Бүр 2000 оноос хойш улсын төсөвт байнга “сууж” жилээс жилд тасралтгүй нэмэгдэж анх 10 сая төгрөг байснаа 2011 онд нэг тэрбумд хүрсэн УИХ-ын “гишүүний мөнгө” энэ удаад 2012 оны төсөвт хаахна суусан нь олдохгүй, бараг эрэл хайгуул хийхэд хүрч байна.
Ноднин төсөв хэлэлцэж байхад “УИХ-ын гишүүний нэг тэрбум төгрөгийг төсөвт өөр хэлбэрээр шингээсэн юм биш үү?” гэсэн олон нийтийн таамаглалыг Сангийн сайд С.Баярцогт хэдэнтээ няцаасан ч “УИХ-ын гишүүдээс асуух, санал авах зүйл байгаа” гэж үг алдсан юм. Чухам энд асуудлын зангилаа байна. .
Төсөв хэлэлцэх явцад гишүүн тус бүрт тодорхой хэмжээний мөнгийг шийдэх эрх олгож чухам юу юунд зарцуулах талаар гишүүдийн саналыг авч (тэд зөвхөн 2008 оны сонгуулийн амлалтуудаа харж байгаад зөвхөн өөрсдийн сонгогдсон тойрогт зарцуулах санал өгсөн) задалж бүгдийг төрөлжүүлээд тухайн салбар, чиглэлийн төсвийн ерөнхийлөн захирагчдын (салбарын болон орон нутгийн ) төсөв, хөрөнгө оруулалтуудаар тараан байрлуулжээ. Нэг гишүүнд ногдох ийм мөнгө 2,8-3 тэрбум төгрөг орчим гэж зарим эдийн засагчид үзэж байна.
Удахгүй салж хоёр тийшээ харах гэж байгаа ч МАН ба АН хоёр нам ид хамтарч байхдаа энэ оны төсвийг баталсан тул шүүмжлэх гишүүн нэг ч байгаагүй. Бас өөрсдийгөө сөрөг гэж тооцдог хоёр жижиг намын төлөөлөл болон бие даагч гишүүн эсэргүүцээгүй бөгөөд “хуваах ажилд” бусдаас дуталгүй оролцжээ.
Одоо гишүүд ирэх сонгуулиар тойрогтоо очиж сурталчилгаа хийхдээ “миний санаачлагаар”, “миний саналын дагуу”, “миний мөрийн хөтөлбөрт орсон” гэж байгаад дээд зэргээр ил тод сурталчилна. Энэ бол тэдний хамгийн сайн чаддаг ажил билээ.
Ингээд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт – МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ-аас УИХ-ын гишүүний мөнгө байж болох магадлалтай зарцуулалтуудыг төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад хэрхэн орсноор жагсаав. Бараг бүгдээрээ тойрогт буюу орон нутгийн сонгогчдод чиглэсэн, том мөнгийг бүхэл тоогоор юмуу олон жижиг хуваасан, эсвэл нэгбүрчлэн задлахгүйгээр хөгжлийн хөтөлбөр, төсөл гэхчлээн нэрлэснийг ангзаарч болно. “Гишүүний”-х гэдэг нь бараг 100 хувь тодорхой зарим зарцуулалтыг улаан өнгөөр онцлов. Хэн гэдэг гишүүнийхийг ч тогтоож болно. Жишээлбэл, “Нийслэлийн хоймор” нэртэй сан, төсөл, хөтөлбөрүүд нь Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Очирбатынх, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэдийн жуулчны баазыг цахилгаанаар хангах төсөв Л.Гүндалайнх, хоёр тэрбум төгрөгийн төсөвтэй “Баянгол хөгжил хөтөлбөр” С.Эрдэнийнх, Хэнтий аймагт биогаз, нанобатарей үйлдвэрлэл, инновацыг хэрэгжүүлэх хөтөлбөр нь мэдээж Н.Ганбямбынх.