ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

“ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА ИРГЭД”

Posted by ИТХ on 2012/01/10

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон төсвийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмын тухай нээлттэй хэлэлцүүлэгт “Иргэд төсвөө хянана” сүлжээний зохицуулагч Д.Цэрэнжав “Орон нутгийн төсвийн ил тод байдал ба иргэд” сэдвээр илтгэл тавьсныг нийтэлж байна. 

Ил тод, нээлттэй байх явдал бол ардчилсан төрийн мөн чанар бөгөөд албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын баримтлах ёстой үндсэн зарчим. Үүний тулд төрийн албан хаагчид ухамсартай байхад хангалттай мэт боловч бодит байдал дээр тэгдэггүй, тийм хичээл зүтгэл, санаачлага гардаггүй. Үүнээс хийх дүгнэлт бол төсвийг ил тод, нээлтэй болгохыг хууль, дүрэм журмаар үүрэг болгож албадахаас өөр аргагүй юм байна. Ардчилсан нийгэмд иргэн хүн хуулиар хориглоогүй болгоныг хийх эрхтэй бол  төрийн албан хаагчид ажил үүргийнхээ хүрээнд зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийх эрхтэй, зөвхөн хууль журмаар үүрэг болгосныг хийдэг гэж ойлгогдож байна.Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтнууд, албан хаачид дарга нарын намын харъяалал, байр суурь, зан ааш, сайн муугаас хамаарахгүй хэрэгждэг тийм механизм байх ёстой.

Сүүлийн жилүүдэд төрийн үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр хийгдсэн ажил, арга хэмжээнүүд нь ихэнхдээ тухайн байгууллагууд дотроос биш харин дээрээс гарсан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, эсвэл олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж ирснийг хэлэх хэрэгтэй.

Оны өмнөхөн шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Төсвийн тухай хуулинд төсвийн нээлттэй ил байдлын зарчмуудыг тодорхойлж, төсвийн үе шатуудад олон нийтэд мэдээлэх шаардлагуудыг тавьсан нь сайшаалтай. Гэхдээ ганц л дутагдал байна. Тэдгээр заалтууд маш ерөнхий, “олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлэх”,  “тухай бүр мэдээлж байх”, “ойлгомжтой байдлаар мэдээлнэ” гэх зэрэг өгүүлбэрүүд нь өөрөө зөв зүйтэй ч хэрэгжүүлье гэхэд өөрөө ойлгомжгүй байгаа юм.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Төсвийн хуулийн төслийг хэлэлцэж байх явцад манай сүлжээний гишүүн байгууллагууд энэ асуудалд албан тушаалтнуудын анхаарлыг янз бүрийн арга хэлбэрээр хандуулж ирсэн, тэгэхэд хууль батлагдаж гарсны дараа ил тодын байдлыг хангах маш тодорхой дүрэм журам боловсруулж гаргана гэсэн хариу өгч байсныг хэрэгжүүлэх эхний алхам хийгдэж өнөөдөр хэлэлцүүлэг хийж байгаа нь сайн хэрэг юм.

Сүүлийн жилүүдэд аливаа мэдээлэл, түүний дотор төсвийн мэдээлэл маш их болжээ. Энэ нь юуны өмнө мэдээллийн технологийн хөгжлийн үр нөлөө юм. Мэдээлэл байгаа л бол, ил гарсан л бол хувилаад түгээх шиг амархан юм алга болжээ. Телевиз, Интернэтийн вэб сайтууд, сүлжээг юуны өмнө хэлж байна.  Гэхдээ энэ бүхэн юуны өмнө тооны өсөлт юм. Чанарын өөрчлөлт хараахан гараагүй. Ялангуяа тухайн төсвийн хүрэх цэг, зарцуулалтын үр дүн гарч шингэх ёстой, иргэд хүртэж хэр болсныг нь хянах хамгийн боломжтой орон нутагт төсвийн ил байдал алга хэвээр байна. 

Сүүлийн жилүүдэд иргэний нийгмийн байгууллагууд олон тооны мониторинг, судалгаа явуулсны дүгнэлтүүд, ялангуяа ноднин хэрэгжүүлсэн “Орон нутгийн төсвийн ил тод байдлын рейтинг тогтоосон судалгаа үүнийг нотоллоо. Нээлттэй Нийгэм Форумаас “Иргэд Төсвөө Хянана” иргэний нийгмийн сүлжээний оролцоотойгоор хэрэгжүүлж олон улсын аргачлалын дагуу 21 аймаг болон нийслэл Улаанбаатар хотын төсвийн баримт бичиг, үйл явцын ил тод, нээлттэй байдлыг төсвийн үндсэн 10 баримт бичигт хамаарах 60 асуулт буюу үзүүлэлтээр судалж оноо өгч чансаагаар нь эрэмбэлсэн жагсаалтыг гаргасан. Ерөнхий дүр зураг тун тааруухан байж нийт авч болох 100 онооноос орон нутгийн төр захиргаааны байгууллагууд ердөө 34.9 оноо авчээ. Ялангуяа ил тод, нээлттэй байдлыг эрх зүйн талаас хангасан байдал ердөө 17.3 оноо авсан нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Төсвийн мэдээллийн иж бүрэн, ил тод байдал 35.1 оноо, төсвийн үйл явцын нээлттэй байдал 38.1 оноотой байсан юм. Нөгөө талаар аймаг тус бүрийн авсан оноо нэлээд зөрүүтэй гарсан. Аймгуудын авсан оноог тэдгээрийн хөгжлийн индекс, хүн ам, төвөөс алслагдсан байдал, уул уурхайн лицензийн тоо зэрэг олон үзүүлэлттэй харьцуулан хоорондын статистик хамаарлыг судлахад хүчтэй уялдаа холбоо тогтоогдоогүй нь төсвийн ил тод, нээлттэй байдал нь тухайн аймгийн удирдлагын арга барил, хандлагаас, өөрөөр хэлбэл хүний хүчин зүйлээс ихээхэн хамаарч байгааг илтгэлээ.

Нийслэл, дүүрэг, аймаг суманд нутгийн өөрөө удирдах ёс хэмээн томёолж болох том эрх хэмжээ байдаг. Жишээ болгож газар олголт хэмээх ямар төсөв мөнгөнөөс чухал эрх мэдэл зөвхөн орон нутагт байдгийг дурдахад хангалттай. Заавал УИХ-аас хууль, Сангийн яамнаас журам батлагдахыг хүлээхгүйгээр хэлэлцэж санаачлаад ИТХ-аар өөрийн нутаг дэвсгэр, иргэдийн хамааралтай олон асуудлаар, тухайлбал, төсвийн нээлттэй, ил тод байдлыг хангахад чиглэсэн журам баталж гаргаад хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Засаг даргад ч боломж байдаг. Харамсалтай нь нийслэл, нэг ч дүүрэг, нэг ч аймаг, сум тийм боломжийг өдий хүртэл ашиглаагүй иржээ. 

“Бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ын төслийг үзлээ. Журманд дөрвөн маягт хавсаргажээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдийн болон төсөвт байгууллагуудын төсвийн зарлагын гүйцэтгэл, төсвийн төслийн саналын тоонуудыг  нэгдсэн дүнгээр нь эдгээр маягтийн дагуу хүснэгтийн нүднүүдэд оруулж ил тод болгох юм байна.

Одоо иргэд, олон нийтэд чухам төсвийн ямар мэдээлэл хэрэгтэйг томъёолохыг оролдъё. Судлаачид, бизнес эрхлэгчид, тухайн салбар, орон нутгийн хүмүүс төсвийн мэдээлэлд өөр өөрийнхөөрөө хандаж таарна. Том тоонуудыг сонирхож судлах хүмүүс ч байгаа байх. Янз бүрийн дүрэм журам, норматив, тогтмол зардал, хувьсах зардал зэрэг хууль, журам, стандартын дагуу зарцуулагдаж байгааг иргэд нэг их сонирхоод байхгүй. Ер нь зөв зарцуулагдаж байвал ямар нэгэн асуудал гарахгүй.

Харин төсвийн хууль зөрчсөн, буруу зөрүү, үр ашиггүй зарцуулалт байна уу үгүй юу гэдгийг буюу сөрөг талаас нь илүүтэй сонирхоно. Үүний тулд задаргаа, нарийвчлал, тодорхой зарцуулалтын мэдээллийг эрж хайна. Төдөн тэрбум, сая төгрөгийг яг юу юунд зарцуулсныг мэдэхийг хүснэ. Жишээлбэл, нөөц сангын задаргаа, хандив тусламж, түүний зарцуулалт, хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалт гэх мэт. Энэ бүх мэдээллийг олж авч чадах уу гэдэг бол цаашдаа төсвийн ил тод байдлын дээд шалгуур болов уу. Бид заримдаа 5-10 сая төгрөгийн зарцуулалтыг шүүн хэлэлцдэг, буруу зөрүү юм байвал орон шоронд явуулдаг атлаа 5-10, 100 тэрбумыг зарцуулалтыг огт мэдэхгүй өнгөрөөдөг.

Жишээлбэл төсөвт хамаатай ч юм шиг, хамаагүй ч юм шиг төрийн албан хаагчдад зориулж орон сууц барьсан, шагнал урамшуулал олгосон, сургууль соёлд явуулсан, тусламж дэмжлэг олгосон зэрэг зардлыг хаанаас ямар аргаар харж болох вэ? гэсэн асуултыг хариу хэзээ ч олдоггүй.

Хөрөнгө оруулалтын мэдээлэл гэхэд барилга байшин барина, тоног төхөөрөмж худалдаж авна гэж нэрлээд орхих  бус, ямар зорилготой, хаанаас хэн, ямар байгууллага санал оруулсан, явц ямар байгаа, өмнөх ба дараа жилүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ зэргийг багтаасан иж бүрэн байх нь маш чухал.Жишээлэхэд, зураг төсөл хийнэ гэж баахан мөнгө жилээс жилд батлагддаг. Нэг зураг төслөөр олон удаа санхүүжилт авдаг, тэгээд хийсэн үгүй нь мэдэгддэггүй, зураг төслийг ашигладаггүй учраас зураг төслийг заавал ил болгох шаардлага гарч ирнэ. Ер нь хөрөнгө оруулалтын төслүүдийг нэг бүрчлэн баталдаг шиг нэг бүрчлэн биелэлтийг нь үнэлсэн хүснэгт оруулах шаардлагатай.

Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зар мэдээлэл өдөр тутмын сонин, сайтуудад  нийтлэгдэж, бүхэл бүтэн www.e-procurement.mn сайт ажилладаг боловч дараачийн үе шатууд буюу тендерийн үнэлгээ, шалгаруулалт, хэрэгжилтийн явц, үр дүн зэргийг алгасч, алдаг оног мэдээлдэг тул ил тод байдал нь тасалддаг. 

Төсвийг мөнгийг зөв буруу зарцуулсан нь хэзээ нэгэн цагт ил тод болдог. Улс төрийн шалтгаанаар, мэргэжлийн хяналт, санхүүгийн,  аудитын шалгалтаар маш их баримтууд илэрч хэвлэл мэдээллээр шуугидаг. Гэхдээ ихэнхдээ олон сар, жилийн хугацаа өнгөрсөн байх тул хариуцлага, шийтгэл, сургамж талаасаа сул болдог. Наад зах нь буруутай этгээдүүд халагдаж солигдоод явчихна. Иймээс төсвийн зарцуулалтын явцыг мэдээлж мэдэж байх явдал маш чухал. Ер нь төсвийн зарцуулалтыг ил тод байлгах нь хамгийн хатуу хяналт болдог. Иймээс төсвийг төлөвлөлт, төсвийн хүрээний мэдэгдэл, тодотгол гэхчлэн бүх үйл явцыг ил тод болгох нь маш чухал.  Батлагдсан төсөвт байгаагүй хөрөнгө оруулалтыг хэзээ хийсэн нь үл мэдэгдэх тодотоголоор оруулчихсан байдаг. Эсвэл төсвийг нь нэмчихсэн байдаг. Хаслаа буурууллаа гэж огт сонсоогүй. Нэгэнт батлагдаад төрийн хууль, ИТХ-ын тогтоол болчихвол тэр зарцуулалт анхнаасаа үр ашиг муутай, буруу байсан ч цайрна гэсэн үг.

Манай “Иргэд төсвөө хянана” сүлжээний гишүүн байгууллагууд нийслэл Улаанбаатар хот, түүний дүүргүүд болон зарим аймгийн ИТХ-ын хуралдаанаар төсвөө хэрхэн хэлэлцэж баталсныг сүүлийн хэдэн жил дараалан ажигласан. Тухайлбал, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт дутаж байгаа гэж бүгд ярьдаг мөртлөө юунд зарцуулахаар баталсныг бид тэр барилга босоход нь  л хардаг. Яагаад гэвэл ил тод биш, иргэдээс огт асуудаггүй, тэдний саналыг огт авдаггүй. Жишээлбэл, улс орон, түүнийг дагаад нийслэлийн төсөв одоогийнхтой харьцуулахад ядуу байсан 2006-2008 онуудад  нийслэлийн төр захиргааны “Хангарьд” ордон баригдсан, Барилгын анхны төсөв 6,5 тэрбум байсан гэдэг. Үнийн өсөлт, тохижилт, тавилга, хэрэгсэл гээд нэмбэл нийт зардал яг хэд болсныг бид  мэдэхгүй өнгөрсөн. Гэр хорооллын харанхуй гудамж, хичээлдээ явах гэж өвлийн хүйтэнд үүрээр хэдэн км алхаж байгаа хүүхдүүдийг харахад “Хангарьд” ордын гэрэл цацарлсан барилга нүдэнд харагддаг. 

2011 оны хавар нийслэлийн Баянзүрх дүүргийн Төр захиргааны ордон ашиглалтанд орсон. Эхлээд Жуковын хөшөөний ард барихаар хашчихсан байснаа гэнэтхэн хуучин байраа нураагаад барьжээ. Ихэнх нь гэр хороололд амьдардаг 280 мянган иргэндээ зориулж ганц халуун усны газар бариагүй мөртлөө 3,6  тэрбумаар офис барилаа гэж манай нэрт эдийн засаг шогширсныг та бүхэн санах байх. Мөн Баянзүрх дүүргийн Чулуун-Овооны гурван замын уулзвар дахь “Дүүргийн өндөрлөг” хэмээх 28 метр өндөр хөшөө, Сансарын орчимд “Эвтэй дөрвөн амьтны” хөшөө зэрэгт хэдэн зуун саяыг зарцуулахдаа иргэдээсээ асуувал болох л байсан. Яг одоо нийслэлийн Хан-Уул дүүргийн төр, захиргааныхаа ордныг барьж байна. Төсөвт өртөг 5 тэрбум төгрөг гэж сонссон.  Тэгтэл бас Сүхбаатар дүүргийн Төр, захиргааны ордны барилгыг Сэлбэ голын эрэг дээр хуучин цэцэрлэг байсан зориулалтын барилгыг буулгаад барих барихдаа концессийн гэрээгээр барьж байх юм. Иймэрхүү барилга, түүний төсөв мөнгөний талаар иргэдэд зарлах байтугай шав тавих ёслолыг хаалттай хийж нуусхийдэг гэж ойлгосон.

Тэгэхлээр бидний хувьд төсвийн ил тод байдлын жинхэнэ шалгуур нь дээр дурдсан шиг зарцуулалт, хөрөнгө оруулалтыг төлөвлөхөөс нь эхлээд мэдэж иргэд, олон нийтийн санал бодлыг харгалзахад тусалж байна уу үгүй юу гэдэгт байх юм.

Мэдээллийг ил тод болгоно гэдэг бол нэг удаагийн явдал биш, байнгын үйл явц. Ер нь иргэн хүн өөрт хэрэгтэй мэдээллийг хүссэн цагтаа авах боломжтой байхыг мэдээллийн ил тод байдал гэнэ. Тэр иргэн өнөөдөр төсвийн мэдээллийг сонирхоогүй, завгүй, мэдээгүй байж болно. Гагцхүү маргааш түүнд хэрэг болоход бэлэн, нээлттэй байж байх учиртай. Бас ил тод болгосон  мэдээлэл байнга шинэчлэгдэж байх ёстой.

Зарим улс орны туршлагаар иргэдэд зориулсан төсвийг боловсруулж гаргадаг байвал илүүдэхгүй. 

Нөгөө талаар төсвийн мэдээллийн ил тод байдал бол зөвхөн төрийн зүгээс өгөх биш, бас иргэд, олон нийт, иргэдийн нийгмийн зүгээс авах, ашиглах тухай асуудал юм. Нэгэнт ил тод болсон мэдээллийг  судлах, дүн шинжилгээ хийх, дахин хандаж нэмэлт мэдээлэл авах, тодруулах, нарийвчлах, үнэлэлт дүгнэлт өгөх, улмаар нөлөөлөх зэргээр ашиглаж сурах цаг болсон байна. Бид зөвхөн нэхээд байж таарахгүй. Идэвхтэй иргэд, төрийн бус байгууллагууд, сэтгүүлчид, блогчид, судлаачид гээд бүгд төсвийн мэдээлэлтэй ажиллах сурах ёстой.

Ямар ч байсан бид төсвийн ерөнхийлөн захирагчид болон төсвийн байгууллагуудын зүгээс төсвийн мэдээллийг ил тод батлах журамтай болох гэж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн дараа журам, маягтын төслүүдийг www.iltod.gov.mn сайтад тавьж хэсэг хугацаанд хэлэлцүүлэх хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ цаг алдалгүй баталж “Чамлахаар чанга атга” гэдэгчлэн хэрэгжүүлж эхлэх, цааш алхам алхмаар сайжруулж явах саналтай байна. Уг журмын хамрах хүрээг аажмаар өргөжүүлж төсвийн төлөвлөлт, ялангуяа тодотгол, мөн төсвийн гүйцэтгэлийн явцыг аль болох ойр давтамжтайгаар хамруулахыг уриалж байна. Иргэд төсвөө хянана” сүлжээ, түүний www.tusuv.mn сайт үүнд өөрийн хувь нэмрийг оруулна.

Нэмж хэлэхэд сүүлийн жилүүдэд төсвийн ил тод байдалтай холбоотой гарсан Засгийн газрын хоёр баримт бичгийн хэрэгжилтийг эргэж харах хэрэгтэй болжээ. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төсвийн гүйцэтгэлд мониторинг хийх үйл ажиллагаанд төрийн бус байгууллагуудыг оролцуулах нөхцөл бүрдүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 3-р сарын 12-ны 93-р тогтоол огт хэрэгжихгүй байна. Үүнийг нэг тийш нь болгож төсвийн ил тод байдлыг хэрхэн хангаж байгаад мониторинг хийлгэх, эсвэл дээрх журмыг хэрэгжүүлэхэд хяналт тавих чиглэлээр ажиллуулж болох юм. Мөн Засгийн газрын 2009 оны 5-р сарын 14-ны 143-р тогтоолоор батлагдсан “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-д төсөв, санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын ил тод байдлыг хангах зарчмуудыг багцлан багтаасан байдаг. Харамсалтай хэрэгжүүлэх механизм үгүй учраас эргэж харах, ер нь ил тод байдлын холбогдолтой энэ мэт дүрэм журмуудыг цэгцлэх цаг болсон байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: