ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘+ Үндэсний хэмжээний болон салбарын хөтөлбөр, төслүүд’ Category

Азийн хөгжлийн банкны 700 сая долларын тусламжийн ихэнх боловсролын салбарт зарцуулагджээ

Posted by ИТХ on 2008/06/19

Манай улсын олон салбарт гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгждэг. Гэвч эдгээр төсөл хөтөлбөр тодорхой үр дүнд хүрдэггүй, цаашлаад хий дэмий мөнгө зарлагадсан явдал болох нь бий. Үүний нэг жишээ нь боловсролын салбарт хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээс харагдана. Манай улсад Азийн хөгжлийн банкнаас 1991 оноос 2008 он хүртэлх хугацаанд 700 гаруй сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн байна.

Дэмжлэгийн ихэнх хувь боловсролын салбарт зарцуулагджээ. Тухайлбал, Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 1997-2002 оны хооронд 16.5 ам.доллар оруулсан аж. Одоогийн байдлаар уг хөтөлбөрийн гуравдугаар шат хэрэгжиж манай улсын Засгийн газраас 3.5 сая ам.доллар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг газруудаас 30 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Санхүүжилт цааш үргэлжлэх аж. Харамсалтай нь их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа ч үр дүн нь хангалтгүй байна. Энэ талаар “Хэрэглэгч” сангаас мониторинг хийжээ.

Шалгалтад хөтөлбөр хамгийн сайн хэрэгжиж байгаа, ихээхэн хэмжээний санхүүжилт авсан сургуулиудыг сонгон оруулсан аж. Тухайлбал Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор, 68 дугаар сургууль, Баянгол дүүргийн хоёр, Булган аймгийн нэг цогцолбор сургууль хамрагдсан байна.

Шалгалтаар төслийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, авсан тоног төхөөрөмжөө ашигладаггүй, хэт үнэтэй зэрэг олон зөрчил илэрсэн аж. Ерөнхийдөө төсөл төлөвлөсөн үр дүндээ хүрээгүй хэмээн дүгнэжээ. Төслийг дагасан бизнес байхыг ч үгүйсгэсэнгүй. Мөн төслийн хүрээнд олгогдсон хичээлийн хэрэглэлийг ашиглах боломжгүй байжээ. Түүнчлэн, зарим хэрэглэлийг огт хэрэглэдэггүй, агуулахад тоосонд даруулан хадгалж байсан аж. Үүнээс гадна төслийн шугамаар хийгдсэн сургуулийн засвар чанаргүй байжээ. Будаг зэрэг материал стандартын шаардлага хангаагүй байна. Нүд хуурсан засвар хийсэн гэж хэлэхэд болох аж.

Анги танхим тохижуулах, үсчний сургалт явуулах зэрэгт зориулж багаж хэрэгсэл төслийн шугамаар нийлүүлсэн байна. Ингэхдээ тендер явуулсан аж. Гэтэл нийлүүлсэн багаж нь дэндүү үнэтэй байжээ. Тухайлбал, үсний сэнс 100, ус буцалгагч 130, будаа агшаагч 120 гаруй ам.долларын үнэтэй байсан аж. Энэ нь бараг 150-200 орчим мянган төгрөг гэсэн үг. Яаж ч бодсон ус буцалгагч, будаа агшаагч ийм өндөр үнэтэй байхгүй. Нөгөөтэйгүүр, сургуульд өндөр зэрэглэлийн багаж хэрэгсэл хэрэглэх шаардлагагүй.

Тэгэхээр энэ нь төслийн мөнгийг тендер нэрийн дор үр ашиггүй зарцуулсан болж таарч байна. Багш нар өндөр үнэтэй багаж, хэрэгслийг эвдчихнэ гээд хэрэглэдэггүй аж. Учир нь өндөр төлбөрт унана хэмээн айдаг байна. Түүнчлэн, өндөр үнэтэй багаж хэрэгсэл чанаргүй, хэврэг байдгийг багш нар хэлжээ. Тэд “Төслийн шугамаар ирсэн багаж хэрэгсэл зах дээр хямдхан зарж байгаа бараанаас хэврэг байх юм” хэмээн ярьсан байна.

Хамгийн гол бэрхшээл нь төсөл хэрэгжүүлсэн сургуулийн удирдлага, багш нар дээрх мөнгийг буцалтгүй тусламж мэтээр ойлгодог аж. Тэд зүгээр өгч байгаа юм чинь аваад л хадгалаад байдаг талаар хэлсэн байна. Гэтэл Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээн дэх хөрөнгө оруулалтыг буцааж төлөх нөхцөлтэй аж. Энэ талаар багш нарт хэлэхэд гайхан, сандарч “тэгвэл яаж төлнө өө” хэмээн ярьсан байна. Тэд багаж хэрэгслийг үнэгүй өгсөн хэмээн сэтгэл гарган ашигладаггүй, төслийн хэрэгжилтэд хяналт тавихад ч хойрго ханддаг аж. Одоо 1990-ээд оны эхээр хэрэгжсэн зээлийг эргүүлэн төлөх асуудал яригдаж эхлээд байна. Зээлийг 20-30 жилийн дараа эргүүлэн төлөх ёстой аж. Ингэхдээ сарын нэг хувийн хүүг тооцно. Энэ бол бага тоо биш. Зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө. Тэгэхлээр сургуулиуд татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан болж таарч байна. Энэ талаар “Хэрэглэгч” сангийн төлөөлөгч “Татвар төлөгчдийн мөнгөөр дээрх өрийг төлөх нь ойлгомжтой. Гэтэл үр ашиггүй зарцуулсанд харамсаж байна. Үүнд тавих хяналт алга. Дарга нар тэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт боловсролын салбарт хийдлээ гэж ярих юм. Гэтэл үр дүн нь хамгийн чухал байна” хэмээн халаглав. Ерөнхийдөө боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүн 10 гаруй жилийн дараа харагдаж эхлэх учиртай аж. Тоон дүнгээс харахад энэ нь боломжийн мэт дүр зураг харагдана. Тухайлбал, их, дээд сургуулийн тоо 200 давсан, ерөнхий боловсролын сургууль төгссөн ихэнх залуу мэргэжил эзэмшиж байгаа нь сайн мэт. Гэтэл бодит амьдрал дээр дээд мэргэжилтэй залуусын ихэнх нь ажилгүй, ядаж гараа зөв угааж хэвшээгүй байгаа аж. Боловсролын үр нөлөө эндээс эхлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Хамгийн их санхүүжилт авсан. Төсөл сайн хэрэгжсэн гэх сургуулиудыг сонгож шалгалт хийснийг дээр дурьдсан. Гэтэл эдгээр сургуульд байдал ийм байна. Энэ нь бусад сургуулийн хувьд байдал улам дор буйг илтгэж байгаа аж. Төслийг хэрэгжүүлэхдээ ямар ч шалгуур тавьдаггүй. Энэ нь төсөл ямар ч хяналтгүй хэрэгжиж, үр дүнгүй болох нэг шалтгаан гэв. Үүнээс гадна төсөлтэй холбоотой тендерийг дагасан будлиан ихээхэн явдаг бололтой. Учир нь тендерээр нийлүүлсэн бараа хэт үнэтэй чанаргүй, хүүхэд багачуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц байжээ. Мөн олгогдсон хичээлийн хэрэглэл, хөтөлбөр нь хүүхдийн нас, сэтгэхүйд тохирохгүй байсан аж.

Цаашид боловсролын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үр дүнд ихээхэн анхаарч, явцад нь хяналт тавих хэрэгтэйг хэлж байна. Азийн хөгжлийн банкнаас гадна бусад хандивлагч орны дэмжлэгээр олон хөтөлбөр хэрэгждэг. Тухайлбал, Япон улс 1991-2007 онд 679.14 сая иений хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн 2001-2007 оны хооронд техникийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламжийн хүрээнд 6663.56 сая иений хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Эдгээрийн зарцуулалт, үр дүнг ч тооцох хэрэгтэй аж.

Г.Батзориг (“Нийгмийн толь” сонин)

Posted in + Үндэсний хэмжээний болон салбарын хөтөлбөр, төслүүд, 07. Боловсрол, шинжлэх ухааны яам | Leave a Comment »

Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2007 оны байдлаар ямар байв?

Posted by ИТХ on 2008/05/19

Ерөнхий байдал.

Засгийн газрын тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр 2007 онд хэрэгжиж байгаа 75 үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулж байна.

Засгийн газраас баталсан Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийсэн дүнг 2007 оны 07 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад яамд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ үе шат бүрийн зорилтуудад хяналт-шинжилгээ, үр дүнд үнэлгээ өгөхөд шаардагдах шалгуур үзүүлэлтүүдийг жил бүрийн эхэнд баталж, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой тусгаж байхыг Засгийн газрын гишүүдэд тус тус өгсөн боловч санхүүжилтийн асуудал болон яамд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах үүргүүд хангалттай биелээгүй байна. Read the rest of this entry »

Posted in + Үндэсний хэмжээний болон салбарын хөтөлбөр, төслүүд | Leave a Comment »