ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/20

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-аасс 2011 оныг “Нутгийн захиргааны байгууллагуудын бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын арваад төлөөлөгч өнгөрсөн 5-р сард АНУ-д зочилж Хамден хотын нээлттэй байдал, иргэдийн оролцоог хэрхэн хангадаг туршлагыг судлаад ирсэн байна. Гэтэл 2011 оны 12-р сарын 27-нд болсон Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан дээр ИТХ-ын дарга Д.Батбилэг уг хуралдааныг ажиглаж байсан манай “Иргэд төсвөө хянана” сүлжээний төлөөллийг “Хөөш. Та энд иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж байгаа шүү. Ингэж ирчихээд бичлэг мичлэг хийгээд янз бүрийн битгий хачин зан гаргаад бай, за юу? Бичлэг хийгээд байгаа бол наадахаа зогсоо. Түрүүнээс хойш ингэж барьчихаад хүн амьтны зураг аваад байгаа юм уу, бичлэг хийгээд байгаа юм уу? Би танд зориулж хэлж байна. Энэ чинь иргэдийн төлөөлөгчдийн хурал, төсвөө хэлэлцэж байгаа учраас энэ дээр жаахан ёс зүйтэй сууж байвал яасан юм бэ гэж хэлэх гээд байна, хүсмээр байна” гэж бүх төлөөлөгчдийн өмнө загнасан юм. Хуралдаанаар хэлэлцсэн дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилт, төсвийн гүйцэтгэл, төсвийн төсөл зэрэг материалыг хуралдаанаас өмнө нээлттэй болгож тараагаагүй тул тэр олон тоо цифрийг буруу зөрүү тэмдэглэж авахгүйн тулд диктафон ашигласны төлөө ингэж загнасан байна. Тэр тусмаа бид өмнөх өдөр нь утасдаж зөвшөөрөл авсан билээ. Урьд жилүүдэд тус дүүргийн ИТХ-ын хуралдаанд сууж ямар нэгэн саад хязгаарлалтгүй ажиглах боломжтой байсан атал өнгөрсөн зун өмнөх дарга Н.Энхтүвшингийн оронд сонгогдсон Д.Батбилэг ийм үйлдэл гаргасан нь харамсалтай. Ингэх бас нэг шалтгаан байсныг “Зөв тусгал” ТББ-ын Б.Түвшинбаярын ажиглалтын тэмдэглэлээс дор үзнэ үү.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар дүүргийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын биелэлт, 2012 оны зорилтын төсөл болон 2012 оны төсвийн төсөл, 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, дүүргийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн тухай хэлэлцлээ.

Нийт 35 төлөөлөгчөөс 25 нь оролцож 74 хувийн ирцтэй хуралдсан юм.

Хуралдааны эхэнд төлөөлөгч Азжаргал горимын санал байна гээд дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах санал гарган маргаан дэгдээсэн нь хоёр жилийн өмнө ИТХ дахь АН-ын бүлгийн дотор зөрчил гарч шүүхээр явсан. АТГ-т хандсан, бүр өлсгөлөн зарлаж байсан зэрэгтэй холбоотой бололтой. Төлөөлөгч Д.Азжаргал “Бид төсвийг үр ашигтай зарцуулахын төлөө ингэж байна” гэж хэлсэн боловч түүнийгээ тодруулсангүй. Санал хураалгахад, бусад төлөөлөгчид энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж шийдсэн юм.

“Хан-Уул дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2011 оны зорилтын биелэлт, 2012 оны зорилт” илтгэлийг дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг тавьж олсон амжилтуудаа дурдлаа. Үүнд:

-Удаан хугацаагаар ажилгүй байгаа давхардсан тоогоор 3600 хүнээр ажил хийлгэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд 76 сая 200 мянган төгрөгийг зарцуулсан нь өмнөх оныхоор 3 дахин нэмэгдсэн… Жижиг дунд үйлдвэрийн 6 тэрбум төгрөгийн зээл олгосон… Хан-Уул дүүрэг улсын хэмжээнд хамгийн олон ажлын байр бий болгосныг Засгийн газраас үнэлж өргөмжлөл мөнгөн шагнал авсан.

-Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 16,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх оныхоос гурав дахин нэмэгдлээ. Томхоноос нь дурдвал … шат дараалсан сургалтууд…. 9 сургууль компьютерийн иж бүрэн лабораторитой болов… Яармагын 41- р сургууль хөл бөмбөгийн талбайтай болов… 6-р хороонд цэцэрлэгийн барилаг баригдаж эхэллээ.

-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тав тухай орчинг бүрдүүлж ажиллах зорилгоор Дүүргийн төрийн үйлчилгээний төв байрыг энэ жил 2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр баригдаж эхлээд байна. Нийт төсөвт өртөг 5 тэрбум бөгөөд ирэх онд ашиглалтанд оруулна…. Нийт 700 сая төгрөгийг төсөвт өртөгтэй хоёр хорооны иж бүрэн цогцолборыг барилгын ажлыг эхлүүллээ. 16-р хорооны хорооных ашиглалтанд орсон. 15-р хорооны байр ирэх жил ашиглалтанд орно… Тохижилтын ажлууд….Усан бассейн бүхий цогцолборын барилгын ажил явагдаж байна…

-Ингээд Хан-Уул дүүргийн 2011 оны эдийн засаг, нийгмийн зорилтоос 92 арга хэмжээ бүрэн хэрэгжиж 21 арга хэмжээ 70 хувийн биелэлтэй, 30 хувийн биелэлттэй 2 ажил, 50 хувийн биелэлттэй 1 арга хэмжээ байна. Дурдвал, Дүүрэгт 1000 хүний суудалтай нийслэлийн спорт цогцолборын газар шийдэгдсэн боловч хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс болж тасалдсан. Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийн газар шийдэгдсэн боловч хөрөнгө мөнгөөс болж тасалдсан. Туул голын нөхөн сэргээлтийн ажил хөрөнгө мөнгөнөөс болж тасалдлаа. Тасалдсан нийслэлийн спорт цогцолборыг усан бассейн бүхий спорт төв ашиглалтанд орсноо нөхөж болно гэж үзэж байна. Нийт 95.6 хувь байна.

-Хан-Уул дүүргийн эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх зорилтын тухайд төрийн үйлчилгээний төв байр ашиглалтанд орно…. Сургууль, цэцэрлэгүүд ашиглалтанд орно…. Дүүргийн ТҮК-д 16 шинэ машинтай өгнө…. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар … Яармагийн гүүрнээс нисэхийн товчоо хүртэлх 13,5 км зам тавьж эхэлнэ… Нийт 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай… Биокомбинатын замыг тавина… гэх мэт . 2012 онд дүүргийн төр захиргааны байгууллагын хэмжээнд иргэдийн идэвх, оролцоог дэмжих жил болгох саналтай байна.

Дараа нь асуулт, хариулт явагдав. Төсөв, мөнгөтэй холбоотой зарим нэгийг дурдая.

Төлөөлөгч Д.Азжаргал:

– 5 сая дээш гарсан худалдан авалт дээр тендер явуулах талаар асуудал байна шүү.

Төлөөлөгч Г.Мөнхбаяр:

… Цахим сургуулийн төслийн хэрэгжилт сул байна. Бас гэрэлтүүлгийн асуудал яаж шийдэгдэж байна вэ?

Засаг дарга Ж.Ганхуяг (төлөөлөгч):

– Үүнд 45 сая төгрөгийн төсөв баталсан. Бүх сургуулиудыг шилэн кабелиар холбохыг хүлээж байсан. Одоо бид үргэлжлүүлж бүх сургууль, цэцэрлэгүүдийг шилэн кабелиар холбоно.

-Дүүргийн гэрэлтүүлэг маш сайжирсан. Асалт 94,3 хувьтай байгаа. 56 сая төгрөг баталсан. Натри гэрлийг LED гэрлээр сольж байгаа тул эрчим хүчний зардал хэмнэгдэнэ.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулиудад лаборатори байгуулсан. Харин компьютер, сервер нь эвдэрхий байсан. Одоо ч ажилгүй байгаа.

Засаг дарга Ж.Ганхуяг:

-Одоо анх удаа сонсож байна. Арга хэмжээ авья. Баталгаат хугацаа байх ёстой.

Ингээд 2011 оны зорилтын хэрэгжилтийг “бүрэн хангалттай гэж дүгнээд 2012 оны зорилтыг хавсралтаар баталж 2012 оныг иргэдийн идэвх оролцоог дэмжих жил болгосугай гэсэн тогтоол батлав.

Дараа нь Хан-Уул дүүргийн 2012 оны төсвийн төлөвлөгөөг дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Даваадулам танилцуулж асуулт хариулт үргэлжлэв.

Асуулт, хариулт:

Төлөөлөгч Т.Пүрэвчулуун:

-Засаг даргын нөөц хөрөнгө гэж орон нутгийн нөөц хөрөнгө гэж мөн үү? 450 сая? [Мөн гэж хариулав]. Тэгвэл гамшгийн үед ч юм уу Засаг даргын нөөц хөрөнгөс зарах байх л даа. Өвөлжилтийн бэлтгэлийг хангахад хүндрэлтэй газрууд их байна. Эмнэлгийн байгууллагууд, тухайлбал 2-р хорооны өрхийн эмнэлэг дөнгөж 13 градус, нярай хүүхдийн өрөө 8 градус байгаа. 6 хороо аваарын байдал зарласан… Үүнд засаг даргын нөөцөөс зарах эрхтэй юу? Би 11-р сард албан бичиг өгсөн. 3 хүн дамжаад хаана байгаа мэдэгдэхээ больсон. Нөөц хөрөнгө зарах эрхгүй хүн өвөлжилтийн комиссоор томилогддог юм уу? Гамшгийн үед шуурхай байдлыг хангаж ажиллахгүй байгаагаас ханиад томууны үеэр хүндрэл учрах вий.

-Хот тохижуулахын төсөв бол шинээр дүүргийн хуралд орж байна. Мэдээж хотын төсвөөс санхүүждэг, дүүргээс санхүүждэг болж байгаа юм байна. Гуравдугаарт айл өрхөөс. Айл өрхийн 90 хувь өгдөг болсон гэж байна. Энэ их хөрөнгийг яаж зарцуулдаг вэ?

Засаг дарга Ж.Ганхуяг:

– Өвөлжилтийн комиссыг орлогч даргаар ахалж ажилладаг. Орлогч дарга тайлбар хийнэ.

Засаг даргын орлогч Л.Үнэнбат:

-Танай эмнэлгийн халаалтын асуудал 500 мянган төгрөгийг түргэн шийдэж өгсөнгүй гэж байна. 6-р хорооны бусад байр, эмнэлгүүд өөрсдийн стандартын байр байшиндаа ороод ерөнхийдөө хэвийн явж байгаа. Засаг даргын нөөц хөрөнгийн хэн нэгэн албан тушаалтан хүссэнээр шууд олгодог зүйл биш. Би өөрсдөө үзэх ёстой, нотлох ёстой. 6-р хорооны цогцолбор барилгад өрхийн эмнэлэг нь ордоггүй, ашигладаггүй. Одоо ажиллаж байгаа эмнэлгийн байр түрээсийнх юмуу хуучин байр юмуу гэдгийг тодруулах хэрэгтэй. Ирэх жилээс 6-р хорооны байранд өрхийн эмнэлэг орох ёстой байх гэж үзэж байна. Засаг даргын нөөц хөрөнгийг тийм түргэн шуурхай гаргадаггүй, тодорхой шат дамжлагатай, судалж тогтоодог. Өрхийн эмнэлгийн байранд эмнэлэг ажиллаж болохгүй гэсэн биш, засвар хийх шаардлагатай гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Ирэх жилээс засвар хийж орох шаардлагатай.

Засаг дарга Ж.Ганхуяг:

– Энэ жил өвөлжилтийн комисс нөөц сангаас 47,5 сая төгрөгийг гаргаж сургууль цэцэрлэгийн дээвэр, сантехникт зарцуулсан.

Дүүргийн ТҮК-ийн дарга Баттогтох:

-ТҮК-ийн хувьд бол мөнгө нэмэгдэж байгаа. Урьд нь 303 мянган метр кв талбай цэвэрлэдэг байсан бол одоо шинээр зам талбай ашиглалтанд орж 654.000 м2 цэвэрлэхээо болж байгаа. Биокомбинат, Өлзийтийн зам Хан-Уул дүүргийн ТҮК-т шилжиж ирж байгаа. Энэ үндсэн дээр мөнгө нэмэгдэж байгаа… Хогны ачилтын хувьд мөнгө 3 дахин нэмэгдсэн. Хур хог 30 хувь буурсан. Бодит байдал дээр 20-30 хувийг мөнгөгүй ачдаг. Нэг удаа өнжиж болохгүй юм уу гэж асууж байна. Төсвөөс орж ирдэг мөнгө шар хантаазтай гэдэг хүмүүст зарцуулагддаг. Гүйцэтгэлээрээ дүүргээс мөнгөө авдаг. Бид 10 жилийн гэрээтэй байгаа. Хан-Уул дүүрэгт хог их байгаа. Бид ажиллаж байна. 3-р сард машин техникийн хүрэлцээ сайжирвал хоггүй болох байх аа.

Төлөөлөгч Г.Мөнхбаяр:

-Дүүргийн ЗДТГ-ын төсвийн төсөл 2012 онд 147 сая төгрөгийг эд хогшил худалдан авахад тавьсан байна. Тодотголоор 140 сая төгрөг батлаад шүү дээ.

– Туслах арга хэмжээний зардалд нэн ядуу амьдралтай хүүхдийн ус их зөөж өсөлт хөгжилтөнд муугаар нөлөөлж байгаа гээд усны тэрэг авах санал оруулсан.

Дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Даваадулам:

-ЗДТГ-ын зардалд 2011 оны тодотголоор хөрөнгө оруулалтын зардалд 140 сая төгрөг батлуулсан. Энэ зарцуулагдаагүй, дансанд үлдэж байгаа. 2012 онд 147 сая төгрөг төсөвлөсөн. Үүгээр сонгуулийн өмнө байгуулагдах хэсгийн хороодод эд хогшил авна, бас тамгын газрын шинэ байр 8-р сард ашиглалтанд ороход эд хогшил авна..

Асуулт:

– Хаанаа ч хүрэхгүй гэдгийг яаж мэдэж байгаа юм?

Д.Даваадулам:

-Тамгын газарт 4 хэлтэс 7 албанд 125 хүн ажиллаж байгаа. Техник хэрэгсэл сүүлийн хоёр жилд шинэчлэгдээд дуусч байгаа. Харин ширээ, сандал намайг хорин хэдэн жилийн өмнө ажилд ороход байсан, тэрэн дээрээ суусаар байгаа. Шинэ байранд ороход бүх хэлтэс, албадын ширээ сандлыг шинэчлэх юм.

-Усны тэрэгт Мөнхбаяр гишүүний саналаар усны тэрэг худалдан авах нэрээ 10 сая төгрөг тавьсан

Төлөөлөгч Ц.Ганболд:

-Шинэ оны мэнд дэвшүүлье. Ирэх жил Лондонгийн олимпийн жил, Бүх ард түмний их наадмын жил. ЗГ-ын тогтоолын дагуу төсөвлөж орж ирсэн. 30,3 сая төгрөгийн 3 саяыг яагаад хассан бэ? Нэмж өгнө үү?

Засаг дарга Ж.Ганхуяг

– Бүх ард түмний 13-р их наадам зохион байгуулахад 33 сая төгрөг орж ирсэн. Төсөв 30 сая төгрөг баталсан. 3,8 сая төгрөгийг илүү зардал байна гэж үзээд хассан.

Санал шүүмжлэл эхэллээ.

Төлөөлөгч Б.Мөнхжаргал (ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга):

-Өчигдөр бүлгийн хурлаар 2 санал гаргаж Батбилэг даргад өгсөн байгаа. Хан-Уул дүүргийн орлого давалтаас төлөвөлсөн 370 сая төгрөгийг 32 сая төгрөгөөр бууруулж 338 сая төгрөгөөр батлах, мөн дүүргийн хог хаягдал устгах цэвэрлэхэд тусгасан 80 сая төгрөгийг 4 саяар бууруулж 76 сая төгрөгөөр батлах. Шинээр нэмж Иргэний бүртгэл мэдээллийн тасаг, Хан-Уул дүүргийн тамгын газарт нэг нэг автомашин худалдан авахад нийт 32 сая төгрөг батлах, Туул тосгоны ажлын албаны төсвийн нэг удаагийн тэтгэмж урамшуулллыг 4 сая төгрөгөөр нэмж 30,570 сая төгрөгөөр батлах.

Төлөөлөгч Ч.Нямдаваа:

-Бид төлөөлөгчдийн эрүүл мэндэд зориулсан мөнгө төсөвлөж болдоггүй юм уу? Бид дөрвөн жил суух хугацаанд бүгдээрээ нэг газарт очиж амрах ч юм уу эрүүл мэндийн асуудлаа шийдэх дээр ямар нэгэн нэгдсэн арга хэмжээнд орсонгүй. Ярьж байгаа тодорхой хэмжээний мөнгө оруулж болдоггүй юм уу?

Төлөөлөгч Ё.Цацралтуяа:

-Гадаад албан томилолтын мөнгө нэмэгдэж орсон уу? Бид Америк, Солонгос, Хятад улсуудтай олон гэрээ хэлэлцээр хийсэн. Хэрвээ тусгаагүй бол нэмэгдүүлж оруулах саналтай байна.

Төлөөлөгч Э.Түвшин:

-ЗДТГ-ын төсвийн төслөөс юм асууя.

[Яг энэ мөчид ИТХ-ын дарга Батбилэг “Иргэд төсвөө хянана” сүлжээний төлөөллийг олны өмнө загнасан юм. Дүүргийн амжилтыг ярьж байхад биш, харин ЗДТГ-ын эд хогшил, төлөөлөгчдийн “эрүүл мэнд”, гадаад томилолтын мөнгийг нэмэх тухай ярьсныг иргэний нийгмийн төлөөлөл сонссонд дургүйцсэн байх. Дүүргийн ЗДТГ-ын хуулийн зөвлөх болон ИТХ-ын ажлын албаныхан ирж хэд хэдэн “байцааж”, танхимаас гарахыг шаардсан нь үүнтэй холбоотой байж мэднэ. Тэдэнд дээрээс үүрэг өгсөн болов уу]

Төлөөлөгч Э.Түвшин:

– 2011 оны төсвийнтодотголоор 140 сая төгрөгөөр эд хогшил худалдаж авна гэсэн байна. 2012 оных дээр 147 сая, нэмэхлээр 287 сая төгрөгийн эд хогшил авах юм болоод байна. Барилга маань 8 сард ашиглалтанд орно. 2012 оны 6-р сард төсвийн тодотголоор хэлэлцэж болдоггүй юм уу. Урьд нь бэлтгэсэн, төлөвлөсөн эд хогшил худалдаж авах юм байгаа юм уу?

Д.Даваадулам:

– Би сая хэлсэн. 140 сая төгрөгийг зарцуулаагүй байгаа. Хороодын эд хогшил, тамгын газрын бүх хэлтэс, тасгийн эд хогшил байгаа. Манай энэ шинэ байранд хурлын зардал гэхэд хоёр байгаа. Түүнд бас хөрөнгө гарна. 9-р сар гэхэд орчих байх. Иймээс бид наана нь 5,6 сард эд хогшлоо худалдаж авах шаардлагатай. 6-р сард төсвийн тодотгол хийх эсэх нь тодорхой бус байгаа. Жил жилийн тодотгол 12-р сарын эхэнд юм уу, 11-р сарын сүүлээр ордог. Иймээс бид юмаа эхнээс нь бэлтгэж байхгүй бол болохгүй.

Төлөөлөгч Э.Түвшин:

– Төсвийн тодотгол дээр мөнгө орж ирэхгүй юм байна

Төлөөлөгч Д.Даваадулам:

– Байрнаас шалтгаална, хаана нь ямар ямар эд хогшил байлгахав гэдгээс шалтгаална.

Засаг дарга Ж.Ганхуяг:

-9 давхар барилга юм. Дэргэдэх хэлтсүүд, манай онцгойгоос эхлээд мөнгө байхгүй, юу ч байхгүй. [Танхимд инээд болж хөгжилдөв]. Нээрээ мөнгө байхгүй. Ширээ сандал гараашдаа байдаг. Байранд ороход татвар, мэргэжлийн хяналтанд ингэж хангах зардал байхгүй. Үүнийг нь шийдэж өгье гэж байгаа юм.

Төлөөлөгч:

-Цацралтуяа төлөөлөгчийн гаргасан зардал дээр би горимын санал гаргамаар байна. Төлөөлөгчдийн гадаад томилолтын асуудал дээр 50 сая гэсэн …. тоо оруулаад санал хураалгачихья гэж бодож байна. Ирэх жил иргэдийн хурлын төлөөлөлчдийн гадаад томилолт нэлээд өргөн байгаа учраас ингэх нь зүйтэй байх

[Төлөөлөгчид ярилцав].

Хурал даргалагч, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Т.Баясгалан:

-ЗДТГ-ын тавилгын зардлаас 50 саяыг хасаад ИТХ-ын гадаад томилолтын арга хэмжээн дээр оруулж болно гэсэн саналыг Засаг дарга гаргаж байна. Бүлгээс гаргасан саналаар тогтоолыг төслөө батлуулаад явья… Тамгын газрын эд хогшил дээр байгаа 147 саяыг 140 саяар үлдээгээд 47,250 сая төгрөгийг Иргэдийн хурлын гадаад албан томилолтын зардал руу шингээгээд батлая.

Ингээд Хан-Уул дүүргийн 2012 оны төсвийн төслийг батлах тухай тогтоолыг төслийг дүүргийн төсвийн нийт орлого – 12.591.491,8 мянган төгрөг, дүүргийн нийт зарлага – 6.279,497,1 мянган төгрөг, үүнд 1. Дүүргийн ИТХ (Үүн дээр 50 сая төгрөг нэмэгдэж батлагдаж байгаа учраас 649 сая биш 699 сая 68 мянга), 2.Дүүргийн Засаг даргын тамгын газар (сая Засаг даргын саналаар 47 сая 250 мянган төгрөг хасагдахалаар 2,195,721,3 мянган төгрөг), 3. Туул тосгоны ажлын алба 4 сая нэмэгдээд 178,597,8 мянга гэх мэтээр уншиж хөрөнгө оруулалт зэргийг хавсралтаар оруулж санал нэгтэй батлав.

Дараа нь Хан-Уул дүүргийн газар, зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөний биелэлт, 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дүүргийн газрын албаны дарга Л.Отгонбаатар танилцуулж товчхон хэлэлцэж бүрэн хангалттай гэж үзээд төлөвлөгөөг хавсралтаар баталсан юм.

Хуралдааны төгсгөлд дүүргийн ИТХ ба Тэргүүлэгчдийн тайланг хэлэлцэх үеэр танхимд байсан төлөөлөгч бус хүмүүсийг гаргасан ба 11 цагт эхэлсэн хуралдаан нэг завсарлаад өдрийн 14.00 цаг өнгөрч байхад өндөрлөсөн юм.

P.S:

Хуралдаанаас хойш 20 хоног өнгөрөөд байхад дүүргийн http://www.khanuul.mn сайтад уг хуралдааны тухай болон батлагдсан төсвийн ямар  ч мэдээлэл тавигдаагүй хэвээр байлаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: