2012 оны 2-р сарын 13-нд “Тунгаа төв” ТББ, “Улаанбаатар шинэчлэл” компани болон хувиараа хог тээвэрлэгчид хамтран зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр тэд дараах баримтуудыг зарласан байна.
– Ирэх 4-р сард нийслэлийг хөгжүүлэх сангаас 20 тэрбум төгрөгөөр хог тээврийн 200 машин машин авах гэж байна. Нэг машины үнэ 100 сая төгрөг гэсэн үг. Дэндүү их мөнгө учраас дүүрэг дүүргээр хувааж байршуулсан. Тухайлбал, хамгийн цөөхөн хороотой Чингэлтэй дүүрэгт 1,8 тэрбум төгрөгийг хуваарилсан бол хамгийн олон хороотой Баянзүрх дүүрэгт нэлээд хэдэн тэрбум төгрөг ногдоно.
– Монгол улсад хог тээвэрлэх машин техник дутагдалтай мэтээр сурталчилдаг нь худлаа. Өнөөдөр хог тээврийн машинтай хувийн компани, хувь хүмүүс зөндөө байна. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг ингэж гарын салаагаар урсгаж байгааг бид эсэргүүцэж байгаа. МАХН-ын сонгуулийн сурталчилгаагаар хороо болгоныг хогны машинтай болгоно гэж байсан. Түүнийг хэрэгжүүлж сонгуулийн шоу хийх гэж байна.
– 100 сая төгрөгийн машиныг “Улаанбаатар шинэчлэл” компани 30 сая төгрөгөөр оруулж ирье гэхэд “битгий тендерт” ор гэсэн.
– Өмнө нь 2009 оны 7-р сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна ёслол хийж 72 машин оруулж ирсэн ч ихэнх нь эвдэрсэн. Зарим нь бүр паркдаа очиж чадахгүй эвдэрч байсан. Өнөөдөр засаж сэлбэх гэхлээр үйлдвэр нь байхгүй болсон. Эдгээр машиныг “Моннис” компани 9 тэрбум төгрөгөөр оруулж ирсэн. Уг нь нэг нь 25 сая төгрөгийн үнэтэй гэсэн. 25х72 = 1,8 тэрбум төгрөг, бусад мөнгө нь хаачсан бэ?
– Дүүргүүд ТҮК-үүд иргэдээс мөнгө хураадаг боловч түүгээр нь хог тээвэрлэдэггүй мөртлөө Засаг даргын нөөц сангаас мөнгө авдаг. Хог тээврийн хувийн компаниудаар хог тээвэрлүүлсэн ч мөнгийг нь өгөхгүйгээр дампууруулж байна. Саяхан БГД-т хоёр компани дампуурсан.
– Япон улсад 5 жил ажиллаад ирсэн иргэн “Улаанбаатар шинэчлэл” компанийг Сүхбаатар дүүрэгт байгуулж өөрийн хөрөнгөөр хогны машин оруулж ирсэн боловч дэмждэггүй учраас дампуурах гэж байна. Сүхбаатар дүүргээс дөчөөд сая төгрөгийн авлагатай. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай саяхан гурваас дөрвөн удаа хогийн мөнгө гаргаж авсан. Сургийг нь сонсоход энэ мөнгөөр хоёр хорооны дарга нарт “Аксент” маркийн хоёр машин авч өгсөн сураг байна.
– Дүүрэг болгонд хог хаягдлын сан гэж байгууллага байна. Иргэдээс хогний мөнгийг авч компаниудад өгч тээвэрлүүлдэг. Энэ санг захиргааны хэргийн шүүхээр хууль бус гэдгийг тогтоосон боловч байж л байдаг.
– Би 1980 оноос хог тээвэрлэж байна. Чиргүүлтэй машинаар хог тээе гэхлээр СХД, бас нэг дүүргээр явсан боловч зөвшөөрөөгүй. Хотын захирагчийн ажлын албанаас бидний санаачлагыг дэмждэг боловч дүүргүүд дэмждэггүй. Дүүргүүдийн ТҮК-үүд менежментийн хувьчлалаар хувьд очсон, дүүргийн дарга нар хувь эзэмшдэг. Тийм компаниудад 20 тэрбум төгрөгөөр дахиад машин авч өгөх гэж байна.
– Өнөөдөр хогийг 2500 төгрөгөөр тээвэрлэх бүрэн боломжтой. Судалгаа хийгээд гэр хорооллын айлын хогийн 1900, гэр хорооллын хогийг 900 төгрөгөөр тээвэрлэхэл алдагдалгүй гэдэг.