МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for January, 2012

Ховд аймгийн ИТХ-ын IX хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/25

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр 83,8 хувийн ирцтэйгээр хуралдсан Ховд аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар тус аймгийн 2010 оны төсвийн гүйцэтгэл, 2011 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2012 оны төсвийн төсөл болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт зэрэг асуудлыг  хэлэлцсэн юм. 

“Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2011 оны биелэлт, эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай” илтгэлийг аймгийн Засаг дарга Г.Нямдаваа тавьсны дараа асуулт хариулт явагдсан байна.

Төлөөлөгч Б.Батмөнх:

-Дулааны хоёр дахь эх үүсвэр барих асуудал хоёр жилийн өмнөөс яригдсан. Энэ асуудлыг яаравчлахгүй бол Ховд аймаг маш хүнд байдалд байна, энэ жил хийгдэх үү?

-Ховд хотын гэрэлтүүлэг 11 сараас хойш асахгүй байна. Цаашдаа асах уу? Өвлийн улиралд, яг хэрэгцээтэй үед асахгүй байгаа нь ямар учиртай юм бэ? Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн үү?

-Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Булган суманд Сорхагтан хатны цэцэрлэгт хүрээлэн гэж томоохон бүтээн байгуулалт хийгдсэн, энэ яагаад илтгэлд тусгагдахгүй байна. Намын үзэл бодлоор ялгаварлаад оруулахгүй байгаа юм уу?

-2012 онд Ховд хотын 250 жилийн ой гэж тэмдэглэх үү? Ямар үндэслэлээр тэмдэглэж байгаа вэ?

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Дулааны хоёр дахь эх үүсвэрт их цаг хугацаа зарцуулагдаж байгаа. ТЭЗҮ хийгдэж байгаа, ирэх онд баригдаж дуусахгүй, хамгийн хурдан шуурхай барьж чадвал хоёр жилд багтахаар байгаа. Тиймээс хоёр жил иймэрхүү байдалтай байна гэсэн үг. Дулааны станц өнөөдрөөс эхлээд хоёр зуух ажиллаж эхэлсэн, Гуравдахь зуух бэлэн байдалд байгаа. дөрөвдэх зуух ирсэн, түүнийг байрлуулах объект байхгүй байгаа, өргөтгөл зайлшгүй баригдах юм байна лээ. Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хэрэглээ хэт өссөн учир газар доорх байгууламжууд ер нь ачааллаа даахааргүй болж байгаа.

-Гэрэлтүүлгийн хувьд одоо 100-аад сая төгрөгийн өртэй байгаа, түүнийг дараагийн удаагийн эх үүсвэрээс шийдвэрлэхээс өөр ямар ч аргагүй байгаа.

-Булган сумын цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд бүтээн байгуулалтын жилийн хүрээнд маш олон бүтээн байгуулалтууд хийгдсэн, тэр бүгдийг илтгэлд дурдах ямар ч аргагүй байгаа. Ерөнхий байдлаар оруулсан, түүнээс биш ямар намын хүн байна гэдгээр нь би авч үзээгүй. П

-Ховд хот Буянт голын хөвөөнд суурьшсаны 250 жилийн ойг тэмдэглэхээс өөр ямар ч аргагүй байгаа. Өмнө нь энэ өдрөөр тооцоод тэмдэглээд уламжлал болоод ирсэн байгаа. 1762 онд яах аргагүй Буянт голын хөвөөн дээр суурьшсан он байгаа.

Төлөөлөгч Б.Батмөнх:

-2012 онд Ховд хотын 250 жилийн ой тэмдэглэх ямар ч үндэслэл байхгүй. Ховд хотыг манжийн ноёрхлоос чөлөөлсний ойг тэмдэглэж болно. Манжийн ноёрхолд орсон, чөлөөлөгдсөн 2 ойг зэрэг тэмдэглэдэг түүх байж болохгүй. Хуүчин цагийн асуудлаар хандаж болохгүй.

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа:

-Бид нар эрдэмтдийнхээ үгийг сонсоно. Олон улсын эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулаад тэр үеэр энэ асуудлыг хэлэлцүүлнэ. Ирэх жил ямар ч байсан ой тэмдэглэхээр байгаа, гэхдээ 250 жил байна уу, 100 жил байна уу гэдгийг эрдэмтдийнхээ саналаар шийдвэрлэнэ.

Read the rest of this entry »

Advertisements

Posted in Ховд аймаг | Leave a Comment »

Нийслэлийн ИТХ-ын VIII хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/23

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8-р хуралдаан  2011 оны 12-р сарын 23-нд болсон билээ. Харин хуралдаанаас хойш яг нэг сар өнгөрөөд байхад төлөөлөгчид ямар санал гаргаж юу ярьцгаасан, өөрөөр хэлбэл төсвийн хэлэлцүүлэг хэрхэн явагдаж өнгөрсөн тухай болон эцэслэн батлагдсан төсвийн мэдээлэл, хөрөнгө оруулалтын жагсаалтыг ил тод болоогүй, олон нийтэд танилцуулаагүй байна. Иймээс бид янз бүрийн эх сурвалжийн мэдээллийг ашиглан уг хуралдаан хэрхэн явагдсан тухай тэмдэглэлийг бэлтгэн толилуулж байна. Ямар нэгэн тайлбар хийгээгүй болно. Батлагдсан төсвийн материал олдохын хэрээр “Иргэд төсвөө хянана” сүлжээний зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх юм.   

Эхлээд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын биелэлт, 2012 оны зорилтын төслийн талаар илтгэл тавьжээ. Дараа нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр (бас ИТХ-ын төлөөлөгч юм) 2012 оны төсвийн тухай танилцуулга хийжээ.

– Хөрөнгө оруулалт дээр бид бодитой, дорвитой томоохон юм хийж чадахгүй ээ. Энэ жилийнхээ он дамжуулж хийх ажлууд дээр онцгой анхаарч хийх шаардлага байна. Чамгүй томоохон төслүүдийг эхлүүлж чадсан. Нэгдүгээрт долдугаар хорооллын гэр хорооллыг чөлөөлөх төслийг иж бүрэн дуусгамаар байна. Газар чөлөөлөлт амжилттай явагдаж байгаа, зах зээлийнхээ зарчмаар газар худалдаж авч иргэдээ орон сууцны хөтөлбөрт хамруулах бэлтгэл ажлыг хот бие дааж хийж байгаа. Энэ жил чөлөөлөгдсөн газар дээрээ орон сууц барих ажлыг төслийн удирдах нэгжээр дамжуулж зохион байгуулахаар 10 орчим тэрбум төгрөг тусгасан. Энэ ажлыг өөрөө хийвэл зөв байна. Чөлөөлөгдсөн компаниудыг цаашдаа дуудлага худалдаанд оруулах, дэд бүтцийг шийдсэн компаниудад үнэгүй өгөх, тухайн иргэн хямд үнэтэй орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэг нөхцлүүдийг тусгаж барилгын компаниудыг оролцуулах зэрэг бодлого хадгалагдана. Мөнгөтэй бол бүх дүүрэг дээр ийм ажлыг эхлүүлмээр байна. Би бол Чингэлтэйгээс 3,4 удаа сонгогдсон төлөөлөгч. Бодлого барьж Чингэлтэй дээр эхлүүлмээр байна. Мөнгө байхгүй тул чадахгүй нь ээ. Агаарын бохирдол дээр хамгийн зөв бодлого бол энэ. Энэ жил манай хурлын төлөөлөгч Баттулга ахлагчтай агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд найдаж байна… [“Цэвэр агаар” сангаас их ажлыг санхүүжүүлж байгаа гээд жишээнүүдийг дурдав] Ирэх жил Дэнжийн мянгыг орчны төвлөрсөн шугамд холбох, УС15-ын төвлөрсөн шугамд холбох ийм ажлыг “Цэвэр агаар” сангаас явуулна аа гэж Ганболд дарга тооцоо судалгаагаа хийгээд ажлаа хариуцаад тендерээ зарлаад явж байна.

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Сонгинохайрхан дүүрэг | Leave a Comment »

Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/20

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-аасс 2011 оныг “Нутгийн захиргааны байгууллагуудын бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын арваад төлөөлөгч өнгөрсөн 5-р сард АНУ-д зочилж Хамден хотын нээлттэй байдал, иргэдийн оролцоог хэрхэн хангадаг туршлагыг судлаад ирсэн байна. Гэтэл 2011 оны 12-р сарын 27-нд болсон Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан дээр ИТХ-ын дарга Д.Батбилэг уг хуралдааныг ажиглаж байсан манай “Иргэд төсвөө хянана” сүлжээний төлөөллийг “Хөөш. Та энд иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж байгаа шүү. Ингэж ирчихээд бичлэг мичлэг хийгээд янз бүрийн битгий хачин зан гаргаад бай, за юу? Бичлэг хийгээд байгаа бол наадахаа зогсоо. Түрүүнээс хойш ингэж барьчихаад хүн амьтны зураг аваад байгаа юм уу, бичлэг хийгээд байгаа юм уу? Би танд зориулж хэлж байна. Энэ чинь иргэдийн төлөөлөгчдийн хурал, төсвөө хэлэлцэж байгаа учраас энэ дээр жаахан ёс зүйтэй сууж байвал яасан юм бэ гэж хэлэх гээд байна, хүсмээр байна” гэж бүх төлөөлөгчдийн өмнө загнасан юм. Хуралдаанаар хэлэлцсэн дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилт, төсвийн гүйцэтгэл, төсвийн төсөл зэрэг материалыг хуралдаанаас өмнө нээлттэй болгож тараагаагүй тул тэр олон тоо цифрийг буруу зөрүү тэмдэглэж авахгүйн тулд диктафон ашигласны төлөө ингэж загнасан байна. Тэр тусмаа бид өмнөх өдөр нь утасдаж зөвшөөрөл авсан билээ. Урьд жилүүдэд тус дүүргийн ИТХ-ын хуралдаанд сууж ямар нэгэн саад хязгаарлалтгүй ажиглах боломжтой байсан атал өнгөрсөн зун өмнөх дарга Н.Энхтүвшингийн оронд сонгогдсон Д.Батбилэг ийм үйлдэл гаргасан нь харамсалтай. Ингэх бас нэг шалтгаан байсныг “Зөв тусгал” ТББ-ын Б.Түвшинбаярын ажиглалтын тэмдэглэлээс дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in Хан-Уул дүүрэг | Leave a Comment »

“Төсвийн мэдээллийн эрх чөлөө” буюу www.iltod.gov.mn/tusuv/ хуудас

Posted by ИТХ on 2012/01/19

Монгол Улсын Сангийн Яамнаас 2006 оноос хойш ажиллуулж байгаа “Төсвийн ил тод байдал” буюу http://www.iltod.gov.mn цахим сайтад тавигддаг байсан мэдээллийг задалж иргэд, олон нийтийн зүгээс олж үзэхэд хялбар хэлбэрт оруулсан шинэ хуудсыг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ажиллуулж эхэллээ.

Одоохондоо зөвхөн 2012 оны улсын төсвийн мэдээлэл  тавигдсан байна. Уг хуудасны нээлтэд зориулсан хэвлэлийн хурал 1-р сарын 18-нд Төрийн ордонд болсон. Энэ үеэр Сангийн сайд С.Баярцогт танилцуулга хийж хэрхэн ашиглах зааварчилгаа өгсөн юм.

Зааварчилгааг дор үзэж ашиглана уу.

Read the rest of this entry »

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | 2 Comments »

Баянгол дүүргийн ИТХ-ын IX хуралдааны тэмдэглэл

Posted by ИТХ on 2012/01/17

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9-р хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 28-нд болжээ. Дүүргийн Засаг даргын 2008-2011 оны мөрийн хөтөлбөр, 2011 оны эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг хэлэлцээд “бүрэн хангалттай” гэсэн үнэлгээ өгч энэ оны  дүүргийн хэмжээнд “Амьдрах орчноо сайжруулах жил II” болгон үргэлжлүүлэхээр болж эдийн засаг, нийгмийн 2012 оны зорилт, дүүргийн 2012 оны орон нутгийн төсвийн орлогын нийт дүнг 6.0 тэрбум төгрөгөөр, дүүргийн төсвийн орлогоос нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 766 сая 187,8 мянган төгрөгөөр тус тус баталсан байна.

(Энд орно)

Posted in Баянгол дүүрэг | Leave a Comment »

Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/16

 2011 оны 12 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд болж аймгийн 2010 оны төсвийн гүйцэтгэл, 2011 оны төсвийн гүйцэтгэлийн урьдчилсан дүн. 2012 оны төсвийн төсөл болон бусад хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталсан юм. Хэлэлцүүлгээс үзэхэд төсөв, газар зохион байгуулалтын асуудлыг нэлээн задалж тал бүрээс ярилцсан төдийгүй иргэнй нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд хүртэл оролцож санал бодлоо хэлж сонирхолтой, энэ утгаараа судлууштай хурал болж өнгөрсөн байна. Хэлэлцүүлгийн явц ихээхэн нээлттэй, илэн далангуй, зарим талаар бусад аймаг, орон нутгийнханд сургамжтай, санаа авахуйц болж өнгөрчээ. 

Дорнод аймгийн ИТХ-ын энэ удаагийн хуралдаанд оролцвол зохих нийт 31 төлөөлөгчдөөс 17 төлөөлөгч ирж 54,8 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2012 оны үндсэн чиглэлийн тухай (илтгэгч нь аймгийн Засаг дарга Ц.Жанлав),  аймгийн 2010 оны төсвийн гүйцэтгэл, 2011 оны төсөвт оруулах өөрчлөлт, 2012 оны төсвийн төслийн тухай (илтгэгч нь аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа), аймгийн 2012 оны орон нутгийн төсвийн төсөлд хийсэн дүгнэлт, санал (илтгэгч нь аймгийн Ерөнхий аудитор Л.Түвдэнням)-ыг хэлэлцэх үеэр гарсан гарсан асуулт хариулт, санал шүүмжлэлээс сийрүүлье.

Read the rest of this entry »

Posted in Дорнод аймаг | Leave a Comment »

Дархан-Уул аймгийн 2012 он төсөв.

Posted by ИТХ on 2012/01/15

Өнгөрсөн оны 12-р сарын 23-нд болсон Дархан-Уул аймгийн ИТХ-ын 12-р хуралдаанаар 2012 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилт, төсвийн жагсаалтыг баталсан тогтоолыг нийтэлж байна. Харин нийслэл болон бусад аймаг дүүргийн батлагдсан төсвийг одоо хүртэл олон нийтэд ил тод болгоогүй байна.

АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛТ, ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалт, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 50, 58 дугаар зүйлийг үндэслэн, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын биелэлт, төсвийн гүйцэтгэл, 2012 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт, төсвийн төслийн тухай” аймгийн Засаг даргын илтгэлийг хэлэлцээд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаас ТЭМДЭГЛЭХ НЬ:

Аймгийн хэмжээнд 2012 оныг “Аймгийн хөгжлийн 2 дахь 50 жилийн гарааны жил”- болгон зарлаж “Аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах”, ”Өрхийн хөгжлийг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлж, аймгийн үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангуулах” гэсэн зорилт дэвшүүлсэн нь Засаг даргын худалдан авах, нийлүүлэх бүтээгдэхүүний ангитай нягт уялдаж байгааг дэмжиж байна.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Нэг. Аймгийн 2012 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг дор дурьдсанаар баталсугай.

Аймгийн төсвийн орлого бүгд – 14779864.3 мянган төгрөг
Үүнээс:
1. Татварын орлого – 14079545.1 мянган төгрөг
Орлогын албан татвар – 7917000.0 мянган төгрөг
Газрын төлбөр – 420000.0 мянган төгрөг
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар – 510000.0 мянган төгрөг
Хөрөнгө борлуулсны орлого – 450000.0 мянган төгрөг
Бууны татвар – 1476.0 мянган төгрөг
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар – 320000.0 мянган төгрөг
Бусад татвар, төлбөр хураамж – 4461069.1 мянган төгрөг

2. Татварын бус орлого – 700319.2 мянган төгрөг
Хүү торгуулийн орлого – 230000.0 мянган төгрөг
Төсөвт байгууллагын өөрийн орлого – 327319.2 мянган төгрөг
Хууль тогтоомжийн дагуу аймгийн төсөвт орох бусад орлого – 143000.0 мянган төгрөг

Хоёр. Аймгийн 2012 оны төсвийн нийт зарлагыг – 6869398.8 мянган төгрөгөөр тогтоож баталсугай.
1. Аймгийн ИТХ – 216451.0 мянган төгрөг
2. Аймгийн ЗДТГ – 794929.3 мянган төгрөг
3. Аймгийн Аудитын газар – 169564.1 мянган төгрөг
4. Хотын Захирагчийн алба – 75268.4 мянган төгрөг
5. Ахмад настанд үйлчлэх кабинет төв – 86897.0 мянган төгрөг
6. Авто замын засвар арчлалт – 320000.0 мянган төгрөг
7. Мал эмнэлэгийн үйлчилгээний зардал – 81914.0 мянган төгрөг
8. Нөөц сан, ангилагдаагүй бусад зардал – 435900.0 мянган төгрөг
9. Гудамжны гэрэлтүүлэг, цэвэрлэгээний зардал – 1190070.0 мянган төгрөг
10. Монголын ахмадын холбооны гүйцэтгэх хороо – 40949.2 мянган төгрөг
11. Тээвэр, автозамын газар /ШБТ/ – 59288.6 мянган төгрөг
12. Махны хомсдлын үнэ тогтворжуулах Нөөц бүрдүүлэх – 500000.0 мянган төгрөг
13. Орон нутгийн хөрөнгө оруулалт – 945299.7 мянган төгрөг
14. Орон нутгийн хүүхдийн байгууллага – 119232.6 мянган төгрөг
15. Дархан сум – 758219.2 мянган төгрөг
16. Орхон сум – 239616.6 мянган төгрөг
17. Шарын гол сум – 381174.0 мянган төгрөг
18. Хонгор сум – 454625.1 мянган төгрөг

Гурав. Аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг дор дурьдсанаар баталсугай.
1. Орхон сум – 149226.6 мянган төгрөг

Дөрөв. Сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг дор дурьдсанаар баталсугай.
1. Дархан сум  – 7766.8 мянган төгрөг
2. Шарын гол сум – 419101.0 мянган төгрөг
3. Хонгор сум – 312184.9 мянган төгрөг

Тав. Аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 7910465.5 мянган төгрөгөөр тогтоосугай.

Зургаа. Аймгийн Засаг дарга /Г.Эрдэнэбат/-д Даалгах нь:

1. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх зорилт, төсвийн төсөлд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөөс гарсан санал, шүүмжлэлийг тусган хэрэгжүүлж, батлагдсан төсвийн орлого, зарлагыг жигд ханган биелүүлж, зарцуулалтанд нь хяналт тавьж ажиллах.

Долоо. Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА Л.ГҮНЧИН

Posted in Дархан-Уул аймаг | Leave a Comment »

Баянгол дүүргийн ИТХ-ын тэмдэглэл

Posted by ИТХ on 2012/01/15

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 28-нд болж дүүргийн Засаг дарга Л.Амгалангийн 2008-2011 оны мөрийн хөтөлбөр, 2011 оны эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг “Бүрэн хангалттай” гэж үнэлэхийн зэрэгцээ дүүргийн 2012 оны төсвийн төслийг  хэлэлцэж баталсан юм. Уг хуралдаанд “Хэрэглэгч сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Оюунтуяа сууж ажиглалт хийхээр очсон боловч  төсвийн асуудлыг хэлэлцэх үеэр ИТХ-ын ажлын албаны зүгээс суулгаагүй ч дараах зүйлийг ажиглаж тэмдэглэж авсан байна.

Хуралдааны эхэнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Отгонбилэг, Баттулга, Одгэрэл, Эрдэнэчимэг, Үүрийнтуяа нарт дүүргийн хүндэт иргэний цол тэмдэг гардуулав. Дараа нь АН-ын бүлгээс хурлын хэлэлцэх асуудлыг дэс дарааллыг өөрчилж хамгийн түрүүнд ТҮК (Тусгай үйлчилгээний компани)-ын асуудлыг хэлэлцье, яагаад гэвэл энэ бол төсөвт хамаатай гол асуудал гэсэн санал тавихад ИТХ-ын хурлын дарга Д.Дэмбэрэлдаш эсэргүүцэж, урьдчилан тараасан дараалал ёсоор хэлэлцэнэ гэхэд АН-ын бүлэг 30 минутын завсарлага авлаа хэмээн гарч явцгаав.

Танхимд үлдсэн МАН-ын зарим төлөөлөгч, эд нарыг оруулахгүйгээр хурлаа хийе, ирц хүрч байна гэх мэтээр ярилцаж  зааланд үлдсэн хүмүүсийг тоолоход ирц хүрч байна гэсэн боловч МАХН-н гишүүн Батмөнх “би ирцэнд орохгүй, нам бус нөхдүүд ч бас байна” гэсэн тул хуралдаан 10 цаг 30 минут хүртэл завсарлав.

Энэ үед хурлыг хөндлөнгөөс ажиглахаар ирсэн биднийг  хурлын ажлын албаны дарга Ганболд, ажилтан Мөнхнасан зэрэг албан тушаалтнууд “та нар гар, энэ иргэдийн төлөөлөгчидийн хурал болохоос иргэдийн хурал биш” хэмээн хөөж гаргахыг оролдож байлаа. Харин дүүргийн ТББ-уудыг төлөөлөн хуралд албан ёсоор урилгаар оролцож байгаа гэх ахмад настан н.Нямаа сууж харагдсан юм. Дараа нь н.Мөнхнасан, н. Батэрдэнэ, н. Ганболд нар “та нар хурлын дэг зөрчиж, зураг авч, бичлэг хийж, энэ тэр болж болохгүй, шууд хөөж гаргана шүү” анхааруулсан ба бид санаандгүй  нэг зураг дарсан байснаар шалтаглан гаргахыг оролдрж байлаа.

Хуралдааны завсарлага сунжирч 11 цаг өнгөрч эхлэхэд ИТХ-ын ажлын албаны ажилтан Р.Мөнхнасан биднийг танхимд оруулаагүй учрыг төсөвтэй холбоотой илтгэлүүд болон санал шүүмжлэлийг бүрэн сонсож чадаагүй. Харин үдийн завсарлагын дараа биднийг явж ороход хөөгөөгүй бөгөөд тэгэхэд төсвийн асуудлаар асуулт хариулт үргэлжилж байсан юм. Заримыг сийрүүлье. Бид бүрэн сонсоогүй тул төлөөлөгчдийн яриа, асуулт, хариулт ойлгоход бэрх, ихээхэн хүндрэлтэй байлаа.

Read the rest of this entry »

Posted in Баянгол дүүрэг | Leave a Comment »

Өмнөговь аймгийн ИТХ-ын 9-р хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/14

Аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 22-ны 10 цагт аймгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд 25 төлөөлөгчөөс 24 төлөөлөгч ирснээр 84 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Аймгийн ИТХ-ын 2011 оны ажлын тайланг хурлын дарга Л.Батчулуун тавьж хэлэлцүүлэв. Асуулт гарсангүй. Дараа нь аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай илтгэлийг аймгийн Засаг дарга Б.Бадраа тавьж хэлэлцүүлэв. Асуулт, санал гарсангүй. Мөн аймгийн газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар газрын албаны ахлах мэргэжилтэн П. Золжаргал илтгэв. Асуулт, санал гараагүй. Тайлангуудыг сайшааж баталсан тогтоол гаргав.

Дараа нь 2011 онд төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2011 оны төсвийн тодотголыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нарантуяа тавьж хэлэлцүүлэв. Үүний дагуу гарсан зарим асуулт, хариулт, санал шүүмжлэлийг танилцуулья.

Төлөөлөгч X.Сугир (Манлай сумын Засаг дарга):

-Түгээмэл тархацтай болон ердийн ашигт ашигласаны орлого нэмэгдсэнийг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд зарцуулж байгаа. Тухайлбал, 76 сая төгрөгөөр халаалтын систем тавьсан. Гэтэл үүнийг хууль зөрчсөн гээд тодотгоогүйн учир юу вэ?

Read the rest of this entry »

Posted in Өмнөговь аймаг | Leave a Comment »

Говь-Алтай аймгийн ИТХ-ын X хуралдааны тэмдэглэл

Posted by ИТХ on 2012/01/14

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний хүсэлтээр тус аймгийн “Алтай-Швейцарын сан” ТББ-ын тэргүүн Ч.Цэцэгмаа болон С.Ившинхорол нарын уг хуралдаанд сууж ажиглалт хийсэн тэмдэглэлийг товчлон нийтэлж байна.

Өглөөний 9.00 цагт аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга В.Рэнцэндорж хурлын танхимыг иргэний танхимын зориулалтаар шинээр тохижуулсан талаар товч мэдээлэл хийлээ Аймгийн хэмжээнд нийт сумдын Иргэний танхимын тохижилтонд зориулан орон нутгийн засаглапыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын хүн амын сангаас 72 сая төгрөгийн санхүүжилт хийсэн талаар мэдээлж танхимыг тохижуулахад тус аймгийн Дариймаа захиралтай “Уран охид” ХХК богино хугацаанд ихээхэн үр нөлөөтэй ажилласан болохыг танилцуулж , урьд нь “Иргэний танхим”-аас өмнө нь хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан ба энэ удаа танхимыг бүрэн тохижуулж аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг оролцуулан нээлт хийж байгааг мэдэгдэв. Хүндэтгэлийн туузыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат, Засаг дарга Ш.Амгаланбаяр, Засаг даргын орлогч, аймгийн Ардчилсан намын дарга Х.Энхбаяр, Сайн засаглалыг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч Г.Даржаа, “Уран охид “ХХК-ны захирал Г Дариймаа нар хайчилж танхимыг нээлээ.

Хуралдааны үйл ажиллагааг орон нутгийн радио, “Миний нутаг” телевизээр шууд дамжуулсан болно. Мөн танхимд байрлуулсан дэлгэцээр тайлан илтгэл, холбогдох тоо баримт судалгааг шууд харуулж, хурлын явцыг ажлын албанаас камерт бичиж авлаа.

Оролцвол зохих 28 төлөөлөгчийн 27 нь хүрэлцэн ирснээр 96,4 хувийн ирцтэй эхэллээ. /Төлөөлөгч нь шилжсэн 3 тойрогт нөхөн сонгууль болоогүй/. Дараа нь хуралдааныг удирдах нарийн бичгийн даргаар Есөнбулаг сумаас сонгогдсон төлөөлөгч Х.Оросоог сонгож, хуралдааны хэлэлцэх асуудал, дэгийг урьдчилан тараасны дагуу баталлаа.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  Тэргүүлэгчдийн 2011 оны үйл ажиллагааны тайлангийн тухай илтгэлийг аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат тавив. Хуралдаанаар хэлэлцэх материалыг ИТХ-ын тэргүүлэгчдэд 7 хоногийн өмнө албан ёсоор өргөн барьж төлөөлөгчдийг мөн 7 хоногийн өмнө ирүүлж материалыг танилцуулж байнгын комиссууд, намын бүлгүүдийн хурлаар “маш нухацтай хэлэлцэж гарсан саналуудыг бүрэн тусгасан” тул илтгэлүүдийг багцалж Засаг даргын тавих илтгэлийг сонссоны дараа ИТХ ба Засаг даргад хандаж тавих асуулт, саналыг хамтруулан хэлэлцэхээр болов. Ингээд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, аймгийн эдийн засаг нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай илтгэлийг аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр тавьсан юм.

Read the rest of this entry »

Posted in Говь-Алтай аймаг | Leave a Comment »

Тараан байршуулсан “гишүүний мөнгө”

Posted by ИТХ on 2012/01/12

Бүр 2000 оноос хойш улсын төсөвт байнга “сууж” жилээс жилд тасралтгүй нэмэгдэж анх 10 сая төгрөг байснаа 2011 онд нэг тэрбумд хүрсэн УИХ-ын “гишүүний мөнгө” энэ удаад 2012 оны төсөвт хаахна суусан нь олдохгүй, бараг эрэл хайгуул хийхэд хүрч байна.

Ноднин төсөв хэлэлцэж байхад “УИХ-ын гишүүний нэг тэрбум төгрөгийг төсөвт өөр хэлбэрээр шингээсэн юм биш үү?” гэсэн олон нийтийн таамаглалыг Сангийн сайд С.Баярцогт хэдэнтээ няцаасан ч “УИХ-ын гишүүдээс асуух, санал авах зүйл байгаа” гэж үг алдсан юм. Чухам энд асуудлын зангилаа байна. .

Төсөв хэлэлцэх явцад гишүүн тус бүрт тодорхой хэмжээний мөнгийг шийдэх эрх олгож чухам юу юунд зарцуулах талаар гишүүдийн саналыг авч (тэд зөвхөн 2008 оны сонгуулийн амлалтуудаа харж байгаад зөвхөн өөрсдийн сонгогдсон тойрогт зарцуулах санал өгсөн) задалж бүгдийг төрөлжүүлээд тухайн салбар, чиглэлийн төсвийн ерөнхийлөн захирагчдын (салбарын болон орон нутгийн ) төсөв, хөрөнгө оруулалтуудаар тараан байрлуулжээ. Нэг гишүүнд ногдох ийм мөнгө 2,8-3 тэрбум төгрөг орчим гэж зарим эдийн засагчид үзэж байна.

Удахгүй салж хоёр тийшээ харах гэж байгаа ч МАН ба АН  хоёр нам ид хамтарч байхдаа энэ оны төсвийг баталсан тул шүүмжлэх гишүүн нэг ч байгаагүй. Бас өөрсдийгөө сөрөг гэж тооцдог хоёр жижиг намын төлөөлөл болон бие даагч гишүүн эсэргүүцээгүй бөгөөд “хуваах ажилд” бусдаас дуталгүй оролцжээ.

Одоо гишүүд ирэх сонгуулиар тойрогтоо очиж сурталчилгаа хийхдээ “миний санаачлагаар”, “миний саналын дагуу”, “миний мөрийн хөтөлбөрт орсон” гэж байгаад дээд зэргээр ил тод сурталчилна. Энэ бол тэдний хамгийн сайн чаддаг ажил билээ.

Ингээд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт – МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ-аас УИХ-ын гишүүний мөнгө байж болох магадлалтай зарцуулалтуудыг төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад хэрхэн орсноор жагсаав. Бараг бүгдээрээ тойрогт буюу орон нутгийн сонгогчдод чиглэсэн, том мөнгийг бүхэл тоогоор юмуу олон жижиг хуваасан, эсвэл нэгбүрчлэн задлахгүйгээр хөгжлийн хөтөлбөр, төсөл гэхчлээн нэрлэснийг ангзаарч болно. “Гишүүний”-х гэдэг нь бараг 100 хувь тодорхой зарим зарцуулалтыг улаан өнгөөр онцлов. Хэн гэдэг гишүүнийхийг ч тогтоож болно. Жишээлбэл, “Нийслэлийн хоймор” нэртэй сан, төсөл, хөтөлбөрүүд нь Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Очирбатынх, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэдийн жуулчны баазыг цахилгаанаар хангах төсөв Л.Гүндалайнх, хоёр тэрбум төгрөгийн төсөвтэй “Баянгол хөгжил хөтөлбөр” С.Эрдэнийнх,  Хэнтий аймагт биогаз, нанобатарей үйлдвэрлэл, инновацыг хэрэгжүүлэх хөтөлбөр нь мэдээж Н.Ганбямбынх.

Read the rest of this entry »

Posted in # УИХ-ын гишүүний мөнгө" | Leave a Comment »

Завхан аймгийн 2012 оны төсөв

Posted by ИТХ on 2012/01/11

Өнгөрсөн оны 12-р сарын 23-нд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээжит 7-р хуралдаанаар хэлэлцэж баталсан аймгийн  2012 оны төсвийн материалыг үзэж танилцана уу – Завхан аймгийн 2012 оны төсөв.

Posted in Завхан аймаг | Leave a Comment »

“ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА ИРГЭД”

Posted by ИТХ on 2012/01/10

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон төсвийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмын тухай нээлттэй хэлэлцүүлэгт “Иргэд төсвөө хянана” сүлжээний зохицуулагч Д.Цэрэнжав “Орон нутгийн төсвийн ил тод байдал ба иргэд” сэдвээр илтгэл тавьсныг нийтэлж байна. 

Ил тод, нээлттэй байх явдал бол ардчилсан төрийн мөн чанар бөгөөд албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын баримтлах ёстой үндсэн зарчим. Үүний тулд төрийн албан хаагчид ухамсартай байхад хангалттай мэт боловч бодит байдал дээр тэгдэггүй, тийм хичээл зүтгэл, санаачлага гардаггүй. Үүнээс хийх дүгнэлт бол төсвийг ил тод, нээлтэй болгохыг хууль, дүрэм журмаар үүрэг болгож албадахаас өөр аргагүй юм байна. Ардчилсан нийгэмд иргэн хүн хуулиар хориглоогүй болгоныг хийх эрхтэй бол  төрийн албан хаагчид ажил үүргийнхээ хүрээнд зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийх эрхтэй, зөвхөн хууль журмаар үүрэг болгосныг хийдэг гэж ойлгогдож байна.Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтнууд, албан хаачид дарга нарын намын харъяалал, байр суурь, зан ааш, сайн муугаас хамаарахгүй хэрэгждэг тийм механизм байх ёстой.

Сүүлийн жилүүдэд төрийн үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр хийгдсэн ажил, арга хэмжээнүүд нь ихэнхдээ тухайн байгууллагууд дотроос биш харин дээрээс гарсан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, эсвэл олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж ирснийг хэлэх хэрэгтэй.

Оны өмнөхөн шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Төсвийн тухай хуулинд төсвийн нээлттэй ил байдлын зарчмуудыг тодорхойлж, төсвийн үе шатуудад олон нийтэд мэдээлэх шаардлагуудыг тавьсан нь сайшаалтай. Гэхдээ ганц л дутагдал байна. Тэдгээр заалтууд маш ерөнхий, “олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлэх”,  “тухай бүр мэдээлж байх”, “ойлгомжтой байдлаар мэдээлнэ” гэх зэрэг өгүүлбэрүүд нь өөрөө зөв зүйтэй ч хэрэгжүүлье гэхэд өөрөө ойлгомжгүй байгаа юм.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Төсвийн хуулийн төслийг хэлэлцэж байх явцад манай сүлжээний гишүүн байгууллагууд энэ асуудалд албан тушаалтнуудын анхаарлыг янз бүрийн арга хэлбэрээр хандуулж ирсэн, тэгэхэд хууль батлагдаж гарсны дараа ил тодын байдлыг хангах маш тодорхой дүрэм журам боловсруулж гаргана гэсэн хариу өгч байсныг хэрэгжүүлэх эхний алхам хийгдэж өнөөдөр хэлэлцүүлэг хийж байгаа нь сайн хэрэг юм.

Read the rest of this entry »

Posted in # Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа, ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ] | Leave a Comment »

Тухайн жилийн төсвийг 1 дүгээр сарын 10-ны дотор цахим хуудсанд байрлуулах үүрэгтэй

Posted by ИТХ on 2012/01/10

2011 оны 06-р сарын 16-ны өдөр УИХ-аар батлагдсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулинд орсон төсөв, санхүүгийн ба төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах талаархи зарим тодорхой заалтууд нь иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын  зүгээс төсөв, тендерийн мэдээллийг хуулийн нээлттэй болгох, хэрвээ тэгээгүй бол гаргаж өгөхийг шаардах боломжийг олгож байгаа. Үүнд тус хуулийн 3.1-д заасан,  улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага, бүх шатны шүүх, прокурорын байгууллага, Улсын Их Хурлаас байгуулдаг /Засгийн газраас бусад/ байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, мөн төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага, олон нийтийн радио, телевизийн байгууллага хамаарах юм. Жишээлбэл, эдгээр байгууллагууд тухайн жилийн төсвийг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны цахим хуудсанд байрлуулах үүрэгтэй болж байгаа юм. Харин дээр дурдсанчлан, Засгийн газраас бусад гэж ялгасан нь анхаарал татаж байна. Уг хуулийн заалтыг сийрүүлж та бүхний анхаарлыг хандуулья. 

9 дүгээр зүйл.Төсөв, санхүүгийн ил тод байдал

9.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

9.1.1. тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор дурдсан хугацаанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх:

9.1.1. а.тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;

9.1.1. б.өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор;

9.1.1. в.дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор.

9.1.2. жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангах;

9.1.3. санхүүгийн тайланд нь хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

9.1.4. тухайн жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 14 өдрийн дотор энэ тухай цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

9.1.5. зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч, түүний хэмжээг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

9.1.6. хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх.

9.2. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7, 8 дугаар зүйл, 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд зааснаас гадна дараах мэдээллийг үндэсний хэмжээний өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж, цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулна:

9.2.1. концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш ажлын 14 өдрийн дотор;

9.2.2. концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг байгуулагдсанаас нь хойш ажлын 14 өдрийн дотор;

9.2.3. концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг ажлын 14 өдрийн дотор.

9.3. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7, 8 дугаар зүйл, 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд зааснаас гадна нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийн жагсаалтыг тухайн этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн хамт цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэнэ.

10 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал

10.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

10.1.1. ил тод, шударга, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд суурилсан худалдан авах ажиллагааны бодлого баримтлан, энэ тухай цахим хуудсандаа байрлуулах болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх;

10.1.2. тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулан тухай бүр шинэчлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;

10.1.3. тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

10.1.4. тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх, шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар тодорхой танилцуулах;

10.1.5. худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсандаа байршуулан тухай бүр шинэчлэх;

10.1.6. тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлэх;

10.1.7. худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

10.1.8. хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх.

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | Leave a Comment »

БҮХ ШАТНЫ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТӨСӨЛ

Posted by ИТХ on 2012/01/09

Монгол Улсын Сангийн Яамнаас төсвийн шинэчлэлийн хүрээнд төсөвт байгууллагууд, төрийн  болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төсөв, санхүүгийн мэдээллийг ил тод болгох, төсвийн талаарх мэдээлэлтэй иргэд, олон нийт танилцах боломжоор хангах зорилготой журмын төслийг боловсруулан  хэлэлцүүлж байгаа. 1-р сарын 11-ны Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах төлөвтэй байна. Үүний өмнө 1-р сарын 10-ны Мягмар гаригт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр орох юм.

Журмын төсөл, түүний хавсралт маягтуудтай танилцана уу.

Read the rest of this entry »

Posted in # Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа | Leave a Comment »

Нийслэлийн 2012 оны төсвийн төсөл: зарлагын жагсаалт

Posted by ИТХ on 2012/01/06

12-р сарын 23-нд хуралдсан нийслэлийн ИТХ-ын 8-р хуралдаанаар батлагдсан төсөв албан ёсоор хараахан нийтлэгдээгүй байна. Хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан 2012 оны төсвийн баримт бичгээс авсан зарим мэдээлэлтэй танилцана уу. Хотын төсвийн нийт зарлага 295,9 тэрбум (295974143.1 мянга) төгрөг болжээ. Эдгээрээс төсвийн менежер нарт дор дурдсан төсвийг зарцуулах эрх олгохоор төлөвлөжээ.

Зарим зардлыг онцолбол төсвийн хөрөнгө оруулалт 215 тэрбум болжээ. Байнгын ажиллагаагүй ИТХ-ын зардал 2,2 тэрбум байгаа нь төлөөлөгчдийн суудлын тоогоор намын бүлгүүдэд олгодог  “гишүүний мөнгө” багтсаных юм. Төсвийн нөөц хөрөнгө 4,5 тэрбум төгрөг болжээ. Үүний зарцуулалт жилийн жилд хаалттай байдаг.  Нийслэл хот албан ёсоор өөрийн сонин, телевиз, радиогүй хэрнээ хэвлэл мэдээллийн зардалд 600 сая төгрөг төсөвлөсөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулж сурталчлуулахад зарцуулагдах бололтой. Мөн өнгөрсөн онд өмнөх хувьчлалыг хүчингүй болгоод буцаагаад дуудлагаар худалдсан “Улаанбаатар таймс” сонины өр төлбөрийг барагдуулахад 959 сая төгрөгийг зарцуулах юм байна. Бас ихэнх зай талбайгаа түрээслүүлэхийн зэрэгцээ урлаг, соёлын арга хэмжээ байнга явуулдаг Соёлын төв өргөө төсвөөс 1 тэрбум гаруй төгрөгийг авах юм байна. Мэргэжлийн урлагийн байгууллага мөртлөө “Улаанбаатар” чуулга төсөвт орлого оруулах байтугай төсвөөс 533 сая төгрөг авна. Энэ бүгдийг тийм ч үр ашигтай зарцуулалт гэж үзэх аргагүй юм. “Нийслэлийн хүүхэд, залуучуудын  спорт  сургалтын  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” гэсэн томъёололтой, эзэн нь тодорхойгүй нэрээр 215 сая төгрөгийг төсөвлөжээ.

Нийслэлийн батлагдсан төсвийн баримт материалууд нийтлэгдмэгц бид үргэлжлүүлэн задлан шинжлэх болно  

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2259516.8

2. Нийслэлийн Аудитын  газар

677906.2

3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

3716463.4

4. Захирагчийн Ажлын алба

509299.7

5. Авто замын газар

1398739.6

6. Агаарын чанарын алба

342379.8

7. Аялал жуулчлалын газар

149123.6

8. Архивын газар

243249.5

9. Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар

630582.4

10. Байгаль хамгаалах газар

627385.3

11. Мэдээллийн технологийн газар

319403.2

12. Өмчийн харилцааны газар

555620.3

13. Нийтийн тээврийн газар

1601507.5

14. Нийтлэг үйлчилгээний газар

1845966.9

15. Нийслэлийн төр захиргааны авто бааз

524969.0

16. Хөдөлмөрийн газар

201427.7

17. Хөдөө аж ахуйн газар

253863.3

18. Хотын тээврийн татварын тасаг

109695.5

19. Монголын хүүхдийн ордон

783983.2

20. Хүүхдийн урлан бүтээх төв

585736.5

21. Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв

220965.1

22. Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай төв

682019.4

23. Улаанбаатар чуулга

533540.4

24. Соёлын төв өргөө

1026121.0

25. Нийслэлийн Тагнуулын газар

70000.0

26. Нийтийн аж ахуйг сайжруулах  2-р төслийн удирдах нэгж

32600.0

27. Махны үнийн зөрүү

7800000.0

28. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардал

13504122.0

  Үүнээс:  Газар чөлөөлөх зардал

2600000.0

  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэх арчлах

3649222.0

  Туул голын эх үүсвэрийг хамгаалах, мужийг нөхөн сэргээх

350000.0

  Туул,  Сэлбэ  голын   урсацыг нэмэгдүүлэх,Туул  голд   минж нутаглуулах зардал

6036800.0

  Газрын хянан баталгаажилт

868100.0

29 Хэвлэл мэдээллийн зардал

600000.0

30 Төсвийн нөөц хөрөнгө

4497000.0

31 Мал эмнэлгийн үйлчилгээний зардал

279618.0

32 Халаалтын зуухны үнийн зөрүү

296712.6

33 Ахмадын сан

10000.0

34 Ахмадын хороо   

52102.8

35 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал

1000000.0

  Үүнээс: Гэмт  хэрэгтэй тэмцэх  зориулалтаар   Нийслэлийн Цагдаагийн газарт техник, тоног төхөөрөмж худалдан авах

150000.0

 

  Замын хөдөлгөөнд хяналт  тавих зориулалт  бүхий хяналтын байрын иж бүрдэл, тоног төхөөрөмж

150000.0

Нийслэлийн Прокурорын газрын барилгын засвар шинэчлэлт

300000.0

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал

400000.0

36. Хот нийтийн аж ахуйн тохижилт, үйлчилгээний зардал

6443126.0

37. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв НӨҮГ

120966.0

38. Замын Цагдаагийн газар

90000.0

39. Зам  тээврийн удирдлага мэдээллийн төв

416125.9

40. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ

771612.1

41. Биеийн тамирийн зардал

148739.8

42. Улаанбаатар бүсийн зөвлөл

25401.8

43. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл

348350.9

44. Үртсэн, шахмал, түлшний үйлдвэрийн үнийн зөрүү

351792.0

45. Азийн том хотуудын симпозиумын зардал

125835.0

46. Нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд олгох санхүүгийн дэмжлэг

4200000.0

47. Нийслэлийн хүүхэд, залуучуудын  спорт  сургалтын  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

215000.0

48. “УБ таймс” НӨҮГ – ын хэвлэх үйлдвэрийн өр барагдуулах

958982.3

49. Орон нутгийн Хурлын сонгуулийн зардал

3501590.6

50. Нийтийн аж ахуйг сайжруулах  3 дугаар төслийн удирдах нэгж

940000.0

51. Улаанбаатар хотыг цэвэр агаар төслийн нэгж

1000000.0

52. Нийтийн бие засах газрын ашиглалтын зардал

100000.0

53. Замын сан

13245000.0

54. Төсвийн хөрөнгө оруулалт

215030000.0

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Завхан аймгийн ИТХ-ын VII хуралдааны тэмдэглэл

Posted by ИТХ on 2012/01/04

[“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний хүсэлтээр Завхан аймгийн “Өрнөх хөгжил” ТББ-ын зохицуулагч М.Дуламжав, дэд тэргүүн Б.Цэрэндулам нар уг хуралдаанд сууж ажиглалт хийсэн тэмдэглэл]

Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаан 2011.12.23-ны 10 цагт Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд нээгдэж өмнөх хуралдаанаас хойш хорвоогийн мөнх бусыг үзсэн хоёр төлөөлөгчид нэг минут эмгэнэл илэрхийлж, нийт 31 төлөөлөгчөөс Улаанбаатар хотод хоёр төлөөлөгч ажлаар явж, 27 төлөөлөгч ирснээр ирц 87 хувьтай байгаа тул хуралдаан эхлэлээ.

Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Ч.Дэмчигсүрэн удирдаж аймгийн Засаг дарга Я.Санжмятав, албан газар, байгууллагын дарга, эрхлэгчид, ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ИТХ-ын ажлын албаны ажилтнуудаас гадна 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож шинэ Үндсэн хууль батлалцсан Их-Уул сумын иргэн Төмөр-Очир, Цэцэн-Уул сумын иргэн Ванган, Цэрэндорж, Тосонцэнгэл сумын иргэн Д.Цогтбаяр, Иргэний нийгмийн төлөөлөл – “Өрнөх хөгжил” сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн М.Дуламжав, Б.Цэрэндулам нар урилгаар суулаа.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр баталлаа.

1.Завхан аймгийн ИТХ, тэргүүлэгчдээс 2011 онд хийсэн ажлын тайлан
Илтгэгч: ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Дэлгэрсайхан
2. Аймгийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, аймгийн эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан Илтгэгч: Аймгийн Засаг дарга Я.Санжмятав
3. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл
Илтгэгч: Аймгийн Засаг даргын орлогч Л.Лхамсүрэн
4. Нутгийн захиргааны байгуулагуудын 2011 оны төсвийн гүйцэтгэл
Илтгэгч: Аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Болдбаатар
5. Аймгийн Аудитын газрын 2011 оны тайлан
Илтгэгч: С .Уламбаяр- Аймгийн аудитын гарын дарга
6. Газар зохион байгуулалтын тайлан
Илтгэгч: С.Ганболд- ЗДТГ-ын барилга, хот байгуулалт, газрын албаны дарга
7. “Эрчимтэй хөгжлийн Завхан” сангийн тайлан
Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Болдбаатар
8. Аймгийн хүндэт иргэн цол олгох тухай
Аймгийн ЗДТГ-ын дарга П.Нямжав
 
Read the rest of this entry »

Posted in Завхан аймаг | Leave a Comment »

2011 онд Завхан аймагт 21 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна

Posted by ИТХ on 2012/01/04

Завхан аймгийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан тавьсан Засаг дарга Я.Санжмятавын илтгэлээс төсөв, хөрөнгө оруулалт, ил тод байдлын холбогдолтой хэсгийг түүвэрлэн оруулж байна.

… Зон олныхоо хандив буяны өгөлгөөр “Очирваанийн хот мандал” цогцолборыг бүтээн байгууллаа.
… Баруун бүсийн Худалдааны төвийн томоохон байгууламжийг ашиглалтад орууллаа.
… Улсын нийслэлдээ “Завханы өдрүүд-2011” цогц арга хэмжээг зохион байгууллаа.
Өнгөрсөн 5 дугаар сараас 2011 оны төсөвт тодотгол хийх тухай яригдаж, бид ч төсвийн тодотголыг хэлэлцэхийг хүлээзнэсэн байдалтай байсаар 2011 оны эхний хуралдаан хойшлогдсоноор жилийн тайлангаа энэ хуралдаанд нэг мөр тавьж байгаа хэдий ч “Төрийн цогц үйлчилгээг багт” арга хэмжээний хүрээнд хөдөөгийн багийн иргэдэд, болон сумдад Засаг даргын тайланг тавихдаа аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2011 оны үндсэн чиглэлийн явцийг хагас жилийн болон, 9 дүгээр сарын 01-ны байдлаар танилцуулсан болно…
… Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 12 бодлогын хүрээнд 192 зорилт, арга хэмжээ төлөвлөснөөс энэ 2011 оны жилийн эцсийн байдлаар бүрэн хэрэгжсэн 98, хэрэгжих шатандаа 89, биелэлт удаашралтай 5 асуудал байна… Удаашралтай байгаа 5 зорилтыг хэрэгжүүлэхээр хийж байгаа ажлын талаар та бүхэнд тодорхой тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Read the rest of this entry »

Posted in Завхан аймаг | Leave a Comment »

Төсвийн тухай хууль (2011 оны 12-р сарын 23-нд батлагдсан шинэчилсэн найруулга)

Posted by ИТХ on 2012/01/04

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт           

1.1.Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

2 дугаар зүйл.Төсвийн тухай хууль тогтоомж 

2.1.Төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Төсвийн тогтвортой байдлын тухай  хууль[2], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 

3.1.Энэ хууль нь төсвийн байгууллага,түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна. 

3.2.Энэ хуулийн хөтөлбөрийн төлөвлөлт, үр дүнгийн гэрээ, түүний гүйцэтгэл, тайлагналтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу улсын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилд хамаарахгүй. 

3.3.Энэ хуульд заасан ил тод байдалтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамаарах төсөвт болон энэ хуулийн 3.2-т заасан гүйцэтгэх ажилд хамаарахгүй. 

3.4.Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг  хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна. 

Read the rest of this entry »

Posted in # Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа | Leave a Comment »

Иргэдийн нэрээр контор барьж байна.

Posted by ИТХ on 2012/01/02

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дахь 11-р хорооллын зүүн талд Сэлбийн гол руу хараад нэгэн барилга өдөр хоногоор сүндэрлэж байгаа нь “Сүхбаатар дүүргийн иргэдэд үйлчлэх төр, захиргааны байр” юм. Шуудхан хэлэх юм бол дүүргийн Засаг даргын тамгын газрын ордон юм. Тус дүүргийн сурталчилгааны сонинд “Сүхбаатар дүүргийн иргэдэд нэг цэгээс үйлчлэх орчин үеийн шийдэл бүхий нэгдсэн барилгыг концессын төслийн хөрөнө оруулалтаар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр дэх 11 дүгээр хороололд барина” гэж бичсэн нь хэрэгжиж байгаа ажээ.

Концессоор гэсэн үг анхаарал татаж байна. Нэгэнт ашиг өгөхгүй конторын барилга учраас хэдэн жилийн дараа төсвөөс мөнгөөр гаргаж төлнө гэсэн үг.  Бас энэ том барилгын өрөө тасалгаануудын тохижилт, тавилга гээд зардал их байх болно.  Ингэж контор барихыг иргэдээс асуусан юм уу? 

Төрийн ордноос хэдхэн алхмын зайтай Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга нь яагаад гологдсон бэ?   

Read the rest of this entry »

Posted in Сүхбаатар дүүрэг | Leave a Comment »