ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Говь-Алтай аймгийн ИТХ-ын X хуралдааны тэмдэглэл

Posted by ИТХ on 2012/01/14

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний хүсэлтээр тус аймгийн “Алтай-Швейцарын сан” ТББ-ын тэргүүн Ч.Цэцэгмаа болон С.Ившинхорол нарын уг хуралдаанд сууж ажиглалт хийсэн тэмдэглэлийг товчлон нийтэлж байна.

Өглөөний 9.00 цагт аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга В.Рэнцэндорж хурлын танхимыг иргэний танхимын зориулалтаар шинээр тохижуулсан талаар товч мэдээлэл хийлээ Аймгийн хэмжээнд нийт сумдын Иргэний танхимын тохижилтонд зориулан орон нутгийн засаглапыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын хүн амын сангаас 72 сая төгрөгийн санхүүжилт хийсэн талаар мэдээлж танхимыг тохижуулахад тус аймгийн Дариймаа захиралтай “Уран охид” ХХК богино хугацаанд ихээхэн үр нөлөөтэй ажилласан болохыг танилцуулж , урьд нь “Иргэний танхим”-аас өмнө нь хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан ба энэ удаа танхимыг бүрэн тохижуулж аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг оролцуулан нээлт хийж байгааг мэдэгдэв. Хүндэтгэлийн туузыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат, Засаг дарга Ш.Амгаланбаяр, Засаг даргын орлогч, аймгийн Ардчилсан намын дарга Х.Энхбаяр, Сайн засаглалыг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч Г.Даржаа, “Уран охид “ХХК-ны захирал Г Дариймаа нар хайчилж танхимыг нээлээ.

Хуралдааны үйл ажиллагааг орон нутгийн радио, “Миний нутаг” телевизээр шууд дамжуулсан болно. Мөн танхимд байрлуулсан дэлгэцээр тайлан илтгэл, холбогдох тоо баримт судалгааг шууд харуулж, хурлын явцыг ажлын албанаас камерт бичиж авлаа.

Оролцвол зохих 28 төлөөлөгчийн 27 нь хүрэлцэн ирснээр 96,4 хувийн ирцтэй эхэллээ. /Төлөөлөгч нь шилжсэн 3 тойрогт нөхөн сонгууль болоогүй/. Дараа нь хуралдааныг удирдах нарийн бичгийн даргаар Есөнбулаг сумаас сонгогдсон төлөөлөгч Х.Оросоог сонгож, хуралдааны хэлэлцэх асуудал, дэгийг урьдчилан тараасны дагуу баталлаа.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  Тэргүүлэгчдийн 2011 оны үйл ажиллагааны тайлангийн тухай илтгэлийг аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат тавив. Хуралдаанаар хэлэлцэх материалыг ИТХ-ын тэргүүлэгчдэд 7 хоногийн өмнө албан ёсоор өргөн барьж төлөөлөгчдийг мөн 7 хоногийн өмнө ирүүлж материалыг танилцуулж байнгын комиссууд, намын бүлгүүдийн хурлаар “маш нухацтай хэлэлцэж гарсан саналуудыг бүрэн тусгасан” тул илтгэлүүдийг багцалж Засаг даргын тавих илтгэлийг сонссоны дараа ИТХ ба Засаг даргад хандаж тавих асуулт, саналыг хамтруулан хэлэлцэхээр болов. Ингээд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, аймгийн эдийн засаг нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай илтгэлийг аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр тавьсан юм.

Асуулт, хариулт:

Төлөөлөгч Т.Ганзориг:

–       Аймгийн хоёр даргын илтгэлд хариуцлагатай уул уурхайн талаар дурдаад аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайд очсон талаар хурлын дарга илтгэж байна. Тонхилын Шар хоолойд олон хүнд даацын машин олборлолт хийж , байгаль орчныг сүйтгэсэн. Энэ хүмүүс нөхөн сэргээлтийг журмын дагуу хийхгүй нь мэдээж шүү дээ. Энэ журам зөрчсөн асуудал мөн үү?

–       2011 онд хоршоо байгуулах асуудлаар аймгийн ИТХ-ын тогтоол гарсан. Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, иргэдэд зээл олгох асуудлаар тогтоол гарсан. Энэ тогтоолд хоршоо байгуулах асуудал тусгагдаагүй. Иймд хоршоо байгуулаагүй сум аймгийн хэмжээнд хэд байна вэ? Хоршоо байгуулаагүй сумд зээлийн мөнгийг иргэдэд олгох ёстой биш үү?

ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат:

–       Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх нь нэн чухал асуудал Орон нутгийг ухаж сэндийлэхийн нэр биш. Бигэр сумд хоёрхон өдөрт 20000 хүн цугларч алт ухаж байсныг мэднэ. Иймээс аймагт эхний бодлого бол Говь-Алтай аймаг нинжа аймаг байхгүй байх. Засгийн газрын гаргасан журам, зааврын дагуу хүмүүс зохион байгуулалтанд орж алт олборлох бол дэмжинэ. Гэтэл хүмүүс тэгддэггүй. Иймээс сүйтгэсэн нүхийг дарж нөхөн сэргээлт хийлгэх зорилготой шийдвэрийг хурал гаргана. Тэр олборлолт хийсэн хүмүүс Ямаан усны хөндий, Шар хоолой, Даланд нөхөн сэргээлт хийнэ гэсэн. Шар хоолойд эхлээд ажилласан компани нь нэрээ өөрчилсөн, гэхдээ эднийх ухсан нүхэндээ нөхөн сэргээлт хийсэн. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д. Түмхүү, Банзайнгаяа, Баттөр нарын зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчид очиж газар дээр нь үзэж хуралдсан Энэ асуудлыг Тагнуулын хэлтсийн даргатай мэргэжлийн хүмүүс оролцсон ажлын хэсэг очиж үзсэн Хийж буй зүйлийн хувьд сөрөг зүйл байхгүй байна гэсэн. Бид ч явж үзсэн энэ асуудалд ашиг сонирхлын зөрчил байх шиг байна гэж хариулав

Аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр:

–       Аймгийн хэмжээнд 248 хайгуул, ашиглалтын лиценз байдаг. Үүний 11 нь ашиглалтын лицензтэй. Би Улаанбаатар хотод очоод зарим хүмүүсэй уулзсан. Зарим компани нь 27 лиценз эзэмшиж хуулийн хүрээнд гэрээ хийсэн байв. “Хүннү” компани нь гэрээгээр аймгийн төсөвт 315 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, 245 сая төгрөгийн нөхөн сэргээлт хийнэ Гэрээг эхлээд Засаг даргатай хийдэг.

–       Хоршооны тухайд сум хөгжүүлэхэд 50 сая төгрөгийг өгөөд хөгжсөн түүх байхгүй Иймд 50 сая төгрөгийг хувааж, эзэмших биш хоршооны гишүүд өөрсдөө нэмж 50 саяыг гарган сум бүрт 100 сая төгрөгтэй хоршоо байгуулан цаашид жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуйг хөгжүүлж, хөрөнгө оруулалт хийх зорилго тавьж байна. Иймээс Засгийн газраас ирүүлсэн 50 сая төгрөгийг олон нийтэд хөрөнгө оруулалтаар нялзаах бодлого баримтлахгүй.

Төлөөлөгч Т.Ганзориг:

– Засгийн газрын тогтоолыг зөрчиж зээлийн зорилгыг нь өөрчилж байна шүүдээ?

Аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр:

– Тогтоолыг ор тас зөрчөөгүй. Зохих хүмүүс ярилцаад шийдвэр гаргасан.

Төлөөлөгч Т.Ганзориг:

– Энэ тогтоол хоршоо хөгжүулэх гэж гарсан уу? Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж гарсан уу?

Аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат:

– Тогтоолын хүрээнд хоршоог хөгжүүлбэл хоршоогоор дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь үр дүнтэй шүүдээ. Бид өмнө нь сум хөгжүүлэх сангийн мөнгийг яаж зарсан нь тодорхой биздээ. Зарим Засаг дарга нар ах дүү, танил тал хэдэн хүндээ тарааж ямар ч амжилт олоогүй тул хоршоогоор дамжуулах чиглэл өгсөн

Төлөөлөгч Б.Авирмэд (“Буян-Ундрал” хоршооны захирал):

– Сум хөгжүүлэх сангийн мөнгийг тарааж өгвөл 5 айл өрхийн амьдралыг дээшлүүлж болно. Аймаг энэ хөрөнгийг сумын ард иргэд олон хүнд хүргэж чадвал айл өрх бүрт хүргэх зорилготой. Энэ асуудлаар аймгийн ИТХ журам гарсан. Хоршихгүй байх гэсэн сэтгэлтэй нэг ч малчин байхгүй. Жалгын нэг тарсан малчид хоршихоос өөр аргагүйг ойлгосон Ард иргэдийн амжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй, газар тариаланг ойлгосон гэлээ

Төлөөлөгч Т.Ганзориг:

– Засгийн газрын тогтоолыг аймгийн ИТХ: Засаг дарга өөрчлөх эрх бий юу?

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Батзориг:

–       Хэдийгээр тогтоолд зээлийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олгохоор заасан хэдий ч манай аймагт 2010 оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байсан Иймд малчид тариаланчдыг дэмжих чиглэлээр аймгийн ИТХ-ын тогтоол гарсан.

Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Отгонбаяр:

–       Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийг хянах газар нь Захиргааны хэргийн шүүх. Бид зөв бурууг тогтоохгүй Харин хэрэгжүүлэх л үүрэгтэй. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэхүү тогтоол нь МАА, газар тариаланг дэмжиж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн,

Аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр- Бид олонхийн саналд тулгуурлан хоршоог дэмжиж түүгээр дамжуулан жижиг. дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой

Төлөөлөгч Б.Заяабаатар (Халиун сум):

–       Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид тойрогтоо ажиллаад сонгогчдоос гарсан саналыг шийдвэрлэж чадаагүйг аймагт явуулдаг. Зарим саналыг хурал дээр уламжилж хэлдэг Хурлын тайлан илтгэлд төлөөлөгчдөөр дамжуулж хэдэн санал ирж хэрхэн шийдвэрлэсэн талаар хэрхэн тусгасныг тодруулж өгнө үү?

–       Засаг даргаас асуух зүйл байна Энэ оны 6-р сард болсон аймгийн ИТХ-ын IX Хуралдаан дээр аймгийн Засаг даргын хөтөлбөрийн биелэлтийг 78 хувьтай гэсэн энэ хурлын илтгэлд 87,7 хувьтай байгаа гэж дурьдлаа Биелэгдээгүй асуудлууд үлдсэн хугацаанд бүрэн биелэгдэх үү?

–       Сумын сонгогчдыг төлөөлж тавих санал гэвэл Халиун сумын цэцэрлэгийн барилгын засвар, халаалт, соёлын төвийн засварын зардлыг энэ онд шийдэж өгнө үү?

Аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат:

 – Тайлант онд аймаг, сумын ИТХ-ын ажлын цар хүрээ өргөжиж төлөөлөгчид тойрогтоо ажиллах ажил сайжирсан Бүх төлөөлөгчид 10-аас доошгүй санал нэгтгэж ирүүлсэн. Энэ талаар ажлын албанд тодорхой судалгаа бий Би энэ асуудлыг илтгэлдээ товч дурьдсан. Дэлгэрэнгүй судалгааг та нарт ажлын албанаас слайдаар харуулна. Хурлын төлөөлөгчид 7 хоногийн өмнө ирж, хэд хэдэн удаа асуудлыг янз бүрийн байдлаар хэлэлцэж маш тодорхой ярьж, сумдын удирдлагууд хурал, семинарит оролцож нэгдсэн ойлголтонд хүрсэн Таны тавьсан зарим асуудлууд төсөв хэлэлцэх үеэр тодоорхой болно гэв

Аймгийн Засаг дарга Ш. .Амгаланбаяр:

– Би иргэний зориг сайтай ажиллаж байна. Аймаг хөгжүүлэх чиг хандлагыг салбар салбараар тавих зорилтын хүрээнд авч үзсэн. Манай салбар хариуцсан дарга нар салбарын яамдтай муу ажиллаж байна. Би Улаанбаатар хотод ажиллах бүртээ 50-100 сая төгрөг олж ирдэг.

– Үйл ажиллагааны хөтөлбөр биелэгдэх боломж байгаа. Хөтөлбөрийг анх боловсруулахдаа Засгийн газрын хөтөлбөрийн зүйл заалтыг хуулбарлан авсан учир тэнд тусгагдаад тасарч байгаа зарим заалтууд биелээгүй заалт юм Хурал, ЗДТГ хоёр бол нэгдмэл үйл ажиллагаатай цул юм шүү

– Би ирээд нэг жил ажиллалаа. Одоо зарим асуудлаар хариуцсан хүмүүстэй хариуцлага тооцох болсон. Халиун сумын цэцэрлэг, соёлын төвийн засварын тухайд Боловсролын байгууллагын ажил шүүдээ. Аль 8-р сард төсөв боловсруулж Сангийн яаманд явуулсан. Босоо удирдлагатай байгууллага. Цэцэрлэгийн халаалтын асуудлыг шийдэж өгнө

Төлөөлөгч С.Бат-Эрдэнэ:

– Хоршоо хөгжүүлэх талаар хурлын гаргасан шийдвэр яг газар дээрээ хэрэгжилт нь ямар байна вэ? Би саяхан тойрогтоо ажиллаад ирлээ. Манай тойргийн зарим хүмүүс энэ асуудалд сэтгэл дундуурхан, хоршооны гишүүн хэдхэн өрхөд л үйлчилж байна гэж ярив. Энэ талаар тодруулно уу?

Аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр

– Сумдын Засаг дарга нартай байгуулсан гэрээнд хоршооны талаар маш тодорхой заалт орсон. Нэгэнт байгуулагдсан хоршоодод дахин хяналт, сургалт хийнэ. Хоршооны дүрмээр даргыг өрсөлдөөний шугамаар дахин сонгож болно. Хамт олон нь үйл ажиллагааг нь хянаж өөрчлөх эрхтэй. Засаг даргын хувьд хоршоодын үйл ажиллагааг дахин шалгаж өгсөн 50 сая төгрөгийн үр дүнг тооцож дараагийн мөнгийг хэрхэн өгөх асуудлыг шийдвэрлэнэ

Төлөөлөгч Жаргалсайхан (“Хас” банкны салбарын захирал):

–       Хүнсний аюулгүй байдлыг анхаарахтай холбоотой ямар ажил зохион байгуулсан бэ?

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Гаваа:

–       Улирал бүр аймгийн төв болон хөдөө орон нутагт графикаар манай мэргэжилтнүүд ажиллаж холбогдох арга хэмжээ авч байна. Харин аймгийн төвд гурил савлах асуудал байсаар байна Холбогдох эздийг нь илрүүлээд цагдаагийн байгууллагад өгдөг ч үр дүн гарахгүй байна Үүнийг хаана хаанаа анхаарч ажиллаасай

Хурлын явц дундуур сумдын удирдлагуудын бүртгэл хийж Төгрөг, Цээл, Дарви, Бугат зэрэг сумдын зарим хурлын болон Засаг дарга байхгүй байгааг зориуд анхааруулга өглөө.

Төлөөлөгч А.Банзаагааяа (АУК-ийн дэд захирал):

–       Зүүн Ази номхон далайн бүсийн орнуудын туршлагаар эмнэлгийн байгууллагууд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж ажиллахаар болсон энэ ямар шатандаа явж байна?

Эрүүл мэндийн газрын дарга Х.Дорждагва:

–       Аймгийн нэгдсэн эмнэлэг шинээр чанарын алба байгуулан тодорхой бүтэцтэйгээр ажиллаж эхлээд байна Цаашдаа улам өргөжиж чанарын удирдлагын тогтолцоог бодитойгоор хэрэгжүүлэх болно.

Төлөөлөгч А.Энхбаяр (Аймгийн Засаг даргын орлогч):

–       Гар аргаар алт олборлогчдын эвдсэн газрыг нөхөн сэргээх талаар ямар ажил зохион байгуулж байна? Хулгайд малаа алдсан малыг олох илрүүлэх талаар ямар ажил зохион байгуулж байна Энэ асуудлаар Мөнх зэрэг малчид гомдол гаргаад байгаа шүү дээ. Алтайд байгуулах усан бассейн асуудал чинь Алтайн ард гүмний хүсэн хүлээсэн чухал асуудал мөн үү?

Мэргэжлийн хяналтын газрын дарга Гаваа:

–       Гар аргаар алт олборлогчдын эвдсэн газрыг нөхөн сэргээх асуудлаар орлогч дарга та өөрөө бидэнтэй хөдөө сумдаар явж ажилласан билээ. Тонхил сумд эвдэрч хаягдсан газрыг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэсэн байгууллага нь нөхөн сэргээлт хийх эрхгүй байсан тул манай байцаагч акт тавьж зогсоосон Ер нь нөхөн сэргээх ажлыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд аймгаас зориуд комисс томилж газар дээр нь үзлэг хийж тодорхой хөрөнгө төлөвлөж байж хэрэгжүүлэхгүй бол хэн дуртай нь ирж ухсан жаахан газар булснаа нөхөн сэргээлт хийсэн гэж худлаа ярьж дүр эсгэх хэрэггүй шүү дээ. Харин гар аргаар алт олборлогчидтой цаашид төрийн байгууллага яаж хамтарч ажиллах боломж байна, түүнийхээ дагуу ажилламаар байгаа.

ИТХ-ын дарга ТЭрдэнэбат:

–       Мэргэжлийн багаа тухайн газар луу явуулаад нүдээр үзэж харах хэрэгтэй Одоо чинь өдөр хоногоор өөрчлөгддөг цаг болсон Гаваа дарга та юу хийснийг нь өөрөө очиж үзэх хэрэгтэй.

Мэргэжлийн хяналтын газрын дарга Гаваа:

–       Бид мэргэжлийн багаа явуулаад зохих арга хэмжээг нь аваад ирсэн

Цагдаагийн газрын дарга Батбаатар:

–       Малын хулгайтай тэмцэх талаар манай байгууллага зэргэлдээ аймгуудын цагдаагийн байгууллагатай харилцаа холбоотой ажиллаж байгаа. Энэ 2011 онд гарсан малын хулгайн хэргийг бүгдийг илрүүлсэн. Асуудал тавиад байгаа малчин Мөнх гуайн тухайд манайд албан ёсоор өргөдөл хүсэлтээ өгөөгүй болохоор ямар асуудал тавьж байгааг нь мэдэхгүй

Аймгийн Засаг дарга Амгаланбаяр:

–       Усан бассейны асуудал нь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон. Бид хөрөнгө мөнгө боломжийн болсон үедээ бүтээн байгуулалтын ажлаа дуусгадаггүй юмаа гэхэд эхлуүлэх хэрэгтэй гэж бодож байна Энэ асуудлаар Засаг даргын зөвлөл болон ИТХ-ын байнгын хороодоор хэд хэдэн удаа хэлэлцсэн, орлогч дарга та өөрөө байсан байгаа. Үүнийг зөвхөн усан бассейн гэдгээр бус орчин үеийн стандартын шаардлага хангасан усан бассейнтэй, амардаг танхимтай иж бүрэн обьект байж, эрүүл мэнд усан чийрэгжүүлэлтийн төв гэсэн нэртэй, алтайчуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн Соёл амралтын хүрээлэн байх болно гэж үзэж байна. Энэ нь одоо байгаа Хүүхдийн паркыг түшиглэн түүнийг тохижуулан хуримын ордон болон гэр буудлын цогцолбор бүхий стадионтой байхаар уг ажлыг эхлэх ёстой гэж тооцож байгааг та бүхэн зөвөөр ойлгоорой. Мөн Алтай хотод тулгамдаж буй асуудлыг шийдэх хэмжээний хөрөнгийг ч босгох ёстой гэж бодож байна

Төлөөлөгч Балбаатар:

–       Есөнбулаг сумын баруун өвөрт 2 айлын хоёр үхэр /шар/ маш богино хугацаанд алга болсон энэ талаар юу хийж байна

Цагдаагийн газрын дарга Х.Батбаатар:

–       Энэ асуудлаар манайд өргөдөл хүсэлт ирээгүй

Төлөөлөгч А.Хүрэлбаатар:

–       Сумдыг биеийн тамирын арга зүйчтэй болгох уу?,Олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд ямар шагнал урамшуулал олгодог вэ? Үлийн цагаан оготно устгах, инженерийн хийцтэй худаг гаргах асуудлыг ямар журмаар шийдэж байна? 3асаг даргын мөрийн хөтөлбөрт 50, 30, 10 хувьтай байгаа асуудлууд биелэгдэх боломж хэр байна?

Аймгийн Засаг дарга Амгаланбаяр:

–       Сумдад биеийн тамирын арга зүйчийг дээд байгууллагаас хөрөнгө баталж өгсөн нөхцөлд ажиллуулах боломжтой. Бид энэ жил нилээн хөөцөлдсөн нааштай хариу авч чадахгүй байгаа тул 2012 онд биеийн тамирын арга зүйчтэй болгоно гэж хэлж чадахгүй. Харин олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд Засаг даргын нөөц хөрөнгөнөөс журмын дагуу мөнгөн тэтгэмж олгодог. Энэ жилийн шагналыг он гаргаад өгнө.

ХААУГ-ын дарга Мөнхбаатар:

–       Үлийн цагаан оготно устгах ажлыг бид шийддэггүй ХХААХҮЯ-наас мэргэжлийн байгууллага ирж судалгаа шинжилгээ хийсний дагуу устгал хийх газраа сонгодог. Инженерийн хийцтэй худгийг сумдаас ирүүлсэн саналыг үндэслэн тухайн жилийн төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлдэг.  Энэ 2011 онд 21 худаг засварласан

Төлөөлөгч А.Отгонбаяр (Цогт сум)

–       Цогт сумын 2012 оны төсөвт тусгахаар саналаа өгсөн ч боловсролын холбоотой чухал асуудал тусгаагүй байна Баянтооройн сургуулийн дотуур байр 76 хүүхдийн ортой одоогоор 124 хүүхэд байна. Үүнийг шийдэж өгөөч гэсэн саналыг удаа дараа өгч байсан. Дарга нар та бүхэнд ч үзүүлж байсан. Энэ асуудал юу болоод хасагдав аа? Мөн манай сумын хүн эмнэлэгт машин өгнө гэсэн хэзээ өгөх вэ?

Аймгийн Засаг дарга Амгаланбаяр:

–       Үндсэн чиглэлд холбогдох агентлаг нь асуудлаа сайн хөөиөлдөж оруулах ёстой Тэгэхээр боловсролын байгууллагын ажлын хариуцлагатай холбоотой Боловсрол соёдын газрын дарга Батмөнх нэмэлт тайлбар өгөв Баянтооройд саяхан шинэ сургууль ашиглалтанд орсон Дотуур байрны тухайд 2013 оноос эхлэх очер дараалалын дагуу баригдах төлөвлөгөөтэй

Эрүүл мэндийн газрын дарга Дорждагва:

–       Цогт Баянтооройн машины гүйлтийн норм дуусаагүй байгаа. Гэхдээ энэ жил шинээр бараг ирэх байх. Ламбаа сайдад албан ёсоор танилцуулсан. Харин Халиун, Дарви сумдын эмнэлгийн барилгын засварын зураг төсөв хийгдсэн. Энэ жил засвар хийгдэнэ

Төлөөлөгч Баярмагнай (Алтай сумын засаг дарга):

–       Төсвийн тодотголоор маш их мөнгө тавигджээ. Жишээ нь, сум багийн шуудан хүргэлтэнд 1,0 тэрбум, цагдаагийн парк шинэчлэлд 400,0 сая, Байгаль хамгаалагчийн мэдээллийн төвийн байр 100,0 сая гэх мэтээр тавьжээ. Эдгээр асуудлууд шийдэгдсэн юм уу, ямар учиртай юм бэ?

Аймгийн Засаг дарга Амгаланбаяр:

–       Дээрхи асуудлууд бүгд энэ жил шийдэгдсэн бөгөөд хөрөнгө нь хүрээгүй тул тодотголоор мөнгө нэмэгдсэн байгаа.

Шуудан холбооны дарга Пүрэвсүрэн:

–       2011-2012 онд шуудангийн байгууллагад шуудан тээврийн хоёр машин өгнө гэсэн Бид 7 сум бүрт 7 хоногт 1-2 удаа шуудан хургэх болно.

Төлөөлөгч А.Амартүвшин:

–       Аймгийн шигшээ баг байгуулна гэж 2011 оны үндсэн чиглэлд тусгасан байсан, энэ асуудал хасагдсан байна, яагаад вэ? Байгал орчны чиглэлээр сайн дураараа мод тарьсан иргэдэд урамшуулал олгох ёстой. Энэ асуудал ямар шатандаа явж байна?

Аймгийн Засаг дарга Амгаланбаяр:

–       Манай байгаль орчны алба маш муу ажиллаж байгаа. Хууль эрх зүйн дагуу ажиллаж чадахгүй байгаа гэдгийг анхааруулж байна

Байгаль орчны газрын ажилтан:

–       Сайн дураараа мод тарьсан иргэдэд 3 жилийн дараа тарьсан модны амьдралтыг нь үзэж 80 хувиас дээш амьдралттай бол урамшуулал өгөх ёстой Одоогоор 3 жил болсон иргэн байхгүй.

Аймгийн ИТХ-ын дарга Эрдэнэбат: Үндсэн чиглэлд оруулах ёстой асуудлаа та нар сайн оруулж байгаач. Асуудлаа өөрсдөө оруулахгүй, ажлаа хийхгүй байдгаа болимоор байна,

Аймгийн Засаг дарга Амгаланбаяр:

–       Аймгийн шигшээ баг байгуулах талаар хөөцөлдөж үзсэн. Дээрээс хөрөнгө батлахгүй байгаа тул аймаг өөрөө хөрөнгийг нь хариуцаж байгуулах боломжгүй тул хасагдсан.

Төлөөлөгч Балбаатар:

–       Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 21 худаг засварласан гэж орсон Гэтэл барилга хот, байгуулалтын тайланд 19 худаг гэж оржээ. Аль нь зөв юм бэ тоо мэдээгээ яаж нэгтгэдэг юм бэ

ХААУГ-ын дарга Мөнхбаатар: 2011 онд 21 худаг засварласан нь үнэн тоо юм “Ус-Алтай” ХХК тендерт шалгарч эдгээр худгийг 300,0 гаруй сая төгрөгөөр засварласан байгаа

Санал шүүмжлэл:

Төлөөлөгч Ганзориг (Зам засварын газрын дарга):

–       Хоёр даргын илтгэлийн сонслоо. Эдгээрт сайн ч хийгдсэн ажлууд байна Шүүмжилмээр ч ажил нилээн байна Аймгийн хурлын дарга та хүн юм хэлэхээр урдаас адраад, хүний өмнөөс хариулаад бүх асуудлыг өөр дээрээ татаад байх ямар хэрэг байна? Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр дээр доргүй л ярьж хөөцөлдөж байгааг та өөрөө ч мэдэж байгаа Тийм учраас МХА-ны ажлыг өөр дээрээ татаж авах шаардлагагүй. Бас аймгийн Засаг дарга орлогч дарга хоёр бие биенээсээ асуулт асуух юм Энэ асуугаад байгаа ажлаа хоорондоо ярилцаж шийддэггүй юм уу?

Төлөөлөгч Пүрэвдорж (Есөнбулаг сумын орлогч дарга):

–       Цэнгэлдэх хүрээлэнгийн асуудал хасагдсан байна Үүнийг тохижуулаад байнгын ажиллагаатай болгож болохгүй юм уу? Мөн Алтай хотын хог тээврийн асуудал цаг үеэс нилээн хоцрогдлоо. Үүнийг зориуд анхаарч хог тээврийн машины асуудлыг шийдэж өгмөөр байна. Боловсролын байгууллагын бөөн асуудлыг задалж, ямар ямар сургууль, цэцэрлэгийн барилга засварлах зэргийг задалж өгмөөр байна. Мөн Тайшир сумын халаалтын асуудлыг нь шийдэхэд тусалж болохгүй юу Хувийн байгууллага гэж үзээд хассан юм байна. Энд хамгийн гол нь төв шугамыг нь шинэчлэхэд бага хэмжээний туслалцаа дэмжлэг үзүүлэхэд нь болох юмаа Тэгээд орон нутгийн өмчид бүртгээд авч болно гэж ойлгож байгаа тул анхаарч үзээч гэж хүсэж байна

Төлөөлөгч Заяабаатар:

–       Аймгийн хурал, Засаг даргын зүгээс нүдэнд үзэгдэж гарт баригдахаар нилээн юм хийсэн байна гэж узэж байна. Одоо үлдсэн бага хугацаанд дутуу байгаа ажлуудаа гүйцээх талаар их анхаарч ажиллах хэрэгтэй. Тэр эрүүл мэнд, усан чийрэгжүүлэлтийн төвийг эхлээд орхих биш бүр дуусгах хэрэгтэй гэж хэлмээр байна. Сум хөгжүүлэх сангийн мөнгө эзнээ олохгүй зөвхөн дарга нарын тойрсон хүмүүс авч байгаа хандлага манай сумд гарч байна. Бусад сумдын төлөөлөгчтэй ярилцаж үзсэн мөн адил гэж байна Тийм болохоор энэ мөнгийг үнэхээр юм хийх хүсэл эрмэлзэлтэй иргэдэд нь хүргэхэд анхаарч ажиллаасай гэж хэлэх байна. Боловсрол соёлын төвийн хариуцлагагүй байдлаас болж Халиун сумын цэцэрлэгийн барилгын засвар 2 жил дараалан орхигдлоо Зураг төсөв нь аль хэдийн хийгдсэн. Үүнийг энэ жил заавал гүйцэтгэхийг зориуд сангал болгож байна.

Төлөөлөгч Батбаяр:

–       Эрүүл мэндийн газрын дарга ирэх жил 3 багт их эмчийн салбар ажиллуулна гэж ярьсан Тэгэхээр манай Тахийн талд их эмчийн салбартай болгож өгөөч гэж хүсэх байна

Төлөөлөгч: Отгонбаатар

–       Үндсэн чиглэлд үхэр сүргийг өсгөсөн малчныг урамшуулна гэж оруулсан байна. Үүнийг бүр тэмээ адуу үхэр гээд бод мал өсгөсөн малчныг гэж оруулмаар байна Тэгээд ч аймгийн сайн малчин шалгаруулах болзлоо ч өөрчлөх шаардлагатай байна

Төлөөлөгч Хүрэлбаатар:

–       04-ийн цахилгааны шугамыг манай сумд /Чандмана сум / хамгийн эхлээд барьж өгөөч гэж хүсэж байна. Хоршоо байгуулья гэж 300 гаруй иргэн саналаа өгсөн бөгөөд хоршооны хуучин дарга байсан хүн нь дахин дарга болох хүсэлтэй, түүнийг нь иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ингээд түдгэлзсэн байдалтай байна. Отгонбаатарын саналаар, бод мал өсгөсөн малчныг урамшуулах гэсэн байдлаар тусгамаар байна. Сум бүрт 7 хоногт шуудан хүргэх болно гэснийг баяртай хүлээн авч байна Шуудан саатсанаас бичиг тоот хугацаа алдах явдал гардаг

Төлөөлөгч Түмхүү:

–       2012 оны үндсэн чиглэлд 10-ын 11Д0-ын 18, 10-ын 19 зэрэг заалтууд давхардаж орсон байна Эдгээрийг нэгтгэх хэрэгтэй. Алтай хот хогондоо дарагдаж гүйцлээ. Иймд ядаж 2 багт нь машин олгох асуудлыг шийдээч гэжэн хүсэлт тавьж байна Манай намын бүлэг дээр энэ асуудлаар нилээн ярьсан. Аймгийн төвийн цэцэрлэгүүдн хүүхдээ авч дийлэхгүй байна Иймд шинээр цэцэрлэг барих эсвэл боловсрол, соёлын газрыг цэцэрлэгийн байрнаас нь гаргаж энэ байрыг цэцэрлэгийн зориулалтаар нь ашиглах хэрэгтэй

Төлөөлөгч Баярмагнай (Алтай сумын Засаг дарга)

–       Алслагдсан бүс нутгийн хөгжлийн асуудлаар байнга л ярьдаг ч дорвитой арга хэмжээ авахгүй байна Иймд манай сумын хөгжлийн асуудлаар тооцоо судалгааг нэг мөр хийж албажуулж хэрэгжүүлэхийн төлөө ажилламаар байна. Алтай сумын сургуулийн болон цэцэрлэгийн байр дотуур байр олон жил яригдсан ч ямарч ажил хийгдэхгүй байна. Бараг танил тал гуйлтаар зарим ажил бүтэж байна Төрийн ажлыг ингэж хувийн юм шиг гуйлтаар явуулмааргүй байна Ингээд Алтай сумын барилгажилтын ажлыг зориуд судалж асуудалд бодитой хандмаар байна. Мөн иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг хиймээр байна Толгой тархийг нь оюунлаг болгож байж хөгжил тэр чинээгээр урагшлах учиртай

Төлөөлөгч Батжаргал:

–       Хоёр даргын тайланг сонслоо Сайшаалтай сайхан зүйл нилээдхийсэн гэж үзэж байгаа 2012 онд ч нилээд зүйл хийхээр тусгасан байна. Эдгээрээсс олон зүйл заалт нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлтэй байгаа нь сайшаалтай байна. Бас хоцрогдож буй асуудлуудаа гүйцээхийн төлөө шамдаж ажиллах хэрэгтэй байна.

Төлөөлөгч Нарангэрэл (Бигэр сумын засаг дарга):

–       2012 оны үндсэн чиглэлд орсон хоёр асуудалд хугацаа тавьж өгөөч гэж хүсэх байна. Хугацаа тавиагүйгээс уг асуудал шийдэхгүй болж магадгүй байдаг.

Төлөөлөгч Энхбаяр (Засаг даргын орлогч):

–       Эвдсэн газрын нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллага нь үзэж дүгнэлтээ өгөөд байхад тухайн байгууллагын нэрийг нь солиод хэвээр нь байлгаад байдгаа болимоор байна. Хүн асуудал ярихаар шүүхээр яв гэсэн байдлаар хандах юм Аймгийн Иргэдийн хурал 31 суудалтай байх ёстой одоо хэдэн суудалтай ажиллаж байгаагаа ч бодох л хэрэгтэй байна Манай аймагт барилгын үйл ажиллагаа хөл толгойгоо алдлаа Дээвэр унах нурах асуудал энгийн үзэгдэл боллоо. Гар аргаар алт олборлогчидтой ямар аргаар яаж ажиллах асуудал хэт хоцрогдож байна Нөхөн сэргээлт хийлгэнэ гээд компани оруулж байгаа нь тэр компани нь алт олборлож байгаагаас өөр юм хийхгүй байна. Усан бассейн хувьд таарч тохирохгүйдээ биш, аймгийн иргэдийн амин чухал асуудал мөн үү? Бүгдэд биш гэхэд цөөн ч болов иргэдэд тус дэм болох ажил хийх хэрэгтэй гэдэг утгаар асууж хэлсэн юм.Боловсролын байгууллагын ажил унаад дууслаа Удирдлагагүй удаж байгаа нь эмгэнэл болж байгаа юм биш үү?

Төлөөлөгч Банзаагааяа (АУК-ийн дэд захирал):

–       Багийн эмнэлгийн нэгийг нь Тахийн талд ажиллуулмаар байна Урьд нь энэ багт байсан. Энд Говийн их дархан газрын захиргаа байдаг учраас шаардлагатай үед машин тэрэгний туслалцаа үзүүлэх боломжтой зэргийг нь түшиглэмээр байна. Архины хамааралтай сэтгэцийн өвчлөл ихсэх хандлагатай байгаа тул наркологийн төвийн үйл ажиллагааг идэвхжүүлмээр байна. Алтай сумын Бун багт багийн эмчийн байртай болгох хэрэгтэй байна

Төлөөлөгч Чинзориг (Есөнбулаг сумын Засаг дарга):

–       Аймгийн төвд цэцэрлэг нэмж ажиллуулах хэрэгтэй байна Одоогийн цэцэрлэгүүдэд хүүхэд их илүүдэлтэй байгаа. Хүчин чадлаас давсан хүүхэд авдгаас өвчлөл ихсэж байгаа Эм импекст хувьчлалаар өгсөн хүүхдийн цэцэрлэгийн байрыг буцааж өгөх шаардлагатай. Мөн боловсролын байгууллагыг ч хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай байрнаас гаргах шаардлагатай. Барилгын асуудлыг хаана хаанаа маш их анхаармаар байна Эзэмшлээр авсан газарт зориулалтын бусаар зөвшөөрөлгүй барилга барьдгаас гэрэл, цахилгаан халаалт зэрэг бүх асуудлыг хүндрүүлж нэгэнт барьсан барилгыг нураах ямарч аргагүй болдог Иймд мэргэжлийн байгууллагууд үүн дээр илүү анхаарч ажилламаар байна.

Чардаг (МҮОНР-ийн сурвалжлагч):

–       Манай Жаргалант, Рашаант баг аймгийн иргэдийн төлөөлөгч дутуу 4 жил боллоо. Иймд иргэдийн саналыг би дамжуулж байна 6 настай хүүхдийг сургуульд оруулж байгаа нь эцэг эхийнхээ өврөөс гараагүй хүүхдээ дагаж хөдөөгийнхөн аймгийн төвд суурьшиж ядуурал нэмэгдэж байна Иймд боловсролын тогтолцоог өөрчилмөөр байна. Олон нийтийн телевизтэй болооч гэж олон удаа санал гаргаж байсан ч шийдэгдэхгүй байгаа тул энэ саналыг дахин гаргаж байна. Энэ асуудлыг зориуд анхаараач ээ. Аймгийн Засаг даргын илтгэлийг сонслоо. Хэл найруулгын хувьд үнэхээр шүүмжилмээр байна. Сул үг маш их оруулсан байна Үүнийг цаашид анхаарна биз дээ.

Төлөөлөгч Уртнасан (Дэлгэр сум):

–       Аймгийн ИХТ зохион байгуулалт сайтай болж байгаад баяртай байна. Манай аймгийн үүд хаалга, босго нь болсон Үнээн-Ус багийн төвийг тохижуулахад анхаараач ээ! Баруун аймаг руу ирж очиж буй бүх машин тэрэг энэ Үнээн-Ус багийг дайран өнгөрдгийг та нөхөд мэднэ Иймд энэ багийг тохижуулах шаардлагатай. Мөн шинээр тавьж буй замын чанарын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа юм алга аа. Үүнд хяналт тавихад заавал сум багаас хүсэлт ирэхийг хүлээх хэрэггүй Мэргэжлийн байгууллага үүнийг анхаараасай.

Төлөөлөгч: Доржготов (Эрдэнэ сумын ИТХ-ын дарга):

–       Аймагт зарлаж буй тендерийн асуудал дээр анхаарлаа хандуулмаар байна. Тухайлбал, манай суманд тэжээлийн фондын барилга барьсан “Шанхат хүрэн” ХХК ажлаа маш чанаргүй гүйцэтгэсэн Үүнийг шалгаж дахин хийлгэж өгөөч. Их хурлын гишүүд аймгийн хуралд тайлангаа тавьж баймаар байна. Гишүүд бөөн сан мөнгөний эзэн юм шиг хандахаа болимоор байна Өөрсдийн багцын хөрөнгөө юунд зарцуулах талаар аймгийн ИТХ-тай зөвшилцөх зэргээр хийх ажлуудаа дэлгэрэнгүй болгомоор байна

Аймгийн авто тээврийн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан мэдээлэл хийж хурлын төлөөлөгчид асуулт тавьж саналаа хэлэв.

Төлөөлөгч Батжаргал:

–       Машины ноймор хаанахынх байх нь татварт нөлөөлөх үү?

 Жаргалсайхан:

–       Машины дугаар манай аймгийнх бол татвараа аймагт төлнө Машины дугаар нь хотынх бөгөөд эзэн нь манай аймгийнх бол мөн аймагт татвараа төлнө

Өөр санал хэлэх хун байхгуй тул машины татварын хувь хэмжээг баталлаа

Говь-Алтай аймгийн 2011 оны төсвийн гүйцэтгэл, 2012 оны төсвийн төлөвлөгөөний тухай илтгэлийг ЗТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан тавьж хэлэлцүүлэв.

Төлөөлөгч Батбаяр:

–       2012 оны төсөв их сайн болсон байна. Төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг болсон нь сайшаалтай байна. Таян нуур уурхайгаас орж буй хөрөнгө нь аймгийн нийт төсвийн хэдэн хувийг эзэлж байна вэ?

Жаргалсайхан:

–       Таян нуур төслөөс орох хөрөнгө аймгийн нийт төсвийн 40 хувийг эзэлж байгаа

Өөр асуулт гараагүй тул асуултаа таслав. Ингээд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуррлын үйл ажиллагааг хангалттай гэж үнэлсэн тогтоолыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав. Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангалтай гэж үнэлсэн тогтоолыг мөн 100 хувийн саналаар батлав.   Дараа нь 2011 оны төсвийн гүйцэтгэл 2012 оны төсвийн төлөвлөгөөг баталсан тогтоолыг 100 хувийн саналаар баталлаа.

Төлөөлөгч Ганзориг (Аймгийн зам ангийн дарга):

–       Горимын санал байна. Улсын Их Хурлын гишүүдийн багцын хөрөнгийг зүйл заалтаар нь задалж тухайн салбарын багцад нь оруулж болохгүй юм уу?

Аймгийн Засаг дарга Амгаланбаяр:

–       Тухайн зүйл ангид нь тохирч байгаа бол үндсэн чиглэлд нэмж тусгаж болох юм Гэхдээ дараа нь биелэлтийг эргэж тооцоход хүндрэл гэрч болзошгүй юм. Энэ жилийн тухайд гишүүдийн мөнгө 1,4 тэрбум төгрөг шиг байгаа юм.

ИТХ-ын дарга Эрдэнэбат:

–       Их хурлын гишүүдэд тус бүрт нь 500,0 сая төгрөгийг нь аймгийн ИТХ-ын багцад задаргаагаар нь оруулж өгье гэсэн хүсэлтийг хоёр гишүүнд албан бичгээр саналаа хүргүүлсэн байгаа. (УИХ-ын гишүүн Дашдорж, Энхбаяр нарт явуулсан албан бичгийг уншиж танилцуулав). “Шинжан Шимпан” гэдэг компани зам барихэд ашигт малтмал ашигласны төлбөрт 1,7 тэрбум төгрөг төлөх ёстой Үүний 1.0 тэрбумыг нь эрсдэл гэж тооцоход 700 сая төгрөг авах бүрэн боломжтой Энэ мөнгийг юунд ч хуваарилаагүй байгаа тул орж ирэхээр нь бид чухал асуудлаа шийдэхэд хэрэглэх боломж байгаа гэдгийг хэлмээр байна.

Аймгийн аудитын газрын 2011 оны тайлан илтгэлийг аймгийн ерөнхий аудитор С.Төмөрхүү тавив. Аймгийн бэлчээрийн менежментийн хөтөлбөр батлах тухай илтгэлийг аймгийн ХХААЖДҮГ-ын дарга Ш.Мөнхбаатар танилцуулав.

Асуулт, хариулт:

Төлөөлөгч Б.Заяабаатар:

–       Мөнхбаатарын илтгэлд орсон 10,8 сая га бэлчээр аймгийн хэмжээнд хэдэн мал багтаах бэлчээр вэ?

Ш.Мөнхбаатар:

– 1982 онд тогтоосон тооцоогоор манай аймгийн бэлчээрийн нутаг 3 сая малын багтаамжтай. Одоогийн тооцоогоор хонин толгойд шилжүүлсэнээр 2,2 сая толгой малын багтаамжтай.

Төлөөлөгч Хүрэлбаатар (Чандмана сумаас сонгогдсон)

– С.Төмөрхүүгийн илтгэлд манай сумын сургууль, цэцэрлэгт аудитын дүгнэлт гаргаагүй гэж орлоо. Мөнхтөрийн илтгэлтэй холбогдуулж асуухад 2011 онд газар эзэмших зөрчил хир зэрэг гарсан бэ?

Аймгийн аудитын газрын ахлах аудитор Цанжидмаа:

–       Манай байгууллага 2011 онд Чандмана сумын сургууль, цэцэрлэгт аудит хийх гэрээ байгуулсан. 2009 онд дээрх байгууллагуудад гүйцэтгэлийн аудит хийж, сумын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн боловч биелэлтийг гаргаж, хариуг ирүүлээгүй

Төлөөлөгч Чинзориг (Есөнбулаг сумын Засаг дарга)

–       Гэрээ байгуулсан гээд манай сум 30 гаруй сая төгрөг төлсөн байв. Энэ ямар үндэслэлтэй вэ?

Цанжидмаа:

–       Сумдын ЗДТГ, Татварын хэлтэс, татварын байцаагч нар гурвалсан гэрээ байгуулж оруулсан орлогын 10 хувиар татварын хөгжлийн сан байгуулж , байцаагчид зохих урамшил өгдөг журам байсан. Одоо Засгийн газрын шийдвэрээр татварын хөгжлийн сан байхгүй болсон.

Төлөөлөгч Чинзориг (Есөнбулаг сум):

–       Сумын хэмжээнд газар зохион байгуулалт нилээд зөрчилтэй явж ирсэн байна. 2012 онд дээрх дутагдлыг засах талаар нилээд анхаарч ажиллах тул давсан орлогоос 1 хүн авч ажиллуулан цалинжуулах асуудал ярьж байгаа, энэ хэвээр үү?

А.Мөнхтөр:

– Орлогоо давуулбал сумын ЗДТГ өөрөө шийднэ.

ИТХ-ын дарга:

–       Та нар асуудлыг дур мэдэн шийдэж орон тоо нэмж болохгүй шүү.

Төлөөлөгч Г.Жаргалсайхан (Баян-Уул сумаас сонгогдсон):

– Сумдын иргэдэд эзэмшүүлж буй газар хэр зэрэг үнэ цэнтэй вэ? Газар хувьчлах асуудал яагаад явц муутай байна вэ?

А.Мөнхтөр:

– Манай аймагт газар өмчлөл 7,8 хувьтай байна. Төвийн бүсийн аймгуудад өндөр хувьтай байгаа. Манай аймагт газар зах зээлийн үнэлгээ байхгүй Зээлийн барьцаанд гавьж болдоггүйтэй холбоотой байх.

Төлөөлөгч Амартүвшин (Есөнбулаг сумаас сонгогдсон):

–       Газар нутгийн тодорхой хэсгийг орон нутаг тусгай хамгаалалтанд авсанаар орон нутаг ямар үүрэгтэй вэ? Аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй газар нутгийг орон нутаг тусгай хамгаалалтанд яаж авдаг вэ? Мөн Алтай-Баянхонгорын чиглэлд шинээр тавьж буй зам дагуух карьерын нөхөн сэргээлтийг яаж хийх вэ?

А.Мөнхтөр:

– 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хийхэд сумдаас санал авч боловсруулсан. Эрдэнэ, Тайшир сумдын тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлаар судалгаа хийгдэнэ. Сумд өөрөө санал ирүүлсэн. Зам дагуу нөхөн сэргээлт хийх асуудлаар Дэлгэр сумаас санал ирээгүй. Үүнд хөрөнгө хэрэгтэй шүү дээ.

Төлөөлөгч Баярмагнай (Алтай сумаас сонгогдсон):

– Татварын хөгжлийн сан байгуулах асуудал хүчингүй болжээ. Санд үлдэгдэл мөнгө байна уу? Давсан орлогоос авсан мөнгийг буцааж өгөх хэоэгтэй биздээ?  Манай сумын Аж богдын нуруунд 200 га газрыг тусгай хамгаалалтанд авахаар төлөвлөгөөнд оржээ. Үүний солбицолыг мэргэжлийн хүмүүс гаргаж өгдөггүй юм. Тодруулж өгнө үү?

А.Мөнхтөр:

– Танай сумаас энэ талаар бичиг тоот албан ёсоор ирээгүй. Газрын даамал өөрөө ирж уулзсан. Энэ асуудлыг ярьсан. Сумаас албан ёсоор хүсэлтээ ирүүлбэл зураг төслийг гаргаж өгч болно

Төрийн сангийн түшмэл С.Гансүх:

– Татварын хөгжлийн сангийн асуудлаар Сангийн сайдын тушаал гарсан. Засгийн газрын түвшинд хөгжлийн сан байгуулах тухай ярьж байгаа. Сан анх байгуулагдахдаа 180 сая төгрөгтэй байсан. Одоо дансны үлдэгдэл байхгүй Ажилтнуудын нийгмийн асуудал, урамшилд зарцуулсан байх.

Төлөөлөгч Ганзориг:

– Мөнхтөрийн мэдээлэлд олон газар ашиглалтын лиценз авах тухай оржээ. Тухайлбал Бугат сумд юу олборлох вэ? Есөнбулаг- Алтай- Бигэрийн шугам сүлжээнд 5,5 км гэж юуг ярив? Хилийн боомтод тохижилт хөгжилтэй холбоотой асуудлаар газар хүссэн асуудал байна уу?

А.Мөнхтөр:

– Бугат сумд элс, хайрга олборлоно. Таяннуурын төмрийн хүдрийн уурхайд нөхөн сэргээлт хийгдэнэ. Цахилгааны шугам сүлжээний хувьд сумдад шугам сүлжээг эзэмшүүлж, Есөнбулаг сумд шинээр суурьшсан хүмүүст өгнө.

Төлөөлөгч Б.Нарангэрэл (Бигэр сумын Засаг дарга)

–       Манай сумын 291 га газар Марко поло компани авсан газар уу?

А.Мөнхтөр:

– 291 га газар бол өмнөх онд авсан газар. Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан учир нөхөн төлөвлөсөн юм.

Санал шүүмжлэл:

Төлөөлөгч Чинзориг:

– Газар өмчилж эзэмшихээр гэрээ хийж авсан хүмүүс зориулалтыг өөрчилж байшин барилга барьж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй. Асуудлыг шийдвэрлэж дуусаад санал тавьдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газарт шинээр буусан айл өрхүүдийн хувьд төр хуулийн дагуу хариуцлага тооцох цаг болсон.

Төлөөлөгч Б.Баярмагнай:

–       Татварын давсан орлогоор сан байгуулсан талаар шийдвэр гаргаж мөнгийг буцааж олгомоор байна. Олон газарт ажиллаж байгаа хуулийн зөвлөхүүд үүнийг яагаад анхаарч тухайн үед асуудлыг шийдэхгүй өдий хүргэсэн талаар асуумаар байна. Аймгийн ИТХ, Засаг захиргааны байгууллагууд үүнд анхаарах. Манай сумын нутаг Аж богдын тусгай хамгаалалтын газрын хэмжээг гаргаж чадаагүй Мэргэжлийн хүмүүсээ чадваржуулж, мэргэшүүлэх талаар мэргэжлийн албадууд анхаарч ажиллах хэрэгтэй байнэ.

Төлөөлөгч Д.Амартүвшин:

–       Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалттай гээд шийдвэр гардаг. Ийм газар нутагт юу хийх асуудлаар нэг мөр болгож арга хэмжээ авмаар байна. Үйл ажиллагаа явуулж байгаа гээд их хэмжээний төлбөр нэхэх бол хүндрэлтэй байна.

ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат:

–       Санал гаргаж буй хүмүүс аймгийн Аудитын газрын ажлыг хэрхэн үэнэлэх талаар хэлэх саналаа хэлбэл зүгээр байна. Газар зохион байгуулалт, нөхөн сэргээлтийн хувьд ярих зүйл асар их байдаг. Тухайлбал зам дагуу 17 карьер ухна гээд 54-ийг ухсан. Энэ мэт гарсан шийдвэр, гэрээг зөрчсөн асуудал олон бий . Үүнд аймаг анхаарна. Аудит хийлгээгүй, хийлгэхээс татгалзсан байгууллагад ямар арга хэмжээ авах асуудлаар хууль дүрмэндээ өөрчлөлт оруулмаар байна.

Аймгийн аудитын газрын 2011 оны тайланг 100 хувийн саналаар хангалттай гэж дүгнэв.

Төлөөлөгч Баярмагнай:

– Тусгай хамгаалалтын газрын хэмжээний талаар дээрх асуултыг тодруулж өгөхийг хүсье.

А.Мөнхтөр:

– Танай сумын газрын даамал сүүлийн 2 жил дараалан газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө ирүүлээгүй гээд орон нутгийн хамгаалалтанд авах газрын хэмжээний талаар ярилцаж 65,0 мянган га гэж төлөвлөгөөнд оруулахаар санал нэгдлээ. Ингээд аймгийн газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөний биелэлт, 2012 оны төлөвлөгөөг батлах тухай тогтоолыг 100 хувийн саналаар батлав.

 Дараа нь бэлчээрийн менежментийн хөтөлбөрт оруулах санал гараагүй, харин хөтөлбөрийг малчин айл өрх бүр хүргэх асуудал яригдаж 5000 хувь танилцуулга хэвлэн хүргүүлэх асуудлыг зөвшилцөөд 100 хувийн саналаар хөтөлбөрийг батлав.

 Хуралдаан оройн 18 цаг 20 минутанд өндөрлөв.

“Энэ жилийн тухайд төсөв боломжийн хуваарилагдсан тул хурлын төлөөлөгчид болон сумдын удирдлагууд идэвхтэй оролцож санаа сэтгэл тайван амгалан, санал зөрөх асуудал үндсэндээ гаралгүй маш ажил хэрэгч хурал болж цаг хугацаандаа хэлэлцэх асуудлаа дуусгалаа” гэж Ч.Цэцэгмаа, С.Ившинхорол нар дүгнэсэн байна. 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: