“Ил тод байдал сан” ТББ-ын зүгээс Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөрт 2011, 2012 онд нийт хичнээн төгрөг олгосон талаарх мэдээллийг авахаар Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хандсан юм.
12 хоногийн дараа буюу “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухайн хууль”-ийн хугацаанд ХЗЯ-ны харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас (ШШГЕГ) авсан хариу мэдэгдэх хуудас ирүүлж “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчдод төрөөс нөхөн төлбөр олгох журам”-д заасны дагуу нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн боловч хөрөнгийн эх үүсгэвэргүйгээр одоогоор нөхөн төлбөр олгогдоогүй байна” гэж дурдсан байлаа. Дараа нь бид ШШГЕГ-ын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хошууч Б.Батболдтой биечлэн уулзах үеэрээ “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчдод төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу одоогоор ганц удаа буюу Хууль зүйн сайдын 2012 оны 11-р сарын 2-ны А/59 тушаалаар Баян-Өлгий аймийн сум дундын шүүхийн 2011 оны 10-р сарын 14-ны 84 шийтгэх тогтоолоор иргэнд 2.882.500 төгрөгийг олгосон гэсэн баримтыг бичүүлж авлаа.