ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Ховд аймгийн ИТХ-ын IX хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/25

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр 83,8 хувийн ирцтэйгээр хуралдсан Ховд аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар тус аймгийн 2010 оны төсвийн гүйцэтгэл, 2011 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2012 оны төсвийн төсөл болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт зэрэг асуудлыг  хэлэлцсэн юм. 

“Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2011 оны биелэлт, эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай” илтгэлийг аймгийн Засаг дарга Г.Нямдаваа тавьсны дараа асуулт хариулт явагдсан байна.

Төлөөлөгч Б.Батмөнх:

-Дулааны хоёр дахь эх үүсвэр барих асуудал хоёр жилийн өмнөөс яригдсан. Энэ асуудлыг яаравчлахгүй бол Ховд аймаг маш хүнд байдалд байна, энэ жил хийгдэх үү?

-Ховд хотын гэрэлтүүлэг 11 сараас хойш асахгүй байна. Цаашдаа асах уу? Өвлийн улиралд, яг хэрэгцээтэй үед асахгүй байгаа нь ямар учиртай юм бэ? Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн үү?

-Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Булган суманд Сорхагтан хатны цэцэрлэгт хүрээлэн гэж томоохон бүтээн байгуулалт хийгдсэн, энэ яагаад илтгэлд тусгагдахгүй байна. Намын үзэл бодлоор ялгаварлаад оруулахгүй байгаа юм уу?

-2012 онд Ховд хотын 250 жилийн ой гэж тэмдэглэх үү? Ямар үндэслэлээр тэмдэглэж байгаа вэ?

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Дулааны хоёр дахь эх үүсвэрт их цаг хугацаа зарцуулагдаж байгаа. ТЭЗҮ хийгдэж байгаа, ирэх онд баригдаж дуусахгүй, хамгийн хурдан шуурхай барьж чадвал хоёр жилд багтахаар байгаа. Тиймээс хоёр жил иймэрхүү байдалтай байна гэсэн үг. Дулааны станц өнөөдрөөс эхлээд хоёр зуух ажиллаж эхэлсэн, Гуравдахь зуух бэлэн байдалд байгаа. дөрөвдэх зуух ирсэн, түүнийг байрлуулах объект байхгүй байгаа, өргөтгөл зайлшгүй баригдах юм байна лээ. Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хэрэглээ хэт өссөн учир газар доорх байгууламжууд ер нь ачааллаа даахааргүй болж байгаа.

-Гэрэлтүүлгийн хувьд одоо 100-аад сая төгрөгийн өртэй байгаа, түүнийг дараагийн удаагийн эх үүсвэрээс шийдвэрлэхээс өөр ямар ч аргагүй байгаа.

-Булган сумын цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд бүтээн байгуулалтын жилийн хүрээнд маш олон бүтээн байгуулалтууд хийгдсэн, тэр бүгдийг илтгэлд дурдах ямар ч аргагүй байгаа. Ерөнхий байдлаар оруулсан, түүнээс биш ямар намын хүн байна гэдгээр нь би авч үзээгүй. П

-Ховд хот Буянт голын хөвөөнд суурьшсаны 250 жилийн ойг тэмдэглэхээс өөр ямар ч аргагүй байгаа. Өмнө нь энэ өдрөөр тооцоод тэмдэглээд уламжлал болоод ирсэн байгаа. 1762 онд яах аргагүй Буянт голын хөвөөн дээр суурьшсан он байгаа.

Төлөөлөгч Б.Батмөнх:

-2012 онд Ховд хотын 250 жилийн ой тэмдэглэх ямар ч үндэслэл байхгүй. Ховд хотыг манжийн ноёрхлоос чөлөөлсний ойг тэмдэглэж болно. Манжийн ноёрхолд орсон, чөлөөлөгдсөн 2 ойг зэрэг тэмдэглэдэг түүх байж болохгүй. Хуүчин цагийн асуудлаар хандаж болохгүй.

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Бид нар эрдэмтдийнхээ үгийг сонсоно. Олон улсын эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулаад тэр үеэр энэ асуудлыг хэлэлцүүлнэ. Ирэх жил ямар ч байсан ой тэмдэглэхээр байгаа, гэхдээ 250 жил байна уу, 100 жил байна уу гэдгийг эрдэмтдийнхээ саналаар шийдвэрлэнэ.

Төлөөлөгч С.Баярсайхан:

-Булган сумын цагдаагийн тасаг 1993 онд 2 дугаар сургуулийн дотуур байранд байрлаад үйл ажиллагаа явуулсаар байна. Үүний цаана дотуур байранд байрлах ёстой малчдын хүүхэд байрлаж чадахгүй хохирсоор байна. Энэ асуудлыг сүүлийн 10-аад жил хөөцөлдөж байна, энэ хэзээ шийдэгдэх вэ? Цагдаагийн тасаг хүүхдүүдтэй хамт байх нь хэр зохиомжтой вэ гэдгийг бодож үзэх ёстой.

-Булган сум бол хилийн боомтын сум. Хил давуулсан малын хулгай их гарч байна, бүр тодорхой тодорхой хэргүүд гарсаар байхад илрүүлж чадахгүй нуун дарагдуулж байна. Энэ тал дээр аймгийн цагдаагийн газар ямар бодолтой байдаг вэ? Манай цагдаагийн тасаг шалгах гэхээр хилийн тагнуулийнхан та нарт хамаагүй, бид нар шалгана гээд чимээгүй болж байна.

Аймгийн ЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга Б.Алтанбадралт:

-Бид Булган суманд цагдаагийн тасгийн байр барих асуудлаар байнгын санал тавьж байгаа боловч яаман дээр очоод шийдэгдэхгүй байна. Мөн цагдаагийн тасгийг хэлтэс болгох талаар санал уламжилж байгаа. Цаашдаа Булган суманд нутгийн удирдлагын ордон баригдахаар тэр байранд цагдаагийн тасгийг байрлуулж болох байх.

-Хилээр гарсан хулгай хэргийн бодитой баримт байхгуй юм байна лээ.

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Булган суманд хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн байр барих асуудлыг хөөцөлдөөд чадахгүй байна. Малын хулгайн хувьд нийт хэмжээгээр буураад байгаа боловч баруун тийш хилийн ойролцоох 3 суманд ихсэх хандлага гараад байгаа. Энэ талаар цагдаагийнханд байнгын үүрэг чиглэл өгч байгаа. Хулгай гарсан тодорхой жишээний хувьд би цагдаагийн байгууллагаас асууж байгаад тусад нь хариу өгье.

Төлөөлөгч Д.Мурат

-Ховд хотын агаарын бохирдлын хэмжээ ямар байгаа вэ? Судалгаа байна уу? Дулааны хоёр дахь эх үүсвэрийн талын хашааны эхэнд барих нь зөв үү, судалж үзсэн үү? Салхины дээд талд нь дулааны станц барихаар ямар байдалтай болох вэ?

-Ховд суманд цагдаагийн кобон баригдана гэсэн, ирэх онд баригдах уу?

Ус, цаг агаар, орчны шинжилгээний албаны дарга Д.Баасандорж:

-Агаарын бохирдлын талаар ХоИС дээр хэсэгчилсэн судалгаа хийж байгаа, гэхдээ багажний хувьд бүрэн судлах боломжгүй байгаа, ирэх оны төсөвт багаж авах мөнгө тусгаж өгвөл үр дүнтэй болох байхаа.

Б.Алтанбадралт:

-Нийтдээ 5 суманд цагдаагийн кобон баригдахаар төсөвт тусгагдсан. Ховд, Эрдэнэбүрэн, Дуут суманд баригдана, хоёр сум нь одоогоор тодорхой бус байгаа.

Төлөөлөгч Ц.Нарантуяа:

-Сумдад хичнээн БИТ байгаа вэ? БИТ гэдэг ойлголтыг Засаг дарга өөрөө юу гэж ойлгодог вэ?

-11 сард газрын зөрчил маргаан арилгаж байна гэж зөндөө юм болсон, энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албаны дарга У.Батзаяа:

-Газрын зөрчил маргаан арилгах аймгийн Засаг даргын захирамж гарч 302 зөрчлөөс 166-г арилгахаар ажилласан. 10 мянгатын урд талын газраас 40- өөд зөрчил байгаа, 10-аадыг арилгасан. Цаашид үргэлжлүүлэн арилгана.

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Чандмань суманд байгуулагдсан БИТ сайн ажиллаж байгаа. Аймгийн төвд худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байгуулахад 20,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Инкубатор төв гэдэг нь бойжуулагч, сургаж, бэлтгэж, чадавхижуулаад гаргадаг төвийг хэлж байгаа. Энэ бол үйлдвэрлэгч биш юм. Сум бүрт байгуулна гэсэн зорилт тавьж байгаа, гэхдээ эхний ээлжинд сум дундын БИТ байгуулж ажиллах нь үр дүнтэй байгаа.

Төлөөлөгч Т.Баярсайхан:

-Утааны тухай хүн бүхэн ярьж санаа зовниж байна. Ялангуяа сургуулийн хүүхдүүд ид утааны үеэр өглөөд хичээлдээ явж байна, хичээл орох цагийг нь хойшлуулж болох уу?

-2 ээлжээр хичээллэж байгаа сургууль байгаа юу?

Аймгийн боловсрол, соёлын газрын дарга Б.Дүгэржав:

– Сургуулийн хүүхдүүдийн хичээл орох цагийг хойшлуулах ямар ч боломж байхгүй. Сайдын тушаалаар шийдэгддэг асуудал.

-Аймгийн хэмжээнд Прогресс сургуулиас бусад нь бүгд 2 ээлжээр хичээллэж байгаа. Хэрэв өглөө орох цагийг нь хойшлуулбал тэр хэмжээгээр хүүхдүүд оройтож тарах болно. Ирэх жил Прогресс сургуулийн хичээлийн байр, 1-р сургуулийн өргөтгөл баригдана, тэр үед цогцолбор байгуулах бодлого барьж байгаа.

Төлөөлөгч Д.Энхсайхан:

-Улаанбаатарт хэрэгжүүлээд байгаа утаагүй зуухыг аймагт оуулах боломж байна уу?

-Цахилгааны үнийг шөнийн тарифт шилжүүлэх ямар боломж байна?

-Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх зээлийг аймгийн хэмжээний томоохон ажлын байр нэмэгдүүлсэн үйлдвэр барихад зориулж болохгүй юу?

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлж үнэ бууруулах асуудлыг олон удаа тавьсан. Эрчим хүчний газраас зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй гэдэг хариу өгч байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод л хэрэгжих юм байна лээ.

-Аймагт 4,6 тэрбум төгрөгийн жижиг дунд үйлдвэрийн зээл өгсөн. 50,0 сая төгрөгөөс доош аймагт шийддэг зарчимтай, томоохон үйлдвэр байгуулах асуудлыг улсын төсөв юм уу, чадавхитай компанийг түшиглэж байгуулахаас өөр арга байхгүй. Аймагг аж үйлдвэрийн парк байгуулах асуудал яригдаж байгаа.

Төлөөлөгч Ц.Пүрэвдаш /Манхан сумын ИТХ-ын дарга/:

-Манхан суманд цагдаагийн кобон 2008 онд баригдаад ашиглалтанд орсон. Одоо тэнд хүн амьдрах аргагүй болсон, жилийн жилд Турлиах гэдэг компаний чанаргүй гүйцэтгэсэн барилгуудын тухай яригддаг. Энэ мэтчилэн чанаргүй гүйцэтгэсэн компаниудад ямар хариуцлага тооцох вэ?

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Цагдаагийн газарт одоо баригдах кобоны барилгыг ийм чанаргүй гүйцэтгүүлэхгүй байх талаар онцгой үүрэг өгч байгаа. Тухайн компаниар засварлуулахаар бид хөөцөлдөж, ярьж хэлж байгаа, энэ компанийг энэ жил аймгийн хэмжээнд тендерт оруулаагүй. Үүнийг бид асуулт гэхээсээ илүү шүүмж гэж хүлээж авч байна.

Дараа нь аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын болон Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны хорооны дүгнэлт, мөн МАН-ын дүгнэлтийг бүлгийн ахлагч Ж.Цэнд-Аюуш, АН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дэд ахлагч Т.Шинэбаяр нар уншиж танилцуулсан ба илтгэлтэй холбогдуулан төлөөлөгч Б.Батмөнх, Ц.Отгонбаатар, Д.Мурат, Д.Энхсайхан, Т.Баярсайхан, Ш.Батсүх, С.Баярсайхан, Д.Түмэндэмбэрэл, Г.Нямдаваа, урилгара оролцогч Д.Пүрэвдорж /АН-ын дарга/, С.Гантөмөр /Манхан сумын Засаг дарга/, Ш.Даваа /Үенч сумын Засаг дарга/, С.Жимсээ /Мөнххайрхан сумын Засаг дарга/, Д.Бямбажав /Ховд суврага ОНӨҮГ-ын менежер/, Ц.Нарантуяа /УИХ-ын гишүүний бие төлөөлөгч/ нар үг хэлж тогтоолын төслийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталжээ.

Үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Аймгийн төсвийн 2011 оны урьдчилсан гүйцэтгэл, 2012 оны төсөл, 2010 оны гүйцэтгэлийн тухай” илтгэлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл, “Аудитын газрын 2011 оны ажлын тайлан, орон нутгийн 2012 оны төсвийн төсөлд төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлж, орлого нэмэгдүүлэх талаар өгөх саналын тухай” илтгэлийг аймгийн ерөнхий Аудитор Ч.Цэрэнчимэд тавьж хэлэлцүүлсэн юм.

Илтгэлтэй холбогдсон асуулт, хариулт.

. .

Төлөөлөгч М.Ганзориг:

-Орон нутгийн төсөвт Шим-Ус ХХК-д 160,0 сая төгрөг төсөвлөсөн байна. Яагаад аж ахуйн нэгжийг санхүүжүүлээд байгаа юм бэ?

-Улсын төсвийн байгууллагуудын төсөв дээр шугам сүлжээний засварт 4,0 тэрбум төгрөг тусгасан байна. Давхцаж байгаа юм биш үү, ямар учиртай юм бэ?

ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Д.Алтангэрэл:

-Хуучин ашиглаж байгаа цэвэр, бохир усны шугам муудаад байрнуудын 5 давхарт ус гарахгүй байгаа, үүнийг засварлахаар 160,0 сая төгрөг төсөвлөсөн.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавигдсан хөрөнгө оруулалт нь талын хашаанд шинээр баригдах шугам сүлжээнийх.

Т.Баярсайхан:

-Улсын төсвийн хөрөнгө оруулалт нь талын хашааны шинээр баригдах шугам сүлжээнийх, энэ хоёрыг ялгаж салгаж ойлгоорой. Хуучин шугам нь 11 жилийн өмнө хийгдсэн, ашиглалтын хугацаа аль хэдийн дууссан, даралт даадаггүй, цоорсон муу шугам байгаа. Өндөр хүчин чадалтай насос тавьсан, даралтыг нь даахгүй байгаа, үүнийг шинэчлэх шаардлагатай байгаа. Айл өрхийн 4-5 давхарт халуун ус гарахгүй байгаа, дэд сайдад асуудал тавьсан, орон нутагтаа шийд гэсэн хариу өгсөн. Манайх орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, хувийн компани биш. Манай шугам сүлжээ хүнд байдалд орсон, орчин үеийн шаардлага хангахуйц 1 км шугам л байгаа. Одоогоор даралт нэмэгдүүлэх ямар ч боломжгүй байна.

Төлөөлөгч Б.Ганзориг:

-Өмчлөл өөрчлөгдөхөөр компаний хариуцлага өөрчлөгддөггүй. Өөрсдөө хийх ажлаа орон нутгаас санхүүжүүлээд байгаа нь ямар учиртай юм бэ? Өөрийнхөө олсон ашиг орлогоороо засвар үйлчилгээгээ хийх ёстой.

Төлөөлөгч Ш.Батсүх:

-Орон нутгийн төсөвт оруулах орлого 4 сумдад яагаад тасарч байна. Хэний буруу вэ?

-2012 оны төсвийн төсөлд аймгийн төсвийн урсгал зардал, ДНБ-ий өсөлтөөс давахаар байна гэж илтгэлд орсон байна, энэ ямар учиртай юм бэ?

-Өртэй гарах сум, орон нутгийн төлөвлөгөө тасарч байгаа сумууд хоорондоо уялдахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

Аймгийн татварын хэлтсийн дарга С.Жаргалдалай:

-Энэ нь төлөвлөлттэй холбоотой. Боломж бололцоо байна гээд орлогоо нэмээд байх юм бол тэр хэмжээгээр татварын орлого тасарна.

ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн М.Отгонханд:

-ДНБ-ий өсөлт 12-20 орчим хувь өсөхөөр байгаа. Урсгал зардал үүнээс өндөр өсөхөөр байгаа. Томилолт нэмэгдэж байгаа. Өртэй гарч байгаа сумууд батлагдсан төсвийнхөө хүрээнд төсвөө багтааж чадаагүй, илүү зарсан. Орлого тасраагүй боловч зарим нэг зардал нэмэгдсэнээс шалтгаалж байгаа, зарим нь төсвийн хариуцлагагүй байдлаас солж байна.

Төлөөлөгч Ж.Цэнд-Аюуш:

-Улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 2-ын хоорондын уялдаа холбоо хэр зэрэг хангагдсан бэ? Сумын хөрөнгө оруулалтуудыг жигд хуваарилж чадсан уу?

-Хөшөөтийн уурхайгаас 4,6 тэрбум төгрөг орох нөхцөл боломж байгаа юм уу? Мөнгөө өгдөггүй, бөөн асуудал болдог. Ийм байдал дахин давтагдах юм биш биздээ, ярилцсан уу, ойлголцолд хүрсэн үү?

Д.Алтангэрэл:

-Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтуудыг хуваарилахдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг харж байгаад зарим сумдынхыг орон нутагт тусгаж өгсөн.

-МоЭнКо компаниас орох орлогыг би хэлж мэдэхгүй байна. Төсөв хийж байхад ямар ч мөнгө орох боломжгүй гэдгийг яаманд хэлсэн. Гэтэл УИХ-аас төсөв батлахдаа 4,6 тэрбум төгрөг орохоор баталсан. Өнөөдрийн төсвийн байдлаас тооцоо хийгээд үзэхэд сар бүр 400 гаруй сая төгрөг орж ирэхээр байгаа, төсөв бол хүндрэхээр байгаа.

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

– Орон нутгийн төсөв 4,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж энэ жилээс эхлээд манйа аймаг улсаас татаас авах биш улсад татаас өгдөг болохоор байгаа. Энэ байдлаас үзэхэд янз бүрийн асуудалтай зүйл гарч ирнэ. Бид МоЭнКо-тэй хатуухан ярьж байгаа, орон нутагтай хийсэн гэрээгээ биелүүлээгүй, орон нутагт оруулах ёстой мөнгөө оруулаагүй гээд. Замыг улсын комисс хүлээж авсан, өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулах байх. Нүүрс нь цаг хугацаандаа тээвэрлэгдэж орон нутагт өгөх ёстой татвараа төлнө гэж ойлгож байгаа.

Төлөөлөгч П.Эрвээхэй:

-Компьютер томограф суурилуулахад 94,0 сая төгрөг тавьсан байна. Юу юу хийхээр ийм их мөнгө гарч байгаа вэ? Тооцоо судалгаа байна уу?

Т.Шинэбаяр:

-Зарим хүмүүс компьютер томографийг нэг жийп машины үнэтэй гэж ойлгоод байх шиг байна, хэрэв тийм бол өнөөдөр эмнэлэг бүхэн аймаг бүхэн авчихсан байх ёстой. Оруулж ирэх зөвшөөрлөөс эхлээд олон газраараа дамждаг юм байна. Энэ бол зөвхөн тээврийн зардалд тусгаж байгаа мөнгө, бусдыг нь тухайн компани өөрсдөө дааж байгаа. Энэ бол Ховд аймгийн ард түмэнд хэрэгтэй зүйл болно. Ийм их хөрөнгө оруулалт орж ирж байхад аймаг орон нутгаас багахан хэмжээний зардлыг гаргах нь зүйтэй гэж ойлгож байгаа.

Аймгийн засаг дарга Г.Нямдаваа:

-Эрвээхэй эмч томограф оруулж ирж суурилуулах ажлыг сайн мэдэж байгаа, биеэрээ мэдэрсэн хүн. Энэ нь цаанаасаа тухайн компаниасаа ийм мөнгө нэхсэн бичиг ирсэн, энэ аппаратын ач холбогдлыг хүн бүхэн мэдэж байгаа учир орж ирсэн саналыг хасах ямар ч боломжгүй байгаа юм.

Төлөөлөгч Д.Батцэнгэл:

-Агаарын бохирдлын асуудал их яригдаж байна. Тэргүүлэгчдийн хурлаар энэ тухай асуудал хэлэлцэж шийдвэр гарсан, энэ зардлыг хассан байна, ямар үндэслэлээр хассан бэ?

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Агаарын бохирдлын судалгааны багаж авах санал ирсэн. Энэ удаа дэмжигдээгүй, гэхдээ давсан орлогоос эхний ээлжинд шийдвэрлэ гэсэн шийдвэрийг тэргүүлэгчид гаргасан байгаа.

Төлөөлөгч Ц.Пүрэвдаш /Манхан сумын ИТХ-ын дарга/:

-Өнгөрсөн жил МоЭнКо компаниас мөнгө орно гээд 3 сар гаруй төсвийн ажилчид цалингүй байсан. Энэ жил бүр 4,4 тэрбум төгрөг орохоор төсөвлөсөн байна. Энэ компаний хүмүүсийг хуралд суулгаж болоогүй юм уу? Энэ мөнгө 7 сараас нааш орохгүй юм байна, 7 сар хүртэл цалингүй байна гэж ойлгож болох уу?

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-УИХ-аас батлагдаад гараад ирсэн хууль учир бид яаж ч өөрчлөх боломжгүй. Харин Эрдэс баялаг, эрчим хүчний сайдтай яриад хэрэв мөнгө орохгүй бол шууд зээл авна гэдэг асуудал тавьсан.

Төлөөлөгч А.Хишигсүрэн:

-Аймаг, сумын ИТХ-ын төсөвт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардалд 38,0 сая төгрөг тавьсан байна. Олон нийтийн байцаагчийн урамшуулал орсон уу?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар замын шинэчлэл хийхээр тусгасан байна, орон сууцнуудын доторх замын завсар орсон уу?

-Төсөвт байгууллагуудын 43,0 хувь нь сөрөг дүгнэлт авсан гэж байна. Энэ хүмүүст ямар хариуцлага тооцсон бэ?

-Аймаг хөгжүүлэх сангаас зээл авсан компаниуд мөнгөө буцааж төлсөн үү?

-Давсан орлогоос мах боловсруулах үйлдвэр барихаар 300,0 сая төгрөг өгсөн компани мөнгөө буцааж төлсөн үү. Тухайн компани сонин хэвлэлээр ийм мөнгө аваагүй гэсэн утгатай ярилцпага өгсөн байна, энэ ямар учиртай юм бэ?

ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн М.Отгонханд

– Олон нийтийн байцаагчийн урамшуулал тусгагдсан, энэ жил 35 хувиар нэмэгдсэн байгаа.

Аймгийн Засаг даргын орлогч Ж.Цэнд-Аюуш:

-2012 онд 6,7 км зам засахаар төсөвт суусан. Орон сууцнуудын доторх зам засварын ажил ороогүй, цаашдаа анхаарна.

-2009 онд аймгийн давсан орлогоос 5 жилийн хугацаатай 300,0 сая төгрөгийн зээлийг халаал аргаар мах боловсруулах үйлдвэр барина гэж “Баруун монгол интернэшнл” компани авсан. Бид аймаг орон нутагт хэрэгцээтэй үйлвэр барих юм байна гээд бодлогоор дэмжсэн. Одоо хүртэл үйлдвэр баригдаагүй, гэрээний дагуу ажил хийгдэхгүй байгаа. Саяхан тухайн компаний удирдлагууд аймгийн Засаг даргад их тодорхой сургамжууд хэлсэн, энэ талаар өөрсдөө тодорхой хариулт өгөх байх.

Аймгийн ерөнхий аудитор Ч.Цэрэнчимэд:

-Төсөвт байгууллагуудын алдааг залруулсан. Аймгийн ИТХ- ын Тэргүүлэгчдээс хариуцлага тооц гэсний дагуу 40 гаруй төсвийн захирагч, нягтлан бодогч нарт хариуцлага тооцсон.

-Аймаг хөгжүүлэх сангаас 5 компани зээл аваад одоо болтол төлөөгүй байгаа, бид шалгаад төлж барагдуул гэсэн чиглэл өгсөн.

ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Д.Алтангэрэл:

-Аймаг хөгжүүлэх сангаас зээл аваад эргүүлж төлөөгүй компаниудын талаар хуулийн байгууллагуудад хандсан. Өнөөдрийн байдлаар нэгч мөнгө орж ирээгүй байна.

Төлөөлөгч Ж.Даваабал:

-Алтай трест төрөх тасаг барьж ашиглалтанд оруулсан. Бүрэн хэмжээгээр ашиглаж байгаа, орон тооны хувьд нэмэх боломж байна уу, орон тоо нэмэхгүй бол ажилчдын цалин нэмэх боломж байгаа юу? Ажлын ачаалал ихсэж байна.

-Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга нээлтэнд ирэхдээ баруун бүсийн загвар төрөх тасаг болго гэсэн үүрэг өгсөн. Доод давхрын подвалийн өрөөг интернэт, компьютерийн төв, биеийн тамир чийрэгжүүлэлтийн өрөө болгож тохижуулахад орон нутгийн төсвөөс тодорхой мөнгө суулгаж өгөх боломж байна уу?

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

– Шинэ тутам байгуулагдсан төрөх тасгийг тохижуулах, хүчин чадлыг нь сайжруулах шаардлага байгаа гэдгийг ойлгож байна.

-Орон тооны хувьд үндэслэлийг нь сайтар боловсруулаад ЭМЯ-д уламжлая. тооцоо, судалгаа, үндэслэлээ сайтар гаргах.

-Өрөө тохижуулах талаар давсан орлогын хүрээнд авч үзье. Гэхдээ нөхөн үржихүйн эрүүл мэнд нь бусад төсөл хөтөлбөрөөс дэмжлэг авах боломж өндөр байдаг. Харамсалтай нь энэ жилээс НҮБ, Хүүхдийн сангийн төлөө газрууд татан буугдаж байна. Бололцоотой шугамаар асуудал тавьж шийдвэрлүүлье.

Төлөөлөгч Д.Мурат:

-Багийн хөгжлийн хөтөлбөрийн 600,0 сая төгрөг юунд зарцуулагдах вэ?

-Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хэдэн багийн төв барихаар тусгагдсан бэ? Манай сумын багийн төвийг барих боломж байгаа юу?

Аймгийн Засгийн дарга Г.Нямдаваа:

-УИХ-ын гишүүд сумдад ажиллахад тавьсан хүсэлт саналуудыг үнэслэж тусгасан байна лээ, яг юу хийх нь одоогоор тодорхойгүй байгаа. Цаашдаа багийн төв барихдаа зүгээр нэг барилга бариад орхих биш, иж бүрэн байдлаар шийдвэрлэе гэсэн бодлоготой байгаа.

Аймгийн ЗДТГ-ын дарга Л.Батбаяр:

-Засаг даргын мөрийн хөтөлбөрт 8 багийг төвтэй болгон гэсэн байгаа. Одоогийн байдлаар 2 төв барьсан, үлдсэнийг нь 2012 онд багтаагаад шийдвэрлэнэ.

Төлөөлөгч Х.Болдбаатар:

-Сумдын ангилагдаагүй зардал, нөөц сан гэдэгт Чандмань суманд яагаад ганцаараа 24,0 сая төгрөг тавигдсан бэ?

-Дарви сумын Засаг дарга шагналынхаа 100,0 сая төгрөгийн 50,0 сая төгрөгөөр нь жийп машин авч унасан гэсэн, энэ үнэн үү?

ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн М.Отгонханд:

– Чандмань сумын 24,0 сая төгрөгт БИТ-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах зардал тусгагдсан байгаа.

Дарви сумын Засаг дарга Д.Түмэндэмбэрэл:

-Шагналын 100,0 сая төгрөгөөр жийп машин авч унаагүй. Засгийн нэр хүнд байна, олон нийтийн нэр хүнд байна. Тийм зүйл хийх дээрээ тулаагүй байна. Юу юу хийсэн нь тодорхой гарсан байгаа. Хүсвэл авч үзэж болно.

Төлөөлөгч Ш.Батсүх:

-Мөст сум шинэ соёлын төвтэй болсон. Хуучин орон тоотойгоо үйл ажиллагаа явуулж байгаа. Орон тоо нэмэх боломж байгаа юу?

Аймгийн боловсрол, соёлын газрын дарга Б.Дүгэржав:

-Соёлын төвтэй холбоотой төсөв суусан, 3 галч нэмэгдэхээр байгаа. Мөн түлш халаалтын зардал нэмэгдэнэ.

Б.Бямбажав /Ховд суврага ОНӨҮГ-ын менежер/:

-“Ховд суврага” ОНӨҮГ-ын төсөв бүрэн хэмжээгээр суугдсан уу? Манайх 2012 онд шинээр жуулчны бааз, гуанз, дэлгүүр, зочид буудал барьж 2013 оноос өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болж байгаа. 2012 оны төсөв шийдэгдсэн үү?

Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Д.Алтангэрэл:

-Төсөвт суугаагүй.

Урилгаар оролцогч Ц.Нарантуяа:

– МоЭнКо компани хэвлэл мэдээллээр 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Ховд аймагт хийсэн гэж ярьж байгаа. Энэ бодит мөнгө үү?

-Аймгийн 80 жилийн ойгоор ховдын хөгжлийн төлөө сан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар хэд хэдэн төгрөг өгсөн бэ?

Аймгийн Засаг даргын орлогч Ж.Цэнд-Аюуш:

-2,5 тэрбум төгрөг аймагт огт өгөөгүй. Манай сумынхан бас үүн дээр анхаарах ёстой, аймагт уялдалгүй, сум сумаараа хөөцөлдөөд юм хийлгэх гээд тэрийг нь аймагт өгч байгаа их мөнгө мэтээр нөгөө компани нь яриад яваад байж болохгүй.

-Аймгийн 80 жилийн ойн хандив цуглуулах гэж их явсан. Ньюпрогресс групп азарга, их насны түрүү байнд 40,0 сая төгрөг, Ховд ХТСан соёолон насны морины бай 20,0 сая төгрөг, Мөнххайрхан сумын 12,0 сая төгрөгийг өгсөн. Энэ хоёроос бусад мөнгө амласан компани, хүмүүс мөнгөө өгөөгүй.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Эдийн засгийн хорооны дүгнэлтийг хорооны гишүүн Ц.Отгонбаатар уншиж танилцуулсны дараа Төлөөлөгч П.Эрвээхэй, М.Ганзориг, Т.Баярсайхан, Г.Нямдаваа, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батцэнгэл, урилгаар оролцогч Ц.Нарантуяа нар үг хэлсэн байна.

Төлөөлөгчдөөс горимын санал гарсан тул зарим асуудлыг санал хураалгаж шийдвэрлэжээ. Үүнд,

1.Компьютер Томограф суурилуулах зардалд 94,0 сая төгрөг төсөвлөснөөс 30,0 сая төгрөгийг хасах

Шийдвэрлэсэн нь: Санал хураалтанд 23 төлөөлөгч оролцсоноос 5 төлөөлөгч гар өргөж уг асуудал олонхийн саналаар дэмжигдсэнгүй.

2.”Шим-Ус” компанийн шугам сүлжээний засварт 160,0 төгрөг төсөвлөснөөс 40,0 сая төгрөгийг хасах

Шийдвэрлэсэн нь: Санал хураалтанд 23 төлөөлөгч оролцсоноос 5 төлөөлөгч гар өргөж уг асуудал олонхийн саналаар дэмжигдсэнгүй.

3.”Шим-Ус” компаний шугам сүлжээний засварт 160,0 төгрөг төсөвлөснийг хасах

Шийдвэрлэсэн нь: Санал хураалтанд 23 төлөөлөгч оролцсоноос 3 төлөөлөгч гар өргөж уг асуудал олонхийн саналаар дэмжигдсэнгүй.

Аймгийн 2012 оны төсөв, төсвийн гүйцэтгэл батлах тухай, дүгнэлт өгөх тухай тогтоолын төслүүдийг

100 хувийн саналаар батлав.

Одоо хэлэлцэх асуудлын дараалал ёсоор “Аймгийн газар зохион байгуулалтын 2011 оны ажлын дүн, иргэнд газар өмчлүүлэх болон газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөний тухай” илтгэлийг аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга У.Батзаяа тавьж хэлэлцүүлэв.

Төлөөлөгч Ж.Цэнд-Аюуш:

-Хөшөөтийн уурхайн тосгон нүүлгэхтэй холбогдуулан ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал хийж шийдвэрлэсэн, тэр газар ямар шатандаа явж байна вэ?

Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга У.Батзаяа:

– Тухайн газар төлөвлөгөөнд тусгагдсан.

Төлөөлөгч Ю.Азамат:

– Олны буян авто сургууль аттестатчилалд ороод авто дроммгүй учир үйл ажиллагааг нь зогсоох тухай шийдвэр гарсан байна. Авто дроммын газар хүссэн иргэний хүсэлт ирсэн. Үүнийг олгох боломж байна уу?

У.Батзаяа:

-Манайд хүсэлт ирсэн, Засаг даргын зөвлөлийн хурлаар ороод тухайн газар хүссэн газар нь олгох боломжгүй учир хасагдсан байгаа.

Төлөөлөгч Ю.Азамат:

-Газар шийдэгдээгүй учир нэг хувийн хэвшлийн үйл ажиллагаа зогсох юм уу?

н.Цэцэгмаа:

– Ирсэн хүсэлтүүд нь дандаа олгох боломжгүй газрууд байгаа. Боломжтой газрыг нь судалж байж хариу өгье.

Төлөөлөгч С.Баярсайхан:

– Баруун 3 суманд тоосгоны үйлдвэр барих шаардлага байгаа. Газар олгох хүсэлт тавьсан энэ асуудал юу болж байгаа вэ?

-Гаалийн суурьшлын бүстэй холбоотой онгоцны буудал барих газрын санал ирсэн. Юу болсон бэ?

-Гаалийн бүстэй холбоотой 180 га газар олгох хүсэлт ирсэн байна. Энэ газар тусгай хамгааалттай газар нутаг. Энэ газарт өгч болж байгаа юм уу? Орон нутгаас санал авалгүй шийдвэрлэж болж байгаа юм уу? Нөөц ихтэй, баялаг ихтэй газар нутгийг олгох нь оновчтой юу?

У.Батзаяа:

-Тоосгоны үйлдвэр барих шаардлагатай бол төлөвлөгөө хийгдэх ёстой. Нөгөөтэйгүүр тусгай зөвшөөрөл авах ёстой. Гаалийн бүсийн хувьд Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын албан бичиг ирснийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ороод шийдэгдсэн.

А.Хишигсүрэн:

-2012 онд орон нутгийн төсвөөс Цамбагарав багт баригдах халуун усны барилга барих газар төлөвлөгөөнд орсон уу?

-Иргэнд үнэгүй өмчлүүлэх газарт Буянт багийн арван мянгатын урд талын газар орсон уу?

У.Батзаяа:

-Халуун усны барилгын газар орсон. Буянт багийн газар нутгийн хувьд зөрчилгүй газрыг өмчлөхөд ямар нэгэн асуудал байхгүй. Зөрчилтэй хүмүүст олгох эрх байхгүй, зөрчлийг цаашдаа арилгасаар байх болно.

Төлөөлөгч Т.Баярсайхан:

-Булганы боомтын 180 га газрын асуудлыг бид цаана нь өчнөөн хөрөнгө оруулалт орж ирэх үүднээс хүлээж авсан. Тусгай хамгаалалттай газар нутагт шийдэж болох уу? Гарц юу байна.

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-ЗТБХБ-ын сайдын албан бичиг ирж Тэргүүлэгчдийн хуралд хуралд танилцуулагдсан. Энэ нь зөвхөн Булган боомт биш Монгол улс даяар иж бүрэн цогцолбор барихаар шийдвэрлэж байгаа юм байна лээ. Үүнийг судалж үзэж байгаад тэнд ямар ч байсан шийдвэр гаргая гэж шийдсэн. Хятад улсаас тавьсан саналаас энэ бол өөр асуудал. Одоо тухайн газар орон нутгийн тусгай хамгаалалтанд орсон байгаа. Хэрэв шаардлагатай гэж үзвэл төрийн захиргааны төв байгууллагаас тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг хүсэлт тавьж шийдвэрлүүлэх байх. Бид хөрөнгө оруулалт орж ирэх учраас газрыг нь ямар ч байсан шийдчихсэн байя. Гэхдээ тухайн үед олгохдоо байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж байж шийдвэр гаргаж таарна. Бүр болохгүй бол тухайн үед энд олгох боломжгүй гэсэн шийдвэр ч гаргаж болно гэж тэргүүлэгчид шийдвэрлэсэн. Хуулийн дагуу л асуудал яригдана. Ямар ч байсан асуудал шийдэгдэхэд газрыг нь шийдсэн байдалтайгаар нээлттэй болгоод орхих нь зүйтэй байх.

Төлөөлөгч Д.Энхсайхан:

-Дарви сумын Хөшөөтөд авто парк, ШТС барина гэсэн байна. Энэ 15 га газар Хөшөөтийнхөнд үлдэх юм биш биз.

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Гадаадын иргэн болон байгууллагад Монгол улсад газар өмчлөх болон эзэмшинэ гэдэг ойлголт байхгүй.

Дарви сумын Засаг дарга Д.Түмэндэмбэрэл:

-Хөшөөтийн уурхайг шатахуунаар хангах бодлого байгаа. Хүмүүс нүүлгэчихээд тэнд тосгон барина гэж байхгүй.

Төлөөлөгч Ю.Азамат:

-Тэргүүлэгчдийн хурлаар цоохор нуур, Матгирын хөдөө, Олон овоотод үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар шийдсэн. Булган сумын Олон овоотод шийдсэн газар яасан бэ?

н.Цэцэгмаа:

-Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн. Техникийн алдаа гарсан учир энд ороогүй байна. Засварлаад оруулъя.

Булган сумын Засаг дарга С.Баярсайхан:

-Энэ 180 га газрын өгүүлбэрийг сайн уншиж ойлгох хэрэгтэй. Үүнийг зөвшөөрөх юм бол бидний шийдсэн Матгирын хөдөө 30 га гаар юу ч биш болно. Би нүүрс гаргахыг эсэргүүцэж байгаа юм биш, цаана нь олон асуудал байгаа.

Төлөөлөгч Б.Мөнхбаяр:

-Сайдын бичиг дээр 15-180 га газар гэж байгаа, яагаад 180 га- аар нь оруулж ирсэн юм бэ? Ямар үндэслэлээр. Цаана нь Хятадуудын бодлого явж байна.

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Судалгааны явцад байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэнэ. Энэ явцад орон нутгийн саналыг заавал авах ёстой, тэр үед нь бид ярьж болно. 180 га газрыг тэргүүлэгчид шийдсэн. Өмнө нь ийм асуудал гараад бид нар зэмлүүлж байсан учир танилцуулаад нээлттэй хэлбэрээр орхие гэсэн шийдэлд хүрсэн. Дараа нь ганц энэ асуудлаар ИТХ хуралдана гээд явж байлтай биш. Төрийн сайд Засгийн газрын бодлогыг танилцуулж байгаа учир түр нээлттэй гэсэн, явж явж Булган боомтын хөгжлийн асуудал яригдаж байгаа гэж ойлгож байна.

Төлөөлөгч Б.Ганзориг:

-Бид 6 сарын хурлаар Матгирын хөдөөд гаалийн хяналтын бүс байгуулна гэж шийдсэн. Гэтэл энэ асуудлыг яагаад Нямдаваа дарга хамгаалаад заавал хилийн ойролцоо газар олгох гээд байгаа юм бэ?

Жаргалант сум иргэдэд олгох газаргүй боллоо гэж байна, энэ ямар учиртай юм бэ?

У.Батзаяа:

-Жаргалант сумын хилийн цэс дотор олгох газаргүй болсон. Буянт, Ховд сумаас санал явуулсан боловч хүлээж аваагүй, УИХ-д тавьж шийдвэрлүүлэхээр байгаа.

Төлөөлөгч Р.Бадамцэцэг:

– Алтай сумын Барлаг багийн нутагт 10 га газар гэж сумаас санал өгснийг 5 га газар болгосон байна, ямар үндэслэлээр бууруулсан бэ?

У.Батзаяа:

-Баруун 3 сумын хувьд үйлдвэр үйлчилгээ явуулах гэж байгаа гэдэг утгаар аль болох дэмжихийг хичээж байгаа. Тооцоо судалгаа хийгдээгүй учир 5 га болгож оруулсан.

Төлөөлөгч С.Жимсээ:

-Сумын Битүү нуур гэдэг газрыг ойн зурвас газарт авна гээд ИТХ- ын шийдвэр гаргаад аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн, энэ хэзээ шийдэгдэх вэ?

-Суманд ховор, бутлаг ургамал байдгийг орон нутгийн хамгаалалтанд авах шийдвэр гаргаад хүргүүлсэн, энэ хэзээ баталгаажиж шийдэгдэх вэ?

ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Сүрэнжав:

– Мөнххайрхан сум сумынхаа газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд авч байгаа тохиолдолд үүнийг баталгаажуулах асуудал байхгүй. Аймгийн тусгай хамгаалалтанд авах асуудал одоогоор надад ирээгүй байна.

Төлөөлөгч С.Гантөмөр:

– Манхан сумаас ирсэн Ховд-Манхан, Манхан-Дарвийн чиглэлийн замын уулзвар дээр хүмүүс үйлдвэр үйлчилгээний чиглэлээр газар авъя гэсэн ирүүлсэн, энэ яагаад төлөвлөгөөнд ороогүй вэ?

-Аялал жуулчлал хөгжүүлэх талаар бид онцгой анхаарч байгаа. 3 сэнхэрийн жуулчны баазаас доош газар авах санал ирсэн, яагаад ороогүй вэ?

У.Батзаяа:

– Газрын төлөвлөгөө хэлэлцэх үед бүх сумын Засаг дарга, Газрын даамалд бичиг явуулсан боловч санал ирээгүй учир хасагдсан.

Төлөөлөгч Б.Гантулга:

-Жаргалант сумын ИТХ хуралдаж газрын төлөвлөгөөнд тусгахаар санал ирүүлсэн, энэ саналууд хаана хасагдсан бэ? Гуравхан санал нь л тусгагдсан байна.

У.Батзаяа:

-Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж байхад Жаргалант сумын газрын төлөвлөгөө орж ирээгүй. Хугацаа хоцорсон.

Төлөөлөгч Х.Тогторхан:

-Бугат үзүүрээс дээшхи газрыг эзэмшүүлэх санал яагаад хасагдаад байгаа вэ? Аймгийн ИТХ бидний санал болгосон газрыг хасаад байгаа учир Жаргалант суманд газар өгөх боломжгүй байна.

Төлөөлөгч Н.Сүхээ:

-Буянт сумаас газрын 5 асуудал орж ирсний 2 нь хасагдсан байна, хаана ямар үндэслэлээр хасагдсан бэ?

У.Батзаяа:

-Сумдаас ирж байгаа санал бүхэн тооцоо судалгаагүй орж ирж байгаа учраас бид хасаад байгаа. Та нар газрын даамлуудаа сайн шахаж шаардаж ажиллах ёстой. Хугацаа их хожимдуулж байна.

Илтгэлтэй холбогдуулан Үйлдвэрлэл, дэд бүтэц, хот байгуулалтын хорооны дүгнэлтийг хорооны ахлагч Д.Энхсайхан уншиж танилцуулсны дараа төлөөлөгч Ю.Азамат, М.Ганзориг, Б.Мөнхбаяр, Т.Баярсайхан, Д.Мурат, С.Баярсайхан, Б.Ганзориг, А.Хишигсүрэн, Г.Нямдаваа, Б.Ганзориг, Д.Түмэндэмбэрэл, Г.Нямдаваа, урилгаар оролцогч ИТХ-ын дарга Х.Балжинням, МХГ-ын дарга Д.Батцэнгэл, Жаргалант сумын ИТХ-ын дарга Б.Гантулга, Буянт сумын ИТХ-ын дарга Н.Сүхээ, Засаг дарга М.Пүрэв, ГХБХБ-ын газрын дарга У.Батзаяа нар санал хэлжээ. Мөн төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу санал хураалт явуулсан байна. Үүнд,.

1.Их голоос дээш 100 га газрыг 50 га газар болгож, 50 га газрыг их голын доод талд олгох газарт нэмж олгох.

Санал хуралатанд 17 төлөөлөгч оролцсоноос 7 төлөөлөгч үнэмлэхээ өргөж уг асуудал дэмжигдсэнгүй.

2.Жаргалант сумын нутаг дэвсгэрт авто дроммын 2 га газар олгох.

Санал хураалтанд 17 төлөөлөгч оролцсоноос 9 төлөөлөгч үнэмлэхээ өргөж, уг асуудал олонхийн саналаар дэмжигдэж, 2012 оны газрын төлөвлөгөөнд нэмж тусгагдахаар болов.

3.Манхан сумын Хар үзүүрийн 3 замын уулзвар орчим үйлдвэр үйлчигээ, ШТС барих зориулалтаар 5 га газар олгох

Санал хураалтанд 17 төлөөлөгч оролцсоноос 9 төлөөлөгч үнэмлэхээ өргөж, уг асуудал олонхийн саналаар дэмжигдэж, 2012 оны газрын төлөвлөгөөнд нэмж тусгагдахаар болов.

4.Манхан сумын 3 сэнхэрийн агуйн доод талд Жуулчны бааз барих зориулалтаар 5 га газар олгох.

Санал хураалтанд 17 төлөөлөгч оролцсоноос 10 төлөөлөгч үнэмлэхээ өргөж, уг асуудал олонхийн саналаар дэмжигдэж, 2012 оны газрын төлөвлөгөөнд нэмж тусгагдахаар болов.

5.Булган сумын хилийн боомтын орчим 180 га газар гаалийн хяналтын талбай байгуулах гэснийг хасах.

Санал хураалтанд 17 төлөөлөгч оролцсоноос 9 төлөөлөгч үнэмлэхээ өргөж, уг асуудал олонхийн саналаар дэмжигдэж, 2012 оны газрын төлөвлөгөөнд нэмж тусгагдахаар болов.

7.Буянт суманд 100 га газар чацаргана тариалах зориулалтаар олгох.

Санал хураалтанд 17 төлөөлөгч оролцсоноос 9 төлөөлөгч үнэмлэхээ өргөж, уг асуудал олонхийн саналаар дэмжигдэж, 2012 оны газрын төлөвлөгөөнд нэмж тусгагдахаар болов.

8.Ховд сумын Баянбулаг багийн Бугат үзүүрээс Улаанбоом хүртэл 15 га газрыг малын тэжээл тарих, ойжуулалт хийх, мод тарих зориулалтаар олгох

Санал хураалтанд 17 төлөөлөгч оролцсоноос 9 төлөөлөгч үнэмлэхээ өргөж, уг асуудал олонхийн саналаар дэмжигдэж, 2012 оны газрын төлөвлөгөөнд нэмж тусгагдахаар болов.

9.Алтай сумын Барлаг багийн улаан толгойд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 5 га газар гэснийг 10 га газар болгох.

Санал хураалтанд 17 төлөөлөгч оролцсоноос 9 төлөөлөгч үнэмлэхээ өргөж, уг асуудал олонхийн саналаар дэмжигдэж, 2012 оны газрын төлөвлөгөөнд нэмж тусгагдахаар болов.

10.Э.Жаргалант сумын ИТХ-аас ирсэн саналуудыг төлөвлөгөөнд бүрэн тусгах

Санал хураалтанд 17 төлөөлөгч оролцсоноос 10 төлөөлөгч үнэмлэхээ өргөж, уг асуудал олонхийн саналаар дэмжигдэж, 2012 оны газрын төлөвлөгөөнд нэмж тусгагдахаар болов.

11.Ю.Буянт сумын Засаг даргаас ирсэн саналыг төлөвлөгөөнд тусгах.

Санал хураалтанд 17 төлөөлөгч оролцсоноос 10 төлөөлөгч үнэмлэхээ өргөж, уг асуудал олонхийн саналаар дэмжигдэж, 2012 оны газрын төлөвлөгөөнд нэмж тусгагдахаар болов.

Харин аймгийн Засаг дарга Г.Нямдаваа үг хэлэхдээ “Аймгийн ИТХ Монгол улсын Засгийн газрын бодлогыг эсэргүүцэж шийдвэр гаргалаа. Төрийн бодлогын асуудал яригдаж байхад өөрсдийнхөө хэрэгцээний хэдхэн га газартай хольж хутгаж шийдвэр гаргаж байгаад харамсаж байна. Энэ асуудлаар би Булган суманд очиж мэдээлэл хийнэ, хөгжлийн асуудалд саад болж байна гэж үзэж байна” гэлээ.

Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэх үеэр дараах санал шүүмжлэл өрнөжээ.

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Жаргалант сумын газруудын хувьд иргэнд үнэгүй өмчлүүлэх газруудыг хасалгүй төлөвлөгөөнд оруулж өгөх, бусад нь зөрчилтэй газар байгаа учир хасах хэрэгтэйг төлөөлөгчид ялгаж салгаж ойлгохыг хүсэж байна. Хасуулах санал оруулж байна.

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батцэнгэл:

-Бид газрын зөрчил маргаан арилгах гэж маш их ажил хийсэн. Гэтэл тэр бүгдийг эргээд үнэгүй олгохоор баталчихлаа. Аймгийн ИТХ ийм шийдвэр гаргаж болохгүй байх.

Аймгийн ГХБХБ-ын газын дарга У.Батзаяа:

– Жаргалант сумаас дандаа зөрчилтэй газар орж ирснийг бид төлөвлөгөөнд оруулаагүй. Иргэнд үнэгүй өмчлүүлэх газраас бусдыг нь хасах.

Төлөөлөгч Д.Түмэндэмбэрэл:

-Тогтоолд Булган сумын гаалийн хяналтын бүсэд 40 га газар олгох гэдэг нэмэлт оруулахаар санал хураалт явуулах санал оруулж байна.

Жаргалант сумын ИТХ-ын дарга Б.Гантулга:

– Жаргалант сумаас ирсэн саналууд бүгдээрээ зөрчилтэй газар биш. Орон сууц барих газар хүссэн байгаа.

Хурал даргалагч, аймгийн ИТХ-ын дарга Х.Батболд:

– Жаргалант сумын ИТХ-ын саналыг бид хүндэтгэж үзсэн. Зөвхөн энэ асуудлаас болж тэргүүлэгчдийн хуралдааныг хойшлуулаад хуралдсан. Одоо тэгээд хуралдаан дээр орж ирээд янз бүрийн асуудал тавиад байж болохгүй гээд тогтоолын төсөлтэй холбоотой горимын саналууд гарсан учир санал хураалт явуулж шийдвэрлэв. Үүнд,

1.Булган сумын хилийн боомтын гаалийн хяналтын бүсэд 40 га газар олгох.

Санал хураалтанд 17 төлөөлөгч оролцсоноос төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжиж, уг асуудлыг 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмж тусгахаар болов.

2.Жаргалант сумын ИТХ-аас орж ирсэн саналуудыг хасах.

Санал хуралатанд 17 төлөөлөгч оролцсоноос төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжиж, уг асуудлыг 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмж тусгахаар болов.

Ингээд тогтоолын төслийг санал нэгтэй баталснаар 21.30 цагт хуралдаан өндөрлөсөн байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: