МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for April, 2013

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төсвийн орлого, зарцуулалт дахин хаалттай үлдлээ

Posted by ИТХ on 2013/04/16

Монгол Улсын төсвөөс санхүүжилт авдаг бүх байгууллага “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн дагуу төсвийн мэдээллээ ил тод болгох ёстой. Уг хуулинд бараг цор ганцаараа “олон нийтийн радио, телевизийн байгууллага” гэж нэр цохуулж багтсан газар бол МҮОНРТ юм.

Харамсалтай нь 7 тэрбум төгрөгийн төсөвтэй хэрнээ төсвийн орлого, зарцуулалтаа 2005 онооос хойш нэг ч удаа тодорхой тайлагнахгүй өдий хүрсэн байна. Үүний оронд үйл ажиллагааны тайланд дотор ганц абзац оруулахаар хязгаарладаг.

Иргэн С.Ганхуяг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарт хандаж МҮОНРТ-ийн 2011 ба 2012 оны төсвийн болон төсвийн гадуурхи нийт орлого ба зарцуулалтын тайлан, түүний дэлгэрэнгүй задаргаа, мөн энэ хугацаанд төр, захиргаа, гадаад дотоодын бизнесийн болон бусад байгууллагуудаас хамтран ажиллах гэрээ, төсөл, хөтөлбөрийн дагуу авч зарцуулсан хөрөнгийн тайлан, түүний дэлгэрэнгүй задаргааг авах хүсэлт гаргажээ.

Ингэхдээ “Танай http://www.mnb.mn сайтад хамгийн сүүлд тавигдсан МҮОНРТ-ийн 2011 оны үйл ажиллагааны тайлангийн “САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭНД” гарчигтай “2011 онд улсын төсвөөс 4,226.8 сая төгрөгийн татаас дэмжлэг, 1,201.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт авлаа. Өөрийн үйл ажиллагаанаас 4,272.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 4,314.5 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөгөө 42.4 сая төгрөгөөр буюу 1% давуулан биелүүллээ. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хөндлөнгийн аудитын байгууллага санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж холбогдох зөвлөмж гаргав. Аудитын байгууллагын баталгаажуулсан санхүүгийн тайланг мөн толилуулж байна” гэсэн хэсэг, аудитын товч дүгнэлт зэрэг нь “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа болно” хэмээн зориудаар тодруулжээ. Тэгвэл ирүүлсэн хариуг дор үзнэ үү.

МҮОНРТ-ийн төсөв. Хариу

Олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал М.Наранбаатарын өмнөөс Олон нийтийн радиогийн захирал Л.Цэрэн-Очир хариулсан нь анхаарал татаж байна. Хамгийн гол нь сониноос үзэхийг зөвлөсөн тэр тайланд хэрхэн “дэлгэрэнгүй” нийтэлсэн болохыг сонирхъё.

МҮОНРТ-ийн 2011 оны тайланд “дэлгэрэнгүй” нийтэлсэн нь:  

МҮОНРТ-ийн 2011 санхүүгийн тайлан

Өөрөөр хэлбэл, иргэн С.Ганхуяг хүсэлт тавьсан бичигтээ ерөнхий мэдээлэл хүлээж авахгүй урьдчилсан тайлбарлаж ишэлснийг эргүүлээд давтжээ.

Тэгвэл МҮОНРТ-ийн 2012 оны тайланд “дэлгэрэнгүй” нийтэлсэн нь:

МҮОНРТ-ийн 2012 санхүүгийн тайлан

Бас энд дурдсан “Аудитын  байгууллагын баталгаажуулсан санхүүгийн тайлан” гэж жирийн иргэд, үзэгчдэд ойлгомжгүй ерөнхий тоонууд, төгсгөлд нь б”зөрчилгүй” гэсэн ерөнхий дүгнэлт байна.  Хэдэн жилийн өмнө “Хадгаламж” банкнаас Чимэдцэрэн гэгч этгээд 14 тэрбумыг хулгайлж байхад аудитын байгууллагаас яг ийм дүгнэлт гаргаж байсан билээ.

Advertisements

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз | Leave a Comment »

Улсын төсвийн гуравны нэгийн зарцуулалтын мэдээлэл хаалттай байна

Posted by ИТХ on 2013/04/13

Өнөөдөр болсон  Төрийн албан хаагчдын чуулган дээр Сангийн сайд Ч.Улааны мэдэгдсэнээр Засгийн газрын тусгай сангууд Монгол улсын төсвийн зарлагын 35 хувийг эзэлж байна. Энэ нь 2013 оны хувьд 2,3 их наяд төгрөг төвлөрч байна гэсэн үг юм. Цаашид Засгийн газрын тусгай сангуудыг цаашид шинэчлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа сайд хэллээ.  Ийм нэртэй хуулиудад өөрчлөлт оруулах бололтой.

Гэхдээ түүнээс өмнө эдгээр сангуудын ил тод байдлыг хангах нь дутуугүй чухал байж болох юм.  Өнгөрсөн саруудад манай “Иргэд төсвөө хянана” сүлжээнээс зохион байгуулсан мониторингийн явцаас дүгнэлт хийж үзэхэд, эдгээр сангуудын зарцуулалтын мэдээлэл Соёл урлагийг хөгжүүлэх сан зэрэг ганц нэг санг эс тооцвол ихээхэн хаалттай хэвээр байна.

Posted in 00. Засгийн газрын тусгай сангууд | Leave a Comment »

Соёл, урлагийг хөгжүүлэх сангийн 2012 оны үйл ажиллагааны тайлан (Сангийн хөрөнгийн зарцуулалтыг төсөл, хөтөлбөр, арга хэмжээ бүрээр, зарцуулалтын хэмжээг багтаасан)

Posted by ИТХ on 2013/04/01

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Соёл, урлагийг хөгжүүлэх сангаас тус сангийн 2012 оны  үйл ажиллагааны тайланг албан бичгээр ирүүллээ. Урьд нь 2011 оны тайланг ирүүлснийг бид сайтдаа байрлуулсан билээ. Энэ хоёр бол “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээнээс Засгийн газрын тусгай сангуудын төсөв, хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг ил тод, нээлттэй болгох кампанит ажлын хүрээнд хүлээж авсан хамгийн тодорхой хариулт юм. Учир нь зүгээр нэг ажлын тайлан бус, харин тус сангийн хөрөнгийг ямар төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсныг зардлын хэмжээтэйгээр дурдсан байлаа. Ямар ч байсан тус сангийн төсвийн зарцуулалтын талаар зарим дүгнэлтийг хийж болохуйц мэдээлэл багтжээ. Тайланг дор сийрүүлэв.

 Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 2012 оны ажлын тайлан

2011.02.01                                                                                                        Улаанбаатар хот

Үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, түүх соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас гаргасан зарлиг, тогтоол, Үндэсний хөтөлбөрүүд, ССАЖ-ын сайдын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэхдээ Соёл, урлаг хөгжүүлэх сан нь Засгийн газрын  “Тусгай сангийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль”,  Засгийн  газраас баталсан Соёл, урлаг хөгжүүлэх сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулав.

2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн  Засгийн газрын 48-р тогтоолоор  Соёл, урлаг хөгжүүлэх сангийн зохион байгуулалт, орон тооны хязгаарыг баталж 9 хүний бүрэлдэхүүнтэй болгон өргөжүүлсэн. Татан буугдсан ЗГХА, Соёл, урлагийн хорооноос тус санд 2012 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 4 мэргэжилтэн шилжин ажиллаж байна.

Сангийн захиргаа нь сангийн хөрөнгийн орлого, зарлагын мэдээ, тайланг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгч байв. Мөн 2013 оны төсвийн төслийг тогтоосон хугацаанд зайлшгүй хийгдэх шаардлагатай арга хэмжээ, ажил үйлчилгээний зардал, хугацааг тусган боловсруулж соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн.

2012 онд сангийн төсөвт 5,696,519,200 төгрөг төсөвлөгдсөнөөс улсын төсвөөс 5,380,515,658 төгрөгийн санхүүжилт авч  126 төрөл зүйлийн ажил үйлчилгээг гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэсэн ажил үйлчилгээг түүх соёлын дурсгалт зүйлсийн хамгаалалт, соёл, урлагийн үйл ажиллагааны гэж ангилав. Эдгээрийн 115 ажил үйлчилгээг төсвийн ерөнхийлөн захирагчийн, 11 ажил үйлчилгээг сангийн захирлын тушаал шийдвэрээр гүйцэтгэсэн байна.

Тайлангийн хугацаанд  Эзэн Чингис-Тэмүжиний мэндэлсний 850 жилийн ой, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан “Их эзэн Чингис хааны Хангал эхт цагаан сүлд”, “Тайз дэлгэцийн урлагийн алдартнууд” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хоёл зуун дамнасан Монгол амьдрал” гэрэл зураг кино үзүүлэнт үзэсгэлэнг Дорноговь аймгийн ЗДТГ, Монголын театрын музей, Уран зургийн галлерей, болон Монгол уламжлал академитай хамтран зохион байгуулж ажиллаа.

Тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг төрөл ангилалын дагуу дэлгэрэнгүй гаргавал:

   Хүүхдийн шилдэг номыг DVD-нд хөрвүүлэх, хэвлэх ажлыг санхүүжүүллээ

Дэлхийн банкны “Олон улсын хүүхдийн цахим номын санд” –д байршиж буй  Монголын хүүхдийн 247 шилдэг номыг DVD-нд хөрвүүлэх, 1750 хувь хэвлүүлэхэд 8 750 000 төгрөгөөр санхүүжүүлэв.

“Уяхан замбуу тивийн наран” урлагын тоглолтыг санхүүжүүллээ

Хүннү гүрэн байгуулагдсаны 2221 жилийн ой, Монголчуудын эртний уламжлалт үндэсний баяр-Цагаан сарын ёслолд зориулан тоглох “Уяхан замбуу тивийн наран”  тоглолтыг 76 897 284 төгрөгөөр санхүүжүүлэв.

Бэлгийн дээд ном” арга хэмжээг санхүүжүүлэв

Цагаан сарын баяраар ард иргэд нэгэндээ эдийн дээд, бэлгийн дээд номыг бэлэглээсэй гэсэн уриалгын дор Хүүхдийн номын ордноос  “Бэлгийн дээд ном” арга хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулах ажлын сурталчилгаа, нээлтийн ажиллагааны зардалд   1 000 000 төгрөгийн санхүүжилт хийв. Энэхүү арга хэмжээнд нийслэлд буй бүх хэвлэлийн газар оролцож худалдаалах номынхоо үнийг  10-30 хувиар бууруулсан. Үүнээс гадна аймаг сумдын 336 номын санд 500 нэр төрлийн монгол ном, англи хэл дээрх ном 18 нэр төрлийн 672 ширхэг номыг бэлэг болгон өгсөн байна.

Оны шилдэг уран бүтээлчдэд шагнал олгов

2011 оны шилдэг тайз дэлгэцийн найруулагчаар УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар, шилдэг тайз дэлгэцийн зураачаар ДБЭТ-ын зураач Г.Ганбаатар, шилдэг тайз дэлгэцийн жүжигчнээр УДЭТ-ын жүжигчин С.Сарантуяа, мөн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, шилдэг дуучнаар  ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин, шилдэг хөгжимчнөөр Улсын филармоний хөгжимчин Ц.Жигжиддорж, шилдэг бүжигчнээр УДБЭЧ-ын бүжигчин О.Тулга нарт тус бүр 3 000 000  төгрөг болон 442 800 төгрөгийн үнэ бүхий цом олгов. Мөн шилдэг уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагааны реклам сурталчилгааны зардал, батламж, урилга, анонсны зардалд 5 900 000 төгрөгөөр санхүүжүүлэв.

Мэргэжилтэн багш урьж ажиллуулах зардлыг санхүүжүүлэв

Оросын Холбооны Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Итали Улсын нийт 6 багшийн замын зардал болон хоол унаа, зочид буудал,бэлэг дурсгалын зардалд     14 598 000 төгрөг зарцуулав.

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in 00. Засгийн газрын тусгай сангууд, 11. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл, урлагийг хөгжүүлэх сан | Leave a Comment »