ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘Сонгинохайрхан дүүрэг’ Category

Төсвийн ил тод, нээлттэй байдлын шуурхай мониторингийн тайлан. 2013 оны 2-р сарын 20.

Posted by ИТХ on 2013/02/25

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээ

“Ил тод байдал сан” ТББ

 Монгол Улсын болон орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын зарим асуудалд 2013 оны 2-р сард шуурхай мониторинг хийж энэ явцад цуглуулсан баримт мэдээллийг танилцуулж байна.

Бид төсвийн ил тод, нээлттэй байдлыг зохицуулсан эрх зүйн баримт үндсэн баримт бичгээр “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”  ба “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” хоёрыг сонгож авсан юм. Учир нь тэдгээрт тодорхой цаглабараас гадна олон нийтэд хүргэх арга хэлбэр, зарим зохион байгуулалт, хариуцах эзэн зэргийг тодорхойлсон учраас шалгуур болгон ашиглах боломжтой байсан юм.

Ингэхдээ, дээрх хууль, журманд 2013 оны оны эхний хоёр сард ил тод, нээлттэй болгохыг шаардсан дараах заалтууд хэрхэн хэрэгжсэнийг цахим сайт ба мэдээллийн самбарыг  эх сурвалж болгон авч үзлээ. Учир нь сүүлийн үеийн баримт бичгүүдэд цахим сайт, ялангуяа мэдээллийн самбарыг төсвийн мэдээллийг олон нийтэд хүргэх үндсэн хэлбэрээр болгосон байна.

“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ”

9 дүгээр зүйл.Төсөв, санхүүгийн ил тод байдал9.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:9.1.1.тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор дурдсан хугацаанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх:9.1.1.а.тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;

“ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ”

Дөрөв. Мэдээллийг олон нийтэд хүргэх хугацаа, давтамж4.2. Тухайн жилийн төсвийг эрх бүхий байгууллагаас баталж, хүчин төгөлдөр болсны дараа төсвийн захирагч дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:4.2.2. төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн багцын төсвийг 7 хоногийн дотор;4.2.3. төсвийн байгууллага өөрийн төсвөө 10 хоногийн дотор.4.3. Төсвийн гүйцэтгэлийн тайланг эрх бүхий этгээд дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:4.3.1.  төсвийн байгууллага cap, улирлын тайланг cap, улирлын гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор;4.3.2. төсвийн байгууллага хагас жилийн тайланг 7 дугаар сарын 15-ны дотор, жилийн тайланг 2 дугаар сарын 25-ны дотор;

Нэг. ЦАХИМ САЙТ ДАХЬ ТӨСВИЙН МЭДЭЭЛЭЛ

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй   

Дүүргийн албан ёсны http://www.sbd.gov.mn/ сайтад 2013 оны төсөв, оны эхний сарын тайлан одоог хүртэл тавигдаагүй байна. Харин төсвийн мэдээлэлд ямар нэг хэмжээгээр хамааруулж болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2012.12.24-нд, Сүхбаатар дүүргийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө 2013.01.25-нд тус тус нийтэлжээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.  

Дүүргийн албан ёсны http://www.chingeltei.gov.mn, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын http://chingelteicouncil.mn сайтуудад хамгийн сүүлд 2012 оны 12-р сарын 15-нд “Чингэлтэй дүүргийн ИТХ-ын эхний сургалт Төсвийн тухай хуулийн талаархи сургалтаар эхэллээ” гэсэн мэдээнээс хойш төсвийн мэдээлэл ороогүй байна. Төсвийн гүйцэтгэлийн мэдээ огт тавигдаагүй.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

Нэг заалтыг хэрэгжүүлсэн. Гэхдээ шууд биш.

Цахим дүүрэг гэгддэг тус дүүргийн http://www.кhanuul.mn сайтад “2013 онд Хан-Уул дүүргийн хороод төсвөө өөрсдөө хэлэлцэнэ” гарчигтайгаар “2013.01.24-нд нийтлэгдсэн мэдээнд хавсаргасан танилцуулгын дотор дүүргийн 2013 оны төсөв баталсан ИТХ-ын хуралдааны тогтоолыг багтаажээ. Тэнд төсвийн жагсаалт байна. Гэхдээ дүүргийн төсөв энд орсныг таахаас өөр аргагүй байлаа. Сүүлийн үед тус дүүргийн орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн хөрөнгийг хороодод хуваарилсан талаар их яригдаж байгаа ч дүүргийн цахим сайтад дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, хэрхэн хуваарилсныг харуулсан хүснэгтийг бид өөр сайтаас олж авсан болно.

Тус дүүрэг бусадтай харьцуулахад төсвийн холбогдолтой илүү олон мэдээллийг түгээсэн боловч хуучирсан. Хамгийн сүүлд 2012.02.02-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 2012 оны төсөв баталсан тогтоол тавигджээ. Бас “Хан-Уул” нэртэй үнэ төлбөргүй сонин гаргаж тараадаг ч хамгийн сүүлчийн дугаарт төсөв хэлэлцсэн ИТХ-ын хуралдааны мэдээлсэн хэрнээ батлагдсан төсвөө танилцуулаагүй байна.

Дүүргийн харьяа байгууллагууд нэг загварын цахим хуудсуудтай (жишээлбэл, http://nd.khanuul.mn/home – Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, http://eruulmend.khanuul.mn/home – Эрүүл мэндийн хэлтэс, http://khalamj.khanuul.mn/home – Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, http://soyol.khanuul.mn/home – Соёлын төв, http://police.khanuul.mn/home – Цагдаагийн хэлтэс гэх мэт) боловч 2013 ны гарснаас хойш төсвийн мэдээлэл огт тавигдаагүй байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.

Дүүргийн албан ёсны http://www.shd.mn  цахим сайт цоо шинээр хийгджээ. Гэхдээ 2013 оны батлагдсан төсөв ба нэгдүгээр сарын гүйцэтгэлийн мэдээ тавигдаагүй. Төсөв, санхүүгийн холбогдолтой мэдээлэл сайтын өмнөх хувилбарт байсан бол сая шинэчлэхдээ устгасан байх магадлалатай. “Төсвийн байгууллага цахим хуудастай тохиолдолд тухайн цахим хуудас нь “байгууллагын төсөв” гэсэн цэстэй байна” гэсэн заалтыг бусад дүүргүүдийн нэгэн адил хэрэгжүүлээгүй.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

Зарим заалтыг хэрэгжүүлж байна.

Тус дүүргийн албан ёсны www.bzd.ub.gov.mn сайтад төсвийн мэдээлэл тавигдаагүй. Харин “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” төслийн хүрээнд туршилтаар байгуулсан bzd2013.wordpress.com цахим сайтад дүүргийн 2013 оны төсөв, тус дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвөөр болон он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалт худалдан авалтын төлөвлөгөө (жагсаалт) нийтлэгджээ.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

Дүүргийн албан ёсны www.bzd.mn цахим сайт нь “Шинэчлэгдэж байна” гэсэн тайлбартайгаар хаалттай байсан тул дүгнэлт хийх боломжгүй.

НАЛАЙХ ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.

Дүүргийн албан ёсны http://www.nad.ub.gov.mn/ цахим сайтын “Файл татах” буланд “”Төсөв, санхүү” нэртэй хэсэг байгаа боловч 2011 оны төсвийн хуваарийг тавьснаас хойш шинэчлээгүй байна. Мөн 2013 оны батлагдсан төсөв тавигдаагүй.

Мөн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2013.02.01-02.14-ны хугацаанд хийсэн ажлын товч тайланг шуурхай оруулжээ. Гэхдээ 1-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг тавигдаагүй байна.

БАГАНУУР ДҮҮРЭГ:

Дүүргийн албан ёсны http://baganuur.mn/ цахим сайт түр засвартай гэсэн тайлбартайгаар хаалттай тул дүгнэлт хийх боломж олдоогүй.

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.

Дүүргийн төр, захиргааны www.bagakhangai.ub.gov.mn цахим сайтад 2013 оны батлагдсан төсөв ба оны эхний сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ороогүй.

УЛААНБААТАР ХОТ

Зарим заалтыг хэрэгжүүлсэн.

2012 оны 12-р сарын төсвийн гүйцэтгэлийг 2013.01.10-нд байршуулсан нь төсвийн байгууллага cap улирлын тайланг гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор ил тод болгох тухай Журмын заалтыг хэрэгжүүлсэн цорын ганц тохиолдол юм.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтын “Нээлттэй мэдээлэл” цэсэн дор “Төсөв, нийгэм, эдийн засгийн зорилт” тусгай хэсэг байдаг ба сүүлийн саруудад төсвийн холбогдолотой дараах мэдээллүүдийг татаж авах боломжтойгоор байршуулжээ.

-Нийслэлийн орон нутгийн 2013 оны 01-р сарын орлогын мэдээ (2013-02-14)

-Нийслэл, дүүргийн 2012 оны 12-р сарын төсвийн гүйцэтгэл. (2013-01-10)

-Монгол улсын засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр (2012-12-24)

-Нийслэлийн 2013 оны төсөв (2012-12-21)

-Нийслэл, дүүргийн 2012 оны 11-р сарын төсвийн гүйцэтгэл (2012-12-05)

-Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт (2012-12-05) гэх мэт

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын http://citycouncil.mn цахим сайтад  ИТХ-аас 2013 оны төсвийн баримт бичгүүдийг баталсан тогтоолуудыг байршуулжээ. Тухайлбал, 2012.12.13-нд “Нийслэлийн аудитын газрын 2013 оны төсвийг батлах тухай”, – 2012.12.29-нд “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” – тогтоол, – 2012.11.28-нд 2012–2013 онд он дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг батлах тухай“ тогтоолын төсөл.

Үүнээс гадна “Нээлттэй Улаанбаатар” (https://www.facebook.com/ub.gov) сайтад төсвийн талаар шуурхай мэдээ нийтлэгддэг нь дээрх www.ulaanbaatar.mn сайтад тавигдсан баримт мэдээллийн товчоо байдаг. Нийслэлийн Засаг даргын http://www.mayor.mn/ сайт ажиллахгүй байна. Харин Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн www.cityhall.gov.mn сайтад төсвийн үйл явцын зарим мэдээлэл нийтлэгдсэн.

 

Хоёр. МЭДЭЭЛЛИЙН САМБАР ДАХЬ ТӨСВИЙН МЭДЭЭЛЭЛ

“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д төсвийн мэдээллийг ил тод болгоход  мэдээллийн самбарыг чухалчилж нарийвчлан зохицуулсан байдаг.

5.1. Төсвийн байгууллага мэдээллийг олон нийтэд хүргэхдээ мэдээллийн самбар, цахим болон хэвлэмэл хуудас, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглана.5.2. Цахим хуудас болон мэдээллийн бусад хэрэгсэл ашиглаж байгаагаас үл хамааран төсвийн байгууллага мэдээллийн самбарыг заавал ажиллуулна.5.3. Журмын 5.2-т заасан мэдээллийн самбарын өргөн болон урт нь 1.5 метрээс багагүй хэмжээтэй байна. Мэдээллийн самбар нь байгууллагын гол хаалганы хажууд эсхүл хаалганы урдаас харсан хананд байрлаж, мэдээллийг шинэчлэх боломжтой байдлаар хийгдсэн байна. Самбарт тавигдах мэдээллийг энэ журмын 4.2-4.3-т заасан хугацаанд тогтмол шинэчилж байна.

Төсвийн байгууллагууд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”, “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д заасан ил тод байдлын шаардлагуудыг (тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор,. төсвийн байгууллага өөрийн төсвөө 10 хоногийн дотор, cap, улирлын тайланг cap, улирлын гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор гэх мэт) заалтуудыг хэрэгжүүлэхэд мэдээллийн самбар чухал үүрэгтэй. Учир нь мэдээллийн самбар бол манай төр, захиргаа, төсвийн байгууллага бүрт маш олон тоотой байдаг, мэдээлэл хүргэх уламжлалт арга юм.

Бид нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн төсвийн зарим байгууллагаар орж мэдээллийн самбар байгаа эсэх, хэрвээ байгаа бол төсвийн мэдээллийг хууль, журмын дагуу байршуулсэн эсэхийг үзэж бүртгэлээ.

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

СБД самбар

Тус дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь өөрөө бие даасан төсвийн байгууллага биш боловч дүүргийн төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэх учиртай. Гэтэл тус хэлтсийн мэдээллийн самбарт төсөвт хамаарах мэдээлэл байсангүй.  Тэгвэл төсвийн байгууллагын тоонд багтдаг ЗДТГ-ын төсөв энэ байрны хаана ч алга.

СБД. Электрон

Дүүргийн ЗДТГ-ын байрны нэгдүгээр давхарт байрласан “Мэдээллийн электрон дэлгэц”-д төсвийн мэдээлэлгүй, ноднингоос хойш  зөвхөн статистикийн байгууллагын танилцуулга зэрэг ойр зуурын мэдээллээр дүүргэжээ.

СБД Цахим самбар

Дүүргийн газрын албаны цахим мэдээллийн цэг хэмээх дэлгэц ажиллаагүй учраас ямар мэдээлэлтэй, төсвийн мэдээлэл байх эсэх тодорхойгүй.

СБД. Иргэдийн хяналт

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас байрлуулсан самбар арай өөр зорилготой юм байна.

Бид тус дүүргийн ЗДТГ, ИТХ, Газрын алба, Бүртгэл мэдээллийн тасаг, Цагдаагийн хэлтэс, “Сүхбаатар” эрүүл мэндийн нэгдэл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэс, бас нэг цэгийн үйлчилгээгээр орж үзэхэд мэдээллийн самбарууд төдийгүй дэлгэцүүд, хангалттай олон, тэдгээрт тухайн байгууллагын үйлчилгээтэй холбоотой мэдээллүүд тавигдсан хэдий ч төсвийн мэдээлэл тааралдаагүй болно.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

Дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны үүдний хэсэгт байрласан самбарт төсвийн ямар ч мэдээлэл тавигдаагүй. Түүнээс гадна самбарын байдал шаардлага хангахгүй байлаа. Бид өмнө нь мониторинг хийж үзсэнээс хойш өөрчлөгдөөгүй байна.

Чингэлтэй. Мэдээлэл

Харин дүүргийн ИТХ-ын танилцуулга болон сурталчилгааны самбарууд нэлээд өртөг зардлаар хийгдсэн, бас шинэчлэгдсэн (шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн зургийг үзэмжтэй байрлуулсан) нь анхаарал татлаа. Иргэдэд зориулсан мэдээллийн  самбарыг илүү сайн хийж тогтмол ажиллуулах боломж байгаа нь харагдсан.

Чингэлтэй. Самбарууд1

Дүүргийн хүндэт самбар ч гэсэн сайн хийгджээ.

Чингэлтэй. Хүндэт

Дүүргийн бусад байгууллагууд, тухайлбал Мэргэжлийн хяналтын хэлтсийн нэгж тус бүртээ үзэмжтэй сайн самбаруудтай ч төсвийн ямар ч мэдээлэл олдсонгүй.

УБ. Архив самбар

Зэргэлдээ байрладаг Нийслэлийн архивын газар олон сайхан самбартай хэрнээ хууль, журманд заасан төсвийн мэдээлэлд зай гаргаагүй.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

Бидний орж үзсэн байгууллагуудын мэдээллийн самбарт нэг ч төсвийн мэдээлэл тавигдаагүй байв. Үүнд, Засаг даргын тамгын газар, татварын хэлтэс, дүүргийн прокурорын хэлтэс, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс (энэ хоёр хэлтэс дүүргийн ЗДТГ-ын байранд хамт байрладаг), Газрын алба, Биеийн тамир, спортын хороо, 15-р сургууль, 52-р  сургууль, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, мөн 2, ба 3-р хорооны цогцолбор, 1-р хороо (тусдаа байргүй) орно.

Хан-Уул мэдээллийн самбар

Дүүргийн ЗДТГ-ын байрны үүдэнд байрласан “Угтах үйлчилгээ”-ний булангийн мэдээллийн самбар ихээхэн зай талбайтай боловч төсвийн мэдээлэл багтсангүй.

Хан-Уул дүүрэг самбар

Хан-Уул дүүрэг

Шинээр сонгогдсон  ИТХ-д зориулсан мэдээллийн самбар хангалттай зайтай боловч төсвийн мэдээлэл байхгүй.

Хан-Уул Нээлттэй

Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн “Нээлттэй засаглал” самбарт төсвийн холбогдолтой мэдээлэл тавигдаагүй болно.

Хан-Уул СТСХ

Дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн танилцуулгын самбаруудад 2007 оны төсвийн зарим  үзүүлэлтүүдийг дурдсан ч түүнээс хойш шинэчлэгдээгүй.

Хан-Уул цахим

Хан-Уул дүүрэг бол цахим дүүрэг юм байна.

Хан-Уул. Үнэгүй интернэт

Нэг цэгийн үйлчилгээний зааланд Интернэтэд холбогдсон хоёр компьютер байрлуулжээ. Харин түүгээр орж Хан-Уул дүүргийн khanuul.mn цахим сайтаас 2013 оны төсөв ба оны эхний сарын мэдээллийг үзье гэхэд олдохгүй болж таарлаа.

Өнгөрсөн онд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийтийн зар мэдээний 200 шахам самбарыг хүлээлгэн өгснийг төр, захиргаа, төсвийн байгууллагуудаас гадна хороодын Засаг дарга, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолборт байршуулжээ. Гэвч тэдгээрийг төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй болгоход ашиглаагүй, тийм журамтай эсэх нь тодорхойгүй үлдлээ. Урьд нь ч бусад самбаруудад тавигддаг байсан ойр зуурын мэдээлэл зонхилжээ.

Хан-Уул. Нийтийн зар мэдээний самбар

Энэ бол Хан-Уул дүүргийн Соёлын төв (Ажилчны соёлын ордон)-ийн хананд байрласан нийтийн зар мэдээний самбар. Тус төвд дүүргийн Иргэний танхим байрладаг ба орж үзэхээд төсвийн мэдээлэл байгаагүй.

ТОВЧ ДҮГНЭЛТ

Нийслэлийн дээр дурдсан дүүргүүдэд төсвийн мэдээлэл самбар буюу “Төсвийн мэдээлэл” гэсэн булан нэгэнт байгаагүй учраас “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”- заасан эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, төсвийн гүйцэтгэл, түүнд хийсэн аудитын дүгнэлт зэргийг тогтоосон хугацаанд  ил тод болгосон тухай ярих боломжгүй юм. Өөрөөр хэлбэл болгоогүй гэсэн үг.

Уг нь “Төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах журам”-ын “5.6. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэдээллийн самбарт байрлуулах энэ журмын 3.2-3.5-д заасан шаардлагыг хангах мэдээллийн бүтэц, агуулга, жишиг маягт зэргийг агуулсан үлгэрчилсэн заавар, зөвлөмжийг өөрийн албан ёсны цахим хуудас (www.mof.gov.mn) болон төсвийн ил тод байдлын цахим хуудас (www.iltod.gov.mn)-нд байршуулна” гэж үүрэг болгосон. Одоогоор 1.“Төсвийн байгууллагын зарлагын жилийн тайлан”, 2.“Төсвийн байгууллагын хөрөнгө оруулалтын жилийн тайлан”, 3.”Улсын орлого төвлөрүүлэгч байгууллагын жилийн тайлан” гэсэн гурван хүснэгтийг хавсралтаар байршуулсаныг эс тооцвол тийм заавар, зөвлөмж бий гэж хэлэхэд хэцүү юм.

Дүгнэж хэлэхэд, дээр дурдсан хууль ба дүрмийн хэрэгжилт Улаанбаатар, түүний дүүргүүдэд маш хангалтгүй байна.

P.S.

Төсвийн байгуулллагууд өмнө оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаа 2-р сарын 25-ны дотор ил тод болгохыг  “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д заасан билээ. Ямар агуулгатай байхыг хүртэл нэгбүрчлэн тодорхойлсон юм. Гэтэл өнөөдөр нийслэлд нэг ч газар үүнийг хэрэгжүүлээгүй байна.

 

Гурав. ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУДЫН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-иар төрийн захиргаа, төсвийн бүх байгууллага үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авалтийн мэдээллийг нэгдүгээрт, хуулинд заасан тодорхой хугацаанд өөрсдөө ил тод болгох, хоёрдугаарт, иргэд байгуулагууд хүсэлт тавьсан тохиолдолд долоо хоногийн дотор (шаардлагатай гэж үзвэл дахиад нэг долоо хоног сунгаж болно) гаргаж өгөх үүрэгтэй.

Бид урьд нь харьцангуй хаалттай байж ирсэн, төсвийн төлөвлөгөө, төсөл ба гүйцэтгэлийг хэлэцэхэд төдийлөн яригдаад байдаггүй Засгийн газрын 29 тусгай сангийн 26-г (Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сан, Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан санг тусад жич авч үзнэ) -г сонгон авч судалсан юм.

Нэг.

Тухайн тусгай сангуудын цахим сайт, хэрвээ тийм  сайт байдаггүй бол харгалзах яам, газруудын цахим сайтад тэдгээр сангийн төсөв хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг байршуулсан эсэхийг шалгахад 2011 оноос хойш нэг ч сангийн мэдээллийг тавиагүй байсан болно. Харин Засгийн газрын төсвийн ил тод байдлын www.iltod.gov.mn сайтад “Засгийн газрын тусгай сангууд 2011 онд” гэсэн товч танилцуулга ба сангуудын 2010,2011 оны орлого, зарлагын нэгдсэн хүснэгт бүхий хавсралт 2011 оны 1-р сарын 27-нд тавигджээ. Түүнээс хойшхи шинэ материал олдоогүй.

Хоёр.

Нэгэнт сангуудын мэдээлэл хаалттай буюу шинэчлэгдээгүй байсан учраас тэдгээрийг захиран зарцуулах эрх бүхий төсвийн ерөнхийлөн захирагчдын яамдын төрийн нарийн бичгийн дарга, эсвэл бие даасан ажлын албатай бол сангийн захирлуудад шууд хандаж 2011 он ба 2012 оны эхний хагас жилийн төсөв хөрөнгийн орлого, зарцуулалтын тайланг төрийн бус байгууллага, судлаачид болон иргэд нягтлан үзэж дүгнэлт хийх боломж олгосон задаргаатайгаар хуульд заасан хугацаанд бичгээр өгөх, мөн дурдсан хугацааны тус сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн, захиран зарцуулагчдын овог нэр, албан тушаалын нэрийг хавсаргахыг хүссэн албан бичиг явуулсан юм.

Хариу авсан байдлыг дараах хүснэгтээр харуулав.

Тусгай сангийн нэр Харъяалах яам, агентлаг Хариу ирүүлсэн Тайлбар
1 Аялал жуулчлалын сан Соёл, спорт аялал жуулчлалын яам (Урьд нь БОАЖЯ-нд хамаарч байсан) Хууль заасан хугацаанд 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг гаргаж ирүүлсэн. Харин зарцуулалтын задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан
2 Байгаль хамгаалах сан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Огт хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
3 Эрсдэлийн сан Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
4  Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
5 Дархлаажуулалтын сан Эрүүл мэндийн яам Хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
6 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Хөдөлмөрийн яам (урьд нь ХХААХҮЯ) Хөдөлмөрийн яаманд шилжсэн тул дахин албан бичиг явуулсан.
7 Засгийн газрын нөөц сан Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
8 Мал хамгаалах сан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Тус сангийн маш товч танилцуулга өгсөн. Төсвийн ямар ч мэдээлэл байхгүй Гурван удаа албан бичиг өгсөн.
9 Нийгмийн даатгалын сан Нийгмийн даатгалын ерөнхий газар Мэдээлэл хүсээгүй.
10 Нийгмийн халамжийн сан Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар Ирүүлээгүй. Хоёрдахь албан бичгийг хүргүүлсэн
11 Соёл, урлаг хөгжүүлэх сан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл, урлагийг хөгжүүлэх сан Тухайн хугацааны санхүүгийн тайлан, төсвийн хуваарилтын нэгтгэлийг ирүүлсэн. Задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан
12 Сургалтын төрийн сан Сургалтын төрийн сан(БСШУЯ) 2012 оны сургалтын төрийн сангийн төсвийн гүйцэтгэлийн танилцуулга ирүүлсэн. Задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан.
13 Тариалангдэмжих сан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам 20112 ба 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан өгсөн. Сангийн төсвийн зарцуулалтын задаргаа байхгүй. Гурван удаа албан бичиг явуулсан.
14 Улсын авто замын сан Зам, тээврийн яам Хариу өгөөгүй. Дахин албан бичиг явуулсан
15 Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан Гадаад харилцааны яам Хариу өгөөгүй Хүсэлт тавьсан
16 Хүүхдийн төлөө сан Хүүхдийн төлөө үндэсний газар Хариу өгөөгүй Хүсэлт тавьсан
17 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан Хөдөлмөрийн яам 2012 оны эхний 8 сарын санхүүгийн тайлан, 8-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ирүүлсэн. Төсөв хөрөнгийн зарцуулалтын  задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан
18 Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
19 Шинжлэх ухаан, технологийн сан Шинжлэх ухаан технологийн сан (БШУЯ) Хуулийн хугацаанд мэдээллийн эмхэтгэл өгсөн боловч тэдгээрт төсвийн мэдээлэл, задаргаа байхгүй Хоёр удаа албан бичиг явуулсан
20 Эрүүл мэндийг дэмжих сан Эрүүл мэндийн яам Хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
21 Сэргээгдэх эрчим хүчний сан Эрчим хүчний яам Сангийн журам, товч танилцуулгыг ирүүлсэн. Төсвийн зарцуулалт, задаргаа огт байхгүй. Хоёр удаа албан бичиг явуулсан
2 Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан Мэдээлэл хүсээгүй
23 Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан Хөдөлмөрийн яам (урьд нь БСШУЯ-нд хамаарч байсан) Хөдөлмөрийн яаманд дахин албан бичиг явуулсан.
24 Зэвсэгт хүчний хөгжлийн сан Батлан хамгаалах яам Хариу өгөөгүй
25 Орон сууц хөгжүүлэх сан Барилга, хот байгуулалтын яам Товч танилцуулга ирүүлсэн Дахин албан бичиг явуулсан
26 Хүний хөгжил сан Сангийн яам Мэдээлэл хүсээгүй
27 Төсвийн тогтворжуулалтын сан. Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
28 Цэвэр агаарын сан. Цэвэр агаарын сая (БОНХЯ) Хуулийн хугацаанд мэдээлэл өгсөн боловч сангийн төсвийн зарцуулалт, задаргаа байхгүй Хоёр удаа албан бичиг өгсөн
29 Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан Хууль зүйн яам Сангийн үйл ажиллагаа эхлэл төдий байгаа ба нэг мэдээлэл өгсөн. Хүсэлт тавьж мэдээлэл авсан

Бидний хүссэн мэдээлэл буюу “төсөв хөрөнгийн орлого, зарцуулалтын тайланг төрийн бус байгууллага, судлаачид болон иргэд нягтлан үзэж дүгнэлт хийх боломж олгосон задаргаатайгаар” ирүүлэхийн оронд өргөн олон нийтэд төдийлөн ач холболдолгүй санхүүгийн тайлангийн ямар нэгэн задаргаа, тайлбаргүй тоонуудыг ирүүлж байгаа нь мэдээллийг ил тод байдлын соёл төрийн яам, агентлагуудад тун хангалтгай байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.

Засгийн газрын тусгай сангуудын мэдээлэл, тэдгээрийг авах үйл явц болон авсан мэдээлэлд хийсэн дэлгэрэнгүй үнэлэлт, дүгнэлтийг “Иргэд төсвөө хянана” хэлэлцүүлгийн үр дүнд нэгтгэн гаргаж танилцуулах юм.

2013 оны 2-р сарын 20.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Налайх дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүрэг, ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ], [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Нийслэлийн ИТХ-ын VIII хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/23

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8-р хуралдаан  2011 оны 12-р сарын 23-нд болсон билээ. Харин хуралдаанаас хойш яг нэг сар өнгөрөөд байхад төлөөлөгчид ямар санал гаргаж юу ярьцгаасан, өөрөөр хэлбэл төсвийн хэлэлцүүлэг хэрхэн явагдаж өнгөрсөн тухай болон эцэслэн батлагдсан төсвийн мэдээлэл, хөрөнгө оруулалтын жагсаалтыг ил тод болоогүй, олон нийтэд танилцуулаагүй байна. Иймээс бид янз бүрийн эх сурвалжийн мэдээллийг ашиглан уг хуралдаан хэрхэн явагдсан тухай тэмдэглэлийг бэлтгэн толилуулж байна. Ямар нэгэн тайлбар хийгээгүй болно. Батлагдсан төсвийн материал олдохын хэрээр “Иргэд төсвөө хянана” сүлжээний зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх юм.   

Эхлээд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын биелэлт, 2012 оны зорилтын төслийн талаар илтгэл тавьжээ. Дараа нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр (бас ИТХ-ын төлөөлөгч юм) 2012 оны төсвийн тухай танилцуулга хийжээ.

– Хөрөнгө оруулалт дээр бид бодитой, дорвитой томоохон юм хийж чадахгүй ээ. Энэ жилийнхээ он дамжуулж хийх ажлууд дээр онцгой анхаарч хийх шаардлага байна. Чамгүй томоохон төслүүдийг эхлүүлж чадсан. Нэгдүгээрт долдугаар хорооллын гэр хорооллыг чөлөөлөх төслийг иж бүрэн дуусгамаар байна. Газар чөлөөлөлт амжилттай явагдаж байгаа, зах зээлийнхээ зарчмаар газар худалдаж авч иргэдээ орон сууцны хөтөлбөрт хамруулах бэлтгэл ажлыг хот бие дааж хийж байгаа. Энэ жил чөлөөлөгдсөн газар дээрээ орон сууц барих ажлыг төслийн удирдах нэгжээр дамжуулж зохион байгуулахаар 10 орчим тэрбум төгрөг тусгасан. Энэ ажлыг өөрөө хийвэл зөв байна. Чөлөөлөгдсөн компаниудыг цаашдаа дуудлага худалдаанд оруулах, дэд бүтцийг шийдсэн компаниудад үнэгүй өгөх, тухайн иргэн хямд үнэтэй орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэг нөхцлүүдийг тусгаж барилгын компаниудыг оролцуулах зэрэг бодлого хадгалагдана. Мөнгөтэй бол бүх дүүрэг дээр ийм ажлыг эхлүүлмээр байна. Би бол Чингэлтэйгээс 3,4 удаа сонгогдсон төлөөлөгч. Бодлого барьж Чингэлтэй дээр эхлүүлмээр байна. Мөнгө байхгүй тул чадахгүй нь ээ. Агаарын бохирдол дээр хамгийн зөв бодлого бол энэ. Энэ жил манай хурлын төлөөлөгч Баттулга ахлагчтай агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд найдаж байна… [“Цэвэр агаар” сангаас их ажлыг санхүүжүүлж байгаа гээд жишээнүүдийг дурдав] Ирэх жил Дэнжийн мянгыг орчны төвлөрсөн шугамд холбох, УС15-ын төвлөрсөн шугамд холбох ийм ажлыг “Цэвэр агаар” сангаас явуулна аа гэж Ганболд дарга тооцоо судалгаагаа хийгээд ажлаа хариуцаад тендерээ зарлаад явж байна.

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Сонгинохайрхан дүүрэг | Leave a Comment »