ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘Газрын тосны газар’ Category

Зах зээл дээр үнэ өсөхөд худалдаж авдаг ганц “бизнес эрхлэгч” бол Засгийн газар

Posted by ИТХ on 2011/01/18

2008 онд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч дотоодын зах зээлийг шатахуунаар хангахад бэрхшээл учирч байна гэсэн шалтгаанаар Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 30 тэрбум төгрөг гаргаж 26.4 мянган тонн бензин, шатахуун нөөцлөх саналыг Засгийн газраас боловсруулж УИХ-д оруулж зөвшөөрүүлсний дагуу Газрыг тосны газраас нефть импортлогч компаниудад хандаж хэрэгжүүлсэн юм.

Гэтэл ганцхан сарын дараа зах зээл дээр үнэ бууж яваандаа огцом унахад Засгийн газар асар алдагдалтай “наймаа” хийсэн нь тодорхой болжээ. Ямар ч бизнес эрхлэгч үнэ өндөр байхад худалдан авахгүй нь тодорхой билээ. Гагцхүү Засгийн газар тэгжээ.

Харамсалтай нь алдагдал үүгээр дуусаагүй. Энэ хооронд нөөцөлсөн бензин, ялангуяа БНХАУ-аас оруулж  ирсэн АИ-93 бензин маш ихээр ууршжээ. 2010 оны хавар УИХ-ын чуулганы хуралдаан дээр энэ асуудлыг хэлэлцэх үеэр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан “Нөөцөлсөн 26.4 мянган тонн бензин, шатахууны 35 тонн нь ууршаад алга болсныг эрхэм гишүүдэд дуулгая” гэсэн бол Р.Буд гишүүнээр ахлуулсан УИХ-ын ажлын хэсгийн энэ тоог баталсан гэнэ. 

Гэхдээ чухам хичнээн ууршсаныг тогтоох аргагүй бөгөөд Газрын тосны газар анх тохиролцохдоо 2006 онд  Засгийн газрын 316-р тогтоолоор баталсан хэвийн хорогдол тооцдог нормыг 30 хувиар нэмэгдүүлж хувийн компаниудад илүү ашигтайгаар шийдэж, харин төсвийн хувьд “тэмээн дээр ямааны гарз” гаргажээ. Бас хадгалалтын хөлсөнд зөвхөн эхний жилд 8 тэрбум төгрөгийг хувийн компаниудад төлсөн мэдээлэл байна.

Өндөр үнээр авсан шатахууныг нэг жилийн хугацаатай  нөөцлөөд борлуулах байсан ч дээр дурдсанчлан зах зээлийн үнэ навс унасан тул яахаа ч мэдэхгүй одоо гуравдахь жилтэйгээ золгоод байна.  Ууршилт ч  үргэлжилсээр. Тэр ч бүү хэд хятадын үйлдвэрлэсэн шатахууныг ашиглах боломжгүй болох эрсдэл ч бий талаар мэргэжлийн хүмүүс хэлж байгаа.

Posted in Газрын тосны газар | Tagged: | Leave a Comment »