МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

“Уламжлалт” худалдан авалтаас “төгс” худалдан авалт руу …

Posted by ИТХ on 2013/12/19

Засгийн газраас зохион байгуулдаг ээлжит “Шинэчилж шийдъе-222” уулзалт 2013 оны 12-р сарын 10-нд “Шилэн тендер-2014” сэдвээр болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шадар сайд Д.Тэрбишдагва, худалдан авах ажиллагаатай холбоотой яам, агентлагийн удирдлага болон бизнес эрхлэгчид оролцсон юм.

Уулзалтын тэмдэглэлийг бүрэн эхээр хүргэж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Манай улсад 73.016 ААН бүртгэлтэй байна. Эдгээрийн 13.628 нь энэ онд төсвөөс зарласан 3407 удаагийн тендерт оролцжээ. 10-аас дээш тендерт оролцсон компани хоёр, 5-10 тендер авсан арав, 3-5 тендерт оролцсон зургаан аж ахуйн нэгж байна. Би компаниудыг ажигласан. Зам дээр тендер авсан зарим нь ажлаа хийхгүй байгааг “анзаарсан” чинь хажуугаар нь давхар бас өөр ажил авчихдаг юм байна. Тухайлбал, орон нутагт зам барьж байсан компани Хөшгийн олон улсын нисэх онгоцны буудлын замын ажилд бас ороод нөгөө эхний ажлаа дутуу орхиж байх жишээтэй. Тийм учраас энэ тал дээр анхаарах ёстой юм билээ.

-Одоо хариуцлага, гэрээний биелэлтийг ярья. Гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудыг дотор нь ангилж үзвэл 84 хувь нь хугацаа хоцруулсан, ажлаа чанаргүй гүйцэтгэжээ. Найман хувь нь ажлаа орхиж, сураггүй алга болсон. Таван хувь нь юм босгочихсон, хийчихсэн гээд байдаг хэр нь Улсын комисс нөгөө ажлыг нь хүлээж аваагүй буюу хүлээж авах боломжгүй. Гурван хувь нь мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан. Өнөөдөр манай шинэчлэлийн Засгийн газар ирэх онд хийх ажлаа танилцуулж байгаагийн зэрэгцээ энэ бүхнийг яриад байгаа нь ААН, компаниудыг ийм алдаа дутагдал гаргахгүй байгаа ч ээ гэж байгаа юм. Алдаа дутагдал гаргаж, ажил авчихаад хийхгүй байгаа, эсвэл дутуу хийдэг, хаяад явчихдаг, эсвэл тендерээр ажил авчихаад хажуугаар нь илүү мөнгөтэй ажил хийгээд байгаа ААН-уудыг бид хар жагсалтад хамруулж тендерт дахин оруулахгүй. Хуулинд яг ийм үг байхгүй л дээ. “Гэрээний эрхээр хязгаарлуулсан хуулийн этгээд” гэж байгаа. Ганц жишээ хэлэхэд Завхан аймгийн Отгон суманд 2010 онд барьж оруулсан цэцэрлэг 2012 онд актлагдсан. Ингэж улсын хөрөнгөөр тоглож болохгүй ээ. Тиймээс бид хар жагсаалт хөтөлнө, үүнд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан, үүнийг нь шүүх, эрх бүхий улсын байцаагч тогтоосон, илт худал мэдээлэл өгсөн, сүүлийн гурван жил авлигын гэмт хэрэг үйлдсэн зэрэг ААН-үүд орно. Уг нь бид энэ удаагийн уулзалтаар хар жагсаалтад байгаа зарим газрыг нэрлэе гэсэн манайхан нэр өгөөгүй, уг нь нэрс байгаа юм билээ. Ийм маягаар хариуцлага тооцоод явна шүү гэдгийг хэлье.

-Тендерт орно гэхээр сүүлийн үед бас худал материалууд бүрдүүлдэг болсон байна. Энэ дээр дүн шинжилгээ хийснийг танилцуулвал 62 хувь нь тендерийн баталгаа гэдэг юмыг хуурамчаар хийсэн байна. Урьдчилгаа төлбөрийн баталгаа мөн худуутай. Санхүүгийн тайлангаа буруу зөв ирүүлэх, татварын тодорхойлтоо ташаа ирүүлэх гэх мэт зөрчил дутагдал байна. Энэ бол өнөөдөр манайд оршиж байгаа дүр зураг юм. Тиймээс хэдүүлээ нийлж байгаад үүнийг яаж зөв, шударга болгох вэ гэдэг дээр ярилцья.

-Худалдан авах ажиллагаанд олон нийтийн оролцоог 2013 оноос эхлээд бий болгосон. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд иргэд болон ТББ, мэргэжлийн холбоод оролцдог болсон. Орон нутгийн түвшинд жишээ нь, 20 сая хүртэл төгрөгийн худалдан авах үйл ажиллагаанд иргэд өөрсдөө бүлэг байгуулан оролцох ийм боломж нөхцөлүүдийг бүрдүүлсэн. Жишээ нь, 18 сая төгрөгөөр гудамжны явган хүний зам, шат, үер усны сувгын ажил хийхэд иргэдийн “Бүтээлч үйлс” гээд бүлэг гүйцэтгэгч болоод оролцсон байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт рашаан булаг хашаажуулан тохижуулах 10 гаруй сая төгрөгийн ажилд мөн бүтээлч нөхөрлөл оролцож. Завхан аймгийн багийн төвд гуу жалга, далан шуудуу дарах гурван сая төгрөгийн ажилд Батжаргал гэдэг иргэний бүлэг оролцож. Иймэрхүү байдлаар тодорхой бага хэмжээний мөнгөтэй ажлуудад иргэдийн бүлэг орж ажил аваад шийдчихэж болж байна.

-Тендерийн ажил өмнө нь “уламжлалт байдлаар” явж ирэхэд маш их цаас гарздаж, хугацаа шаардаж хүнд суртлыг даван туулдаг байсан. Үүнийг одоо бид аль болох өөрчилж, иргэд, ААН-д хялбар болгож байгаа. 2013 оноос эхлээд Худалдан авах ажиллагааны газар цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж эхэлж байгаа. Өнөөдөр цахим системд 487 ААН бүртгүүлчихээд байна. Үүнийг нийт компани, тендерт оролцож байгаа ААН-үүдтэй харьцуулахад 0.7-хон хувь юм. Засгийн газрын зүгээс, Худалдан авах ажиллагааны газраас бид аль болох цаасгүй, төвөг чирэгдэл бага бүртгэх тогтолцоонд орох гээд байна. Улсын хэмжээнд жилд 167 тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулснаас энд давхардсан тоогоор 724 ААН оролцсон байна. Тэгэхээр Засгийн газар цаашид юу хийх вэ гэхээр тендерийн талын вэбсайтуудыг нэгтгэнэ. Одоо худалдан авалт хийлээ гэхэд яам, Тамгын газар бүр өөрсдөө гүйж авахгүй, хийхгүй, Худалдан авах ажиллагааны газар захиалаад нэгдсэн худалдан авалт хийнэ гэсэн үг. Цахим хэлбэрээр буюу цахим дэлгүүр нээнэ. Эртээр би Сав, баглаа боодлын үзэсгэлэнд очиж үзэхэд дотоодын нэг үйлдвэрлэгч (“Финпак” ХХК) хатуу картон хавтас үзүүлээд бид ингэж хийгээд байхад яам, Тамгын газрууд яг иймийг гадаадаас өндөр үнээр худалдаж аваад байх юм гэсэн. Тиймээс одоо үйлдвэрлэгчид маань цахим дэлгүүрт юу байгаа саналаа ирүүлж өгөөд нөгөө талаас яам, Тамгын газар юу хэрэгтэй байгаа зүйлийн захиалгаа өгөөд хоёр талаасаа “арилжаа наймаа” хийж байя. Өнөөдөртөө энэ нь энгийн сонсогдож байж болох ч хэрэгжүүлээд эхлэхээр цаг хугацаа хэмнэх, хүнд суртлыг арилгах маш их үр дүн гарна. Дундын худалдан авалт хийгдээд явна. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийнхээ барилгын тендерийг орон нутаг өөрсдөө зарлаж, хяналтаа тавьдаг зарчим руу орж байна. Яамдаас тендер зарладгийг багасгаж байгаа. Яамд тендер зарлахгүй, бодлогын ажлуудаа хийх учиртай.

-Өнөөдөр Цахим худалдан авах системд Үндэсний татварын ерөнхий газар, Монголбанк, арилжааны банкууд холбогдсон. Нэг ёсондоо бусад байгууллагууд холбогдоогүй дутуу байгаа учир бүрэн дүүрэн цахим худалдан авалт хийж болохгүй байгаа. Бүрэн төгс худалдан авалт хэзээ хийгдэх вэ гэхээр энд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, ШШГГ, Дээд шүүх зэрэг байгууллагууд холбогдчихвол онлайн, дундын мэдээлэл солилцооны төв бий болж, бүгд холбогдож, ингэснээр тендертэй холбоотой төрийн байгууллагуудаас авдаг тодорхойлтууд алга болох юм. Тендерийн үнэлгээ хийхэд ямар ААН-ийн тендерийн материалыг үнэлж байгаагаа мэдэхгүйгээр техникийн үнэлгээ хийдэг ийм тогтолцоо руу бид шилжинэ. Тендерт оролцож байгаа ААН-ийн техникийн саналыг нээлттэй ил тодоор мэдээлдэг тогтолцоо руу шилжиж байна. Ялсан хүний материалыг мэдээллийн санд оруулж, бусдад үзүүлдэг, үздэг больё л доо. Ингэхгүй бол маргаан их гардаг, түүнийг нь шүүхийн шугамаар шийддэг маш төвөгтэй байна. Уг нь бид Тендерийн хуулинд өөрчлөлт оруулья гэж бодож байгаа, ЭЗХЯ-н дээр Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Тендерийн маргааныг шүүхээр бус өөр олон, хялбараар шийддэг аргууд байна. Түүнийг тусгана. Тиймээс эхлээд олон нийтэд, нийгэмд ил тод болгоё. Үүнийгээ тухайн ААН-ийнхэн ч бодолцож тэр хэмжээгээр хариуцлагажаад явья. Ингээд цааш гэрээний хэрэгжилтийн хяналтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, “Шилэн тендер”-ээ хийхийн тулд шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох, үнийн саналыг цахимаар хүлээж авах, сүлжээ бий болгох, нийлүүлэгчийг нууцалж Үнэлгээний хороо үнэлнэ гэх мэтээр явна.

-Ер нь бага үнийн өрсөлдөөн байхгүй болно шүү. Хамгийн эхлээд чанар, стандартаа хангасан байх ёстой. Үүнийг хангагсдын дунд л дараа нь үнийн саналаар өрсөлдөх боломж олдоно шүү гэдийг хэлье. Гэтэл манайд хамгийн бага үнийн санал өгсөн ААН тендерт ялдаг, ялсан нөхөд хэзээ ч тэр бага үнийн саналаараа обьект босгосон юм байхгүй, жил бүр төсөвт өртөгөө нэмүүлдэг гажиг тогтолцоо руу орсон. Өнгөрсөн хугацаанд тендерүүд завхарч учир утагаа алдсаны гол нь энд байгаа юм.

-Ирэх 2014 онд шинээр баригдах барилга байгууламж, төсөл арга хэмжээг танилцуулвал 595 тэрбум төгрөгөөр шинээр баригдах барилга 132, 633 тэрбум төгрөгийн бусад 164 төсөл, нийтдээ нэг их наяад 133 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 301 төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь дотроо эрчим хүчний салбарт 368 тэрбум төгрөгийн 32 барилга байгууламж, 22 тэрбумын 22 цэцэрлэг, 36.7 тэрбумын 15 сургууль, 9.2 тэрбумын 11 эмнэлгийн барилга, 10.3 тэрбумын найман коллеж МСҮТ, 16.7 тэрбумын нийгмийн халамжийн салбарын долоон барилга байгууламж, соёлын төв, 20 тэрбумын зургаан спортын цогцолбор шинээр барихаар төлөвлөж байна. Өнгөрсөн оны 130-140 тэрбумын өртөгтэй 242 төсөл арга хэмжээ царцсан байгааг цааш үргэлжлүүлнэ. Царцсан гэдэг нь төсөвт өртөг нь өндөр болоод зогсчихсон барилга байгууламжууд юм. Мэдээж шинээр гүйцэтгэх 301 төсөл арга хэмжээ дотроо задраад олон багц төсөл, тендер болох нь ойлгомжтой.

Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Засгийн газар тендерийн үйл ажиллагааг ил тод байлгая, хүнд суртлаа багасгая, ААН-ууд шударгаар өрсөлдөж, өөрсдийн хэмжээгээр авсан ажлаа цагт нь чанартай гүйцэтгэе гэдгээр аль аль талдаа харилцан хариуцлага хүлээгээд ажиллая. Уг нь энэ жил манай Засгийн газар зургаан аймгийг автозамаар холбоё гэсэн хоёр аймгийг нь чадаагүй. Дорнод аймгийн замыг барихаар авсан нөхөд дутуу хаяасан. Чадахгүй байж том ажил авсан гэсэн үг. Тиймээс ААН-үүд өөрсдийн хэмжээ хязгаарт нийцсэн ажил авч байя, төр нь тендерээ зарлахдаа үүнийг тооцож, компаниудад таарсан ажлыг нь өгч байя. Нэг компани 200 км зам барина гэдэг худлаа юм билээ. Мэдээж бүх юм муу биш байгаа. Өсч дэвжин тамиржиж, итгэл даасан ААН-үүд байгаа. Ингээд та бүхний санал, асуултыг сонсоё.

“Аква пласт” ХХК-ийн төлөөлөл Х.Баярсанаа:

-ЭМЯ-н дээр тавдугаар сард зарласан тендерт манайх оролцож бүх шалгуураар тэнцэж ялсан юм. Гэвч зарга үүсээд хойшлогдож дөрвөн сар хүлээгдээд дахин есдүгээр сард зарлагдсан. Тэгсэн манай компанийг тусгай зөвшөөрөлгүй гээд хүлээж аваагүй. Сангийн яамнаас яасныг асуухаар энэ тендерийг зогсоо гэсэн. Тэгсэн мөртлөө нөгөө зогсоосон 700 саяын тендерийг өөр компанид гэрээ хийгээд шууд өгчихсөн байх юм. Тиймээс та бүхэн дээрээ сайхан шинэчилье гэж яриад байдаг, доороо байдал ийм, яамдууд өөрсдийн эрх мэдлийн хэмжээнд тендерийг будлиулаад сууж байна шүү. Тендерийг хойшлууллаа гээд яамдын эрх мэдэлтнүүд ямар ч хариуцлага хүлээхгүй, цалингаа аваад явж байна. Яамдыг яагаад цахим тендерт оруулахгүй байна вэ? Тендерийг хойш нь зулгааж чангааж байгаа яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт ямар хариуцлага тооцож хүлээлгэж байна вэ? Цаашид энэ бурууг яаж зогсоох вэ?

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Эх нялхсын төвийн дээврийн тендерийг ярьж байх шиг байна. Тавдугаар сард анх тендер зарлаад дараа нь Сангийн яам хүчингүй болгож, шууд гэрээ хийх чиглэл өгөөд хийсэн байгаа.

“Аква пласт” ХХК-ийн төлөөлөл Х.Баярсанаа:

-Сангийн яам битгий тендер хий гэчихээд араас нь бичиг өгөөд шууд гэрээ хийдэг чинь улстөрийн нөлөө яваад байгаа юм биш үү, Ерөнхий сайд аа…

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт: 

Энэ тендер хоёр удаа зарлагдаад тендерт оролцогсод шаардлага хангаагүй гэдгээр хүчингүй болгосон байгаа. Арваннэгдүгээр сарын дундуур Эх нялхсаас энэ ажлыг цаашид хэрхэн яаж явуулах зөвлөмж бүхий албан тоот ирсэн. Тэгээд нэгэнтээ тендер хоёр удаа хүчингүй болсон гэдгээр хуулийн дагуу шууд гэрээ хийсэн байгаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Ер нь ирэх онд тендер тодорсны дараа юм уу, тендерийн явцын дунд ямар асуудал гарч байгаа талаар хэдүүлээ дахин уулзалт хийж дор дор нь яриад явья.

Шадар сайд Д.Тэрбишдагва:

-Төсөв хуулиараа арваннэгдүгээр сарын 15 гээд батлагдаж байгаа. Төсөв батлагдсны дараа тав хоногийн дараа тендерийн жагсаалтыг Засгийн газраар оруулах ёстой. Тиймээс одоо цаашид ямар тендерийг нь Худалдан авах ажиллагааны газраас зарлах юм, ямар нь яамнаас зарлагдах, орон нутгаас зарлагдах гэдгийг албан ёсоор зарлаад явна. Тиймээс ААН-үүд үүнд анхаарч тендерийн материалаа маш хурдан өгч, бид аль болох дөрөвдүгээр сараас өмнө бүх тендерээ жигдрүүлээд шалгуулаад явчихаж баймаар байна. Барилгын ажил дөрөвдүгээр сараас эхлэдэг. Тэгэхгүй бол хойшлогдсоор аравдугаар сар хүргэдэг, тэгээд төсөв батлагдах болдог гэм манайд бий шүү. Аль аль талаасаа цаг хугацаанд нь хийж амжуулаад явж байя. Бид шүүмжлэлийг хүлээж аваад засч сайжруулаад явна.

“Ган хийц” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн:

-Тендер дээр нэг анхаарах юм байгаа нь жишээ нь, манайх эрчим хүчний багана, тулгуур хийдэг. Зүүн бүс болон Улаанбаатарт хоёр том үйлдвэртэй, бүх төрлийн тулгуурыг дотооддоо хийх боломжтой. Мөн дотооддоо шатдаггүй, барилгын сэндвичэн материал үйлдвэрлэдэг. Гэтэл биднээс авахгүй Хятадын Эрээн рүү яваад чанарын шаардлага хангахгүй тулгуурыг тендер зарлаж оруулж ирээд байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид нь хохироод байна. Дотоодын үйлдвэрээ яагаад дэмжихгүй байна вэ? Үүнийг тендертээ зоригтой, тууштай тусгая… Ингэвэл дотоодын үйлдвэрлэгчид хөл дээрээ зогсоно шүү дээ. Энэ талаар ямар бодлого баримтлаж байна вэ?

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт:

-Хуулиар бол дотоодын үйлдвэрлэгчид тендерт оролцоход ажил үйлчилгээн дээр 7.5, бараа, бүтээгдэхүүн дээр 10 хувийн хөнгөлөлт үзүүлэх боломж бол байгаа. Энэ боломжийг үзүүлэх үү үгүй юу гэдгийг захиалагч шийддэг. Хуулийн ийм зохицуулалт бий. Яг амьдрал дээр хэрэгжүүлэхэд захилагч шийддэг. Жишээ нь, Хятадаас цемент орж ирлээ гэхэд Монголын компанийн нийлүүлж байгаа цементийн үнийг харьцуулаад 10 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Үүнийг захиалагч өөрөө сонгоод алийг нь худалдан авахаа шийдээд явдаг байсан.

Гэхдээ одоо тендерийн үйл ажиллагаа шинэ тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор Худалдан авах ажиллагааны газар үүн дээр анхаарч боломжтой ажлууд дээр энэ хөнгөлөлтийг дотоодынхондоо үзүүлээд явах боломж нээгдэж байна. Өмнө нь энэ нь яагаад хэрэгждэггүй байсан гэхээр олон газар, олон хүн дээр тендер зарлагдаад тэр болгонд янз бүрийн бодлого явагддаг байсан тал бий.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Хэдүүлээ үүнийг ярьж байгаад дотоодын компаниас авч байгаа бараа, үйлчилгээг эхний ээлжинд авна гэсэн Засгийн газрын тогтоол гаргаад явья л даа. Ер нь бол дотоодынхонд том давуу тал, боломж байна ш дээ. Ингэхдээ хамгийн гол нь чанарын шарадлагыг нэн түрүүнд тавина шүү. Засгийн газар үүнийг дэмжиж байна.

IT-ийн чиглэлийн компанийн захирал н.Атарбаясгалан:

-Манайх хяналтын камер оруулж ирдэг. Боловсролын салбарт камержуулалтын тендерт оролцсон юм. Түрүүний хүний ярьсан шиг будлиан гарч дөрөвдүгээр сард тендер зарлагдаж долдугаар сард задлагдаж шүүхдэлцсээр есдүгээр сард эцсийн шийд гарч манайхыг оролцуулалгүй өөр компанид өгчихсөн байсан. Зарга гэхээсээ илүү цаашид анхаарах зүйлийг хэлэхэд Улаанбаатар хотоо бүрэн камержуулж чадаагүй байж Хэнтий, Архангай, Сэлэнгэ, Булган гээд аймаг, орон нутагт ийм тендер зарлаад эхэллээ. Эхлээд тендер зарлаад ажил хийхийн өмнө мэргэжилтнээ сайн бэлдмээр байна, мэргэжлийн хүмүүсийг оролцуулж стандартаа сайн хэрэгжүүлмээр баймаар байна. Тэгэхгүй бол 1-2 жилийн дараа тэр ажил маань хэрэгцээгүй зүйл болчих вий?

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ:

-Энэ ажил дээр Боловсролын үнэлгээний төвд эрхийг нь шилжүүлсэн. Тус төв өөрөө Үнэлгээний хороогоо байгуулаад хариуцаад явсан байгаа. Захиалагчийн хувьд яаман дээр гэрээ хийгдэж гарын үсэг зураагүй байгаа. Тодруулаад эргээд хариу өгье.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Ингээд эрх мэдлийг дамжуулаад эзэн биегүй болж дуусах вий дээ, Булга-Эрдэнэ дарга аа…анхаарай.

Архангай, Булган аймгийн Худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл:

-Архангай аймгийн хувьд сургуулиудад хяналтын камержуулалтын тендер зарлаад шаардлага хангасан нэг ч газар байхгүй байсан учир тендер хүчингүй болсон. Булган аймгийн хувьд аймгийн төвийг камержуулах 639 сая төгрөгийн тендер зарлагдаад журмын дагуу явагдсан. Мөнгө нь Орон нутгийн хөгжлийн сангаас гарсан.

МҮХАҮТ-ын орлогч дарга Ц.Янсанжав:

-Ирэх оны хийх ажил, төсөлд ЖДҮ-ийнхнийг дэмжин оролцуулах зорилгоор санхүүжилтэд тусгайлан заасан юм бий юу? Яагаад гэвэл хөрөнгийн эргэлт, хүчин чадлаар ЖДҮ-ийнхэн тендерт ер орж чадахгүй байгаа.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт:

-Тендер шалгаруулалтад оролцож байгаа компанид өмнө нь тухайн ажлынхаа үнийн дүнгийн ойролцоогоор 50 хувиас дээш хэмжээний ажил хийж байсан шаардлага тавигддаг. Тавигдсан ажлуудыг та харсан байх, энд багцаар нь авч үзэхэд 100 саяас тэрбумын өртөгтэй маш олон ажил байгаа. Эдгээр ажил нь ЖДҮ-ийнхэнд зориулагдсан гэж хэлж болно. Томоохон ААН 100 саяын ажилд орохгүй шүү дээ. Ер нь ирэх жил төсвийн нийт багтаамжаас шалтгаалаад төсв дээр томоохон обьектууд тавигдаагүй. Голцуу цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгууд байгаа. Эдгээр барилга, байгууламжууд ЖДҮ-ийнхний хүчин чадалд таарсан ажлууд байгаа. Тэгэхээр боломжууд байна гэсэн үг.

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Энэ жилийн худалдан авах үйл ажиллагааны 22 хувийг цахим хэлбэрээр явуулсан. Ирж байгаа оны хувьд 80 хувийг цахимаар явуулах чигтэй байгаа. Тийм учраас ААН-ийнхэн манай цахим сургалтанд хамрагдахыг хүсч байна. Долоо хоног бүрийн 1,3 дэх өдрийн 15.00 цагт үнэгүй явагдаж байгаа. Хоёрт, худалдан авах ажиллагаанд ороцлож байгаа ААН-үүд хувийн нууцлалын кодоо авах ёстой. Тендерт оролцож байга нийт ААН-ийн 3.6 хувь нь цахимд бүртгүүлсэн байгаа учир нууцлалын кодоо аваад дурын тендерийн материалыг цахим системээс үнэгүй үзэж харж, өөрсдийн боломжит таарсан тодорхой хэмжээний тендерт оролцох боломжтой байгаа.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт:

-НИТХ саяхан төсвөө баталснаар 311 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөсөн. Бид ирэх оныг ил тод худалдан авалтын жил болгон зарлаж, тендер зарлах шалгаруулах ажиллагааг цахимаар явуулахаас гадна тендерийн нийт хөрөнгө оруулалтыг төсөвлөх, төлөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, буцаад ажил гүйцэтгэх бүх шатны үйл ажиллагааг онлайн, цахим хэлбэрт шилжүүлье гэж байгаа. Ерөнхий сайд ч бай, жирийн иргэн ч бай, бүгд адилхан мэдээлэлтэй байя гэсэн төсөл хэрэгжүүлэхээр төсвийг нийслэлийн төсөвт суулгаж өгсөн. Төсвийн саналыг ч цахим хэлбэрээр авч байхаар болсон.

“Батсэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Шинэбаяр:

-Тендерт оролцоход тухайн компани НӨАТ-т нэг төгрөгийн өртэй бол оролцох эрх байхгүй гэдэг. Энэ заалт хэр үндэслэл, амьдралд бодитой, ач холбогдолтой заалт вэ? Тэртэй тэргүй НӨАТ-т өндөр өртэй юмуу хугацаа нь хэтэрсэн компаниудын дансыг албадан хаачихаж байгаа шүү дээ. Тиймээс ААН-үүдийнүйл ажиллагааг ингэж механикаар хааж хориглож хазаарлах хэрэг байна уу? Тендерээс хасалгүй, НӨАТ-ын өрийг өөрөөр нэхэмжлэх арга байдаггүй юм уу. Энэ талаар нэг шийд хэлж өгнө үү? Уг нь ААН-үүд тендерт орж байж ажил үйлчилгээ хийж байж өрөө барагдуулна ш дээ… Тэгэхгүй бол хуурамж падаан гаргаж, НӨАТ-аа үнэ зөв биш бүрдүүлэх зэрэг сөрөг үйлдэл гараад байгаа ш дээ…

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд татвараа хугацаанд нь төлөөгүй компанийг тендерээс хасна гэсэн заалт байдаг. Энд хязгаар байхгүй, нэг төгрөг ч байсан өр гэсэн зарчмаар явж байгаа. Ирэх жил бидний шийдэх нэг асуудал гэвэл заримдаа татвараа төлчихсөн компани татварын систем дээр өртэй харагдаад байдаг тал бий. Үүнийг бид Татварын газрынхантай ярьж байгаад өөрчилж шийднэ.

“Ган хийц” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн:

-Тендерийн үйл ажиллагааны процесс, ил тод байдлын хяналтад МҮХАҮТ зэрэг ТББ, хувийн хэвшлийнхний зүгээс оролцох талаар ямар боломж гаргаж өгч байгаа вэ?

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Худалдан авах ажиллагааг 2013 онд ТББ-уудын оролцоотойгоор явуулсан. Үнэлгээний хороонд ТББ, мэргэжлийн холбоодоос 1-2 доошгүй төлөөлөл заавал орно гэсэн байгаа. Дээрээс нь бид Үнэлгээний хороонд яамдын, захиалагч нарын төлөөллийг оролцуулж ийм бүтэц бүрэлдэхүүнтэй ажилласан. ТББ-ын хувьд МҮХАҮТ-тай энэ тал дээр хамтран ажиллах санамж бичиг өгсөн байгаа. Үүний дагуу худалдан авах ажиллагаанд оролцох байгууллагуудын жагсаалтыг МҮХАҮТ-аас авсан байгаа. Давхардсан тоогоор 628 ТББ-ын төлөөлөл Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон. Тодорхой хэмжээний урамшуулал хүртэл өгч байгаа. ТББ-ын төлөөлөл Үнэлгээний хороонд орж ирснээр хяналт тавиах, шийдвэрлэх процесст нөлөөлөх эрхтэй байгаа.

Ил тод байдлын тухайд энэ жил тендерт шалгарсан болон шалгараагүй үндэслэлүүдийг тендерт оролцсон бүх ААН хичнээн төгрөгийн үнийн санал тавьж орж ирснийг вэбсайтад тавьж байгаа. Нийслэл, аймаг орон нутагт Худалдан авах ажиллагааныхан бүгд мэргэжлийн арга зүйн нэг чиглэлтэй байгаа учир бүгдээрээ ингэж явж байгаа. Бид мөн Үнэлгээний хорооны бүх мэдээлэл, үйл ажиллагааг камержуулж, CD-д бичиж байгаа. Мэдээллийн ил тод байдлыг ингэж ханган ажиллаж байгаа.

МҮХАҮТ-ын орлогч дарга Ц.Янсанжав:

-Төсвийн хөрөнгөөр тендер зарлаж байгаа учир зарцуулалт, хуваарилалтад хөндлөнгийн хяналт зайлшгүй хэрэгтэй. Ингэхгүйгээр нэг талдаа давамгайлчихаад тендерийн маргаан чинь эндээс л үүсээд байгаа ш дээ. Тиймээс Ажлын хэсэгт ТББ болон мэргэжлийн ямар холбоодоос ямар байгууллагын төлөөлөл орж ажиллаж байгааг шууд ил тод зарлаач. Төлөөллийн тэр байгууллага нь тухайн салбарынхаа судалгааг хийсний үндсэн дээр тендер ил тод, шударга явагдаж байгаа дүгнэлтээ гаргаж өгөөд явахгүй бол төөрөгдөл, үл ойлголцол гараад байна. Тиймээс үүнийг ил тод болгож баталгаажуулаад, төлөөллийн байгууллагын хүмүүс нь үүрэг хариуцлагатай оролцох эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна?

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Үнэлгээний хороодод орсон ТББ-уудын байгуулсан гэрээнүүд бүгд байгаа. Үүнийг бид вэб хуудасандаа бүгдийг ил тод тавьчихья.

МҮХАҮТ-ын Барилга, дэд бүтцийн зөвлөлийн дарга, “Сан” ХХК-ийн захирал Чимид-Очир:

-Тендер, худалдан авалтдээр дотоодын материал үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэж байгаа учир манай үйлдвэрлэгчид дотооддоо ямар бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа жагсаалт гаргаад, дотоодын үйлдвэрлэгч дунд Материал ханган нийлүүлэгчдийн тендерийг тусад нь зарлаж Барилгын угсралтын ажилд нь оруулж өгч байвал энэ нь бодит дэмжлэг болох юм. Хоёр дахь санал гэвэл тусгай мэргэжлийн барилга угсралтын компаниуд гэвэл олон жил ажиллачихсан туршлагатай хэдхэн тооны компани байдаг. Энэ талын шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж байхгүй бол шууд гэрээ энэ тэр дээр туршлагагүй, гэнэтийн нэг компани гарч ирээд том том ажил аваад хийдэг, эргээд ажил унагадаг явдал байгааг анхаарна уу?

“Очирдарь” ХХК-ийн тендерийн мэргэжилтэн н.Гонгор:

-Ирэх оны төсөвт өртөгийг харж байхад уул уурхай, эрчим хүч, даатгал, банк, санхүүгийн салбарын чиглэл рүү нэг харагдахгүй байх шиг. Юу хэлэх гээд байна гэвэл уул уурхай дээр төрийн өмчит “Эрдэнэт”, “Багануур”, “Шивээ Овоо” зэрэг томоохон компаниудын төсөв өртөгийг нээлттэй болгох боломж байдаг болов уу? Хоёрт, тендерийн улирал 2-6 дугаар сарын хооронд болдог. ААН-үүд тендерт оролцох гэж янз бүрийн толдорхойлт авах гэж их цаг алддаг. Тиймээс цахим тендер яг хэзээнээс 100 хувь, бүрэн хэрэгжиж эхлэх вэ?

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-2012-2016 оны шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Худалдан авах үйл ажилллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлнэ гэсэн байгаа. 2013 онд бид эхний алхамаа хийж байна. Түрүү Ерөнхий сайдын хэлснээр цахим системд одоогоор арилжааны банкууд, татвар, бүртгэлийн байгууллагууд л холбогдсон, бусад нь холбогдох даалгавар аваад ажиллаж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Гонгор нэг чухал санаа хэллээ. Бид улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт гээд сая яриад байна. Сая Гонгорын хэлснээр одоо цаана нь төрийн өмчийн компаниудын маш их хэмжээний хөрөнгө оруулалтууд байгаа нь үнэн. Эдгээрийг Гонгорын хэлснээр ил тод болгоё л доо. Дараагийн уулзалтыг ТӨХ-г тэдгээр төрийн өмчит компаниудтайгаа ирээд бидний байранд суу гэж хэлье. Төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтын худалдан авалтыг ярилцаж Гонгорын саналыг хэрэгжүүлье…!

Тэмдэглэсэн Б.БОЛД

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: