МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for March, 2012

График уу, хүснэгт үү? (“Төсвийн мэдээллийн эрх чөлөө” цахим сайтын талаар ИТХ сүлжээний дүгнэлт)

Posted by ИТХ on 2012/03/31

Монгол Улсын Сангийн яамнаас эрхлэн ажиллуулдаг “Төсвийн ил тод байдал” цахим сайтын нэг хэсэг болох “Төсвийн мэдээллийн эрх чөлөө” нэртэй цахим хуудас (www.iltod.gov.mn/tusuv)–ны бүтэц, агуулгад “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний гишүүн байгууллагууд  түргэн үнэлгээ хийж гүйцэтгэв.

Улс орон нутгийн төсөв, санхүүгийн нарийн түвэгтэй бөгөөд маш их хэмжээтэй мэдээллийг ил тод, нээлттэй болгож төсвийн үйл явц, зарцуулалтанд иргэд, олон нийт, татвар төлөгчдийн хяналт, оролцоог бий болгоход чиглэсэн аливаа үйл ажиллагааг бид талархан дэмжиж байна. Ийм зорилгоор төсвийн мэдээллийг жирийн иргэд, мэргэжлийн бус хүмүүст зориулж энгийн ойлгомжтой хэлбэрт оруулсан энэхүү цахим хуудасны албан ёсны нээлт 2012 оны 1-р сарын 18-нд болж, энэ үеэр хийсэн танилцуулгад уг хуудсыг иргэдэд төсвийн гарын авлага болохуйц ач холбогдолтой гэж тодорхойлсон юм. Вэб хуудасны дизайн, програмчлалын хувьд зохих ажлыг хийж гүйцэтгэсэн, ашиглах зааврыг бэлтгэсэн, тэгээд нэлээд хэмжээний төсвийн мэдээллийг оруулсан байна.

www.iltod.gov.mn/tusuv хуудасны загвараас харахад, мэдээллийг төсвийн ерөнхийлөн захирагчдаас эхлэн графикаар дүрсэлж тэр нь байгууллага, хөтөлбөр болон арга хэмжээний нийт дүнгээр гэсэн гурван ангилалд хуваагдаж, дахиад цаашаагаа явсаар хамгийн сүүлд тодорхой байгууллага, хөтөлбөр болон арга хэмжээ тус бүрээр задарсан хүснэгтэн мэдээлэлд хүрэхээр  бэлтгэсэн байв. Ийм загвараар зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын (жишээлбэл, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаярын) багцыг дээрээс нь нэлээд тооны төсөвт байгууллага хүртэл задалсан байв. Гэхдээ бүгд тийм байгаагүй.

Уг хуудсыг мэдээллээр баяжуулахад тодорхой хугацаа шаардлагатай байсан гэж үзээд бид хэсэг хугацаанд азнасны дараа 3-р сарын 25-ны байдлаар уг хуудасны бүтэц, агуулга ямар болсныг судалж үзсэн юм. Харамсалтай нь 1-р сарын 18-наас хойш ямар өөрчлөлт хийгээгүй нь ажиглагдав. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөлт орж төсвийн хэд хэдэн ерөнхийлөн захирагч солигдсоныг тусгаагүй үлдээжээ.

Төсвийн мэдээллийн эрх чөлөө сайт (1)

Төсвийн мэдээллийн эрх чөлөө сайт (2)

“Сонирхсон төсвөө сонгоно уу” цэсэнд дараах дараах баримт бичгүүдийг төлөвлөсөн боловч зөвхөн 2012 оны батлагдсан төсвийн мэдээлэл хэвээрээ байлаа. Гэтэл УИХ-ын намрын чуулганы төгсгөлд буюу хоёрдугаар эхээр 2012 оны төсвийг тодотгон баталсан байтал зохих өөрчлөлтийг оруулсангүй.

Төсвийн мэдээллийн эрх чөлөө сайт (3)

Төсвийн Ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн ирүүлсэн төсвийн санал, УИХ-д өргөн барьсан төсвийн төслийн баримт бичгийн хугацаа нь болоогүй учраас тавигдаагүй. Харин 2012 оны 1-р сард батлагдсан “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах журам”-ын дагуу  төсвийн байгууллагууд  жилийн тайланг 2 дугаар сарын 25-ны дотор ил тод болгох ёстой” гэж заасан билээ. Энэ мэдээллүүд задаргааны хамгийн төгсгөлд буюу тухайн байгууллагын хэсэгт тавигдах боломжтой байсан. Мөн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулинд төсөвт байгууллагууд өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд (www.Iltod.gov.mn) байрлуулж иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх ёстой” гэж заасан байгаа. Үүнийг “Төсвийн мэдээллийн эрх чөлөө” цахим хуудсан тавих, тавих бол ямар хэлбэрээр гэдэг нь тодорхойгүй. Гэтэл иргэд, олон нийт татвар төлөгчдөд хамгийн хэрэгцээтэй иймэрхүү мэдээллийг нийтлэх цэс хараахан алга байна.

Цаашид уг хуудсанд одоогоор байгаа цэсийн дагуу төсвийн мэдээллийг нэмж оруулна, хамгийн гол цаг алдалгүй тогтмол хийж гүйцэтгэнэ гэж найдаж байна. Гэхдээ уг хуудсыг өнгөрсөн хоёр сарын хугацаанд огт шинэчлээгүй нь иймэрхүү бэрхшээл, бас ямар нэг хэмжээгээр цааш хэрхэн хөгжүүлэх тодорхойгүй байдал (мухардал)-тай холбоотой болов уу.

www.iltod.gov.mn/tusuv төсвийн мэдээллийг графикаар харуулсан нь шинэлэг бөгөөд сонирхолтой юм. Гэхдээ үүнийг ашиглаж мэдээлэл авахад жирийн иргэн, хэрэглэгчийн хувьд зарим талаар тийм ч хялбар биш байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал, уг хуудсан дахь төсвийн Ерөнхийлөн захирагчдын багцыг задлахад хажуу тийшээ сунаж нээгдэх цэс нь тал тийшээ салбарладаг. Цэсийн цааш задлахад (байгууллага, хөтөлбөр, арга хэмжээгээр) задлахад дахин хажуу тийш сунаж салбарлах зэргээр яваандаа дэлгэцэн дээр маш том талбайг эзэлснээс хуудасны өөр хэсэгт буюу өөр төсөв рүү шилжих, буцах, нийт дүр зургийг харахын тулд хулганын scroll-ыг эргүүлэн томруулж жижигрүүлэх, зүүн товчлуурыг дарж чирэх гээд нэлээд олон үйлдэл шаардаж улмаар “төөрөх”-д хүрч байна. Ялангуяа иргэдэд хамгийн түрүүнд хэрэгтэй тодорхой орон нутаг, байгууллага, төсөл хөтөлбөр, арга хэмжээний төсвийг мэдэхийн тулд авахын заавал ерөнхийлөн захирагчийн цэсээр баримжаалах юмуу дамжихад хүрч байна.

Эндээс дүгнэлт хийж үзэхэд төсвийн мэдээллийг зөвхөн графикаар харуулах нь өрөөсгөл бөгөөд хүснэгтэн хэлбэрээр давхар байршуулбал мэдээллийн эмх цэгц сайжрах төдийгүй орон зайн багтаамж талаасаа илүү зэрэг давуу талууд харагдаж байна.

Мөн хайлтын цэс үгүйлэгдэж, зааварчилгаатай танилцаад үндсэн хуудас руу буцах цэс байхгүй зэрэг жижиг дутагдлууд анзаарагдав. Хуудасны эхний нүүрэнд уг хуудасны танилцуулга, бүтцийг харуулсан “газрын зураг”,  нэмэлт мэдээлэл, асуулт хариулт, сэтгэгдэл, хэлэлцүүлгийн булан байхад ч илүүдэхгүй.

Иймээс уг хуудасны бүтэц, загварыг цаг алдалгүй эргэж харах, тэр тусмаа иргэд олон нийтэд хандсан зорилготойн хувьд  иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудаар ил тод хэлэлцүүлэн санал авахын зэрэгцээ мэдээлэл зүй, мэдээллийн дизайны зэрэг мэргэжилтнүүдийг оролцуулж зөвлөлдөх нь зүйтэй гэж үзлээ.

“Иргэд төсвөө хянана” сүлжээний зохицуулагч Д.Цэрэнжав.

2012.03.27.

Advertisements

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ] | Leave a Comment »

Чулуунхороот сумыг 4,5 сая төгрөгөөр өндөр хүчдэлд холбоно

Posted by ИТХ on 2012/03/12

УИХ-ын гишүүн, Хамуг Монголын хөдөлмөрийн намын цэцийн дарга Ц.Шинэбаяр өнөөдөр хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд хандах үеэрээ өөрийг нь гадаадад эмчлүүлэхээр явсан хойно батлагдсан 2012 оны улсын төсвийн талаар нэгэн шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсэн нь түүний сонгогдсон Дорнод аймгийн Чулуунхороот сумыг нийт 4,5 тэрбум төгрөгөөр өндөр хүчдэлд холбохоор тусгасан зарцуулалт байлаа. Энэ нь Мардай-Чулуунхороот сумын 35 кВ-ын 160 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамт бөгөөд нийт төсөвт өртөг нь 4 тэрбум 520.8 сая төгрөг, үүнээс 1,05 тэрбум төгрөгийг 2012 онд гаргаж шугам татах ажлыг эхлүүлэх юм. Эрхэм гишүүн үүнийг эсэргүүцэж байгаа шалтгаанаа аж ахуйн нэгжийн захиалгаар хийсэн гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Posted in Дорнод аймаг | Leave a Comment »

Орхон аймгийн бурхан багшийн сэрэг дүр 5 тэрбумын өртөгтэй

Posted by ИТХ on 2012/03/04

2011 оны долдугаар сарын 8, 9-нд тэмдэглэсэн Эрдэнэт хот буюу Орхон аймгийн 35 жилийн ойг угтсан сүр дуулиантай “бүтээн байгуулалт”-уудын хамгийн том нь Бурхан багшийн сэрэг дүрийн цогцолбор юм.

Таван жилийн өмнө эхэлж өдий хүртэл сунжирсан энэ байгууламжийн нийт төсөвт өртгийг 4-5 тэрбум төгрөгийн хооронд янз бүрийн тоо хэлдэг байв. Анх иргэд, компаниудын хандиваар босгохоор төлөвлөсөн ч мэдээж уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр голложээ. Тус үйлдвэрийн зөвлөлийн хуралдаанаар 2.5 сая доллар буюу 2,8 тэрбум төгрөгийг баталж уг сөрөг дүрийг өнгөт металлаар (зэсээр) цутгаж наадмын өмнө байрлуулсан ч эргэн тойрны тохижилт, зам талбайн ажил дуусаагүй. Энэ ажилд аймгийн төсвөөс жил бүр 200 гаруй сая төгрөг хуваарилж ирсэн ба анх тооцоолсноос илүү том зардал шаардагдсан тул 2012 онд дахиад 250 сая төгрөгийг төсөвлөөд зарцуулж эхлээд байна.

Дэлхийд алдартай “Эрдэнэт” үйлдвэрээр нэрээ тахалдаг боловч баруун аймгуудаас айл өрхүүд олноороо нүүн ирж ажилгүйдэл маш өндөр болсон 90-ээд мянган хүнтэй тус аймагт таван тэрбум төгрөгийг бурхны хөшөөнд бус ажлын байр бий болгож, орон сууц барихад зарцуулах хэрэгтэй гэсэн шүүмжлэл иргэдийн дунд их байна.

Дээрх цогцолбороос гадна Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойг хоёр өдрийн турш тэмдэглэхэд төсвөөс 500 сая төгрөг зарцуулсан байна. Үүний нэлээдээр нь аймгийнхаа 25 мянган өрхөд Солонгос улсад үйлдвэрлэсэн ханын цаг, эрдэнэт хотын зурагтай календарь, засаг даргын мэндчилгээтэй сонин өгчээ. Мөн Орхон аймгийн хүндэтгэлийн өргөөг 85 сая төгрөөр барьсан бол “Эрдэнэтийн овоо” дуунд зориулсан хөшөө, мөн ойд зориулж анхны илгээлтийн эздийн амьдралыг харуулсан “Дурсамж төгсгөл үгүй” уран сайхны кино (ерөнхий продюссер нь “Эрдэнэт” үйлдвэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Ц.Бат-Энх) хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй. Хэдийгээр “Эрдэнэт” үйлдвэр ивээн тэтгэсэн боловч тэр нь улсын үйлдвэр билээ.

Мөн хэдэн жил сунжирсэн 6000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг 4.3 тэрбум төгрөгөөр барьж наадмын өмнө ашиглалтанд оруулсан ч шинжээчид нягтлаад хоёр орчим тэрбум төгрөгөөс хэтрэхгүй хэмээн дүгнэснээс гадна бурхан багшийн сэрэг дүрийн хөшөөг босгосон “Тод-жаргал” ХХК аймгийн Засаг дарга байсан Д.Оюунбаттай ямар нэг сэжмээр холбоотой, тендер шалгаруулалтад оролцоогүй, татварт өртэй зэрэг зөрчил илэрч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм.

Posted in Орхон аймаг | 2 Comments »