МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын талаарх УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санал дүгнэлт

Posted by ИТХ on 2013/11/01

 Монгол Улсын төсвөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжинд 1,550,224.0 сая төгрөг төсөвлөгдсөн бол 2014 онд 1,125,000.0 сая төгрөг төсөвлөгдж, 28,4 хувиар буюу 425,200.0 сая төгрөгөөр буурчээ.

    Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөрөнгө оруулалтыг 5 хүртэл жилээр төлөвлөдөг зарчимд шилжинэ”,  Төсвийн тухай хуулийн 28.8-д “Улсын Их Хурлаас батласан төрийн бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газар Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно. Мөн хуулийн 28.9-д “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллага жил бүрийн 5 дугаар сарын 15-ны дотор тухайн жилд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотголын төслийг Засгийн газарт хүргүүлнэ” гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 60 дугаар тогтоол 2012 оны 11 сарын 08-нд  гарч уг тогтоолд ” Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2013 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” -ээр заасан.

     Гэвч дээрх арга хэмжээнүүд хэрэгжээгүйгээс Монгол Улсын 2014 оны Хөрөнгө оруулалтын төсвийн төслийг өмнөх жилүүдийн жишгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

    Хөрөнгө оруулалтын төсвийн төслийг, төсвийн тухай хуулийн шаардлагын дагуу нягт нямбай боловсруулж, батлуулаагүйгээс төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлууд тухайн ондоо багтаж хийгдэхгүй төсөвт тодолтгол хийдэг буруу хандлага жил бүр гарч байна. Тухайлбал 2013 онд нэг их наяд 550,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр батлагдсан ч эдгээр арга хэмжээ бүрэн хэрэгжиж чадахгүй болсон учир  2013 оны тодотгосон төсвөөр нэг их наяд 124,3 тэрбум төгрөг болгон өөрчлөж 425,9 тэрбум төгрөгөөр багасгасан байна. 2013 оны төсвийн тодотголоор төсвөөс санхүүжих дүнд орсон өөрчлөлт, ямар төсөл, арга хэмжээ, барилга байгууламжын ажлууд хасагдсаныг салбар болон нэр төрлөөр мөн эдгээр хасагдсан объектууд 2014 оны хөрөнгө оруулалтын төсөвт тусгагдсан эсэхийг харуулсан харьцуулсан судалгааг хавсаргав.

    Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжын жагсаалтыг судлаж үзэхэд:

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

    1. Төсвийн хууль боловсруулах, хэлэлцэх, батлах явцад хөрөнгө оруулалтын жагсаалтанд Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлын гишүүдийн саналаар төсвийн хуульд заасан шаардлагыг хангаагүй /ТЭЗҮ боловсрогдоогүй, Зураг төсөв хийгдээгүй, төсөвт өртөг баталгаажаагүй, газрын болон хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдоогүй/  объектууд орж тусгагддаг  зөрчил, дутагдал арилаагүй байна.

    2. Төсвийн хуулийн 33.2.6-д зааснаар хөрөнгө оруулалтын жагсаалтыг  нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн төсвийн жилийн санхүүжүүлэлтийн дүн зэргийг нэг бүрээр тодорхой батлах ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй объектууд төслийн жагсаалтанд цөөнгүй байна.  Жишээ нь:

     XXI.1.3 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг түшиглэн хөгжих хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах 1000.0 сая төгрөг; XXI.1.4 Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийг бий болгох /улсын хэмжээнд/ 6000.0 сая төгрөг;  XXI.1.22 21 аймгийн төвийн 1000 айлын орон сууцны хорооллын инженерийн шугам, сүлжээ 14500.0 сая төгрөг; XXI.1.23 Газрын кадастрын мэдээллийн санг геодезийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх 3413.0 сая төгрөг; XXII.1.2 Энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх 4100.0 сая төгрөг; XXIII.1.1.1 Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн дотоод эх үүсвэр 10061.6 сая төгрөг; XXIII.1.1.25 Их, дээд сургуулийг дэмжих хөрөнгө оруулалт 6000.0 сая төгрөг; XXIII.1.3.1 Малчдын хүүхдийг гэр цэцэрлэгээр дамжуулан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулах арга хэмжээ 1500.0 сая төгрөг… гэх мэт

    3. Байршил, хүчин чадал ойролцоо буюу ижил, төстэй объектууд өртөгийн хувьд ихээхэн зөрүүтэй байгааг дахин хянаж үзэх нь зүйтэй байна. Жишээ нь:

    2014 оны хөрөнгө оруулалтын төсөвт дөрвөн дүүрэгт баригдаж байгаа адилхан 1000 хүний суудалтай спорт цогцолборийн барилга 4 өөр төсөвтэй байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийнх 4701.9 сая төгрөг, Баянзүрх дүүргийнх 8229.3 сая төгрөг, Чингэлтэй дүүргийнх 9019.9 сая төгрөг байна. Баянгол дүүргийн спорт цогцолборын барилга 6378.0 сая төгрөг байна. Сонирхол татах зүйл нь энэ дүүргүүдийн 4 спорт цогцолбор 2012 оны төсөвт анх тусгагдахдаа бүгд адил 2561.3 сая төгрөгөөр тусгагдсан байжээ.аж Дархан-Уул аймагт баригдах 2200 суудалтай Спорт цогцолборийн барилга 21443.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй байна.

    4. Хуулиар батлагдсан төсөвт өртөгт нь багтааж,  хэрэгжүүлэх хугацаанд нь   ажлыг дуусгахгүй байгаагаас олон жил дамжин үргэлжилж улмаар төсөвт өртөг, төсвөөс авах санхүүжилт нэмэгдэж байна. Жишээ нь:

а. Архангай аймгийн багшийн коллежийн барилга 2008 оны төсөвт 300,0 сая төгрөгний төсөвт өртөгтэй, 300.0 сая төгрөгийн санхүүжилтийг тухайн онд олгож энэ онд нь ашиглалтанд оруулахаар тусгагаж байжээ. Гэтэл одоо хүртэл ашиглалтанд ороогүй 7 жил үргэлжлэн баригдаж байна. Энэ хугацаанд жил бүрийн төсөвт санхүүжилт суулгаж төсөвт өртөг нь 2009 онд 2800.0 сая төгрөг, 2013 онд 3150.0 сая төгрөг, 2014 оны төсөвт 3755.0 сая төгрөг болж нэмэгдэж иржээ.

б. Говь-Алтай аймгийн Алтай чуулгын барилга 2008  онд 1850.0 сая төгрөгний төсөвт өртөгтэй тухайн онд нь төсвөөс 1000.0 сая төгргийн санхүүжилт олгож, үлдэгдлийг дараа оны төсөвт тусгаад 2009 онд ашиглалтанд оруулах байжээ. Одоо хүртэл үргэлжилж байна. Төсөтв өртөг нь 2013 онд 4700.0 сая төгрөг, 2014 онд 5550,0 сая төгрөг болсон байна.

в. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 640 суудалтай сургуулийн барилга 2008 онд 1450,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй эхлэн баригдсан. Одоо хүртэл үргэлжлэн баригдаж байна. Төсөвт өртөг нь 2010 онд 2090.0 сая төгрөг, 2014 онд 4273.0 сая төгрөг болж нэмэгдэж ирсэн.

г. Сонгинохайрхан дүүргийн 640 суудалтай сургуулийн барилга 2008 онд 1530.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр эхлэн баригдсан. Одоо хүртэл үргэлжлэн баригдаж байна. Төсөвт өртөг нь 2011 онд 1728.0 сая төгрөг, 2014 онд 3680.0 сая төгрөг болж нэмэгдсэн.

д. Баянгол дүүргийн 100 ортой эмнэлэг 2010 онд 3900.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй баригдаж эхэлсэн. 5 жил үргэлжлэн баригдаж байна. Төсөвт өртөг нь 2011 онд 4632.4 сая төгрөг, 2013 онд 5432.4 сая төгрөг, 2014 онд 7700.0 сая төгрөг болж нэмэгдсэн.

е. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг 2010 оноос 19000.0  сая төгрөгийн төсөвт өртөгтэй баригдаж эхлэсэн. 2014 оны өргөн баригдсан төсөвт, төсөвт өртөг нь 32222,8 сая төгрөг болж 13222,8 сая төгрөгөөр буюу 69,5 хувиар нэмэгдсэн.

ё. Геронтологийн төвийн 60 ортой эмнэлэг 2011 онд 4724.6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй эхлэн баригдсан. Төсөвт өртөг нь 2013 онд 6724.6 сая төгрөг, 2014 онд 7392,9 сая төгрөг болж нэмэгдсэн.

ж. Улсын клиникийн 1-р эмнэлгийн өргөтгөл 2011 онд 12780.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр эхлэн баригдсан 2012 онд 13780.0 сая төгрөг, 15549.1 сая төгрөг  болж төсөвт өртөг нь нэмэгдсэн.

5. Хуулийн байгууллагуудын шинчлэлтэй холбогдуулж хөрөнгө оруулалтаар  томоохон объектууд шинээр баригдаж байна. Өмнөх жилүүдэд Цагдан хорих  -р анги, Нийслэлийн цагдаагийн газрын нэдгсэн барилга, Мөрдөн байцаах газрын барилгууд баригдаж, Төрийн тусгай албан хаагчдийн эмнэлгийн барилгыг хууль зүйн яамны мэдэлд шилжүүлсэн. 2013 оны тодотголоор бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын хөрөнгө оруулалт хасагдсан байхад Хууль зүйн сайдын төсвийн хөрөнгө оруулалт 25000.0 сая төгрөгөөр нэмэгдсэн. Мөн 2014 оны хөрөнгө оруулалтын төсөвт нийт 129243.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Баянзүрх дүүрэгт баригдах Нэгдсэн хорих ангийн /1500хүн/  барилгын санхүүжилтэнд 10438.0 сая төгрөг, Хууль сахиулах их сургуулийн /3000сонсогч/ хичээлийн болон дотуур байрны барилгын санхүүжилтэнд 25369.7 сая төгрөг, Дүүргүүдийн шүүхийн нэгдсэн барилгын санхүүжилтэнд 4600.0 сая төгрөг, Дүүргүүдийн прокурорын нэгдсэн барилгын санхүүжилтэнд 2000.0 төгрөгийг  тус тус төсөвлөсөн байна.

6. Эдийн засгийн хөгжлийн Сайдын хөрөнгө оруулалтын багцад байгаа “Монгол Улсын 2015-2016 онуудад хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөв боловсруулах”-д зориулсан 42921.7 сая төгрөгийг нэр, байршлаар аль болох задлаж тусгах.

7. Жагсаалтын XXIX.1.1.4-д Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газрын барилга, тохижилт, тоног төхөөрөмжийн хамт 2000.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй оъектын 1000.0 сая төгрөг нь улсын төсвөөс гарч, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2014 онд  санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын  1,5-д 1000.0 сая төгрөг нь гарах байтал 2000.0 төгрөг тусгаж 1000.0 сая төгрөгийг давхардуулсан, мөн ХАХНХСадын багцийн XXIX.1.3.12 -ын 700.0 сая төгрөг нь, НДС-ын хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалтын 3.5-ын 700.0 сая төгрөгтэй давхардсан байна.

8. Хүүхдийн зуслангуудыг хувьчилсан. 2014 оны хөрөнгө оруулалтын жагсаалтын XXIX.2.1.4-д Баянгол дүүргийн хүүхдийн зуслан /улаанбаатар, Налайх дүүрэг,Горхи тэрэлж/   700.0 сая төгрөг гэж тусгажээ. Энэ төсөл байх ёстой гэж үзвэл Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бус Нийслэл, дүүргийн төсөв эсвэл Нийслэл, дүүргийн Орон нутгийг хөгжүүлэх сангаас эх үүсвэрийг нь гаргах.

9. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа их хэмжээний хөрөнгө төсөвлөгдсөн хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар тусгайд нь танилцуулга бэлтгэж жагсаалтанд хавсаргаж УИХ-д ирүүлэх. (жишээ нь: “2012-2016 онд хэрэгжих 30677.2 сая төгрөгийн төсөвтэй, 2014 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөлд 10061.6 сая төгрөгийн дүнтэй туссан Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж байгаа “Дээд боловсролын шинчлэл төсөл”;  Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Өмнөговь, Дорноговь аймгуудын хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжил” төслийн  2500.0 сая төгрөг /төсөвт өртөг нь 9520.0 сая төгрөг/;  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Орон сууцны хороолол” төслийн 2775.5 сая төгрөг /төсөвт өотөг нь 25326.8 сая төгрөг/; Германы сэргээн босголт банкны зээлээр хэрэгжүүлэх “Нийслэл хотын хүнсний найдвартай байдлыг хангах орон нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөлийн 5892.1 сая төгрөг /төсөвт өртөг нь 14772.1 сая төгрөг/;  Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл тусламжийн  хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам” төслийн 22037.0 сая төгрөг /төсөвт өртөг нь 154631.2 сая төгрөг/ … гэх мэт олон төсөл байна.)

10. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт 2011 онд 2445.9 сая төгрөг, 2012 онд 3814.3 сая төгөрг, 2013 онд 5383.3 сая төгрөг байсан бол 2014 онд 13429.3 сая төгрөг болж сүүлийн 3 жилийн дундчаас 3.5 дахин өссөн байна.

11.  Хүний хөгжил сангийн тухай хуулинд 2012 оны 12 сард “Хүний хөгжил сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулиар хүүхдийн мөнгөнд төсөвлөгдсөн хөрөнгөөс зарцуулагдаагүй үлдэгдлийг зөвхөн хүүхдийн хөгжлийг дэмжих зориулалтаар дараа жилийн төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд тусган зарцуулна” гэсэн өөрчлөлт орсноор  2014 оноос эхлэн Хүний хөгжил сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт баталадаг болж  Нийслэлийн 5 дүүрэгт Хүүхдийн хөгжлийн төв байгуулахаар 5,420.3 сая төгрөг төсөвлөсөн байна.

12. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтанд дараах зүйл заалтыг  тодотгох, задлах,найруулгын өөрчлөлт оруулах. Үүнд:

    – Жагсаалтын V.1.1-д  “Улсын ерөнхий прокурорын газрын албаны орон сууц”  1,300.0 сая төгрөг гэснийг, орон сууцны барилга шинээр барих, орон сууц худалдан авах, орон сууцны дэмжлэг үзүүлэхийн аль нь болох, хэдэн айлын орон сууц болохыг тодотгох

    – Мөн жагсаалтын V.1.2-д “Сургалт, судалгааны төв” гэснийг шинээр барих барилга юм уу, өөр зүйл болохын алийг тодорхой болгох

   – XI.3.1, XI.3.2-т Үндэсний статистикийн хорооны даргын багцад жижиг дунд оврын Жийп машин 2,0  тэрбум төгрөг гэснийг хэдэн машин, хэдэн газарт авахыг тодотгох, XI.3.4- т байгаа 1789,5 сая төгрөгийг цахим төхөөрөмж, тавилга хэрэгслэлээр задлах

    – Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрын олон тэрбум төгрөгийн дүнтэй улсын хэмжээнд, сумдад, дэд бүтэцэд гэх мэтчилэн ерөнхий бичигдсэн төсвийг тоо, байршилаар нь аль болох задлах

    – XX.1.1.1 Орон нутгийн сумдын цагдаагийн байр 1800.0 сая төгрөг гэснийг хаана, хэдэн газарт барихыг тодотгох

    – XXI.1.26 Улаанбаатар хотод орон сууцны цахилгаан шатны шинчлэл 5500.0 сая төгрөг гэснийг хэдэн байрны хэдэн цахилгаан шат болохыг тодотгох

    – XXIV.1.31 Орон нутагт Нисэх буудлын цаг уурын автомат системийг шинчлэх 1712.2 сая төгрөг гэснийг байршлаар тодорхой болгох

    – XXIV.3.2 Улсын хэмжээнд Навигацийн тоног төхөөрөмж,техник,технологийн шинчлэлт 4000,0 сая төгрөг гэснийг байршлаар тодорхой болгох

    – XXVI.1.1 Дархан газрын тос боловсруулах үйлдвэрийн гадна дэд бүтэц  1000.0 сая төгрөг гэснийг ямар ажил хийгдэхийг ТЭЗҮ-ээр нь тодорхой болгох

    – XXVII.1.4 Хөдөөгийн хүн ам, мал аж ахуй, бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад 10000.0 сая төгрөг гэснийг хэдэн аймаг, суманд хэдэн уст цэг, худаг гаргахыг тодотгох

    – XXVII.5.1, XXVII.5.2-т Орон нутагт Мал эрүүлжүүлэх тарилга туулгалтын зөөврийн иж бүрдэл хашаа 2100.0 сая төгрөг,  Мал эрүүлжүүлэх тарилга туулгалт, угаалгын ванн  3000.0 сая төгрөг гэснийг тус тус байршилаар задлах

    – XXIX.1.3.8 Халамжийн хэлтсийн албан хэрэгцээний автомашин /бүх аймаг дүүрэгт/ 1500.0 сая төгрөг гэснийг аль аймаг, дүүрэгт нийт хэдэн авто машин авахыг тодорхой болгох

    – XXX.1.4.1 Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онуудад хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөв боловсруулах 42921.7 сая төгрөг гэснийг байршил, объектийн нэр төрлөөр задлах

    – XXXII.1.58  Сумдын төвлөрсөн дулаан хангамж 5200.0 сая төгрөг гэснийг байршлаар задлах

    Санал, дүгнэлт:

    1. Монгол Улсын 2013 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 2012 оны 11 сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын 60 дугаар тогтоолын биелэлтийг энэ онд багтаан хангуулах арга хэмжээ авах.

    2. Техник эдийн засгийн үндэслэл батлагдаагүй, зураг төсөв боловсрогдоогүй, төсөвт өртөг баталгаажаагүй, барилга байгууламж барих газрын болон хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдоогүй байхад тухайн оны төсөвт тусгагдаж Төсвийн тухай хуулийн заалтыг зөрчдөг асуудлыг 2014 оны төсвийн жилээс эхлэн таслан зогсоох.

    3. Төсвийн тухай хуулийн “33.2.6 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар /нэр,байршил,хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа,төсөвт өртөг,санхүүжүүлэх эх үүсвэр,тухайн төсвийнжилийн санхүүжилтын дүн/” батлагдах ёстой. Хуулийн энэ шаардлагыг зөрчиж тодорхой бусаар бөөн дүнгээр жагсаалтанд батлагддаг зөрчлийг хойшид гаргахгүй байх.

    4. Олон жил дамжиж, ажил нь удааширсан барилга, объектуудын гүйцэтгэгчийг зөв сонгон шалгаруулж, дутуу санхүүжилтыг 2014 оны төсөвт тусгаж тухайн онд нь багтааж ашиглалтанд оруулах. Цаашид төсвийн хөрөнгөөр нэмэлт санхүүжилт олгох боломжгүй объектийг худалдан борлуулах гэх мэтээр яаралтай арга хэмжээ авах.

    5. Эдийн засгийн хөгжлийн яаманд мэргэжил, ур чадварын өндөр түвшинд ажиллах зам, барилга, байгууламжуудын зураг, төсөвт экспертиз хийх, дүгнэлт гаргах, баталгаажуулах орон тооны төрийн жинхэнэ албан хаагч , алба  ажиллуулах.

    6. Өмнөх оны гүйцэтгэл орлогын өсөлтийг дагаж төсөв боловсруулдаг уламжлалт, хуучин арга барилыг өөрчлөж,  дунд хугацааны хөтөлбөр болон хөгжлийн хэтийн прогнози, цогц бодлогод суурьласан, олон улсын болон өөрийн орны хараат бус, бие даасан эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн судалгаа шинжилгээний байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж, саналуудын  бодитой, зөв оновчтой зүйлүүдийг авсан, тогтвортой өсөлтийг хангасан,  нягт нямбай тооцоо судалгаа, шинжилгээ, дүгнэлтэнд үндэслэсэн төсвийг боловсруулдаг болох хэрэгтэй байна.

    7. Тухайн оны төсвийг зөв, зохистой төлөвлөх, зориулалтын дагуу хэмнэлттэй үр ашигтай зарцуулхад өнгөрсөн оны болон тайлант оны төсвийн гүйцэтгэл, хэрэгжилтын явцад тавих санхүүгийн хяналт, шалгалт түүнд  хийсэн дүгнэлт, сургамж, авсан арга хэмжээ маш чухал ач холбогдолтой. Цаашид хөрөнгийн ашиглалт, мөнгөний зарцуулалт, санхүүгийн  үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд Улсын Их Хурлаас тавих хяналт, шалгалтыг эрс сайжруулах шаардлагатай байна.

    8. Чингэс бонд, Хөгжлийн банк, Гадаад зээл тусламжийн хөрөнгөөр хийгдэж байгаа ихээхэн хэмжээний бүтээн байгуулалтын болон Уул уурхайн ажилд ажиллах хүчний нөөцийн тодорхой  хэсэг шилжиж байгаагаас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх барилга байгууламжийн ажил, ялангуяа хөдөөгийн алслагдсан сум, суурин газруудад хийгдэх объектуудад ажиллах хүчний нөөц дутагдах хандлага ажиглагдаж, улмаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, аргахэмжээ, барилга байгуулалтын төлөвлөгдсөн ажил тасархад хүрч байна. Иймээс Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг Улсын Их Хурлаар хэлэлцэж батлахдаа,  Чингэс бонд, Хөгжлийн банк, Гадаадын зээл тусламжийн хөтөлбөр, Санхүүгийн бусад эх үүсвэрээр /Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сан, … гэх мэт/ манай улсын хэмжээнд хийгдэх нийт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нийт ажлын жагсаалтыг гарган тооцоо, судалгаа хийх зайлшгүй шаардлага гарч байна.

    9. Улсын төсвийн урсгал зардлыг Сангийн яам, хөрөнгийн зардал буюу хөрөнгө оруулалтыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байгаа нь үйл ажиллагааг зохион байгуулах, эцсийн үр дүн, хариуцлага тооцох асуудлууд эзэнгүйдэх хандлага гарч байна. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтыг сангийн яаманд хариуцуулах талаар судлаж үзэх.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: