МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘# Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа’ Category

“Шилэн данс” хаана байна?

Posted by ИТХ on 2013/09/16

2013 оны 9-р сарын 1 гэхэд бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр төрийн болон төсвийн байгууллага, төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг “шилэн данс”-ны тогтолцоонд шилжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 6-р сарын 10-ны 88 тоот зарлигаар Засгийн газарт үүрэг болгосон билээ. Гэтэл өнөөдрийн байдлаар тийм данс алга байгаагаар зогсохгүй төсвийн “шилэн данс” гэж ямар юм байх, цаашдаа иргэд, олон нийт, татвар төлөгчид хаанаас хэрхэн олж үзэхийг хэлж өгөх хүн олдохгүй байна.

Сүүлийн хэдэн жилд төсвийн нээлттэй байлгах талаар маш их ярьцгаалаа. Юуны өмнө эрх зүйн хувьд олон зүйлийг зарлан тунхаглаж, зохицуулах алхмууд хийгдсэнийг үнэлэх ёстой. Тухайлбал, 2011 оны 6-р сарын 16-нд УИХ-аар баталсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-д төрийн бүх үйл ажил, түүний дотор төсөв ба худалдан авалтын ил тод байдлыг хангахтай холбоотой тус тусдаа бүлэг орсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1-р сарын 18-ны өдрийн 17-р тогтоолоор “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ыг баталж төсвийн мэдээллийн самбарын хэмжээ, байршил, тэнд байх мэдээлийн  агуулгыг хүртэл зааж өгсөн.

Эдгээрээс хамгийн их анхаарал татсан шинэчлэл бол Орон нутгийн хөгжлийн сан бөгөөд 2013 оноос эхлэн төсвийн тодорхой хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд тусгаарлаж тэндээс аймаг, нийслэл, цааш сум, дүүрэгт хүн амын тоо зэргийг харгалзан хуваарилж эхэлсэн юм. Үүнийг Монгол Улсын төсвийн тухай хууль, дараа нь Сангийн яамнаас гаргасан “Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах журам”-аар нарийвчлан зохицуулж, ингэхдээ дараа жилийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын талаар баг, хорооноос эхлэн санал асуулга явуулж эрэмблээд сум, дүүрэг, аймаг, нийслэлээр дамжуулан дээш хүргэж улс, орон нутгийн төсөвт тусгуулахаар заасан юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Иргэдийн оролцоотой төсвийн менежмент” нэртэй цуврал сургалтуудыг Төрийн ордонд зохион байгуулж бүх орон нутгийг төлөөллийг оролцуулсны дараа гол төлөв хөдөөний баг, нийслэлийн хороодод 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар танхимын хэлэлцүүлгүүд явагдсан билээ. Гэхдээ урьд жил нь буюу 2012 онд ийм хэлэлцүүлэг явагдаагүй учраас задаргаагүй батлагдсан төсвөөс тэдэнд хуваарилсан бага хэмжээний төсвийг хэрхэн зарцуулах талаар санал авах арга хэмжээнүүд байлаа. Харамсалтай нь, энэ хооронд 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ард иргэдээр дорвитой хэлэлцүүлж амжихгүй өнгөрч байна.

Дүгнэхэд, манайд яриа, хурал чуулган хангалттай их, хууль журам нэлээд гарсан ч төсвийн ил тод, нээлттэй байдал бодитойгоор алга байна. Энэ жил баг, хороодод сүр дуулиантайгаар зохион байгуулсан хэлэлцүүлгийн явцад зөвхөн тэдэнд тусгайлан хуваарилсан Орон нутгийн хөгжлийн сангийн багахан төсвийн хэмжээ нээлттэй болох нөхцөл бүрдсэн ч улс, орон нутгийн төсвийн үлдсэн буюу ихэнх хэсэг урьдын адил хаалттай хэвээрээ байна.

P.S:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9-р сарын 16-нд Төрийн ордонд болсон Дэлхийн Эдийн засгийн Форумын Авлигийн эсрэг арга хэмжээнд үг хэлэхдээ Монгол Улс “шилэн данс”-ны тогтолцоонд шилжиж байгаа ба цаашдаа ийм нэртэй хууль гаргахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Анх 9-р сарын 1-нд шилжихээр зарлиг буулгасан “Шилэн данс”-ны тогтолцоо тодорхойгүй хугацаагаар хойшлох нь тодорхой боллоо.

Advertisements

Posted in # Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа | Leave a Comment »

“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”

Posted by ИТХ on 2012/02/01

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1-р сарын 18-ны өдрийн 17-р тогтоолын хавсралт ёсоор баталсан  “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ыг нийтэлж байна. Тогтоолд дурдсанаар, уг журмыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагад, харин тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд, асгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт үүрэг болгожээ. Журмыг хэлэлцүүлэх үеэр танилцуулж байсан төсвийн мэдээллийг ил тод болгохдөө бөглөх маягтуудыг энэ удаад гаргаагүй юм байна.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд (цаашид “төсвийн байгууллага” гэх)-ийн батлагдсан жилийн төсөв, түүний гүйцэтгэлийг (цаашид “мэдээлэл” гэх) олон нийтэд нээлттэй байлгах харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэ журамд заасан төсөв, санхүүгийн ил тод байдалтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамаарах, улсын аюулгүй байдлыг хангах эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд хамаарахгүй.

Хоёр. Төсөв, санхүүгийн мэдээллийг олон нийтэд түгээхэд баримтлах зарчим

2.1. Мэдээлэл нь иргэд, олон нийтэд нээлттэй байх бүхий л боломжит арга хэрэгслээр хангагдсан байх.

2.1. Мэдээллийг тогтмол хугацаанд, тогтоосон стандартын дагуу үнэн зөв, ил тод байдпаар олон нийтэд хүргэх.

2.3. Мэдээлэл нь тухайн жилийн батлагдсан төсөв болон Төсвийн тухай хуульд нийцсэн байх.

Гурав. Мэдээллийн бүтэц

3.1. Төсвийн байгууллагын мэдээлэл дараахь бүтэцтэй байна:

3.1.1. эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв;
3.1.2. дунд хугацааны бодпого, зорилт, стратеги;
3.1.3. үзүүлэх үйлчилгээ, тэдгээрийн шалгуур үзүүлэлт;
3.1.4. төсвийн гүйцэтгэл, түүнд хийсэн аудитын дүгнэлт.

3.2. Энэ журмын 3.1.1-д заасан мэдээлэл дараахь байдлаар илэрхийлэгдсэн байна:

3.2.1. эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлт;
3.2.2. орлого (үндсэн үйл ажиллагааны орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого);
3.2.3. урсгал зардал (үндсэн цалин, цалингийн нэмэгдэл, бараа үйлчилгээний зардал, татаас, шилжүүлэг);
3.2.4. хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, концессийн зүйлсийн жагсаалт;
3.2.5. улсын төсөв болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого, тэдгээрийн задаргаа;
3.2.6. зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр (улсын төсөв, орон нутгийн төсөв, өөрийн орлого);
3.2.7. байгууллагын батлагдсан орон тоо.

3.3. Энэ журмын 3.1.2-т заасан мэдээлэл дараахь байдлаар илэрхийлэгдсэн байна:

3.3.1. байгууллагын чиг үүрэг;
3.3.2. дунд хугацааны зорилго, зорилт, үйл ажиллагааны стратеги;
3.3.3. зорилтын хэрэгжилтийг хэмжих тоон болон чанарын үзүүлэлт;

3.4. Энэ журмын 3.1.3-т заасан мэдээлэл дараахь байдлаар илэрхийлэгдсэн байна:

3.4.1. байгууллагын чиг үүргийн дагуу иргэдэд үзүүлэх үйлчилгээ, түүний төрөл;
3.4.2. нэгж үйлчилгэзний өртөг, зардал;
3.4.3. үйлчилгээний стандарт.

3.5. Энэ журмын 3.1.4-т заасан мэдээлэл дараахь байдлаар илэрхийлэгдсэн байна:

3.5.1. Энэ журмын 3.2-т тодорхойлсон үзүүлэлтүүд, хүрсэн үр дүн. Хүрсэн үр дүнг энэ журмын 3.3.3, 3.4.3-т заасан шалгуур үзүүлэлтээр гаргана;
3.5.2. төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт;
3.5.3. төсөв хэмнэгдсэн болон хэтэрсэн бол холбогдох шалтгааныг тайлбарласан тайлбар;
3.5.4. төсвийн хэмнэлтийг урамшуулалд зарцуулсан бол зориулаптыг заасан байх;
3.5.5. хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт;
3.5.6. хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээг тендер зарлаж, сонгон шалгаруулсан бол шалгаруулалтын мэдээлэл (шалгарсан аж ахуйн нэгж, тоо хэмжээ, үнэ);
3.5.7. төсвийн хагас, бүтэн жилийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, тухайн тайланд тусгагдсан асуудлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.

Дөрөв. Мэдээллийг олон нийтэд хүргэх хугацаа, давтамж

4.1. Төсөв, санхүүгийн талаархи мэдээллийг олон нийтэд мэдээлэхдээ Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 9.1, Төсвийн тухай хуулийн 8.8-8.10 болон энэ журмын 4.2, 4.3-т заасны дагуу мэдээлнэ.

4.2. Тухайн жилийн төсвийг эрх бүхий байгууллагаас баталж, хүчин төгөлдөр болсны дараа төсвийн захирагч дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:

4.2.1. санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын төсөв, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн төсвийг ажлын 3 хоногийн дотор;
4.2.2. төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн багцын төсвийг 7 хоногийн дотор;
4.2.3. төсвийн байгууллага өөрийн төсвөө 10 хоногийн дотор.

4.3. Төсвийн гүйцэтгэлийн тайланг эрх бүхий этгээд дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:

4.3.1.  төсвийн байгууллага cap, улирлын тайланг cap, улирлын гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор;
4.3.2. төсвийн байгууллага хагас жилийн тайланг 7 дугаар сарын 15-ны дотор, жилийн тайланг 2 дугаар сарын 25-ны дотор;
4.3.3. төсвийн ерөнхийлөн захирагч хагас жилийн тайланг 8 дугаар сарын 15-ны дотор, жилийн тайланг 4 дүгээр сарын 25-ны дотор;
4.3.4. сум, дүүргийн төрийн сан хагас жилийн тайланг 7 дугаар сарын 25-ны дотор, жилийн тайланг 3 дугаар сарын 5-ны дотор.

4.4. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг аудитын дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ.

4.5. Төсвийн байгууллага өмнөх оны санхүүгийн тайланд нь хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь аудитын дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ.

Тав. Мэдээллийг олон нийтэд хүргэх

5.1. Төсвийн байгууллага мэдээллийг олон нийтэд хүргэхдээ мэдээллийн самбар, цахим болон хэвлэмэл хуудас, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглана.

5.2. Цахим хуудас болон мэдээллийн бусад хэрэгсэл ашиглаж байгаагаас үл хамааран төсвийн байгууллага мэдээллийн самбарыг заавал ажиллуулна.

5.3. Журмын 5.2-т заасан мэдээллийн самбарын өргөн болон урт нь 1.5 метрээс багагүй хэмжээтэй байна. Мэдээллийн самбар нь байгууллагын гол хаалганы хажууд эсхүл хаалганы урдаас харсан хананд байрлаж, мэдээллийг шинэчлэх боломжтой байдлаар хийгдсэн байна. Самбарт тавигдах мэдээллийг энэ журмын 4.2-4.3-т заасан хугацаанд тогтмол шинэчилж байна.

5.4. Хэрэглэгч мэдээллийн самбарт байршуулсан мэдээллийг дэлгэрүүлж авах тохиолдолд тэрхүү мэдээллийг ямар эх сурвалжаас олж авахыг тодорхой заасан байна.

5.5. Мэдээллийн самбарт байршуулсан мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулж байгууллагын дарга болон мэдээллийг бэлтгэсэн ажилтан гарын үсэг зурсан байна.

5.6. Санхүү, тесвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэдээллийн самбарт байрлуулах энэ журмын 3.2-3.5-д заасан шаардлагыг хангах мэдээллийн бүтэц, агуулга, жишиг маягт зэргийг агуулсан үлгэрчилсэн заавар, зөвлөмжийг өөрийн албан ёсны цахим хуудас (www.mof.gov.mn) болон төсвийн ил тод байдлын цахим хуудас (www.iltod.gov.mn) -т байршуулна.

5.7. Байгууллага олон нийтэд хүргэх мэдээллийг бэлтгэхдээ энэ журмын 5.6-д заасан зөвлөмжийг баримтлана.

5.8. Төсвийн байгууллага цахим хуудастай тохиолдолд тухайн цахим хуудас нь “байгууллагын төсөв” гэсзн цэстэй байна. Энэхүү цэсэнд энэ журмын 3.1-3.5-д заасан мэдээллүүдийг байрлуулж, энэ журмын 4.2-4.3-т заасан хугацааны дагуу тогтмол шинэчилж байна.

Зургаа. Журмын хэрэгжилтийг хангах

6.1. Төсвийн захирагч энэхүү журамд заасан мэдээллийг тогтмол шинэчлэн, журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах үүрэгтэй.

6.2. Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэж ажилласан талаархи тайланг жилийн төсвийн төслийн хамт санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна.

6.3. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны тев байгууллага төсвийн талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх ажлын биелэлтийг жилийн эцсийн байдпаар гарган Засгийн газарт танилцуулж, өөрийн цахим хуудсаар мэдээлнэ.

Долоо. Хариуцлага

7.1. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон Төсвийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

—оОо—

Posted in # Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа | Leave a Comment »

“ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА ИРГЭД”

Posted by ИТХ on 2012/01/10

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон төсвийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмын тухай нээлттэй хэлэлцүүлэгт “Иргэд төсвөө хянана” сүлжээний зохицуулагч Д.Цэрэнжав “Орон нутгийн төсвийн ил тод байдал ба иргэд” сэдвээр илтгэл тавьсныг нийтэлж байна. 

Ил тод, нээлттэй байх явдал бол ардчилсан төрийн мөн чанар бөгөөд албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын баримтлах ёстой үндсэн зарчим. Үүний тулд төрийн албан хаагчид ухамсартай байхад хангалттай мэт боловч бодит байдал дээр тэгдэггүй, тийм хичээл зүтгэл, санаачлага гардаггүй. Үүнээс хийх дүгнэлт бол төсвийг ил тод, нээлтэй болгохыг хууль, дүрэм журмаар үүрэг болгож албадахаас өөр аргагүй юм байна. Ардчилсан нийгэмд иргэн хүн хуулиар хориглоогүй болгоныг хийх эрхтэй бол  төрийн албан хаагчид ажил үүргийнхээ хүрээнд зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийх эрхтэй, зөвхөн хууль журмаар үүрэг болгосныг хийдэг гэж ойлгогдож байна.Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтнууд, албан хаачид дарга нарын намын харъяалал, байр суурь, зан ааш, сайн муугаас хамаарахгүй хэрэгждэг тийм механизм байх ёстой.

Сүүлийн жилүүдэд төрийн үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр хийгдсэн ажил, арга хэмжээнүүд нь ихэнхдээ тухайн байгууллагууд дотроос биш харин дээрээс гарсан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, эсвэл олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж ирснийг хэлэх хэрэгтэй.

Оны өмнөхөн шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Төсвийн тухай хуулинд төсвийн нээлттэй ил байдлын зарчмуудыг тодорхойлж, төсвийн үе шатуудад олон нийтэд мэдээлэх шаардлагуудыг тавьсан нь сайшаалтай. Гэхдээ ганц л дутагдал байна. Тэдгээр заалтууд маш ерөнхий, “олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлэх”,  “тухай бүр мэдээлж байх”, “ойлгомжтой байдлаар мэдээлнэ” гэх зэрэг өгүүлбэрүүд нь өөрөө зөв зүйтэй ч хэрэгжүүлье гэхэд өөрөө ойлгомжгүй байгаа юм.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Төсвийн хуулийн төслийг хэлэлцэж байх явцад манай сүлжээний гишүүн байгууллагууд энэ асуудалд албан тушаалтнуудын анхаарлыг янз бүрийн арга хэлбэрээр хандуулж ирсэн, тэгэхэд хууль батлагдаж гарсны дараа ил тодын байдлыг хангах маш тодорхой дүрэм журам боловсруулж гаргана гэсэн хариу өгч байсныг хэрэгжүүлэх эхний алхам хийгдэж өнөөдөр хэлэлцүүлэг хийж байгаа нь сайн хэрэг юм.

Read the rest of this entry »

Posted in # Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа, ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ] | Leave a Comment »

БҮХ ШАТНЫ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТӨСӨЛ

Posted by ИТХ on 2012/01/09

Монгол Улсын Сангийн Яамнаас төсвийн шинэчлэлийн хүрээнд төсөвт байгууллагууд, төрийн  болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төсөв, санхүүгийн мэдээллийг ил тод болгох, төсвийн талаарх мэдээлэлтэй иргэд, олон нийт танилцах боломжоор хангах зорилготой журмын төслийг боловсруулан  хэлэлцүүлж байгаа. 1-р сарын 11-ны Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах төлөвтэй байна. Үүний өмнө 1-р сарын 10-ны Мягмар гаригт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр орох юм.

Журмын төсөл, түүний хавсралт маягтуудтай танилцана уу.

Read the rest of this entry »

Posted in # Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа | Leave a Comment »

Төсвийн тухай хууль (2011 оны 12-р сарын 23-нд батлагдсан шинэчилсэн найруулга)

Posted by ИТХ on 2012/01/04

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт           

1.1.Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

2 дугаар зүйл.Төсвийн тухай хууль тогтоомж 

2.1.Төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Төсвийн тогтвортой байдлын тухай  хууль[2], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 

3.1.Энэ хууль нь төсвийн байгууллага,түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна. 

3.2.Энэ хуулийн хөтөлбөрийн төлөвлөлт, үр дүнгийн гэрээ, түүний гүйцэтгэл, тайлагналтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу улсын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилд хамаарахгүй. 

3.3.Энэ хуульд заасан ил тод байдалтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамаарах төсөвт болон энэ хуулийн 3.2-т заасан гүйцэтгэх ажилд хамаарахгүй. 

3.4.Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг  хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна. 

Read the rest of this entry »

Posted in # Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа | Leave a Comment »

“Орон нутгийн төсвийн ил тод байдал – 2011” судалгааны тайлан гарлаа.

Posted by ИТХ on 2011/09/10

Орон нутгийн түвшинд төсвийн ил тод, нээлттэй байдлыг хөндлөнгийн байр сууринаас үнэлсэн “Орон нутгийн төсвийн ил тод байдал-2011” судалгааны тайлан нийтлэгдлээ.

Энэхүү нь Монгол улсад төсвийн ил тод, нээлттэй байдлыг үнэлэх зорилгоор хийж буй анхны бие даасан судалгаа бөгөөд Нээлттэй Нийгэм Форум, “Иргэд Төсвөө Хянана” иргэний нийгмийн сүлжээтэй хамтран 2010 оны дөрөвдүгээр сараас 2011 оны тавдугаар сарын хооронд явуулсан юм.  

Судалгааны хүрээнд Монгол улсын 21 аймаг болон нийслэл Улаанбаатар хотын орон нутгийн төсвийн баримт бичиг ба төсвийн үйл явцын ил тод, нээлттэй байдлын тухай мэдээллийг 2010 оны 11-р сараас 2011 оны 3-р сар хүртэл нийт 5 сарын хугацаанд газар дээр нь цуглуулж нягтлав. Энэ ажилд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн сүлжээний гишүүд идэвхтэй оролцсоныг талархан тэмдэглэж байна. Цуглуулсан мэдээллийг нэгтгэж нарийвчлан судалсны эцэст тодорхой аргачлалын дагуу оноо өгч төсвийн ил тод байдлын чансаагаар аймгууд ба Улаанбаатар хотыг эрэмбэлсэн жагсаалт буюу рейтингийг бэлтгэж гаргасан юм. 

Судалгааны дүгнэлтүүдээс заримыг танилцуулбал:

-Нийт дүнгээрээ орон нутгийн төр, захиргааны байгууллагууд авч болох 100 онооноос дөнгөж 34.9 оноог авсан байна. Энэ нь орон нутагт төсвийн ил тод, нээлттэй байдлын түвшин нэлэнхүйдээ тун хангалтгүй байгааг харууллаа.

-Төсвийн үндсэн баримт бичгүүд олон нийтэд хэр ил тод байгаад оноо өгч, аймгуудыг жагсаахад Улаанбаатар хотын хувьд нийт 10 баримт бичгийн 8-ийг нь цахим хуудаснаас нь чөлөөтэй авах боломжтой байсан тул хамгийн өндөр оноо авчээ. Нөгөө талаар Орхон, Дорноговь, Өмнөговь зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, уул уурхайн баялаг ихтэй, төсвийн орлого их байх магадлалтай аймгуудын хувьд тааруухан оноо авсан нь анхаарал татаж байна.

-Орон нутгийн төсвийг батлагдахаас нь өмнө иргэд танилцах боломжтой байх нь ихээхэн ач холбогдолтой юм. Харамсалтай нь нийтдээ хангалтгүй дүн үзүүлэв. Тэр ч байтугай төсвийн төслийг хэлэлцэж баталдаг ИТХ-ын төлөөлөгчдөд ч төсвийн төсөлтэй танилцах хугацаа хэт давчуу байлаа. Аль ч аймагт ИТХ-аас олон нийтийн дунд ямар нэгэн хэлэлцүүлэг, сонсгол хийдэггүй байна. Өөрөөр хэлбэл, төсвийг төлөвлөх болон батлах үе шатанд олон нийтийн оролцоог хангах ажлыг орон нутгийн төр, захиргааны зүгээс зохион байгуулахгүй явж иржээ.

-Орон нутгийн тендер шалгаруулалтын явц иргэдэд нээлттэй биш байна. Тухайлбал, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудад тендер шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг олон нийтэд ил болгодог, мөн өөр таван аймагт ийм мэдээллийг зөвхөн иргэд шаардсан үед шалгаруулалтын дараа танилцуулдаг бол бусад бүх аймагт энэхүү хорооны бүрэлдэхүүн нийтэд хаалттай байлаа. Тендерт оролцсон болон шалгарсан компаниудын талаарх мэдээллийг Завхан, Сэлэнгэ аймагт ил зарладаг бол Дундговь аймагт тендерийн тухай ямар нэгэн мэдээллийг олон нийтэд хүргэдэггүй, мөн өөр зургаан аймагт тендерийн холбогдолтой зарим нэгэн мэдээллийг ил болгодог ч оролцсон болон шалгарсан компаниудын тухай мэдээлэл байхгүй, харин 13 аймагт тендерт шалгарсан компаниудын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн ч тэдэнтэй өрсөлдөн ялагдсан компаниудын тухай мэдээлэл алга байв.

-Сүүлийн жилүүдэд “УИХ-ын гишүүний мөнгө” хэмээх ойлголт бий болж, орон нутгийн хувьд багагүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тухайн аймаг, нийслэлийн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу хуваарилан зарцуулж байгаа билээ. Гэтэл УИХ-ын гишүүд уг хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар сонсогчдынхоо саналыг сонсож, явц, үр дүнг нь олон нийтэд тайлагнах явдал хангалтгүй байна.

Дор дурдсан линкийг дарж тайлантай танилцана уу.  

Орон нутгийн төсвийн ил тод байдал. 2011. Судалгааны тайлан

Posted in # Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа, ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ] | Leave a Comment »

Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт (Засгийн газрын 2009 оны 143-р тогтоолын хавсралт)

Posted by ИТХ on 2009/10/10

Төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 14-ний 143 дугаар тогтоолоор баталсан төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт” дөрвөн хэсэгтэй. Эдгээрээс сүүлийн хоёр нь төсөвтэй шууд хамаатай юм. 

Read the rest of this entry »

Posted in # Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа | Leave a Comment »

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төсвийн гүйцэтгэлд мониторинг хийх үйл ажиллагаанд төрийн бус байгууллагуудыг оролцуулах нөхцөл бүрдүүлж ажиллах тухай (Засгийн газрын 2008 оны 3-р сарын 12-ны 93-р тогтоол)

Posted by ИТХ on 2009/01/10

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ

2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр. 

Улаанбаатар хот

Дугаар 93

Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. Засгийн газраас Иргэний нийгмийн зөвлөлтэй хамтран ажиллах гэрээг зарчмын хувьд дэмжиж, түүнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболдод олгосугай.

2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төсвийн гүйцэтгэлд мониторинг хийх үйл ажиллагаанд төрийн бус байгууллагуудыг оролцуулах нөхцөл бүрдүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, түүний явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Хууль зүй, дотоод хэргийн яаманд ирүүлж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, тогтоолын хэрэгжилтийг улсын хэмжээгээр нэгтгэн, дүнг жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД

Posted in # Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа | Leave a Comment »