хэмжээг багтаасан)

Posted by ИТХ on 2013/04/01

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Соёл, урлагийг хөгжүүлэх сангаас тус сангийн 2012 оны  үйл ажиллагааны тайланг албан бичгээр ирүүллээ. Урьд нь 2011 оны тайланг ирүүлснийг бид сайтдаа байрлуулсан билээ. Энэ хоёр бол “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээнээс Засгийн газрын тусгай сангуудын төсөв, хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг ил тод, нээлттэй болгох кампанит ажлын хүрээнд хүлээж авсан хамгийн тодорхой хариулт юм. Учир нь зүгээр нэг ажлын тайлан бус, харин тус сангийн хөрөнгийг ямар төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсныг зардлын хэмжээтэйгээр дурдсан байлаа. Ямар ч байсан тус сангийн төсвийн зарцуулалтын талаар зарим дүгнэлтийг хийж болохуйц мэдээлэл багтжээ. Тайланг дор сийрүүлэв.

 Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 2012 оны ажлын тайлан

2011.02.01                                                                                                        Улаанбаатар хот

Үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, түүх соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас гаргасан зарлиг, тогтоол, Үндэсний хөтөлбөрүүд, ССАЖ-ын сайдын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэхдээ Соёл, урлаг хөгжүүлэх сан нь Засгийн газрын  “Тусгай сангийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль”,  Засгийн  газраас баталсан Соёл, урлаг хөгжүүлэх сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулав.

2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн  Засгийн газрын 48-р тогтоолоор  Соёл, урлаг хөгжүүлэх сангийн зохион байгуулалт, орон тооны хязгаарыг баталж 9 хүний бүрэлдэхүүнтэй болгон өргөжүүлсэн. Татан буугдсан ЗГХА, Соёл, урлагийн хорооноос тус санд 2012 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 4 мэргэжилтэн шилжин ажиллаж байна.

Сангийн захиргаа нь сангийн хөрөнгийн орлого, зарлагын мэдээ, тайланг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгч байв. Мөн 2013 оны төсвийн төслийг тогтоосон хугацаанд зайлшгүй хийгдэх шаардлагатай арга хэмжээ, ажил үйлчилгээний зардал, хугацааг тусган боловсруулж соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн.

2012 онд сангийн төсөвт 5,696,519,200 төгрөг төсөвлөгдсөнөөс улсын төсвөөс 5,380,515,658 төгрөгийн санхүүжилт авч  126 төрөл зүйлийн ажил үйлчилгээг гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэсэн ажил үйлчилгээг түүх соёлын дурсгалт зүйлсийн хамгаалалт, соёл, урлагийн үйл ажиллагааны гэж ангилав. Эдгээрийн 115 ажил үйлчилгээг төсвийн ерөнхийлөн захирагчийн, 11 ажил үйлчилгээг сангийн захирлын тушаал шийдвэрээр гүйцэтгэсэн байна.

Тайлангийн хугацаанд  Эзэн Чингис-Тэмүжиний мэндэлсний 850 жилийн ой, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан “Их эзэн Чингис хааны Хангал эхт цагаан сүлд”, “Тайз дэлгэцийн урлагийн алдартнууд” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хоёл зуун дамнасан Монгол амьдрал” гэрэл зураг кино үзүүлэнт үзэсгэлэнг Дорноговь аймгийн ЗДТГ, Монголын театрын музей, Уран зургийн галлерей, болон Монгол уламжлал академитай хамтран зохион байгуулж ажиллаа.

Тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг төрөл ангилалын дагуу дэлгэрэнгүй гаргавал:

   Хүүхдийн шилдэг номыг DVD-нд хөрвүүлэх, хэвлэх ажлыг санхүүжүүллээ

Дэлхийн банкны “Олон улсын хүүхдийн цахим номын санд” –д байршиж буй  Монголын хүүхдийн 247 шилдэг номыг DVD-нд хөрвүүлэх, 1750 хувь хэвлүүлэхэд 8 750 000 төгрөгөөр санхүүжүүлэв.

“Уяхан замбуу тивийн наран” урлагын тоглолтыг санхүүжүүллээ

Хүннү гүрэн байгуулагдсаны 2221 жилийн ой, Монголчуудын эртний уламжлалт үндэсний баяр-Цагаан сарын ёслолд зориулан тоглох “Уяхан замбуу тивийн наран”  тоглолтыг 76 897 284 төгрөгөөр санхүүжүүлэв.

Бэлгийн дээд ном” арга хэмжээг санхүүжүүлэв

Цагаан сарын баяраар ард иргэд нэгэндээ эдийн дээд, бэлгийн дээд номыг бэлэглээсэй гэсэн уриалгын дор Хүүхдийн номын ордноос  “Бэлгийн дээд ном” арга хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулах ажлын сурталчилгаа, нээлтийн ажиллагааны зардалд   1 000 000 төгрөгийн санхүүжилт хийв. Энэхүү арга хэмжээнд нийслэлд буй бүх хэвлэлийн газар оролцож худалдаалах номынхоо үнийг  10-30 хувиар бууруулсан. Үүнээс гадна аймаг сумдын 336 номын санд 500 нэр төрлийн монгол ном, англи хэл дээрх ном 18 нэр төрлийн 672 ширхэг номыг бэлэг болгон өгсөн байна.

Оны шилдэг уран бүтээлчдэд шагнал олгов

2011 оны шилдэг тайз дэлгэцийн найруулагчаар УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар, шилдэг тайз дэлгэцийн зураачаар ДБЭТ-ын зураач Г.Ганбаатар, шилдэг тайз дэлгэцийн жүжигчнээр УДЭТ-ын жүжигчин С.Сарантуяа, мөн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, шилдэг дуучнаар  ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин, шилдэг хөгжимчнөөр Улсын филармоний хөгжимчин Ц.Жигжиддорж, шилдэг бүжигчнээр УДБЭЧ-ын бүжигчин О.Тулга нарт тус бүр 3 000 000  төгрөг болон 442 800 төгрөгийн үнэ бүхий цом олгов. Мөн шилдэг уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагааны реклам сурталчилгааны зардал, батламж, урилга, анонсны зардалд 5 900 000 төгрөгөөр санхүүжүүлэв.

Мэргэжилтэн багш урьж ажиллуулах зардлыг санхүүжүүлэв

Оросын Холбооны Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Итали Улсын нийт 6 багшийн замын зардал болон хоол унаа, зочид буудал,бэлэг дурсгалын зардалд     14 598 000 төгрөг зарцуулав.

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Ж.Чулууны нэрэмжит олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдааныг санхүүжүүллээ

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит олон улсын уралдааныг 39 450 000 төгрөгөөр санхүүжүүлэв.

Морин хуур наадмын сайдын нэрэмжит шагналаар хөгжмийн зохиолч С.Мөнхбатыг шагнав

Морин хуур-2011 наадмын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит Гран-При шагналаар хөгжмийн зохиолч С.Мөнхбатыг 1 000 000 төгрөг 130 000 төгрөгийн үнэ бүхий цомоор шагнав.

2011 оны ном, хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авлаа

Засгийн газрын 2003 оны 140-р  тогтоолоор батлагдсан “Ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2010 оны ном, хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах ажлыг зохион байгууллаа.

Энэхүү сонгон шалгаруулалтад зохиогч, хэвлэн нийтлэгчид,  хэвлэх үйлдвэрүүдийн 41 нэрийн  4186 ширхэг номыг шилдэгээр сонгон 48 043 700 төгрөгөөр улсын санд худалдан авч 21 аймгийн сумын номын сангуудад хуваарилан хүргүүлж, номын зохиогч, хэвлэлийн газруудад батламж гардуулан  архивласан.

Улс аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллого явуулах ажилд санхүүжилт хийв

Улс аймгийн музейн тооллогын ажлыг улс орон даяар явуулахад музейн үзмэрийн улсын бүртгэлийн ерөнхий дэвтэр, маягт, улсын тооллогын заавар хэвлүүлэх, жин хэмжүүр худалдан авах,  гарын авлага хэвлүүлэх, сургалт зохион байгуулах болон сургалтанд оролцогчдын зардалд зориулан 189 520 100 төгрөгийн санхүүжилт хийлээ.

 “Нэгэн зууны тэртээх Монгол Улс франц гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэн зохион байгуулахад санхүүжилт хийв

20-р зууны эхэн үеийн Францын банкны эзэн Алберт Каны гэрэл зургийн цуглуулга дахь Монголын түүх, соёлтой холбоотой эдгээр нандин баримт гэрэл зургуудыг хэвлэмэл ба дижитал хэлбэрээр Франц улсын О-де-Сейнь мужаас Монгол улсад ирүүлсэнтэй холбогдуулан “Нэгэн зууны тэртээх Монгол улс- францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг 2012 оны 4 сарын 30-наас 2012 оны 7 сарын 1-ний хооронд Улаанбаатар хотноо Монголын Уран Зургийн Галерейд зохион явууллаа.

Их Хүрээг Монгол Улсын Нийслэл болгож, Нийслэл Хүрээ хэмээн нэр өргөмжилсний 100 жилийн ой энэ 2012 онд тохиож байгаатай холбогдуулан 1912-1913 оны Монголын 70 гаруй өнгөт гэрэл зураг болон 2 хар цагаан дүрс бичлэгийг Монголын Уран Зургийн Галерейд олноо дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнд ирсэнээр 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо олж дахин сэргэсэн Монгол хүмүүс, Нийслэл Хүрээний дүр төрхийг харж Монголын түүхийн нэгээхэн хэсгийг танин мэдсэн болно. Дээрх арга хэмжээг зохион байгуулахад нийт 24 869 000 төгрөг төсөвлөгдөж, уг үзэсгэлэнгийн үйл ажиллагааны зардал тус сангаас санхүүжигдсэн. 

Хөдөө орон нутагт аялан тоглолт хийх ажилд хөрөнгө зарцуулав

Аймаг нийслэлийн алслагдсан дүүргийн иргэдэд соёлын үйлчилгээг хүргэх зорилгоор УДЭТ-т      19 978 000 төгрөг, Улсын филармонид 20 040 840 төгрөг, ҮДБЭЧ-т   17 378 600 төгрөг, УДБЭТ-т  14 222 700 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

Уран бүтээлч, урлагийн сургуулийн багш, сурагчдыг олон улсын тэмцээн болон сургалт, наадамд оролцуулах ажлын хүрээнд

  • Барток-Кабалевский Прокофьевын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанаас Гран-При шагнал хүртсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Ч.Есөнхандын АНУ-ын Нью-Йорк хотын Карнегийн их танхимд шагнал гардан авах үйл ажиллагаанд  оролцуулахад дэмжлэг үзүүлж 3 359 200 төгрөг зарцуулав.
  • СУИС-ийн Тайз, дэлгэцийн урлагийн сургуулийн багш Б.Хишигзаяаг ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан найруулагч Никита Михалковын “Зуны  академи” сургалтанд суралцахад замын зардалд шаардагдах 1 380 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
  • Франц Улсын Канн хотноо зохиогдсон олон улсын Каннын кино наадамд оролцсон “Богд хаан” уран сайхны киноны найруулагч  “Монголын үндэсний кино академ”-ийн тэргүүн Б.Цогтбаярын  замын зардалд  5 000 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
  • Швейцарь Улсын Монте-Виве хотод 2012 оны 9 дүгээр сарын 4-15-ны өдрүүдэд зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын залуу хөгжимчдийн VII уралдаанд ХБК-ийн сурагч Ч.Есөнхөнд, Ү.Уртнасан, багш Ч.Тунгалаг, Б.Орхон нарын байр унааны зардалд 5 896 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ.  
  • Азербайджан улсын Баку хотноо олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцсон ДБЭТ-ын дуучин Д.Гомбо-Очирын замын зардалд 3 645 496 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв. 

Морин хуур уртын дуу үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд

  • “Морин хуурын олон улсын III наадам, эрдэм шинжилгээний хурал”-ыг 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод зохион багйгуулахад 4 147 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
  • Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан морин хуурын наадмын арга хэмжээнд зориулан  3 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
  • “Монгол ардын уртын дууны тархалт, хэв шинж”, “Монгол уртын дууны бүртгэл”, номуудыг хэвлүүлэх, хуваарилах зардалд 4 452 500 төгрөгийн дэмжлэг үзүүлэв.

Монгол хөөмий үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд

  • Хөөмэйн олон улсын II наадмын арга хэмжээг 2012 оны 7 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулах зардалд 30 700 000 төгрөгөөр санхүүжүүлэв.
  • Шилдэг хөөмийчдийн уран бүтээлийн цомог хэвлүүлэх зардлыг 3 000 000 төгрөгөөр санхүүжүүлэв.

“Монгол тууль”  үндэсний  хөтөлбөрийн хүрээнд:

“Монгол тууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх алхам болгож туульч – ардын авьяастны  урын санг нэмэгдүүлэх зорилгоор  Улаанбаатар хотод 2012 оны 10 дугаар сарын 12-16-ны хооронд туульч ардын авьяастны уулзалт, тоглолтыг зохион байгуулахад 5 003 000 төгрөгийн санхүүжилт хийлээ. Туульчдийн улсын үзлэгт 21 аймгаас шалгарсан 12 туульч оролцож  А.Балдандорж тэргүүн байр эзэлж алтан өргөмжлөл 1 000 000 төг, Н.Анхбаяр дэд байрт шалгарч мөнгөн өргөмжлөл 800 000 төгрөг, Э.Баатаржав  хүрэл өргөмжлөл 500 000 төгрөг  тус тус хүртсэн байна. Улсын үзлэгийн шүүгчдээр тууль судлаач Б.Катуу, Соёл судлаач доктор Г.Энэбиш, ШУ-ны доктор С.Дулам, Соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийн хэлтсийн дарга С.Юндэнбат нар ажиллав.

Монголын уламжлалт бий биелгээ хөтөлбөрийн хүрээнд:

  • Хөдөө орон нутагт ажиллаж буй соёлын ажилтнуудын үүсгэл санаачлагыг дэмжих зорилгоор “Бий, биелгээний урлагийг хөгжүүлэхэд ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш, соёлын төвийн бүжгийн багш нарын арга зүй, ур чадвар нөлөөлөх нь” сургалтыг Увс аймагт зохион байгуулахад 7 378 600 дэмжлэг төгрөгийн үзүүлэв.
  • Ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгын шавь сургалт зохион байгуулах зардалд               23 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

Сонгодог урлаг  II хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд

Комаки балет тоглолтыг санхүүжүүлэв

Японы “Комаки балет” тоглолтыг зохион байгуулахад Монголын балетийн хөгжил санд   10 000 000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

2012 оны 6-р сарын 8, 9-ны өдрүүдэд СТӨ-нд тоглогдсон “Комаки балет” тоглолтонд Япон улсын “Комаки балет” компанийн 50-аад хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдээс гадна МУ-ын ДБЭТ болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, МУГЖ Д.Алтанхуяг, мөн түүний анд АНУ-ын Бостон хотын Фестиваль Балет Театрын гоцлол бүжигчин Эмили Локоссо нар оролцсон  юм.

  • Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан японы нэрт зохиолч Мурасаки Шикибугийн зохиол “Гэнжийн туульс”-аас сэдэвлэн “Эсрэг дурлал” жүжиг туурвихад ДБЭТ-т 10 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Шахерезада”, Шарилжин дундах цэцэг” бүтээлийг сэргээн тавихад 49 809 000 төгрөгийн санхүүжилт хийв.
  • Улсын драмын эрдмийн театрын “Гамлет” бүтээлийг сэргээн тавихад 39 874 086 төгрөгийг зарцуулав.
  • Улсын филармоны Морин хуурын чуулгын “Морин хуур- Гранд Опера” тоглолтыг зохион байгуулахад 19 800 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
  • Төв, орон нутгийн театрын уран сайхны гэрэлтүүлгийн найруулагч, техникч, операторуудад зориулсан мэргэжил дээшлүүлэх, чадваржуулах сургалтыг 34 391 000 төгрөгөөр санхүүжүүлэв.
  • АНУ-ын Норд Каролина мужийн Их Каролина сургуулийн багш, олон улсын хөгжмийн наадмын уран сайхны удирдагч Ара Грегорианы монгол улсад зохион байгуулах сургалт, монголын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт зохион байгуулах зардалд 6 347 000 төгрөг зарцуулав.
  • Алтан намар” хөгжмийн наадам зохион байгуулах зардалд 3 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
  • ОХУ-ын “Большой театр”-ын уран бүтээлчдийн Монгол Улсад зохион байгуулсан тоглолтын зардлыг 27 053 000 төгрөгөөр санхүүжүүлэв. Балетын эмэгтэй 8 жүжигчин, 8 эрэгтэй жүжигчин 4 техникын ажилтан нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж тоглолоо.
  • Хөгжим бүжгийн коллеж байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан Монгол Улсын мэргэжлийн урлагийн байгууллагуудын симфони найрал хөгжим болон ХБК-ийн симфони найрал хөгжмийн хамтарсан “Симфони найрал хөгжмийн наадам 2012” тоглолтыг Улаанбаатар хотод зохион байгуулахад 19 915 000 төгрөгөөр санхүүжүүлэв.
  • Сонгодог урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоор “К.С.Станиславскийн сонгодог дэг сургууль – Монголд” цогц төслийн хүрээнд ОХУ-ын театрын академийн профессор багш нартай хамтран явуулах мастер сургалтыг төв, орон нутгийн. Мэргэжлийн найруулагч, жүжигчдэд зориулан зохион байгуулах сургалтанд 6 200 000 төгрөг зарцуулав.

Б.Шаравын нэрэмжит олон улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэв  

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, ардын хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааныг 2012 оны 12 дугаар сарын 14-19-ны өдрүүдэд зохион байгуулахад 49 000 000 төгрөг зарцууллаа.

Уралдаанд нийт 54 дуучин, 36 хөгжимчин оролцсоноос төгсөглийн шатанд 11 дуучин, 8 хөгжимчин тунаж үлдсэн. Эрэгтэй дуучдаас тэргүүн байрыг ХЦДБЧ-ын гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр хүртсэн бол удаах байранд О.Хүрэлбаатар, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаяр нар шалгарлаа. Чөлөөт уран бүтээлч Б.Энхнаран эмэгтэй дуучдыг тэргүүлсэн хөгжимчдөөс ҮДБЭЧ-ын ятгачин Ч.Амарбаясгалан шилдгээр тодорч, ҮДБЭЧ-ын ёочинч Д.Лхагвасүрэн, ХБК-ийн оюутан, морин хуурч Н.Жигжиддорж нар хоёрдугаар байр эзлэв. Уралдааны шүүгчээр Төрийн соёрхолт Ардын жүжигчин Х.Уртнасан, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, С.Мөнгөнцэцэг болон ОХУ-ын ардын жүжигчин Владимир Ефимов, Токиогийн симфони найрал хөгжмийн удирдаач Хисаёши Иной нар ажилласан.

Ц.Пүрэвдоржийн нэрэмжит “Ари романс дуулаач, залуу уран бүтээлчдийн олон улсын уралдаан” зохион байгуулах ажлыг санхүүжүүллээ

Монголын урлагийн ажилтны холбооноос зохион байгуулсан Ц.Пүрэвдоржийн нэрэмжит “Ари романс дуулаач, залуу уран бүтээлчдийн олон улсын уралдаан”-ны зардалд            66 495 000 төгрөг зарцуулав.

Уралдаанд УДБЭТ-аас -11, ЦДБЭЧ-аас-1, ХЦДБЧ-аас-2, Цагдаагийн “Сүлд” чуулгаас-4, ХБК-оос-3, СУИС-аас-2, Баянхонгор аймгаас-1, чөлөөт уран бүтээлч-2, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас- 2 уран бүтээлч оролцсон.

Хоолой тус бүрд  сопрано-7, тенор-9, баритон-5, баргил /басс/-7 тус тус нийт  28 оролцогч, 8 концертмейстрын хамт оролцож, I шатнаас 20 хүн шалгарсан.

II шатны шалгаруулалтыг 2012 оны 11 сарын 26-30-ны өдрүүдэд УДБЭТ-ын байранд зохион явуулсан бөгөөд Театрын музейтэй хамтранЦ.Пүрэвдоржийн амьдрал уран бүтээлийг харуулсан үзэсгэлэн гаргасан.

Ц.Пүрэвдоржийн шагналтнууд

Эрэгтэй

1-р байр – О.Хүрэлбаатар-УДБЭТ

2-р байр – Э.Анхбаяр-УДБЭТ

3-р байр – Ж.Гомбо-Очир-УДБЭТ

Тусгай байр – Б.Алтанхуяг-УДБЭТ

Тусгай байр – Э.Бумхүү-УДБЭТ

Ц.Пүрэвдоржийн нэрэмжит шагнал – С.Бат-Эрдэнэ-ХБК

Шүүгчдийн шагнал – Б.Батжаргал -УДБЭТ

Эмэгтэй

1-р байр-Б.Энхнаран-Чөлөөт уран бүтээлч

2-р байр-Б.Аюуна-Буриадын ДБЭТ 

Сонгодог бүтээл-2012” улсын уралдааныг санхүүжүүлэв

“Сонгодог бүтээл-2012” аймгуудын театр, чуулгын дунд зохиогдох улсын уралдааныг зохион байгуулах зардалд 437 597 000 төгрөгөөр санхүүжүүллээ.Энэ наадамд баруун, төв, зүүн, орон нутгийн АДБ-ын чуулгууд гэсэн 4 бүс болон нийт 21 аймгийн 24 театр чуулгууд хамрагдан 48 бүтээлийг үзүүллээ.

Баруун бүст: Завхан аймгийн  ХДТ, Тэргүүн байр эзэлж өргөмжлөл, 20 000 000 сая төгрөг,  Ховд аймгийн ХДТ дэд байр эзэлж өргөмжлөл, 15 000 000 сая төгрөгөөр шагнагдсан.

Төвийн бүст: Дархан-Уул аймгийн Залуучууд театр Тэргүүн байр эзэлж, өргөмжлөл,     20 000 000 төгрөг, Хөвсгөл аймгийн ХДТ дэд байрт шалгарч өргөмжлөл,  15 000 000 сая төгрөгөөр шагнагдсан.

Зүүн бүст: Дорнод аймгийн ХДТ Тэргүүн байр эзэлж өргөмжлөл, 20 000 000 төгрөг, Сүхбаатар аймгийн ХДТ дэд байр эзэлж аргөмжлөл,15 000 000  төгрөгөөр шагнагдсан.

АДБЧуулгуудаас: Орхон аймгийн Уурхайчин Соёлын ордны Эрдэнэт дуу бүжгийн чуулга,  Гран При шагнал хүртэж өргөмжлөл 35 000 00 төгрөг, дэд байрт Хэнтий аймгийн Хан-Хэнтий чуулга шалгарч өргөмжлөл, 20 000 000  төгрөгөөр шагнагдсан.

II шатны шалгаруулалтанд Завхан аймгийн  ХДТ, Дархан-Уул аймгийн Залуучууд театр, Дорнод аймгийн ХДТеатрууд өрсөлдснөөс Дорнод аймгийн ХДТ, Орхон аймгийн Эрдэнэт дуу бүжгийн чуулгууд Гран При шагнал, 35 000 000 төгрөгөөр шагнуулсан.

Гадаад оронд  зохиогдсон  арга хэмжээний хүрээнд

  • БНХАУ-д “Монголын соёлын сар”-ыг зохион байгуулах ажлын хүрээнд урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах болон замын зардал, ачаа тээврийн зардалд зориулан 82 598 600 төгрөг зарцууллаа.
  • Польш улсад 2012 оны 7 дугаар сарын 19-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ардын язгуур урлагийн их наадамд Монгол Улсыг төлөөлүүлж  Ардын урлагийн “Хөгсүү” чуулгыг оруулцуулсан замын зардалд 26 250 000 төгрөгийг зарцуулав.
  •  2012 оны 6 дугаар сард Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-гийн биет бус өвийг хамгаалах тухай ерөнхий бага хурлын ээлжит IV чуулганы үеэр сурталчилах “Монгол костюмс” ХХК-ийн “Монгол дээл” түүхчилсэн загварын үзүүлбэрийн арга хэмжээнд оролцогчдийн замын зардалд 5 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
  • Олон улсын “Алтаргана” наадамд оролцох зарим төлөөлөгчдийн замын зардал, бэлэг дурсгалд зориулан 3 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

БНСУ-д Монголын соёлын биет бус өвийг сурталчилах тоглолт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэв

БНСУ-ын Сөүл хотноо Монголын соёлын биет бус өвийг сурталчилах тоглолтыг зохион байгуулсан болон оролцсон уран бүтээлчдийн замын зардал, визны хураамжийн зардалд   8 635 282 төгрөг зарцууллаа.

ДБЭТ-ын уран бүтээл П.И.Чайкоскийн “Цөмөөхэй” балетын тоглолтыг БНХАУ-ын Тян-жинь хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлэв

Тянжинь хотын Гранд опера театрын тайзнаа Монгол улсын ДБЭТ-ын хамт олон “Цөмөөхөй” балетын тоглолтыг 2012 оны 12 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд амжилттай тоглож, уг тоглолтонд МУ-ын дуурийн театр нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласныг дурдах нь зүйтэй. Энэхүү айлчлан тоглолт нь Монгол улсын соёл, урлагийн түүхэнд анх удаа 148 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монголын сонгодог урлагийг дэлхийн түвшинд бүрэн хэмжээгээр нь гадаад улсад сурталчилсан томоохон үйл явдал боллоо. Дээрх арга хэмжээг зохион байгуулахад   39 960 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэв.

БНХАУ-ын Соёлын сарыг Монгол Улсад зохион байгуулав

Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын Соёлын яам хоорондын 2012 онд “Соёлын сар харилцан зохион байгуулах тухай протоколын дагуу БНХАУ-ын Соёлын сарыг зохион байгуулах ажилд       74 475 700 төгрөгийг зарцуулав.

Хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын 6 дугаар уралдааны шалгарсан төслийг санхүүжүүлэв

Хүүхдэд зориулсан  шилдэг бүтээлийн төсөл шалгаруулах  “Мөрөөдлийн үзэг” драмын жүжгийн төсөл, “Жимсны төгөлд шарилж ургадаггүй” драмын жүжгийн төсөл, “Мөчрөн хуруутай охин” хүүхэлдэйн жүжгийн төсөл, “Хүүхэд насны дуулал” дууны CD-ны төслийн санхүүжилтэнд  нийт    83 910 300 төгрөгийн санхүүжилт хийлээ.

Мөрөөдлийн үзэг жүжгийг 2012  оны 7-р сараас эхлэн “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Өдрийн шуудан”, “Үндэсний шуудан”, “Утга зохиол, урлаг” сонин, “Үнэн” сонин, МҮОНТ, TV9, “Ийгл” ТВ, BTV, SBN, “Эх орон” ТВ-ээр сурталчилснаас гадна Монголын радио, FM радиогоор нэвтрүүлж, “Зууны мэдээ” сонины Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. www.olloo.mn, www.tsakhimurtuu.mn, www.dayarmongol.mn  www.zuuniimedee.mn, www.mongolnews.mn, www.zindaa.mn, www.news.mn, www.tstumenbayar.blogspot.com, зэрэг дотоод гадаадын 20-иод вэб сайтаар суратлчилсан. Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Нийслэлийн Боловсролын газартай хамтарч сурагчдын нэгдүгээр улирлын амралтаар “Улаанбаатар” чуулгын тайзнаа 6 удаа, Монголын хүүхдийн ордонд 2 удаа, Говьсүмбэр аймаг, Сайншанд хотод нэг нэг удаа, нийт Улаанбаатар хотын 80 сургуулийн 6000 орчим, хөдөөгийн 500 сурагч, багш нарыг хамруулан үзүүллээ.

Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах ажлыг зохион байгуулав

Шалгаруулалтанд нийт 22 бүтээлээс 5 шилдэг бүтээлийг шалгаруулж  улсын санд худалдан авлаа.  Үүнд:

  • Б.Бямбабаяр “Хүннү” дуурь-15 000 000 төгрөг
  •  Х.Алтангэрэлийн “Ай нанаа” түүхэн дуулалт жүжиг-10 000 000 төгрөг
  • Ш.Өлзийбаяр “Дөрөө” модерн бүжгэн жүжиг-10 000 000 төгрөг
  • Ш.Өлзийбаяр “Ятга, симфони найрал хөгжмийн концерт”- 6 000 000 төгрөг
  • Г.Пүрэвдорж “Реквием” – 4 000 000 төгрөг

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг  улсын санд худалдан авах ажлыг улсын санд худалдан авах ажлыг зохион байгуулав

Шалгаруулалтанд  нийт 171 бүтээлээс 10 бүтээлийг шалгаруулж худалдан авлаа. Үүнд:

  • Д.Ганбаатар “Монголын нууц товчоо” – 10 000 000 төгрөг
  • Б.Насанцэнгэл “Алтан лийр” – 8 000 000 төгрөг
  • М.Батзориг “Нисэн одох цаг хугацаа” – 6 000 000 төгрөг
  • Д.Булгантуяа “Зохиомж”- 5 000 000 төгрөг
  • Г.Лхагвасүрэн  “Нууц товчооны нууцат хурал” – 4 000 000 төгрөг
  • Б.Дэнзэн “Бэр” -3 700 000 төгрөг
  • Б.Гансүх “Бүсгүйчүүд”- 3 000 000 төгрөг
  • Д.Бөхшандас “Хөрөг” – 2 000 000 төгрөг
  • А.Баярмагнай “Хашгираан дээр дуссан дуслууд”- 2 000 000 төгрөг
  • Ж.Мөнхжаргал “Тэд л хүрсэн тэнгэрийн таалал” – 1 300 000 төгрөг 

“Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” тэмдэг, үнэмлэх хэвлэх зардлыг санхүүжүүлэв

“Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн”-ий болзлыг дүгнэх, сурталчилах арга хэмжээг      7 800 000 төгөөр санхүүжүүллээ.

“Хүүхэд насны дуулал” хүүхдийн дууны цомгийг нийслэлийн бүх цэцэрлэг сургуульд түгээх ажлыг Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгууллаа

Цэнгэл продакшны уран бүтээлчид МУ-ын Засгийн газраас  жил болгон зарладаг хүүхдийн уран бүтээлийн уралдаанд хүүхдийн дууны цомгийн төрлөөр оролцож шалгарснаар,  үе үеийн хөгжмийн зохиолчдын хүүхдийн 20 дуунаас бүтсэн, цэцэрлэг болон бага дунд ангийнханд зориулан, хүүхэд насны сэдвээр түүвэрлэсэн “Хүүхэд насны дуулал” цомгийг санхүүжүүлэв.

Монголын хүүхдүүдийн хэлд оронгуутаа дуулдаг 50 жилийн түүхтэй  “Маамуу нааш ир” дуунаас эхлэн Ш.Сүрэнжавын үг С.Мааяагийн  хөгжим “Миний ном”, хүүхдийн дууны хаан гэмээр Л.Галмандах багшийн “Бага насаа хайрлаж явна”, Байгалийн сайхныг хүүхдийн сэтгэл зүрхэнд мэдрүүлмээр Д.Содномдоржийн үг  Ц.Сүхбаатарын ая  “Зун цаг”, З.Хангалын “Зургийн хичээл” дуунууд, 20-р зууны  шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч агуу яруу найрагч Д.Нацагдоржийн “Миний хэнз хурга” шүлгийг авъяаслаг хөгжмийн зохиолч  Ц.Эрдэнэбаатар аялгуу  шингээн  амилуулсан  зэрэг түүх домог болсон хүүхдийн дуунуудаас гадна тус цомогт. мөн хошин шог өнгө аястай дуунууд ч орсон Үүнд: Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Томчууд яагаад нуугдаж тоглодоггүй вэ”дуу, мөн  хүүхэд бүхний шүлгийг нь сайн мэдэх С.Надмидын шүлэг Ц.Буяннэмэхийн аялгуу “Манай ангийн Пөөвгөө” дуу, МХО-ы багш С.Ганчимэгийн Хүүхэд насны сэдэвтэй “Хүүхэд нас”, “Жаргалтай нас” “Хүүхэд насны дурсамж ” зэрэг цоглог сайхан дуунууд орсон. Түүнчлэн  дунд залуу үеийн хөгжмийн зохиолчид болох А.Балжинням, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ /Аранзай/, С.Эрдэнэ  нарын авъяаслаг хөгжмийн  зохиолчдын зохиол бүтээлээс түүвэрлэн оруулсан байна. Нийслэлийн боловсролын газартай хамтран 1500 ширхэг CD-г нийслэлийн ЕБСургууль цэцэрлэгүүдэд түгээлээ.

Ж.Раднаабазар, Ц.Дамдинсүрэн /Өвгөөдэй/, Д.Чимэд-Осорын  мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд

  • Монгол циркийг үндэслэн байгуулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын мэндэлсний 100 жил, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч /Өвгөөдэй/ Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд амьдрал, уран бүтээлийн тухай ном хэвлүүлэх, нэрэмжит хөшөөг сэргээн засварлах, уулзалт, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зохион  байгуулах зардалд нийт 61 100 000 төгрөг зарцуулав.                                                                     
  • Монгол Улсын Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд амьдрал, уран бүтээлийн тухай баримтат кино бүтээх, шүлгийн түүврээс бүрдсэн 2 боть ном хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, дурсамж тоглолт хийх, нийтлэл, нэвтрүүлэг явуулж кино 7 хоног зохион байгуулахад         24 150 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлж урлагийн тоглолт зохион байгуулахад дэмжлэг үзүүллээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлж, Монголын урлагт 70 жил хөдөлмөрлөсний түүхэн үйл явдлыг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал, уран бүтээлийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зохион байгуулах, зарим уран бүтээлд найруулга хийх, түүний зохиолын 6 дахь түүврийг хэвлүүлэхэд      8 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчдийн улсын уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэв

Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин “Зууны манлай бүжиг дэглээч” Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдааныг зохион байгуулахад 18 000 000 төгрөгийн  санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийн хүрээнд:

  • Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талд орших Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор булшнаас олдсон түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлыг 49 208 000 төгрөгөөр санхүүжүүлэв.
  • Сэлэнгэ аймгийн  Алтанбулаг сумын Ардын журамт цэргийн анхны штабын байрыг сэргээн засварлах зураг төсөв хийлгэхэд  1 729 000 төгрөг
  • Богд хааны ордон музейн Махранзын сүм, Хувцасны сан, Жин хонх, хэнгэрэгний равсай, хашаа хаалганы сэргээн засварлах зураг төсөв хийлгэхэд 10 556 000 төгрөг
  • Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших “Их бурхант” дурсгалыг  сэргээн засварлах ажилд  300 000 000 төгрөгийн санхүүжилт хийв.
  • Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн шороон бумбагарын дурсгалын ханын зургийг цэвэрлэх, дулаалгын хучилт хийх ажилд 9 362 000 төгрөг зарцуулав.
  • Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй “Нэн яаралтай хамгаалалтад оруулах ном судрын жагсаалт”-аар батландсан гар бичмэл монгол судлал, үнэт ховор ном судрыг сэргээн засварлахад 65 600 000 төгрөгийг зарцуулав.
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Дэчинчойнхорлин” хийдийг сэргээн засварлахад 2 000 000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
  • Хэнтий аймагт байгуулах “Чингис хааны дурсгалын цогцолбор”-ын зураг төслийн боловсруулахад ашиглах зорилгоор уран барималч Л.Махвалын уран бүтээлийн эскиз зургийг улсын санд худалдан авах зардалд 16 000 000 төгрөг зарцуулав.
  • Говь-Алтай аймгийн музейд “Байгаль, амьтны тасагт дуу авианы төхөөрөмж суулгах” төслийн санхүүжилтэнд 6 955 200 төгрөг, Өвөрхангай аймгийн Хархорум музейд “Уламжлалт тоглоом наадгайн хүүхдийн өрөө тохижуулах төслийн санхүүжилтэнд  7 000 000 төгрөг, Байгалийн түүхийн музейд “Цагаан таягтнуудад зориулсан музейн танилцуулга, хаяг бэлтгэх” төсөлд 18 000 000 төгрөг, Архангай аймгийн музейд “Фото студи” байгуулах төсөлд 1 550 000 төгрөгийн санхүүжилт хийлээ.

Улс, аймгийн музейд үзмэр худалдан авах зардлыг санхүүжүүлэв

Улсын төсвийн хөрөнгөөр улс, аймгийн музейд  үзмэр худалдан авах ажлыг зохион байгуулах үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн 23 музейд нийт 197 364 000 төгрөгийн  үзмэр худалдан авахад хөрөнгө зарцуулав.

Төрийн албан хаагчийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зардалд

  • Аймгуудын төв номын сангийн удирдлагуудад зориулсан “Номын сангийн салбарын бодлого, хэрэгжилт болон менежмент, технологийн шинэчлэл” сэдэвт сургалт, семинар
  • Сумдын соёлын төвийн эрхлэгч нарын 21 хоногийн мэргэшүүлэх сургалт
  • Алслагдсан дүүрэг, сумдын соёлын төвийн дуу хөгжмийн багш нарын 21 хоногийн мэргэшүүлэх сургалт
  • Ардын урлагийн шавь сургалтын багш нарыг бэлтгэх сургалт
  • Мэргэжлийн урлагийн байгууллагын менежер, хүний нөөцийн ажилтнуудыг мэргэшүүлэх 5 өдрийн сургалт
  • Орон нутгийн соёлын төвийн ажиллагсадад зориулсан “Орон нутгийн соёлын үйлчилгээ” сэдэвт сургалт семинарыг 3 216 000 төгрөгөөр санхүүжүүлэв.
  • Сумдын номын санчдад зориулсан “Номын сангийн шинэчлэл” сэдэвт сургалтыг СУИС-ийн Соёлын боловсролын сургуультай зохион байгуулахад 7 934 000 төгрөг зарцуулав.
  •  Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэдэвт сургалтыг 2012 оны 11-12-ны өдрүүдэд Баянхонгор, 12 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд Архангай аймагт зохион явуулах зардалд 5 000 000 төгрөг зарцуулав.

Дорноговь аймагт үзэсгэлэн зохион байгууллаа

Чингис хааны эдлэж хэрэглэж явсан эд өлгийн зүйл, түүх намтар Монголын музейнүүдэд ховор хэдий ч Дорноговь аймгийн Сайншанд хотын орон нутаг судлах музейд Чингис хааны их сүлд шүтээний дагуул цагаан туг сэргээгдэн хадгалагдаж байсныг Эзэн Чингис-Тэмүжиний мэндэлсний 850 жилийн ой, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан монголын ард түмэн, гадаадын жуулчдад сурталчлан таниулах, Монгол улсынхаа түүх, соёл, өв уламжлалаараа бахархах үзлийг бий болгох, төлөвшүүлэх мөн энэ үзмэрийг тус аймгийн “Брэнд” үзмэр болгох үүднээс уг үзэсгэлэнг дэглэж, соёл урлагийн цогц арга хэмжээг зохион байгууллаа.

МУ-ын ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 04 тоот зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2012 оны А/77 тоот тушаалаар Соёл, урлаг хөгжүүлэх сангийн захирал Н.Батмөнх ахлагчтай ажлын хэсэг байгуулагдаж, уг арга хэмжээг зохион байгуулах ажлын төлөвлөгөө, хөтөлбөр, төсвийг боловсруулан ажиллалаа. Дээрх арга хэмжээг зохион байгуулахад нийт 14,971,500 /арван дөрвөн сая есөн зуун далан нэгэн мянга таван зуун/ төгрөг төсөвлөгдсөн бөгөөд үүнээс 9.257.000 /есөн сая хоёр зуун тавин долоон мянган/ төгрөгийг ССАЖ-ын сайдын тушаалаар Соёл урлаг хөгжүүлэх сангаас, 5.714.500 /таван сая долоон зуун арван дөрвөн мянга таван зуун/ төгрөгийн зардлыг Дорноговь аймгийн ЗДТГ-аас тус гаргасан болно. 

Тайз-дэлгэцийн урлагийн алдартнууд” уран зургийн үзэсгэлэн зохион байгууллаа

“Тайз-дэлгэцийн урлагийн алдартнууд” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулахтай холбоотой баримт бичгийн боловсруулалтын ажлыг хийж, Монголын театрын музейн ажилтануудтай хамтран энэхүү үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын зохион байгуулалтад биечлэн оролцлоо.

Сангийн захирлын 2012 оны 18 тоот тушаалаар Монголын театрын музейтай хамтран энэ онд тэгш насны ой нь тохиож буй Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэрт уран бүтээлч, зохиолч Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 110, МУАЖ Дэндэвийн Чимэд-Осорын мэндэлсний 100, МУГЖ Аюурын Цэрэндэндэвийн мэндэлсний 90, МУГЖ Лхамжавын Долгорын мэндэлсний 90, МУГЖ Заяатын Жарантавын мэндэлсний 70 насны ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Тайз-дэлгэцийн урлагийн алдартнууд” гэрэл зургийн үзэсгэлэнг  2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 15.00 цагт Монголын театрын музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд тэгш насны ойгоо тэмдэглэж буй МУГЖ Лха. Долгор, МУГЖ З.Жарантав, ой тэмдэглэж буй алдартнууд гэр бүл, төрөл төрөгсөд, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, УДЭТ-ын дэд захирал, МУАЖ Н.Сувд нар болон нийт 40 шахам зочид, үзэгч, хэвлэл мэдээллийн ажилтанууд оролцлоо.

Дээрх арга хэмжээг зохион байгуулахад нийт 420.500 /дөрвөн зуун хорин мянга таван зуун/ төгрөг төсөвлөгдөж, уг үзэсгэлэнгийн үйл ажиллагааны зардал тус сангаас санхүүжигдсэн болно.   

“Хоёр зуун дамнасан Монгол амьдрал” гэрэл зураг, кино үзүүлэнт үзэсгэлэн зохион байгууллаа

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/134 тоот тушаалаар Монгол уламжлал академи, Оросын кино, гэрэл зураг, баримтын улсын архиваас ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, соёл, амьдрал, ахуйг харуулсан ховор нандин гэрэл зургууд болон түүхийн богино хэмжээний кино үзүүлэнт үзэсгэлэнг 2012 олны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт Могол уран зургийн галлерейд зохион байгууллаа.

Уг үзэсгэлэнг зохион байгуулахад зохион байгуулагчаар Монгол уламжлал академи, Оросын кино, гэрэл зураг, баримтын улсын архив, дэмжигч байгууллагаар Буриадын итгэлт хамбын хүрээлэн, Соёл, урлаг хөгжүүлэх сан ажиллаж, нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Л.Цог, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Ногоон хөгжил, байгаль орчны сайд С.Оюун, Монгол улсад суугаа Оросын элчин сайдын яамны элчин зөвлөх, соёлын атташе нар урилгаар оролцлоо.

Энэхүү үзэсгэлэнгийн арга хэмжээг зохион байгуулахад нийт 3 528 000 төгрөг зарцуулагдсан болно.

Кино урлагийг дэмжих ажлын хүрээнд:

  • 2012 онд манай орны улс төр, нийгэм , эдийн засаг, соёл, боловсрол , шинжлэх ухаан, эрүүл мэнд, биеийн тамир спортын салбарт гарч байгаа түүхэн үйл явдлыг кино архивт авч хадгалах  зорилгоор бүтээж байгаа “Түүхийн хүрд” кино хийхэд 110 000 000 төгрөг төсөвлөн санхүүжүүлэв.
  • Кино урлагийн хөгжлийг дэмжих, олон улсын кино наадамд Монгол Улсаас чанартай уран бүтээл оролцуулах, “Үндэсний эрх чөлөөний өдөр” болон 2013 онд болох Монгол Улсын түүхэнд холбогдох онцгой үйл явдлуудыг тохиолдуулан ССАЖЯ-ны захиалгаар С.Батмөнхийн зохиол “Цагаан дарь эх” түүхэн сэдэвт уран сайхны кино туурвихад    220 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
  •  Монголын кино урлагийн хөгжлийг дэмжих, олон улсад өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор “Алсын удирдлага” бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхэд  60 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

Соёлын төв, чанартай үйлчилгээ-III уралдааныг дүгнэж шалгарсан соёлын төвүүдийг шагнаж батламж олгов

  • Увс аймгийн Ховд сумын Соёлын төвийг нэгдүгээр байранд шалгаруулж  цом, 5 000 000 төгрөгөөр
  • Дундговь аймгийн Өлзийт сум, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын соёлын төвийг хоёрдугаар байранд шалгаруулж тус бүрийг цом, 3 000 000 төгрөгөөр
  • Хэнтий аймгийн Батноров сум, Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан сум, Хөвсгөл аймгийн тариалан сумын соёлын төвийг гуравдугаар байранд шалгаруулж тус бүрийг цом, 2 000 000 төгрөгөөр
  • Булган аймгийн Булган сумын соёлын төв, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын соёлын төв, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын соёлын төв, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын соёлын төв, Дорноговь аймгийн Иххэт сумын төв, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын соёлын төв, Төв аймгийн Батсүмбэр сумын соёлын төв, Завхан аймгийн Сонгино сумын соёлын төв, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын соёлын төв, Говь-Алтай аймгийн Шарга сумын  соёлын төв, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын соёлын төв, Ховд аймгийн Манхан сумын соёлын төв нийт 12 сумын соёлын төвийг тус бүр 500 000 төгрөгөөр шагнаж батламж олголоо.
  • Нийслэлийн Багануур дүүргийн соёлын ордныг нэгдүгээр байранд шалгаруулж цом,          10 000 000 төгрөгөөр
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн соёлын ордныг хоёрдугаар байранд шалгаруулж цом,  5 000 000 төгрөгөөр
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн соёлын ордныг III байранд шалгаруулж цом,             3 000 000 төгрөгөөр тус тус шалгаруулан мөнгөн шагнал олгов.

 Соёл, урлаг хөгжүүлэх сангийн захирал                                     Н.Батмөнх

СУХС-ийн санхүүгийн тайлан 0 СУХС-ийн санхүүгийн тайлан 1 СУХС-ийн санхүүгийн тайлан 2

Leave a comment