Нийслэлийн ИТХ-ын VIII хуралдаан 2011 оны 12-р сарын 23-нд “Хангарьд” ордонд болж нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын хэрэгжилт, 2012 оны эдийн засаг, нийгмийн зорилтын тухай, Нийслэлийн 2012 оны төсвийн төслийн тухай, Нийслэлийн газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөний биелэлт, 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай, 2011 оны өмч хувьчлалын дүн, 2012 онд нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Нийслэлийн ИТХ-ын 2011 оны ажлын тайлан, Нийслэлийн аудитын газрын 2011 оны ажлын тайланг тус хэлэлцэж шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригийн тавьсан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын биелэлт, 2012 оны зорилтын төслийн талаархи илтгэлд дурдсан төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой зарим баримт, тайлбарууд:
… Нийслэлийн ИТХ, нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын эдийн засаг, санхүү, төсвийн чадамжийг дээшлүүлэх цогц бодлогыг тууштай дэвшүүлэн тодорхой үр дүнд хүрч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх санхүүгийн нөхцөл, боломж жил дараалан нэмэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагууд нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Сангийн яамтай нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах, хот эдийн засаг, санхүүгийн хувьд бие даан хөгжих боломжийг бүрдүүлэх асуудлаар удаа дараагийн уулзалт ярилцлага зохион байгуулсны үр дүнд 2012 оноос нийслэл өөрийн орлогоо зарцуулах боломж бүрдэх эхлэл тавигдаж байна.
… НИТХ-ын 7 дугаар хуралдаанаар дүүргийн төсвийн орлогын давалтыг нийслэлд төвлөрүүлэхгүйгээр дүүрэгт нь үлдээх шийдвэр гаргасны зэрэгцээ Нийслэлийн Засаг даргаас дүүргүүд болон агентлаг, газарт хөрөнгө оруулалтын ажлуудын эрх шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа нь дүүргүүд тулгамдсан асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, зохион байгуулахад чухал нөлөө үзүүлж байна.
… 2011 онд нийслэлийн төсөвт 236.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, жилийн төлөвлөгөө 9.2 тэрбум төгрөгөөр буюу 4.0 хувиар давж биелэх урьдчилсан гүйцэтгэл гарч байна. 2011 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 128.9 тэрбум төгрөгийн 618 төсөл арга хэмжээ, барилга, байгууламжийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хүлээгдэж буй гүйцэтгэлээр 92.2 хувьтай байна.
… “Хөдөлмөр эрхлэлт – хүний хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж нийгмийн салбарын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн 17 байгууллагатай Нийслэлийн Засаг дарга 94.0 сая төгрөгийн “Хамтран ажиллах гэрээ” байгуулан үр дүнтэй ажиллалаа.
… Төрөөс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох зээлэнд хамрагдахаар 1051 төсөл ирүүлснээс арилжааны 7 банкаар дамжуулан 264 төсөлд 13.7 тэрбум төгрөгийн зээл олгогдож, нийт 790 ажлын байр шинээр бий болсон. Бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлэнд хамрагдсан иргэд гэр хороололд бичил үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд эдгээрээс 138 төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнх байна.
… Нийслэлийн эрүүл мэндийн салбарт энэ онд 41 тэрбум 618.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдах хөрөнгийн хэмжээ 2008 онтой харьцуулбал 10.3 тэрбумаар өсчээ.
… Хот байгуулалт, дэд бүтэц, тохижилтын чиглэлээр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын цар хүрээ нэмэгдэхийн зэрэгцээ бодлогын хувьд дорвитой өөрчлөлт гаргаж чадлаа. Хөрөнгө оруулалтын эрх шилжүүлэхийн зэрэгцээ дүүрэг бүрт хот тохижилтын чиглэлээр 1.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Б.Цэрэндоржийн гудамж, Г.К.Жуковын нэрэмжит талбай, Тусгаар тогтнолын талбайн тохижилт зэрэг олон томоохон ажлуудаас гадна гэр хороолол, алслагдсан суурьшлын бүсүүдэд бичил цэцэрлэг байгуулж, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин жил бүр нэмэгдэж байна.
… 2011 онд 73.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бага тойруу, Ажилчин, ТЭЦ-4, Шархад, Дарь-Эх, Шадивлан, Таван шар, Гоодойн чиглэлийн зэрэг нийт 61.6 км авто зам, 536 у/м гүүрийг барьж шинэчлэх ажлыг гүйцэтгэв. Автобусны 4 эцсийн зогсоол, таксины 8 зогсоолыг барьж, 800 такси, 148 автобусаар парк шинэчлэлт хийж, 400 автобусны дизель хөдөлгүүрийг хийн түлшний хосолмол хөдөлгүүрт шилжүүллээ. Нийтийн тээврийн салбарт шинээр автобус угсралтын ажлыг үргэлжлүүлэн улс, нийслэлийн төсвийн 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн үйлдвэрийн байр, үйлдвэрлэлийн шугамыг ашиглалтад оруулан, 19 автобус угсран 2012 оны нэгдүгээр улиралд үйлчилгээнд гаргахаар ажиллаж байна.
… Инженерийн оновчтой шийдлийг хот төлөвлөлтөнд ашиглаж орон сууцны хороолол дундах инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх ажлын эхлэлийг 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ.
… БНСУ-ын КОЙКА байгууллагын 22.6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын усан хангамж” төслийг эхлүүллээ. Сэлбэ голыг сэргээх төслийн хүрээнд 1.8 км урт төмөр бетонон хашлагыг шинэчлэн 0.6-0.8 метр гүн усны толио үүсгэж, усны урсацыг хөрсний болон үерийн усыг ашиглан нэмэгдүүлэх ажлыг хийж байна. 1.6 км урттай бохир усны 22 дугаар коллекторыг барьж ашиглалтанд орууллаа. Гачуурт, Яармаг, Нисэхийн усан хангамжийн шинэ эх үүсвэрүүд барих бэлтгэл ажлын хүрээнд зураг төсөл, хайгуулын ажил, судалгаа хийж, барьж эхэлснээр “100000 айл” орон сууцны хөтөлбөрийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна.
… Нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан 20 хорооны цогцолбор байрнаас 12 дугаар сарын 01-ний байдлаар 5 цогцолбор байр ашиглалтанд орж, үлдсэн хороодын цогцолборын барилга барих ажлын явц 30-90 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийслэлийн Засаг дарга Г. Мөнхбаярын тавьсан Улаанбаатар хотын 2012 оны эдийн засаг, нийгмийн зорилтын тухай, 2012 оны төсвийн төслийн тухай талаархи илтгэлд дурдсан төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой зарим баримт, тайлбарууд:
… 2012 оны төсөв УИХ-аар батлагдлаа. Зарим салбарт батлагдсан төсвөөс дуулгахад Боловсролын салбарт 1,1 их наяд, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт 2,5 их наяд байх жишээтэй. Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй Нийслэлийн тухайд 2009 онд 133 тэрбум, 2010 онд 164 тэрбум олж, зардал тал дээр 2009 онд улсад 62,7 тэрбум, 2010 онд 56,1 тэрбум 2011 онд 20,8 тэрбум 2012 онд 70 тэрбум төгрөг улсад өгнө. Сүүлийн 4 жилд улсад 209 тэрбум төгрөг тушаасан нийслэл хот өнгөрсөн 4 жилд хоёр жилийн төсвөөр амьдарч ирлээ. Эндээс харвал хот ирэх онд хөрөнгө оруулалт хийж чадахгүй болох нь. 9 дүүргээс 4 нь татаацтай. Уг нь гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтцийг сайжруулах, тээвэр, хог, орчны тохижилт гээд шийдэх асуудал олон ч хийх мөнгө алга. Ийм дүр зурагтайгаар ирэх онд амьдрах нь байна.
… Сангийн яам үндсэн орлогоос 70 тэрбум татан авлаа. Хэдийгээр их хурлыг гишүүд 483 тэрбум төгрөгийн эрх хотод олгосон боловч нийслэлийн орлогоос дээрхи мөнгийг авснаар хасах 22 тэрбум төгрөгтэй үлдэж байна. Ийм нөхцөл байдалд яаж амьдрах вэ гэдгийг Төлөөлөгчдөд юуны урьд дуулгая.
… Өнгөрсөн жилүүдэд төсвийн бодлогоор хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Ингэхээр нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон төсвийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага урган гарч байна. Үүний тулд нийслэлийн ажил амьдралыг ойлгодог хүмүүсийг хууль тогтоох дээд байгууллагад сонгох хэрэгтэй байгаа юм.
… 2012 онд 952 тэрбум төгрөг зарцуулах хэрэгцээ бидэнд байна.