МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

“Шилэн данс” хаана байна?

Posted by ИТХ on 2013/09/16

2013 оны 9-р сарын 1 гэхэд бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр төрийн болон төсвийн байгууллага, төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг “шилэн данс”-ны тогтолцоонд шилжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 6-р сарын 10-ны 88 тоот зарлигаар Засгийн газарт үүрэг болгосон билээ. Гэтэл өнөөдрийн байдлаар тийм данс алга байгаагаар зогсохгүй төсвийн “шилэн данс” гэж ямар юм байх, цаашдаа иргэд, олон нийт, татвар төлөгчид хаанаас хэрхэн олж үзэхийг хэлж өгөх хүн олдохгүй байна.

Сүүлийн хэдэн жилд төсвийн нээлттэй байлгах талаар маш их ярьцгаалаа. Юуны өмнө эрх зүйн хувьд олон зүйлийг зарлан тунхаглаж, зохицуулах алхмууд хийгдсэнийг үнэлэх ёстой. Тухайлбал, 2011 оны 6-р сарын 16-нд УИХ-аар баталсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-д төрийн бүх үйл ажил, түүний дотор төсөв ба худалдан авалтын ил тод байдлыг хангахтай холбоотой тус тусдаа бүлэг орсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1-р сарын 18-ны өдрийн 17-р тогтоолоор “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ыг баталж төсвийн мэдээллийн самбарын хэмжээ, байршил, тэнд байх мэдээлийн  агуулгыг хүртэл зааж өгсөн.

Эдгээрээс хамгийн их анхаарал татсан шинэчлэл бол Орон нутгийн хөгжлийн сан бөгөөд 2013 оноос эхлэн төсвийн тодорхой хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд тусгаарлаж тэндээс аймаг, нийслэл, цааш сум, дүүрэгт хүн амын тоо зэргийг харгалзан хуваарилж эхэлсэн юм. Үүнийг Монгол Улсын төсвийн тухай хууль, дараа нь Сангийн яамнаас гаргасан “Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах журам”-аар нарийвчлан зохицуулж, ингэхдээ дараа жилийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын талаар баг, хорооноос эхлэн санал асуулга явуулж эрэмблээд сум, дүүрэг, аймаг, нийслэлээр дамжуулан дээш хүргэж улс, орон нутгийн төсөвт тусгуулахаар заасан юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Иргэдийн оролцоотой төсвийн менежмент” нэртэй цуврал сургалтуудыг Төрийн ордонд зохион байгуулж бүх орон нутгийг төлөөллийг оролцуулсны дараа гол төлөв хөдөөний баг, нийслэлийн хороодод 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар танхимын хэлэлцүүлгүүд явагдсан билээ. Гэхдээ урьд жил нь буюу 2012 онд ийм хэлэлцүүлэг явагдаагүй учраас задаргаагүй батлагдсан төсвөөс тэдэнд хуваарилсан бага хэмжээний төсвийг хэрхэн зарцуулах талаар санал авах арга хэмжээнүүд байлаа. Харамсалтай нь, энэ хооронд 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ард иргэдээр дорвитой хэлэлцүүлж амжихгүй өнгөрч байна.

Дүгнэхэд, манайд яриа, хурал чуулган хангалттай их, хууль журам нэлээд гарсан ч төсвийн ил тод, нээлттэй байдал бодитойгоор алга байна. Энэ жил баг, хороодод сүр дуулиантайгаар зохион байгуулсан хэлэлцүүлгийн явцад зөвхөн тэдэнд тусгайлан хуваарилсан Орон нутгийн хөгжлийн сангийн багахан төсвийн хэмжээ нээлттэй болох нөхцөл бүрдсэн ч улс, орон нутгийн төсвийн үлдсэн буюу ихэнх хэсэг урьдын адил хаалттай хэвээрээ байна.

P.S:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9-р сарын 16-нд Төрийн ордонд болсон Дэлхийн Эдийн засгийн Форумын Авлигийн эсрэг арга хэмжээнд үг хэлэхдээ Монгол Улс “шилэн данс”-ны тогтолцоонд шилжиж байгаа ба цаашдаа ийм нэртэй хууль гаргахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Анх 9-р сарын 1-нд шилжихээр зарлиг буулгасан “Шилэн данс”-ны тогтолцоо тодорхойгүй хугацаагаар хойшлох нь тодорхой боллоо.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: