ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

График уу, хүснэгт үү? (“Төсвийн мэдээллийн эрх чөлөө” цахим сайтын талаар ИТХ сүлжээний дүгнэлт)

Posted by ИТХ on 2012/03/31

Монгол Улсын Сангийн яамнаас эрхлэн ажиллуулдаг “Төсвийн ил тод байдал” цахим сайтын нэг хэсэг болох “Төсвийн мэдээллийн эрх чөлөө” нэртэй цахим хуудас (www.iltod.gov.mn/tusuv)–ны бүтэц, агуулгад “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний гишүүн байгууллагууд  түргэн үнэлгээ хийж гүйцэтгэв.

Улс орон нутгийн төсөв, санхүүгийн нарийн түвэгтэй бөгөөд маш их хэмжээтэй мэдээллийг ил тод, нээлттэй болгож төсвийн үйл явц, зарцуулалтанд иргэд, олон нийт, татвар төлөгчдийн хяналт, оролцоог бий болгоход чиглэсэн аливаа үйл ажиллагааг бид талархан дэмжиж байна. Ийм зорилгоор төсвийн мэдээллийг жирийн иргэд, мэргэжлийн бус хүмүүст зориулж энгийн ойлгомжтой хэлбэрт оруулсан энэхүү цахим хуудасны албан ёсны нээлт 2012 оны 1-р сарын 18-нд болж, энэ үеэр хийсэн танилцуулгад уг хуудсыг иргэдэд төсвийн гарын авлага болохуйц ач холбогдолтой гэж тодорхойлсон юм. Вэб хуудасны дизайн, програмчлалын хувьд зохих ажлыг хийж гүйцэтгэсэн, ашиглах зааврыг бэлтгэсэн, тэгээд нэлээд хэмжээний төсвийн мэдээллийг оруулсан байна.

www.iltod.gov.mn/tusuv хуудасны загвараас харахад, мэдээллийг төсвийн ерөнхийлөн захирагчдаас эхлэн графикаар дүрсэлж тэр нь байгууллага, хөтөлбөр болон арга хэмжээний нийт дүнгээр гэсэн гурван ангилалд хуваагдаж, дахиад цаашаагаа явсаар хамгийн сүүлд тодорхой байгууллага, хөтөлбөр болон арга хэмжээ тус бүрээр задарсан хүснэгтэн мэдээлэлд хүрэхээр  бэлтгэсэн байв. Ийм загвараар зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын (жишээлбэл, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаярын) багцыг дээрээс нь нэлээд тооны төсөвт байгууллага хүртэл задалсан байв. Гэхдээ бүгд тийм байгаагүй.

Уг хуудсыг мэдээллээр баяжуулахад тодорхой хугацаа шаардлагатай байсан гэж үзээд бид хэсэг хугацаанд азнасны дараа 3-р сарын 25-ны байдлаар уг хуудасны бүтэц, агуулга ямар болсныг судалж үзсэн юм. Харамсалтай нь 1-р сарын 18-наас хойш ямар өөрчлөлт хийгээгүй нь ажиглагдав. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөлт орж төсвийн хэд хэдэн ерөнхийлөн захирагч солигдсоныг тусгаагүй үлдээжээ.

Төсвийн мэдээллийн эрх чөлөө сайт (1)

Төсвийн мэдээллийн эрх чөлөө сайт (2)

“Сонирхсон төсвөө сонгоно уу” цэсэнд дараах дараах баримт бичгүүдийг төлөвлөсөн боловч зөвхөн 2012 оны батлагдсан төсвийн мэдээлэл хэвээрээ байлаа. Гэтэл УИХ-ын намрын чуулганы төгсгөлд буюу хоёрдугаар эхээр 2012 оны төсвийг тодотгон баталсан байтал зохих өөрчлөлтийг оруулсангүй.

Төсвийн мэдээллийн эрх чөлөө сайт (3)

Төсвийн Ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн ирүүлсэн төсвийн санал, УИХ-д өргөн барьсан төсвийн төслийн баримт бичгийн хугацаа нь болоогүй учраас тавигдаагүй. Харин 2012 оны 1-р сард батлагдсан “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах журам”-ын дагуу  төсвийн байгууллагууд  жилийн тайланг 2 дугаар сарын 25-ны дотор ил тод болгох ёстой” гэж заасан билээ. Энэ мэдээллүүд задаргааны хамгийн төгсгөлд буюу тухайн байгууллагын хэсэгт тавигдах боломжтой байсан. Мөн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулинд төсөвт байгууллагууд өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд (www.Iltod.gov.mn) байрлуулж иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх ёстой” гэж заасан байгаа. Үүнийг “Төсвийн мэдээллийн эрх чөлөө” цахим хуудсан тавих, тавих бол ямар хэлбэрээр гэдэг нь тодорхойгүй. Гэтэл иргэд, олон нийт татвар төлөгчдөд хамгийн хэрэгцээтэй иймэрхүү мэдээллийг нийтлэх цэс хараахан алга байна.

Цаашид уг хуудсанд одоогоор байгаа цэсийн дагуу төсвийн мэдээллийг нэмж оруулна, хамгийн гол цаг алдалгүй тогтмол хийж гүйцэтгэнэ гэж найдаж байна. Гэхдээ уг хуудсыг өнгөрсөн хоёр сарын хугацаанд огт шинэчлээгүй нь иймэрхүү бэрхшээл, бас ямар нэг хэмжээгээр цааш хэрхэн хөгжүүлэх тодорхойгүй байдал (мухардал)-тай холбоотой болов уу.

www.iltod.gov.mn/tusuv төсвийн мэдээллийг графикаар харуулсан нь шинэлэг бөгөөд сонирхолтой юм. Гэхдээ үүнийг ашиглаж мэдээлэл авахад жирийн иргэн, хэрэглэгчийн хувьд зарим талаар тийм ч хялбар биш байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал, уг хуудсан дахь төсвийн Ерөнхийлөн захирагчдын багцыг задлахад хажуу тийшээ сунаж нээгдэх цэс нь тал тийшээ салбарладаг. Цэсийн цааш задлахад (байгууллага, хөтөлбөр, арга хэмжээгээр) задлахад дахин хажуу тийш сунаж салбарлах зэргээр яваандаа дэлгэцэн дээр маш том талбайг эзэлснээс хуудасны өөр хэсэгт буюу өөр төсөв рүү шилжих, буцах, нийт дүр зургийг харахын тулд хулганын scroll-ыг эргүүлэн томруулж жижигрүүлэх, зүүн товчлуурыг дарж чирэх гээд нэлээд олон үйлдэл шаардаж улмаар “төөрөх”-д хүрч байна. Ялангуяа иргэдэд хамгийн түрүүнд хэрэгтэй тодорхой орон нутаг, байгууллага, төсөл хөтөлбөр, арга хэмжээний төсвийг мэдэхийн тулд авахын заавал ерөнхийлөн захирагчийн цэсээр баримжаалах юмуу дамжихад хүрч байна.

Эндээс дүгнэлт хийж үзэхэд төсвийн мэдээллийг зөвхөн графикаар харуулах нь өрөөсгөл бөгөөд хүснэгтэн хэлбэрээр давхар байршуулбал мэдээллийн эмх цэгц сайжрах төдийгүй орон зайн багтаамж талаасаа илүү зэрэг давуу талууд харагдаж байна.

Мөн хайлтын цэс үгүйлэгдэж, зааварчилгаатай танилцаад үндсэн хуудас руу буцах цэс байхгүй зэрэг жижиг дутагдлууд анзаарагдав. Хуудасны эхний нүүрэнд уг хуудасны танилцуулга, бүтцийг харуулсан “газрын зураг”,  нэмэлт мэдээлэл, асуулт хариулт, сэтгэгдэл, хэлэлцүүлгийн булан байхад ч илүүдэхгүй.

Иймээс уг хуудасны бүтэц, загварыг цаг алдалгүй эргэж харах, тэр тусмаа иргэд олон нийтэд хандсан зорилготойн хувьд  иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудаар ил тод хэлэлцүүлэн санал авахын зэрэгцээ мэдээлэл зүй, мэдээллийн дизайны зэрэг мэргэжилтнүүдийг оролцуулж зөвлөлдөх нь зүйтэй гэж үзлээ.

“Иргэд төсвөө хянана” сүлжээний зохицуулагч Д.Цэрэнжав.

2012.03.27.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: