МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘Ховд аймаг’ Category

Ноосны урамшууллыг хяналтгүй тараасан тухай

Posted by ИТХ on 2012/06/06

“Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” Засгийн газрын 2011 оны 221 тоот тогтоолоор батлагдсан журмын дагуу Засгийн газрын Мал хамгаалах сангаас ноосны урамшуулал олгож байгаа билээ. Саяхан Ховд аймгийн аудитын газраас энэ мөнгөний олголт Дөргөн, Мөст, Дуут сумдад ямар байгаад шалгалт хийжээ.

Дөргөн сумын хувьд эсгий үйлдвэрлэл эрхэлдэг “Хишиг Ундрах” хоршооны дансанд 16.9 сая төгрөгийг шилжүүлж 92 хүнд урамшуулал олгожээ. Ноосны урамшуулал олгох ажилд сумын ЗДТГ-аас хяналт тавьж 2010 оны жилийн эцсээр тоолуулсан хонины тоог харгалзан олгохоор заасан юм. Гэтэл 22 хүнд тоолуулсан хонины тооноос илүү хэмжээний ноосонд урамшуулал олгож 1.5 сая төгрөг тушаасан ноосны баримтаа сумын ЗДТГ-т бүртгүүлж сумын нэгдсэн захиалгад оруулаагүй байна. Бас өөр сумын мал бүхий иргэнд ноосны урамшуулал олгосон 13 хүнд 4.9 зааврын дагуу олгоогүй байна. Үүний улмаас нийт 6.4 сая төгрөгийг хохирлыг улсад учруулжээ.

Advertisements

Posted in Ховд аймаг | 1 Comment »

Ховд аймгийн ИТХ-ын IX хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/25

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр 83,8 хувийн ирцтэйгээр хуралдсан Ховд аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар тус аймгийн 2010 оны төсвийн гүйцэтгэл, 2011 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2012 оны төсвийн төсөл болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт зэрэг асуудлыг  хэлэлцсэн юм. 

“Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2011 оны биелэлт, эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай” илтгэлийг аймгийн Засаг дарга Г.Нямдаваа тавьсны дараа асуулт хариулт явагдсан байна.

Төлөөлөгч Б.Батмөнх:

-Дулааны хоёр дахь эх үүсвэр барих асуудал хоёр жилийн өмнөөс яригдсан. Энэ асуудлыг яаравчлахгүй бол Ховд аймаг маш хүнд байдалд байна, энэ жил хийгдэх үү?

-Ховд хотын гэрэлтүүлэг 11 сараас хойш асахгүй байна. Цаашдаа асах уу? Өвлийн улиралд, яг хэрэгцээтэй үед асахгүй байгаа нь ямар учиртай юм бэ? Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн үү?

-Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Булган суманд Сорхагтан хатны цэцэрлэгт хүрээлэн гэж томоохон бүтээн байгуулалт хийгдсэн, энэ яагаад илтгэлд тусгагдахгүй байна. Намын үзэл бодлоор ялгаварлаад оруулахгүй байгаа юм уу?

-2012 онд Ховд хотын 250 жилийн ой гэж тэмдэглэх үү? Ямар үндэслэлээр тэмдэглэж байгаа вэ?

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Дулааны хоёр дахь эх үүсвэрт их цаг хугацаа зарцуулагдаж байгаа. ТЭЗҮ хийгдэж байгаа, ирэх онд баригдаж дуусахгүй, хамгийн хурдан шуурхай барьж чадвал хоёр жилд багтахаар байгаа. Тиймээс хоёр жил иймэрхүү байдалтай байна гэсэн үг. Дулааны станц өнөөдрөөс эхлээд хоёр зуух ажиллаж эхэлсэн, Гуравдахь зуух бэлэн байдалд байгаа. дөрөвдэх зуух ирсэн, түүнийг байрлуулах объект байхгүй байгаа, өргөтгөл зайлшгүй баригдах юм байна лээ. Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хэрэглээ хэт өссөн учир газар доорх байгууламжууд ер нь ачааллаа даахааргүй болж байгаа.

-Гэрэлтүүлгийн хувьд одоо 100-аад сая төгрөгийн өртэй байгаа, түүнийг дараагийн удаагийн эх үүсвэрээс шийдвэрлэхээс өөр ямар ч аргагүй байгаа.

-Булган сумын цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд бүтээн байгуулалтын жилийн хүрээнд маш олон бүтээн байгуулалтууд хийгдсэн, тэр бүгдийг илтгэлд дурдах ямар ч аргагүй байгаа. Ерөнхий байдлаар оруулсан, түүнээс биш ямар намын хүн байна гэдгээр нь би авч үзээгүй. П

-Ховд хот Буянт голын хөвөөнд суурьшсаны 250 жилийн ойг тэмдэглэхээс өөр ямар ч аргагүй байгаа. Өмнө нь энэ өдрөөр тооцоод тэмдэглээд уламжлал болоод ирсэн байгаа. 1762 онд яах аргагүй Буянт голын хөвөөн дээр суурьшсан он байгаа.

Төлөөлөгч Б.Батмөнх:

-2012 онд Ховд хотын 250 жилийн ой тэмдэглэх ямар ч үндэслэл байхгүй. Ховд хотыг манжийн ноёрхлоос чөлөөлсний ойг тэмдэглэж болно. Манжийн ноёрхолд орсон, чөлөөлөгдсөн 2 ойг зэрэг тэмдэглэдэг түүх байж болохгүй. Хуүчин цагийн асуудлаар хандаж болохгүй.

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Бид нар эрдэмтдийнхээ үгийг сонсоно. Олон улсын эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулаад тэр үеэр энэ асуудлыг хэлэлцүүлнэ. Ирэх жил ямар ч байсан ой тэмдэглэхээр байгаа, гэхдээ 250 жил байна уу, 100 жил байна уу гэдгийг эрдэмтдийнхээ саналаар шийдвэрлэнэ.

Read the rest of this entry »

Posted in Ховд аймаг | Leave a Comment »

Ховд аймгийн төсвийн сонин хачин

Posted by ИТХ on 2011/01/05

2011 оны 12-р сарын 27-нд болсон Ховд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанд  Аймгийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдоржийн хэлсэн үгэнд гарсан эдийн засаг, төсвийн холбогдолтой зарим баримт, санаанууд:

– Монгол орны эдийн засаг  сүүлийн 2 жилийн дотор огцом өсч нэг хүнд ноогдох  дотоодын нийт бүтээгдэхүүн 1772 ам.доллар болж өссөн байхад Ховд аймгийн  нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1100 орчим ам.доллар байгаа нь улсын дунджаас 40 орчим хувиар бага байна. Төр засгаас аймагт оруулжбуй хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байхад нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн бахь байдгаараа өсөлтгүй байгаа нь үр ашиггүй зүйлд хөрөнгийг буруу зарцуулж байгаагийн бодит жишээ гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтыг ажлын байр шинээр бий болгосон, ард түмний амьдралыг сайжруулсан, дэд бүтцэд дорвитой хөрөнгө оруулсан зүйлд зарцуулахаасаа илүүтэйгүүр  албан тушаалтнуудын халаасыг дүүргэх, тэдний ямбад зориулсан зүйлд зарцуулж байна. Иргэд нь ядуу байхад ард түмний сайн сайхан амьдралын төлөө зарцуулагдах мөнгө аймгийн ИТХ-ын даргынямбандаа зориулж 80 сая төгрөгөөр автомашин худалдаж авахад зориулагдах ёсгүй.

– Ховд аймагт төрийн албаны сахилга хариуцлага, хүнд суртал, авилгал хээл хахууль, албан тушаалтнуудын дураараа авирлал хэрээс хэтэрчээ. 2010 оны 12 дугаар сар 24-ний өдөр болсон ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал дээр Засаг дарга Нямдаваа шал согтуугаар ирэх жилийн төсвийг хэлэлцүүлэх гэж оролдон улмаар уг хурлаас хөөгдөж гарсан нь сахилга хариуцлага ямар түвшинд очсоныг бэлхнээ харуулж байна.

– УИХ-ын гишүүнээсээ эхлээд ИТХ-ын гишүүд, аймгийн шат шатны дарга нар өөрсдийн халаасны компанийг тендерт шалгаруулан улсын ажлыг чанаргүй гүйцэтгэн  мөнгө унагаах, төдийлөн ашиггүй зүйлд ард түмний татварын хөрөнгийг зарцуулан амьдралаа дээшлүүлэх явдал байгааг иргэд шүүмжлэн ярьж байна. Улсаа, ард түмнээ боддоггүй, зөвхөн амин хувиа хичээсэн дээрх албан тушаалтнуудын нэгнийх нь  Мөст суманд барьсан сургуулийн спорт заалныбарилгын дээвэр ашиглалтад орохоос өмнө нурж унасан нь үүний нэг жишээ юм.

– 3 тэрбум төгрөгөөр аймгийн төвд Залуучуудын соёл амралтын хүрээлэн барих,Буянт суманд 8 тэрбум төгрөгөөр усжуулалтын систем барих нь одоогийн аймгийн иргэдийн дийлэнх нь ядуу байгаа үед хэр оновчтой шийдэл вэ? Энэ жил Жижиг дунд үйлдвэрлэх сангаас 855 сая төгрөгийн зээлийг 97 аж ахуйн нэгж, иргэнд олгосон жишгээр тооцвол дээрх хоёр ажлын санхүүжилтээр 1250 жижиг дунд үйлдвэрийг Ховд аймагт байгуулан 12500 хүнийг ажилтай болгох байсан байна. 

– Засаг дарга Нямдаваа гуай Ховд аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын лиценз олгосон компаниудынхаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээг өөрийн “Эко Алтай” ХХК-иар өндөр үнэтэй хийлгэж олсон мөнгөөрөө хувийнхаа аж ахуйг өөд татаж, Эко хэвлэх үйлдвэр, телевиз, оёдлын үйлдвэрээ байгуулж амьдралаа дээшлүүлж байна.

Posted in Ховд аймаг | Leave a Comment »

Ховдын тендер иймэрхүү болдог.

Posted by ИТХ on 2010/11/28

Ховд аймагт сүүлийн жилүүдэд улсын болон орон нутгийн төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалт ихээхэн будлиантай явагддаг тухай баримтууд АТГ-ын шалгалтаар илрээд байна.

-“ББМЗЗТ” ХХК нь 27 сая гаруй төгрөгийн татварын өртэй байхдаа аймгийн татварын хэлтсийн даргаар “өр төлбөргүй” гэсэн бичиг гаргуулж Эрдэнэбүрэн сумын 12 жилийн сургуулийн барилгын 150 сая төгрөгийн их засварын тендерт шударга бусаар ялжээ. Бас тус компанийн тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дууссан байсныг ч нуун дарагдуулжээ.

-Н.Бадрах захиралтай “Алтан буйлааст” ХХК 2009 онд нэг, 2010 онд дөрвөн тендерт давуу эрх эдлэн ялж тендерийн ажлаа дуусгаагүй байж мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авч дараагийн ажлаа эхлүүлдэг болжээ. Жишээлбэл, 2009 онд Ховдын Зэрэг сумын 12 жилийн сургуулийн дотуур байр барих тендерт шалгарч 150 сая төгрөг авсан атлаа одоо болтол дуусаагүй төдийгүй мөнгө хүрээгүй шалтгаанаар нэмэлт санхүүжилт авсан байсан. Мөн 2009 онд татварын албанд 2.1 сая, нийгмийн даатгалд 4 сая төгрөгийн өртэй байхдаа “Өр төлбөргүй “ гэсэн бичиг гаргуулж улсын төсвийн хөрөнгөөр баригдах Ховд аймгийн Зэрэг сумын Соёлын төвийн барилгын тендерт ялжээ. Нийтдээ тус компани 2010 онд Зэрэг суманд хийгдэх барилга засвар, шинээр барих зэрэг нийтдээ 500-гаад сая төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр ганцаараа шалгарсан юм. Үүний хажуугаар Бургасан багийн төвийн барилгын ажилд 30.6 сая төгрөгийн санхүүжилт авсөн мөртлөө эхлэхгүйгээр тэр мөнгөөрөө Жаргалант суманд 12 айлын орон сууц барьжээ.  Түүнчлэн Мянгат сумын 12 жилийн сургуулийн барилгын их засварын тендерүүдэд шалгарч амжсан гэнэ.

-Т.Дырбубай захиралтай “Толхын ойл” компани 2009 онд 3.7 сая төгрөгийн өртэй байхдаа аймгийн төвд 200 сая төгрөгийн өртөгтэй Амарсанаагийн нэрэмжит эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах тендерт шалгарч төсвөөс 150.4 саяыг нь авч энэ оны 6-р сард дуусгах хуваарьтай байсан ч дуусгалгүй өдий хүрчээ. Ажлын явц 70 хувьтай гэдэг ч шалгалтаар нотлогдоогүй. Түүгээр ч зогсохгүй Мэргэжлийн хяналт, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зөвшөөрөл авалгүйгээр аймгийн төвийн Жаргалант суманд 12 айлын орон сууцны барилгын ажил эхлэхэд нь мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Батцэнгэл ямар ч арга хэмжээ аваагүй байна.

-Ц.Түмэндэмбэрэл захиралтай  “Ховд аргим” гэх компани 2009 онд 3.7 сая төгрөгийн өртэй байхдаа  аймгийн татварын газраас  “Өр төлбөргүй”, бас  аймгийн нийгмийн даатгалд өр төлбөргүй, шимтгэлээ цаг хугацаанд нь төлдөг гэсэн  бичиг авч Булган сумын 12 жилийн сургуулийн барилгын их засварын тендерт ялжээ. Тус компани өмнө нь гүйцэтгэсэн барилгын ажлаа чанаргүй гүйцэтгэсэн талаар Мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гаргаж Үнэлгээний хороонд өгсөөр атал үл ойшоож дахин хууль бусаар шалгаруулсан байна. 

Эдгээр компаниуд хууль зөрчсөн нь тодорхой. Тэгвэл төрийн өмнө хүлээсэн үүргээ хөсөрдүүлж тэдэнд хууль зөрчих, залилан мэхлэх боломж олгосон, илт хуйвалдсан хүмүүс хэн хэн бэ?

Юуны өмнө хуурамч бичиг, тодорхойлолт гаргаж өгдөг Ховд аймгийн Татварын хэлтсийн дарга С.Жаргалдалай, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Мягмарцоож, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батцэнгэл нар юм.

Бүр том буруутнууд нь аймгийн Засаг дарга Н.Нямдаваагийн захирамжаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороог ээлжлэн даргалсан болон гишүүд байсан Засаг даргын орлогч Ж.Цэнд-Аюуш, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Нарандорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Сүрэнжав, тендерийн захиалагчаар ажилласан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга З.Өмертэй, Д.Баатарсүрэн, У.Батзаяа  нар ажээ. Тухайлбал, Д.Алтангэрэл нь тендерийн мөнгө олгох гүйцэтгэгч банкийг байнга шалгаруулдаг байжээ.

2009 онд ес, 2010 онд 10 үнэлгээний хороо байгуулж тендер шалгаруулалт явуулахад Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн орлого, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн О.Буяндэлгэр тасралтгүй ажиллажээ.

Ховд аймагт барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компани байдаг ч голдуу 10 гаруй компани, тэр дундаа дээр дурдсан “Толхын ойл” . “Алтайн буйлааст”, “ББМЗЗТ”, “Ховд Аргим” компаниуд үргэлж шалгардаг нь тийм учиртай байжээ.
 
АТГ-аас Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваад хандаж арга хэмжээ авахыг хүсэхэд О.Буяндэлгэрт  ажлаас халах сахилгын шийтгэл оноож, өөрийн орлогч Ж.Цэнд-Аюуш болон хэлтсийн дарга нарт сануулж, харин Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга У.Батзаяа, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Мягмарцоожийн нэг сарын үндсэн цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авчээ. Татварын хэлтсийн даргыг яаж шийтгэсэн талаар мэдээлэл алга байна.

Posted in Ховд аймаг | 1 Comment »