МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for November, 2012

Нийслэлийн ИТХ-ын хуралдааны өмнө: 2013 оны төсвийн мэдээлэл ил тод, нээлттэй байсан уу?

Posted by ИТХ on 2012/11/28

Маргааш буюу 10-р сарын 29-нд болох нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж батална. Түүнээс өмнө нийслэлийн албан ёсны http://www.ulaanbaatar.mn сайтад тавигдсан цорын ганц материал бол “НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2013 ОНЫ ЗОРИЛТ”-ын төсөл юм. Дор үзнэ үү.

Нийслэлийн 2013 оны нийгэм, эдийн засгийн зорилт

Харин тодорхой тоо, баримтыг агуулсан төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын жагсаалт, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийн явц, аудитын дүгнэлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийн төсөл хаалттай байсаар ИТХ-ын хуралдаантай золгож байна.

Нийслэлийн удирдлагууд одоо их наяд, тэрбум гэсэн том тоонууд ярьдаг болжээ. Энэ сайн хэрэг. Гэхдээ нэгэнт тодорхой мэдээлэл, нарийвчилсан задаргаа, хөрөнгө оруулалтын нэгбүрчилсэн жагсаалт байхгүй юм чинь иргэд, татвар төлөгчид, хэвлэл мэдээллийнхэн, эрдэмтэн судлаачдын саналыг авч хэлэлцүүлэг өрнүүлж чадаагүй, өөрөөр хэлбэл олон нийтийн оролцоо дахиад л байсангүй.

Ямар ч байсан нийслэлд хөрөнгө орруулалт маш ихээр нэмэгдэж улсын болон орон нутгийн төсвийн нийт 640 тэрбум төгрөгөөр шугам сүлжээ, барилга байшин, зам талбай, тохижилтын асар олон ажлууд хийгдэнэ. Гагцхүү тэрбум тэрбумыг зарцуулахын өмнөх тооцоо, судалгаа, хотын хөгжлийн зорилт, шаардлагуудтай уялдсан байдал зэргийг дүгнэж хэлэх боломжгүй, зарим талаар эргэлзээ төрүүлж байна.

Юм л бол “буулгаад шинийг барина” гэсэн хандлагаар бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөж байна. Жишээ татахад, хуучин цэцэрлэг, сургуулийн тоон дээр нэмээд шинийг нэмж барихын оронд элдэв шалтгаанаар буулгаад илүү, том өндөрийг барих тухай нийслэл, дүүргийн удирдлагууд ярьж байна. Баруун, зүүн дөрвөн зам дээгүүр 3-4 давхар зам тавих маш том ажлыг эхлүүлнэ. Энэ нь нэг талаас автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад тустай боловч нөгөө талаас Улаанбаатар хотын дүр төрхийг ихээхэн өөрчилж харагдах орчин, нарын гэрлийг хаасан, доогуур нь ашиглалт муутай хоосон зай үүсдэгийг бодолцох хэрэгтэй. Ер нь ихэнх хөрөнгө оруулалт  зөвхөн нийслэлийн төв хэсэг, одоо байгаа барилга байшин, зам талбай бүхий хэсэгт хэрэгжиж хотын зах гэр хорооллыг сайжруулах,  нийслэлийг тэлэх, эргэн тойрон суурьшлийн бүсийг өргөжүүлэх, иргэд, бизнесийн байгууллага, үйлчилгээг  тэнд төвлөрөхөд чиглэсэн  бодлого харагдахгүй байна.

Ер нь нийслэлийн төсвийн гүйцэтгэл урьдын адил завсардаад өнгөрдөг. 2011 оны төсвийн гүйцэтгэлийг иргэд, олон нийтэд тайлагнахгүйгээр 2012 он дуусах нь. Энэ оны төсвийн гүйцэтгэлийн явцын мэдээлэл бас л энэ маягаар яригдахгүй өнгөрч байна. 2012 онд “Улаанбаатар таймс” сонины буюу Хэвлэх үйлдвэрийн барилгын хувьчлалыг буцаахад зориулж 900 гаруй сая төгрөгийг төсөвт суулгасан байлаа. Энэ бол нийслэлийн удирдлагын буруутай үйлдлээс болсон хэрэг. Ер нь энэ түүх соёлын дурсгалт энэ барилгыг нийслэл хамгаалалтандаа авах ёстой байсан. Одоо сэргээсэн ч болно. Хан-Уул дүүрэг дэх Цагаан хаалгыг буулгасан нь буруу.

Төсвийн урсгал зардал, төсвийн байгууллагуудад ч анхаарлаа хандуулах хэрэгтэй. Жишээ татья. Жилийн турш өдөр болгон шахам маш олон тоглолт, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг, зай талбайгаа түрээслүүлдэг хэрнээ хотын төсвөөс жил бүр хэдэн зуун төгрөг авч байдаг, тэгээд энд тэндээсээ сэмхэн хувьчлагдсаар байгаа Соёлын төв өргөөг ярих хэрэгтэй. Бас нийслэл хот “Улаанбаатар” нэртэй ч  бүхэл бүтэн Залуучуудын соёлын төвийн нэг хэсгийг эзэмшдэг, тэгээд төсвөөс хэдэн зуун саяар авдаг чуулга хэрэгтэй юу?

Хэрвээ төсвийн зардал, хөрөнгө оруулалтын жагсаалтын төсөл ил тод байсан, ер нь заавал төсөл хэлэлцэхийг хүлээхгүйгээр олон нийтэд урьдчилан танилцуулж явсан бол иргэд, олон нийт энэ мэт асуудлыг хэлэлцэж саналаа хэлэх байлаа. Даанч тэгсэнгүй.

Advertisements

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Төрийн захиргааны байгууллагууд уул уурхайн компаниудаас хандив авч болох уу? Тэд өөрсдөө “болно” гэж үзээд авцгаажээ.

Posted by ИТХ on 2012/11/24

Уул уурхайн компаниудад зөвшөөрөл олгохоос гадна хяналт тавьж ажиллах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд тэднээс мөнгөн хэлбэрээр хандив тусламж авдаг нь Олборлох салбарын ил тод байдлын санаачлага (ОСИТБС)-ын тайлангаас харагдаж байна. Бид удахгүй мониторинг хийж үр дүнг мэдээлнэ.

ОҮИТБС-ын 2011 оны тайланд хамрагдсан зөвхөн 200 компаниас  төрийн захиргааны байгууллагуудын авсан хандив тусламжийн түүврээс:

2011 он:

Компани огноо Хандив авсан тал Утга Дүн мян төг
Гоби энержи партнерс ххк 2011,05,20  

 

 

 

 

 

 

 

 

 

 

Газрын тосны газар

70 жилийн ойд 18,321,6
Голден сий петролиум ХХК 2011,04,20-12,01 Хандив 37,132,6
Доншен газрын тос 2011,05,26 Хандив 35,169,4
Зон Хэн Юу Тиан ХХК 2011,01,03

05,23

05,24

07,05

12,15

хандив 2,519,6

10,000,0

2,250,0

100,0

5,000,0

М Си Эс петро монголиа ХХК 2011,05,24

12,15

12,16

12,17

12,16

70 жилийн ой

Шин жилд

Хүслийн ундаа

Чингис архи

Тайгер Сэнгүр

12,210,5

3,000,0

244,8

685,2

223,7

Магнай трейд 2011 Хандив 2,500,0
Петро матад 2011,05,04

05,26

12,22

Хандив 10,000,0

2,293,0

2,500,0

Петрочайна дачин тамсаг 2011,05

09 сар

12сар

Хандив 61,976,0

3,800,0

13,754,5

Сансарын геолгои хайгуул 2011,12,14 Шинэ жил 2,000,0
Шэйман 2011,05,06

05,27

12,20

хандив 12,666,3

1,107,9

1,000,0

Эй Пи И Экс Пи Ар Өү ХХК 2011,05,23-12,15 хандив 17,250
Эн Пи Ай ХХК 2011,05,26

12,14

хандив 7,990,5

1,000,0

Голден сий петролиум ХХК 2011,12,01  

 

 

Гадаадын хөрөнгө оруулалтын газар

хандив 800,0
Дун юанэь ХХК 2011,07,08 хандив 3,000,0
Зон Хэн Юу Тиан ХХК 2011,08,20 500,0
Кью жи экс монгол 2011,09,08 500,0
Петро матад 2011,10,10 хандив 7,000,0
Чинхуа мак нарийн сухайт хандив 1,500,0
Дун юанэь ХХК 2011,07,08 АМГ хандив 6,000,0
МоЭнКо 2011,09,22 хандив 4,800,0
Оюутолгой 2011,10,05

2011,10,05

УМХГ Тоёота машин

Тоёота машин

99,799,2

114,000,0

2010 он:

Компани Хүлээн авагч тал Утга Дүн
Монгол алт

Эрдэнэт үлйдвэр

Энержи ресоурс

Ерөнхийлөгчийн Тамгын газар хандив 122,441,0
Оюутолгой Айванхоу майнз ЗГХЭГ 13,094,2
Эрдэнэт үйлдвэр ГХЯ 25,000,0
 4 ХХК АМГ 22,500,6
Бороо гоулд УМХГ 8,426,4

.

Posted in [Ангилаагүй мэдээлэл] | Leave a Comment »

Нийслэлийн 2013 оны төсвийн төслийг Иргэний танхимаар хэлэлцүүлэв

Posted by ИТХ on 2012/11/23

2012 оны 10-р сарын 20-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд 2013 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг болж өнгөрсөн болно. Эхлээд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа ирэх оны орон нутгийн төсвийн төслийн үндсэн үзүүлэлтүүд, онцлогыг  танилцуулж дараа нь ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга  Ш.Төмөрбаатар нарын хамт оролцогсдын асуултанд хариулсан юм. Энэ арга хэмжээний үеэр нийслэлийн төсвийн нэлээд тоо баримт, мэдээлэл дэлгэгдсэн боловч бараг бүгдээрээ нэгдсэн дүнгээр, задаргаа байгаагүй, нэр тодорхой хөрөнгө оруулалтууд ч гэсэн үнийн дүнгүй байлаа. Оролцогсдын зүгээс “640 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын задаргаа бий юу? Тэгвэл ярилцмаар байна” гэх мэтээр тодорхой тоонуудыг асуухын зэрэгцээ санал бодлоо хэлж байлаа.

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

2013 оны төсвийн төсөл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал ямар байв?

Posted by ИТХ on 2012/11/10

Read the rest of this entry »

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ] | Leave a Comment »

2013 оны Монгол Улсын төсвийн төсөл, хэлэлцүүлгийн явцын талаар санал солилцох уулзалтын хөтөлбөр (урьдчилсан байдлаар)

Posted by ИТХ on 2012/11/07

Хэзээ
2012 оны 11-р сарын 08-ны Пүрэв гаригт, 14 цагаас 
 Хаана:
Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд
 Оролцогсод:
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн яамны ажилтан, эдийн засагчид, судлаачид, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл
 Зорилго:
Монгол Улсын 2013 оны төсвийн төсөл, түүнийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа явцын талаар  танилцуулж олон талын оролцоотойгоор санал солилцох, байр сууриа илэрхийлэх
 Модератор:
Б. Мөнхсоёл, Нээлттэй Нийгэм Форумын менежер
 Тэргүүлэх оролцогчид (панел):  
  1. Б.Түвшинтөгс, эдийн засгийн ухааны доктор, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI)-гийн захирал
  2. Д.Жаргалсайхан, “Шударга татвар, ухаалаг зардал” ТББ-ын ерөнхийлөгч
  3. Д.Даваасамбуу, олон улсын эдийн засгийн шинжээч
 Уулзалтын хөтөлбөр:
 
15.00-15.05
Уулзалтыг нээж үг хэлэх.
П.Эрдэнэжаргал
Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал
15.05.
Хэрвээ УИХ-ын гишүүн оролцохыг зөвшөөрвөл түүгээр үг хэлүүлж байр суурийг нь сонсоно.
Мөн Засгийн газрын төлөөлөл оролцохыг зөвшөөрвөл түүгээр үг хэлүүлж байр суурийг нь сонсоно.
15.05-15.25
2013 оны улсын төсвийн тойм, онцлог
О.Хуягцогт
Сангийн яамны Баялгийн сангийн удирдлагын хэлтсийн дарга
15.20-15.35
2013 оны улсын төсвийн тойм судалгаа – үнэлгээний талаар танилцуулах
Б.Мөнхсоёл
Нээлттэй Нийгэм Форумын эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер
15.35–15.45
2013 оны төсвийн мэдээлэл, хэлэлцүүлгийн ил тод, нээлттэй байдал
Д.Цэрэнжав
“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний зохицуулагч
15.45-16.00
Панелистууд үг хэлж байр сууриа илэрхийлнэ.
Б.Түвшинтөгс
Д.Жаргалсайхан
Д.Даваасамбуу
(Хүн тус бүр 5 минут)
15.60–16.45
Санал бодлоо солилцох, хэлэлцүүлэх
Оролцогч тус бүр 3-5 минут
16.45–17.00
Уулзалт хэлэлцүүлгийг дүгнэх
Б.Түвшинтөгс
Д.Жаргалсайхан
Д.Даваасамбуу
 

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ] | Leave a Comment »

“Төсөв ба таны үнээнүүд”

Posted by ИТХ on 2012/11/05

А.Батпүрэв 

Төрийн дэглэмийн хэлбэрүүдийн тухай ийм нэг нийтлэг онигоо гэх үү, оновчтой зүйрлэл гэх үү яриа байдаг: Та хувьдаа хоёр үнээтэй иргэн хүн байжээ. Улс таны хоёр үнээг хурааж аваад өөрт чинь ганц аяга сүү өгдөг бол энэ коммунизм. Эсвэл үнээнүүдийг авчихаад өөрийг чинь буудчихвал энэ фашизм. Харин хөршүүд чинь цуглаад таны хоёр үнээний сүүг хэн авах эрхтэйг (магадгүй та биш!) санал хурааж шийдэж байгаа бол энэ төгс буюу шууд ардчилал.

Эхнийхэд нь бид хүрэх гэж яваад буцсан, одоо харин сүүлийнхийг нь зорьж яваа байж магадгүй. Ямартай ч өнөөдөр та болон үнээнүүд, хөршүүд, төрийн харилцаа яаж явж байгаа вэ гэвэл: таны саналаа өгч сонголцсон төр сүүгээ зарж олсон мөнгөнөөс тань татвар авч хариуд нь үнээг хулгайч, дээрэмчнээс хамгаалах, өвдвөл эмчлэх гэх мэт нийтийн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээх байдлаар явж байгаа. Төр хэнээс ямар татвар авч юунд, яаж зарцуулахыг жил бүр нийтээрээ хэлэлцэн төлөвлөж, хэрэгжилтийг нь хянаж байхгүй бол мэдээж болохгүй. Энэ бүхэн бүхэлдээ улсын төсвийн үйл явц юм.

Өнөө цагийн төр нь малын хулгайчаас хамгаалах манаачаас илүү олон талт, магадгүй хэтэрсэн их эрх, үүрэгтэй болохоор улсын төсөв гэдэг нь зүгээр нэг төрийн байгууллагуудын орлого, зарлагын тооцоо төдий биш. Учир нь энэ бол төр засгийн бодлого, үйл ажиллагааны бодит боломж бас хэмжүүр. Харамсалтай нь манай шийдвэр гаргах түвшинд төсөв бол төрийг өөрийг нь санхүүжүүлэх төлөвлөгөө гэж боддог бол иргэдийн дунд энэ нь төрийн албан хаагчдын тэр дундаа дарга нарын “саалийн үнээ” гэх үзэл давамгайлдаг. Үнэндээ үүнээс өөр юугаараа төсөв чухал гэж?

“2013 оны Монгол улсын нэгдсэн төсвийн нийт орлого ДНБ-ий 40 хувь, зарлага 42 хувьтай тэнцэнэ” гэсэн албан танилцуулга, түүнийг үг үсэггүй хуулсан хэвлэлийн мэдээг бид энэ өдрүүдэд хаа сайгүй харж, сонсож байна. Энэ мэдээг өмнөх энгийн жишээндээ буулгавал таны үнээнийхээ сүүг зарж олох 100 төгрөг тутмын 40-ийг нь төр татвараар хураан авах гэж байна гэсэн үг. Бас дээр нь нэмээд улс даяараа бүтээх нийт баялгийн 2 хувьтай тэнцэх мөнгийг дотоод, гадаадаас зээлэх гэж байна гэсэн утга. Тэр их мөнгөний дийлэнхи нь (ирэх оны хувьд 65 хувь нь) төрийн албаны өөрийнх нь өдөр тутмын урсгал зардал, албан хаагчдын цалинд явах ч үлдэх хэсэг нь нийгмийн халамж, хөрөнгө оруулалт хэлбэрээр буцааж хуваарилагддаг. Төсвийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэдэг дахин хуваарилалтын үүрэг гэж үүнийг хэлдэг. Та болон бусад татвар төлөгчдөөс олсон мөнгөөрөө огт үхэргүй Балдангийн хүүхдүүдэд сүү авч өгөх үү, хажуу айлын хөгшний тэтгэврийг нэмэх үү гэдэг бол хуваарилалтын бодлого. Төсөв нийгмийн баялгийг нэг хүнээс дараагийн хүнд, нэг газраас өөр газарт тэр бүү хэл нэг үеэс нөгөө үед хуваарилдаг. Жишээлбэл Монгол улсын 21 аймгийн ердөө гурав нь л зарлагаасаа илүү орлоготой, тэдгээр аймаг болон Улаанбаатар хотоос төвлөрүүлдэг орлогоор улсын төсөв бүрдэх бөгөөд эндээс буцааж бусад 18 аймагт татаас олгодог. Үр дүнд нь Улаанбаатарт хамаг бизнес, хүн амын тал нь байгаа мөртлөө улсын төсвийн нэг хүнд ноогдох зардлаар хамгийн бага (134 мянган төгрөг) төсөвтэй газар болж байгаа юм.

Манай улс төрчид төсөвт дахин хуваарилалт гэдэг утгаар нь маш их ач холбогдол өгч анхаардагаас биш дараагийн илүү чухал асуудлыг голдуу мартдаг. Тэр нь төсвийн эдийн засгийн хөгжлийг удирдан чиглүүлэх бодлого (удирдан жолоодох биш!) юм. Коммунизмд төр өөрөө бүх үнээг өмчилж, өөрийн хүчээр хариулж, сааж, сүүг нь ч өөрөө л хэрэглэдэг болохоор улсын төсөв гэдэг нь улсын эдийн засаг гэсэн үг байх. Харин хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэдэг бусад бүх нийгэмд төсөв нь төрөөс эдийн засагт оролцох оролцооны байж болох хамгийн илэрхий хэлбэр, бодлогоо хэрэгжүүлэх хэрэгсэл нь болдог. Австрали улсын 2012-2013 оны холбооны Засгийн газрын төсвийн танилцуулгаас жишээ авъя. Тэнд “энэ онд бид тэнцлийн алдагдалтай төсвөөс ашигтай төсөвт шилжиж байгалийн баялгийн орлогоос өрх гэр, жижиг бизнесүүдэд ногдох үр ашгийг нэмэгдүүлнэ, бүтээмжийг өсгөнө… Ашигтай төсөв нь мөнгөний илүү үр дүнтэй бодлого хэрэгжих боломжийг нэмэгдүүлнэ, олон улсын эдийн засгийн хүндрэлтэй үед үндэсний эдийн засгаа хамгаалах дархлаа болно, дэлхий дахинд манай санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд итгэх итгэл төрүүлнэ” гэх мэтээр зорилгоо тодорхойлохоос гадна уул уурхайн салбараас олж буй орлогө өрх гэрүүд, жижиг бизнесүүдэд ямар сувгаар очих, татвар, зохицуулалтууд яаж өөрчлөгдөхийг танилцуулжээ. Манайд улсад ч гэсэн төсвийн орлогын цөмийг бүрдүүлдэг байгалийн баялаг байгаа юу байгаа, айл өрх, жижиг бизнес ч байгаа юу байгаа. Тиймээс төсөв маань бас ялгаагүй иймэрхүү байдлаар эдийн засгийн тодорхой бодлогод чиглэсэн байх учиртай.

Энэ тал дээр 2013 оны төсөвт хэд хэдэн эерэг өөрчлөлт хийгдсэн, гэхдээ эдийн засгийг чиглүүлэх бодлогын хэрэгсэл болохын хувьд сайн төсөв болж бас л чадсангүй. Сайн мэдээнээс эхэлье. 2012 оны төсвийн алдагдал ДНБ-ий 5 орчим хувь байхаар байна, 2011 онд 9.7 хувь байсан, түүний өмнөх жил 6 хувь гэх мэтээр жил бүр эрс тэс зөрүүтэй гардгаас Монголын “улсын санхүү” үргэлж тогтворгүй явж ирсэн. Харин энэ төсвөөс шинээр хэрэгжиж эхэлж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу “тэнцвэржүүлсэн” алдагдал эсвэл ашиг 2 хувиар хэтрэхгүй байх ёстой бөгөөд үүнд нийцүүлж зарлагаа төлөвлөдөг болж байна. Тэнцвэржүүлсэн гэдэг нь төсвийн ихэнхи хэсгийг бүрдүүлдэг зэс, нүүрс мэтийн гол нэрийн түүхий эдийн үнийг өмнөх 12 жилийн дундаж, ирэх оны прогноз хоёрыг тэнцвэржүүлэн тооцоогоо хийхийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл зэсийн үнэ багахан унахад л төсөв бүхэлдээ хүндрэлд ордог байсан эмзэг байдал арилж байна гэсэн үг. Түүнчлэн төрийн байгууллагуудын урсгал зардал жил тутам 30 гаруй хувиар нэмэгдэж ирсэн үрэлгэн явдал зогсож урсгал зардал биш хөрөнгө оруулалт ийм хэмжээгээр өсөх болж байгаа нь ололттой.

Гэхдээ 2013 онд төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн 1.9 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалт яг юунд зарцуулагдах гээд байна вэ гэдэг нь ихээхэн чухал. Чухамхүү мөнөөх хөгжлийн бодлого, зорилттой уялдсан, тооцоо судалгаанд суурилсан байна уу гэвэл тийм биш болохыг энэ нийтлэлийн төгсгөлд дурдсан хөндлөнгийн үнэлгээнээс харж болно. Хэдийгээр төсөвт тусгагдаагүй ч Засгийн газрын бондоор санхүүжих шинэ төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах гэх мэт асар том төсөл, хөрөнгө оруулалтууд нь баригдах явцдаа ч эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэхийг үгүйсгэж болохгүй.

Гэлээ гэхдээ төсвийн татвар, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөлөл бол бодлогын суурь байдаг. Энэ суурь яаж төлөвлөгдөж вэ гэвэл татварын ачаалал нэмэгдсээр байгаа хэрнээ бааз суурь нь өргөжиж татвар төлдөг иргэн, аж ахуйн нэгжийнх нь тоо нэмэгдэхгүй байгааг юуны түрүүнд анхаармаар. Нийт татварын ачааллаараа Монгол улс Герман, Люксенбургтэй ижил түвшинд Франц, Норвегийн ардхан ирээд байгаа. Гэвч төрөөсөө авч буй үйлчилгээний чанар эдгээр улстай харьцуулахуйц билүү?

Тэр бүү хэл хувийн хэвшлийн бизнес рүү төр өөрөө хүч түрэн орох бололтой. Инфляцийг бууруулна гэх сайхан зорилготойгоор улс өөрөө үхрийн ферм байгуулж, үнээгээ сааж, махаа нядалж, зоорь, захаа хүртэл барих гэж байгаа нь ирэх оны төсвийн хэлэлцүүлгээр ил боллоо. Ийм менежментийн эдийн засгийн үр ашгийг нь мартаад бусад талаас нь бодсон ч зөвтгөх шалтгаан хомс. Тухайлбал бизнест ингэж төрийн оролцоо нэмэгдээд байх юм бол өнөөх авилга, ашиг сонирхлын зөрчлийн асуудлууд хэзээ ч арилахгүй бизээ.

Энэ нийтлэлд төсөв гэж чухам юу болох тухай хөндлөө. Харин төсөв ямар байх ёстой, Монгол улсын төсөв ямар байгаа талаар дараагийн удаад саналаа сонилцохоор төлөвлөж байна. Мөн энэ талаар дэлгэрэнгүйг Нээлттэй Нийгэм Форумаас гаргасан “2013 оны Төсвийн төслийн Тойм судалгаа-Үнэлгээ”-нээс танилцана уу. Судалгааг www.forum.mn хуудсаас, товч танилцуулгыг http://www.slideshare.net/bbatka/budget-2013-outlook-and-assessment хаягаас үзэж болно.

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | Leave a Comment »