АМЛАЛТ
Одоо үйлчилж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулинд ийм амлалтыг тодорхой зохицуулаагүй, гэхдээ 37.11.18-д .”cонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах”-ыг хориглоно гэсэн заалт бий.
Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрөөс:
“Стратегийн ордуудын 50-иас доошгүй хувийн ашиглалтыг ойрын жилүүдэд, түүний дотор Тавантолгой, Оюутолгой, Төмөртэйн ордын ашиглалтыг нэн даруй эхлүүлнэ. Иргэн бүртээ эрдэнийн хувь олгоно. Yнэлэгдэх хэмжээ нь нэг сая төгрөг. Эрдэнийн хувийн хэлбэр нөхцөл, эх үүсвэр, зориулалтыг хувь иргэн, айл өрх, улс орны хөгжил дэвшилд өгөөжтэй байхаар хуульчлан зохицуулна”
МАХН (одоо МАН)-ын мөрийн хөтөлбөрөөс:
“Стратегийн зарим орд газруудыг түшиглэн үндэсний корпораци, групп байгуулах замаар Монголын иргэн бүрийг хувьцаа эзэмшигч болгож, ашгаас нь тогтмол хувь хүртэж байх нөхцөл, арга замыг судалж хэрэгжүүлнэ. Стратегийн томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулж олсон ашгаас иргэн бүрт 1.5 сая төгрөгөөс доошгүй “Эх орны хишиг” хүртээх сан байгуулах тусгай хууль гаргаж хэрэгжүүлнэ” (харин http://www.nam.mn сайт – д тавигдсан МАХН-ын 2008 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрт алга байна)
ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ
Монголын Ардын Намын амлалтын биелэлт:
2010 оны эхний хагас жилд “Хүний хөгжил” сангаас иргэн бүрт нэг удаа 70 мянган төгрөг олгосон. Харин 8-12-р сард сар тутам 10 мянган төгрөг, бүгд 50 мянган төгрөг, нийтдээ 120 мянган төгрөг олгоод байна.
2011 онд иргэн бүрт сар тутам 21 мянган төгрөг нийт 252 мянган төгрөг олгоно. Ингэхдээ хоёр хувилбараар олгоно. Нэгдүгээрт, сар бүр 21 мянган төгрөг бэлнээр өгөх. Хоёрдугаарт, иргэд хамтарч хоршин жижиг дунд үйлдвэр эрхлэх, эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэхийг хүсвэл техник, тоног төхөөрөмж худалдаж авах байгууллагад нэг удаад бөөнөөр, гэхдээ бэлэн бусаар шилжүүлнэ. Мөн 500 мянган төгрөгийг бэлэн бусаар олгоно. Үлдсэн мөнгийг 2011, 2012 онуудад “Хүний хөгжил” сангийн хуулийн дагуу олгоно. Эрүүл мэнд, боловсрол, орон сууц, даатгал гэсэн хэлбэртэй байхаах тооцоолжээ.
Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрийн амлалтын биелэлт:
Стратегийн ордуудын түшиглэсэн корпорац байгуулж хувьцааг нь иргэн бүрт эзэмшүүлэх ажлыг 2011 оны эхний улиралд хэрэгжүүлэх үүргийг УИХ-аас Засгийн газарт өгөөд байна.