МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

“Бага үнийн саналыг хамгийн сүүлд харгалздаг”

Posted by ИТХ on 2013/12/19

2013 оны 12-р сарын 18-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Худалдан авах ажиллагааны газрын удирдлага нэгэн уулзалтыг зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээний тэмдэглэлийг сийрүүлж байна. 

Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Н.Цэрэнсамбуу:

-Эхлээд та бүхэнд цахим худалдан авалтын системд шилжих үйл ажиллагааг товч танилцуулья. Тендер оролцогчдын нууцлалын код хоёр янз байгаа. Материал дэлгэгдэх үед тухайн зарлагдсан тендер нийтийн түлхүүрээрээр материал нь кодлогдоод, тухайн кодлогдсон мэдээллийг тендер нээх хүртэл ямар нэг хүн болон бусад этгээдүүд харах боломжгүй болж байгаа. Тендерийн нээлтийн өдөр тухайн тендер нээх эрхтэй хүн хувийн түлхүүр ашиглаад ямар материал байгаа, ямар үнийн санал ирүүлсэн мэдээллийг код тайлдаг үйл ажиллагаа явагддаг болж байгаа.

Дараагийн чухал ойлголт бол тендерийн Ерөнхий гэрээ буюу цахим дэлгүүр юм. Энд төрийн байгууллагуудын байнгын хэрэгцээтэй бараа, ажил үйлчилгээ гэсэн хэсэг байгаа. Тухайлбал, бичгийн болон хэвлэлийн цаас, принтерийн хороор жишээ авахад тэр бүх худалдан авалт одоо нээлттэй, ил тод биш, шууд гэрээгээр явагдаж байгаа бүхнийг нээлттэй болгох үүднээс цахим дэлгүүрийг энэ оноос эхлүүлэн хэрэгжүүлнэ. Цахим дэлгүүрийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг нь цахим католог буюу цахим ангиллын систем байх юм. Энэ систем дээр зах зээл дээр байдаг бүх бараа, бүтээгдэхүүний ангиллын код байж байгаа. Бүх бараа, бүтээгдэхүүн өөрийн гэсэн шинж чанартай байдаг. Компьютер гэхэд хүчин чадлын хэмжээ, цаас гэхэд хэмжээ, өнгө, зузаан нимгэн гээд бүх шинж чанарыг агуулсан цахим катологийн систем байгаа. Тиймээс нийлүүлэгч ААН-үүд өөрийн компанийн үйлдвэрлэж, нийлүүлдэг бүх бараа, бүтээгдэхүүнийг энэ цахим катологийн системд байршуулах ёстой. Байршуулсан бараа, бүтээгдэхүүн дээр тендер шалгаруулалт зохион байгуулаад Ерөнхий гэрээ хийгдээд явах юм.

Нэг ёсондоо цахим дэлгүүр маань цахим католог дээр ийнхүү суурилагдаад тухайн зах зээлийн судалгаагаар бүх төрийн байгууллагуудад хэрэглэгддэг байнгын бараа, бүтээгдэхүүн дээр Ерөнхий гэрээ хийгдээд явна гэсэн үг. Гэрээ байгуулахдаа нэгж үнийн буюу нэг боодол цаасыг хэдэн төгрөгөөр нийлүүлэх үнээр гэрээг мөн хийнэ. Захиалагч байгууллагууд тухайн Ерөнхий гэрээ байгуулсан бараа, ажил үйлчилгээг өөрсдөө шууд худалдан авалтаар хийхгүйгээр цахим дэлгүүрээс захиалгын системийн дагуу худалдан авдаг болох юм. Ерөнхий гэрээн дээр ямар зүйлүүдийг тусгаж оруулах вэ гэхээр тухайн бараа, ажил үйлчилгээний нэгж үнэ, хүргэж өгөх нөхцөл, бусад мэдээллийг агуулна. Жишээ нь, Ерөнхий гэрээн дээр хоёр компани шалгараад орсон байлаа гэхэд нэг компани нь 100 боодол цаас авлаа гэхэд тухайн компани нь ерөнхий захиалагчид хүргэж өгдөг, нөгөөх нь 150 боодлыг авлаа гэхэд мөн нийлүүлж өгдөг гэх мэтчилэн бүх нөхцөл шаардлагыг тусгасан гэрээг байгуулдаг болно. Захиалагч байгууллагууд энэ Ерөнхий гэрээгээр байгуулсан бүх бараа, ажил үйлчилгээг шууд худалдаж авахгүйгээр цахим дэлгүүрээс авдаг болно гэсэн үг. Ингэснээр төрийн тухайн байгууллагуудын цаасны хэрэглээ, Ерөнхий гэрээгээр байгуулагдсан бараа, бүтээгдэхүүний хэрэглээний статистик нийт дүнгээрээ гарч, энэ талын мэдээлэл нь иргэд, ААН, олон нийтэд нээлттэй, ил тод болох юм.

-Ерөнхий гэрээ байгуулагдснаар бүх мэдээлэл ил тод, нээлттэй болно гэж байна. Өөр ямар үр дүнд хүрэх вэ?

-Төсвийн болон төрийн байнгын хэрэгцээт бараа, үйлчилгээг шуурхай, сонголттой, хэмнэлттэй худалдан авдаг болно. Одоо бол төрийн байгууллага бүр цаас худалдан авдаг, ингэхдээ янз бүрийн үнээр ялгаатай худалдан авалт хийгдэж байгаа. Цаашид Ерөнхий гэрээнд шилжсэнээр нэг үнээр, адил чанарын худалдан авалт хийгддэг болох юм. Мөн цаад утгаараа Үндэсний дотоодын ААН-үүд болон ЖДҮ-ийг дэмждэг болно гэсэн үг. Яаж гэхээр урьд нь тендерт нэг л нийлүүлэгч шалгардаг байсан бол одоо Ерөнхий гэрээнд шилжсэнээр тендерт нэг буюу түүнээс дээш хэд хэдэн компани оролцож шалгаруулж Ерөнхий гэрээ байгуулна. Шалгарсан ААН-үүдээс төрийн байгууллага өөрийн нөхцөл шаардлагад таарч байгаа компанийг сонгож захиалга өгөөд бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ авдаг болно. Үйл ажиллагааны хувьд нээлттэй тендер шалгаруулалтаар явахад төрийн байгууллага бүрт сонгон шалгаруулалт хийгдэж, энэ нь нилээд цаг хугацаа авдаг байсан бол одоо Ерөнхий гэрээнд орсноор худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нэг удаа Ерөнхий гэрээ хийчихсэн байхад төрийн байгууллагууд тэндээс захиалгын системийн дагуу худалдан авалт хийдэг болж, ингэснээр цаг хугацаа хэмнэж, бараа, үйлчилгээг хурдан шуурхай хүргэж өгч, үйл ажиллагаа илүү хялбар болж ирнэ.

Цахим дэлгүүрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нөхцөл гэвэл худалдан авалтын төрлүүд, хэмжээ, санал болгох үнэ, хүлээлцэх, хүргэж өгөх нөхцөл, оролцох чадвар, баримт бичиг гэх мэт бүх зүйлийг агуулсан байна. Гүйцэтгэх ажлын жагсаалтын тухайд худалдан авалтын төлөвлөгөө, бараа, ажил үйлчилгээний үнийн санал, гэрээний нөхцөл, оролцох чадвар, үнэлгээний арга гэх мэт бүх мэдээллийг оруулж багтаасан байна. Ерөнхий гэрээг зохион байгуулах талаар энэ оны есдүгээр сард Сангийн сайдын журмаар баталсан юм. 2014 онд урсгал зардлаар хийгдэх байнгын хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний судалгааг манай байгууллагын зүгээс гаргаж байгаа. 2014 онд Ерөнхий гэрээ байгуулагдаад олон нийтэд мэдээлэгдэнэ.

Аливаа цахим сүлжээ нэг удаа хийгдээд төгс төгөлдөр болно гэж байхгүй, цаашаагаа байнга хөгжиж дэвжиж явна. Бид 2014 онд одоо байгаа системийг сайжруулж, илүү боловсронгуй, хэрэглэхэд амар хялбар, илүү ил тод, нээлттэй болгох зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар цахим худалдан авах ажиллагаа, цахим системийг сайжруулах ажил хийгдэж байна. Цахим сүлжээнд одоогоор татварын байгууллагууд Төвбанк, арилжааны банкууд холбогдчихоод байгаа. Одоо Нийгмийн даатгал, шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг бүх байгууллагыг ирэх оны долдугаар сар гэхэд холбочихно. Ингэснээр тендерт оролцогч ААН-үүд зөвхөн техникийн саналаа ирүүлдэг болно. Төрийн байгууллагуудаас  тодорхойлтууд авч ирүүлдэг, цаг авсан ажил байхгүй болно.

Цахим дэлгүүр нээснээр цааш нь бид цахим төлбөр тооцооны системийг хэрэгжүүлнэ. Бүх тендер цахимаар яваад ирэхээр Нэгдсэн мэдээллийн сан үүснэ. Энд үндэслээд тайлан, хяналт, үнэлэлт, шинжилгээ хийх боломж бүрдэнэ. Тухайлбал, нэг компани хэдэн тендерт оролцож ялаад байна, хэдэн тендер шалгаруулалт явагдаад байна гэсэн бүх мэдээлэлд мониторинг хийх болож бүрдэнэ. Энэ дээр үндэслээд иргэд, олон нийтэд мэдээлдэг болно. Мөн энд тендер шалгаруулалтт болоод өнгөрөхөд шалгарсан болон шалгараагүй компаниудын мэдээллийг оруулж байгаа. Одоо бол энэ үйл ажиллагаа хангалтгүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Мэдээллийн санд компаниудын тендерт шалгарсан болон шалгараагүй үндэслэлийг оруулна. Гэхдээ тухайн компанийн нууцын зэрэглэлийн мэдээллийг харуулахгүй. Ямар санал ирүүлсэн, яагаад шалгарсан зэрэг техникийн бүх саналыг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна. Мөн тендерт шалгарсан ААН-ын бүтээн байгуулалтын явцын бүх мэдээллийг цахим системд оруулж эргэх холбоог үүсгэдэг тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байна.

Асуулт: Тендер явагддаг өмнөх үйл ажиллагаа танай газар байгуулагдснаар яаж өөрчлөгдөж, ямар дэвшил гарч байгаа вэ?

Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга Ж.Булгантамир:

-Хуучин бол тендерийн бүх шатны ажиллагаа Сангийн яаман дээр төвлөрч, энд Үнэлгээний болон Техникийн хороо гэсэн хоёр үе шаттай, төвлөрсөн системтэй байлаа.  Тэгээд сүүлд нь яамдууд руу очиж тарсан. Яамд тендерээ зохион байгуулдаг, ингэхдээ Сангийн яамнаас зөвшөөрөл авч гэрээ байгуулдаг байсан. Үүний дараа зөвшөрөөл авахаа болиод яамд дангаар хийдэг байгаад сүүлд нь манай агентлаг байгуулагдсан. Байгуулагдсны гол зорилго, шалтгаан нь төрийн яам тендерийн байгууллага болж хувирах биш, салбарын чиглэлийн бодлогоо барьж явах ёстой, тендер гэсэн процессын энэ механик үйл ажиллагааг нэг агентлагад өгч, мэргэшүүлэх бодлого барих зорилгоор манай газрыг Засгийн газраас байгуулсан юм. Агентлаг байгуулагдснаар ямар дэвшил бий болж байна гэхээр зөвхөн тендер зохион байгуулах чиг үүрэгтэй мэргэшсэн хүмүүс бий болж нэг газар төвлөрч байна. Хуучин яаж явсан гэхээр яаман дээр ажилтнууд үндсэн ажлаа хийгээд завсар зайгаар нь хэдэн хүн нэг өрөөнд гүйж ороод тендер шалгаруулдаг байсан. Гэтэл энэ бол ажлын хажуугаар хийчихдэг тийм амар ажил биш юм. Дор хаяаж нэг тендерт 3-4, зарим үед арав гаруй компани оролцдог, маш зузаан материалууд ирдэг, тэдгээрийг маш нарийвчилж үзэх шаардлагатай байдаг, цаг хугацаа, мэргэжлийн ур чадвар шаардах ийм ажил байдаг.

Өмнө нь, түрүү хэлснээр тендерийн Үнэлгээний хороог яамны ажилтнууд байгуулаад шалгаруулаад явдаг байсан учир мэдээлэл харьцангуй хаалттай байсан. Тиймээс Тендерийн хуульд шинээр нэмэлт өөрчлөлт орж байж агентлаг байгуулагдсан юм. Хуулиараа Үнэлгээний хороонд ТББ болон мэргэжлийн холбоодын төлөөлөл 2-оос доошгүй хүнийг заавал оролцуулдаг болсон. Нийтийн төлөөлөл ингэж орж ирснээр нэг талаар тэд шийдвэр гаргах процесст оролцож байна. Нөгөө талаасаа тэр дотор нь сууж байгаагийн хувьд яамд, төрийн төлөөлөл юу хийж байгаад хяналт тавьж байгаа. Ийм дэвшлүүд гарч байгаа. Зохион байгуулалт, байр савны хувьд манай газар дээр Үнэлгээний хорооны өрөөнүүд бүгд шилэн хаалгатай, хяналтын камертай бичлэг хийдэг болсон. Дараа нь ямар нэг гомдол гарах, хяналт шалгалт хийгдэхэд хэн юу ярьж, юу болж гэдгийг үзэх бүрэн боломжтой болсон. Энэ мэтээр ахуйн талаасаа ч тэр, оролцооны талаар ч тэр, мэргэжлийн талаас илүү дэвшилттэй болж, дараагийн түвшинд очих шинэчлэл хийгдээд явж байна гэж ойлгож болно.

“Шилэн тендер”-ийн тухайд нэмж хэлэхэд үүнийг ерөнхийд нь хоёр тусад нь авч үзэх шаардлагатай юм. Нэгд, Цахим тендер гэдэг нь ерөнхийдөө төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга, зам, гүүр зэрэг томоохон хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлуудыг цаасгүйгээр, онлайн хэлбэрээр, төрийн байгууллага, ААН-үүдийг тал тал тийш гүйлгээд байхгүйгээр мэдээллийг татаад авдаг болж байгаа. Мөн нөгөө талаар барилга бариуллаа гэхэд захиалагч тал бид ийм барилга бариулна гээд өөрсдийн шаардлагаа тавьдаг болж, түүнийг нь олон нийтэд ил болгож, тэрийг нь 2-3 компани ямар шалгуураар барих нь гэсэн сонголтын бүхий л мэдээлэл байж байх юм. Байгууллагын нууцад хамаарахаас бусад бүх мэдээлэл дэлгэн тавигддаг болно гэсэн үг. Тэндээс захиалагч ямар шалгуур тавьсныг ямар компани ямар шалгуураар яагаад тендерт шалгарч, яаж барьсан гэсэн эцсийн үр дүнг мөн харж болно. Ингэснээр тендер шалгаруулалт өмнөхөөсөө илүү нээлттэй, илүү хяналттай, ил тод болж байгаа юм.

“Шилэн тендер”-ийн хоёр дахь нь Цахим дэлгүүр байх юм. Энэ нь урсгал зардлаар явагддаг процесс. Энд нэг худалдан авалтын үнийн дүн нь бага  байдаг учраас тендер зарладаггүй байсан. Тиймээс сэтгүүлчид болон хяналтын байгууллагууд нэг их тоодоггүй явж ирсэн. Тэгэхээр одоо энэ нь ил тод болж ирж хяналттай явагдах юм. Жишээ нь, бичгийн А4-ын цаас нийлүүлдэг 20-30 компани байлаа гэхэд бүгдийнх нь мэдээллийг Е-катологид тавьчихна. Тэдгээр компаниудын нийлүүлэх цаасны үнэ, чанар, хүргэж өгөх нөхцөл байдлуудыг бүгдийг тавьчихаад тэдгээрээс хамгийн сайн 5 компанийг тендер зарлаж шалгаруулах замаар явна. Тэр тавтай нь Худалдан авах ажиллагааны газар гэрээ байгуулж ажиллах ийм арга замаар явах юм. Үүнийг л хуулинд “Ерөнхий гэрээ” гээд байгаа юм шүү дээ. Ингээд бүх захиалагч нэг тодорхой эх сурвалжаас, тодорхой үнээр цаасаа аваад явдаг болно. Ингэснээр төрийн байгууллагуудын урсгал зардал ил болж, улсын хэмжээнд албаны хэрэгцээнд хэдий хэмжээний цаас хэрэглэгддэг үзүүлэлтүүд гарч ирэх ач холбогдолтой юм. Энд бичгийн цааснаас аваад бензин шатахуун гээд төсвийн болон төрийн байгууллагууд юу хэрэглэдэг, бүгд ийм замаар нийлүүлэгдээд явна. Энэ бүх үйл ажиллагаа ил тод болж ирж байгаа учраас “Шилэн тендер” гээд байгаа юм.

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Улсын хэмжээнд татварын бүртгэлтэй 73 мянган ААН байдгаас цахим худалдан авалтад орохоор бүртгэгдсэн нь 787 компани байна. Тендерт орсон давхардсан тоогоор авч үзэхэд 724 ААН энэ онд цахим тендерт оролцсон дүнтэй байгаа. Энэ жил бид Засгийн газраас зарлаад байгаа төсөл, арга хэмжээний тендерийг зохион байгуулна. Манай агентлаг өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зарлагдаж байгаа нийт тендерийн арав гаруй хувийг хийж байгаа. Энэ жилийн хувьд саяхан Засгийн газар 130 төсөл арга хэмжээ батлаж зарласныг манай газар яамдын саналаар худалдан авалтыг хийгээд явна.

Төсөл, арга хэмжээ мэдээж хэрэг төсвийн Ерөнхийлөн захирагч нараас тодорхой хэмжээгээр багц болж задарна. Ингэж задарсны дараа бид хэвлэл, мэдээллийнхэн, компанийнхантайгаа дахиж уулзаад ийм ийм төсөл, арга хэмжээг Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага зохион байгуулах гэж байна, эндээс 50-80 хувийг цахимаар зохион байгуулахаа мэдэгдэнэ. Цахим худалдан авалт хийнэ гэдэг зөвхөн мэргэжлийн байгууллагын хийх ёстой ажил биш юм. Тендерт оролцож байгаа ААН-үүд өөрсдөө хувийн нууцлалын кодоо авах, энэ системд өөрсдөө бүртгүүлээд, өөрсдөө зохиогдож байгаа цахим худалдан авалт, цахим дэлгүүрийн сургалтад оролцоод, цахим худалдан авалтанд материалаа өгөөд тендерт оролцох бэлтгэл ажлаа хангаад өөсрдөө оролцоод явах учиртай. ААН, иргэдийн оролцоо эн эмэтээр их хэрэгтэй байна.

Хоёрт, мэргэжлийн байгуулага байгуулагдсны дэвшил юун дээр харагдаж байна гэхээр өнөөдөр бид Нэг цэгийн үйлчилгээ нээж байгуулсан. Энд өнгөрсөн онд 19 мянга гаруй иргэн хандсан. Манай энэ үйлчилгээн дээр зургаан хүн ажиллаж хуулийн зөвлөгөө өгч байгаа. Мөн эндээс ААН, компаниуд банкны баталгаа болон хувийн нууцын кодоо авах боломжтой болсон. Манай эндэхийн нэг ажилтан дээр 370 ААН хандсан мэдээтэй байна. Мөн манай газар дээр дурын иргэн, ААН дурын тендерийн нээлтэд оролцох боломжтой болсон. Ямар компани, ямар тендерт оролцож байгаа гээд Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг авах боломжийг мөн бүрдүүлсэн.

Гуравт, бид Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтраад худалдан авах ажиллагааны олон улсын стандартыг Монголд нутагшуулж байгаа. Жишээ нь, барилгын худалдан авах үйл ажиллагааны стандартыг нутагшуулсан. Дөрөвт, иргэдийн оролцоотой худалдан авах ажиллагааг явуулах боломжтой болсон. 20 сая төгрөг хүртэлх төсөл, арга хэмжээнд иргэд өөрсдөө оролцоод шийдээд явах боломж бололцоотой байгаа. Мөн түрүү хэлснээр манайх өөрийн вэбсайтад тендерт оролцсон бүх компани, ААН-ийн шалгарсан, шалгараагүй мэдээллийг бүгдийг тавьсан.

Энд тендерт ямар ямар компани ороод, ямар төсөвт өртөгт ажлуудыг авсан бүх мэдээлэл бий. Энэ 2013 онд хийгдсэн төсөл арга хэмжээний ажлын үр дүнгийн тайланг бид нэгдүгээр сарын 15-нд тайлагнана. Мөн мэргэжлийн байгууллагуудын зохион байгуулсан төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэл ямар байв гэдгийг хэвлэл мэдээлийн хэрэгслээр олон нийтэд тайлагнана.

Бид цахим дэлгүүрт ЖДҮ-ийг оролцуулах талаар дэмжиж ажиллана. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэдэг ААН-үүдийн судалгааг хэвлэл мэдээллийн байгуулага, МҮХАҮТ, бусад ТББ-уудтай нийлж хамтарч ЖДҮ-үүдийн жасгаалтыг гаргаж, цахим катологид ангиллаар нь бараа, бүтээгдэхүүнийг гаргаж ирж оруулна. Дахин хэлэхэд энэ бол ганцхан Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын хийх ажил биш, бүх бизнес эрхлэгч, төрийн байгууллагад бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг бүх ААН-ийн оролцоотой байж энэ ажил төгс явагдана.

Удахгүй манай улсад БНСУ-ын Худалдан авах ажиллагааны газраас Цахим дэлгүүр, цахим худалдан авалтын үйл ажиллагааны талаар зөвлөхүүд ирж нэг сар ажиллана. Нэгдүгээр сараас Европын Сэргээн босголт банкны санхүүжилттэйгээр Португаль улсын мэргэжилтнүүд ирж мөн зөвлөгөө өгнө. Яагаад ингэж зөвлөгөө авч байна гэхээр манайд цахим дэлгүүр, цахим худалдан авалт гэдэг юм урьд өмнө нь хийгдэж байгаагүй учир олон улсын шилдэг туршлагаас суралцаж, энэ ажлуудыг эхнээс нь зөв гольдролоор, цэгцтэй явуулах ажлыг үе шаттайгаар хийх юм.

Асуулт: Танай байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэдгээр Шадар сайдын хүрээнд байдаг уу, эсвэл хуучнаараа Сангийн яамны шууд харьяалалд байна уу? Энэ дашрамд Жижиг, дунд үйлдвэрлэгчид тендерт оролцьё гэхэд танай газар дээр ирэх үү?

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал: 

-Манай байгууллага 2012 оны наймдугаар сарын 20-ны Ерөнхий сайдын мэргэжлийн байгууллага байгуулах тухай 62 дугаар тогтоолоор байгуулагдсан. Энэ тогтоолын дагуу аравдугаар сарын 6-нд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагын статустайгаар хуулиараа харьяалагдан үйл ажиллагаа явуулж байна. Сангийн яаман дээр Худалдан авах ажиллагааны бодлогын газар гэж бий. Бодлого, эрх зүйн хувьд удирдлагаар хангадаг газар юм. Орон нутагт Засаг даргын дэргэд Худалдан авах ажиллагааны алба гэж бий. Энэ нь шууд босоо биш хэвтээ тогтолцоотой юм.

Худалдан авах ажиллагааны газарт  хуулиараа улсын болон бүсийн шинж чанартай ажлууд буюу томоохон, хэд хэдэн аймаг дамнасан буюу улс орныг хамарсан зам, гүүр, барилга байгууламж, тэдгээрийн ТЭЗҮ боловсруулах гэх мэт томоохон ажлууд ирээд хийгдээд явах юм. Тиймээс ЖДҮ эрхлэгчид оролцох ажлууд манай газарт хуваарилагдаж ирддэггүй. Энэ нь аймаг, орон нутаг, хот, дүүргийн Худалдан авах алба дээр жижиг хэмжээний ажлууд ирж хийгдээд явна. Ерөнхийд нь хэлэхэд манай газар чинь эрх мэдлийн төвлөрлийг сааруулах зорилгоор байгуулагдсан юм шүү дээ. Тиймээс аймаг, дүүрэг, нийслэлд Худалдан авах ажиллагааны нэгжүүдийг байгуулан ажиллаж байна.

Асуулт: Манайд хамгийн бага буюу доод үнийн санал өгсөн нь тендерт ялдаг, тэгсэн хэр нь тэр үнийн саналаараа тендерээ хийгээд явдаггүй, үүнээс болж төсөвт өртөгөө нэмж авдаг, бага үнээр чанаргүй зүйл хийгддэг гэсэн хэл ам таталсан маргаан, зөрчил гарсаар байгаа. Энэ цааш яаж явах вэ?

Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авалт хариуцсан дэд дарга С.Дашдондог:

-Тендерийн хууль, өнөөдрийн явагдаж байгаа дүрэм журмаар бол чанарын шаардлагад нийцсэн тендерүүдийг илүү авч үзнэ гэсэн арга, зарчимтай явж байгаа. Энэ нь ямар шаардлагууд байх гэвэл зам барилга дээр гэхэд тоосго, цемент нь ямар стандарттай байх юм гэдгийг захиалагч газраас авч түүнийг харгалзан үзэхийг хэлээд байгаа юм.

-Нэг тендерт 10 компани саналаа ирүүлжээ гэж бодьё. Үнийн санал, захиалагчаас тавигдсан шаардлага, стандартад бүх юм нь нийцэж байгаа тохиолдолд тэдгээр 10 компанийг юуг нь харгалзан яаж шалгаруулах вэ?

-Компанийн өөрийнх нь санхүүгийн чадавх, боруулалтын орлого, ижил төстэй ажлынх нь сүүлийн гурван жилийн гүйцэтгэсэн ажил, татвар төлөлт зэргийг харгалзан үзэж байж шалгаруулна. Үүний дараа хамгийн бага үнийн саналыг харьцуулан харгалзан үзэх юм. Ийм зарчмаар явж байгаа.

Тэмдэглэсэн Б.БОЛД

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: