ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

“Орон нутгийн төсвийн ил тод байдал – 2011” судалгааны тайлан гарлаа.

Posted by ИТХ on 2011/09/10

Орон нутгийн түвшинд төсвийн ил тод, нээлттэй байдлыг хөндлөнгийн байр сууринаас үнэлсэн “Орон нутгийн төсвийн ил тод байдал-2011” судалгааны тайлан нийтлэгдлээ.

Энэхүү нь Монгол улсад төсвийн ил тод, нээлттэй байдлыг үнэлэх зорилгоор хийж буй анхны бие даасан судалгаа бөгөөд Нээлттэй Нийгэм Форум, “Иргэд Төсвөө Хянана” иргэний нийгмийн сүлжээтэй хамтран 2010 оны дөрөвдүгээр сараас 2011 оны тавдугаар сарын хооронд явуулсан юм.  

Судалгааны хүрээнд Монгол улсын 21 аймаг болон нийслэл Улаанбаатар хотын орон нутгийн төсвийн баримт бичиг ба төсвийн үйл явцын ил тод, нээлттэй байдлын тухай мэдээллийг 2010 оны 11-р сараас 2011 оны 3-р сар хүртэл нийт 5 сарын хугацаанд газар дээр нь цуглуулж нягтлав. Энэ ажилд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн сүлжээний гишүүд идэвхтэй оролцсоныг талархан тэмдэглэж байна. Цуглуулсан мэдээллийг нэгтгэж нарийвчлан судалсны эцэст тодорхой аргачлалын дагуу оноо өгч төсвийн ил тод байдлын чансаагаар аймгууд ба Улаанбаатар хотыг эрэмбэлсэн жагсаалт буюу рейтингийг бэлтгэж гаргасан юм. 

Судалгааны дүгнэлтүүдээс заримыг танилцуулбал:

-Нийт дүнгээрээ орон нутгийн төр, захиргааны байгууллагууд авч болох 100 онооноос дөнгөж 34.9 оноог авсан байна. Энэ нь орон нутагт төсвийн ил тод, нээлттэй байдлын түвшин нэлэнхүйдээ тун хангалтгүй байгааг харууллаа.

-Төсвийн үндсэн баримт бичгүүд олон нийтэд хэр ил тод байгаад оноо өгч, аймгуудыг жагсаахад Улаанбаатар хотын хувьд нийт 10 баримт бичгийн 8-ийг нь цахим хуудаснаас нь чөлөөтэй авах боломжтой байсан тул хамгийн өндөр оноо авчээ. Нөгөө талаар Орхон, Дорноговь, Өмнөговь зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, уул уурхайн баялаг ихтэй, төсвийн орлого их байх магадлалтай аймгуудын хувьд тааруухан оноо авсан нь анхаарал татаж байна.

-Орон нутгийн төсвийг батлагдахаас нь өмнө иргэд танилцах боломжтой байх нь ихээхэн ач холбогдолтой юм. Харамсалтай нь нийтдээ хангалтгүй дүн үзүүлэв. Тэр ч байтугай төсвийн төслийг хэлэлцэж баталдаг ИТХ-ын төлөөлөгчдөд ч төсвийн төсөлтэй танилцах хугацаа хэт давчуу байлаа. Аль ч аймагт ИТХ-аас олон нийтийн дунд ямар нэгэн хэлэлцүүлэг, сонсгол хийдэггүй байна. Өөрөөр хэлбэл, төсвийг төлөвлөх болон батлах үе шатанд олон нийтийн оролцоог хангах ажлыг орон нутгийн төр, захиргааны зүгээс зохион байгуулахгүй явж иржээ.

-Орон нутгийн тендер шалгаруулалтын явц иргэдэд нээлттэй биш байна. Тухайлбал, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудад тендер шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг олон нийтэд ил болгодог, мөн өөр таван аймагт ийм мэдээллийг зөвхөн иргэд шаардсан үед шалгаруулалтын дараа танилцуулдаг бол бусад бүх аймагт энэхүү хорооны бүрэлдэхүүн нийтэд хаалттай байлаа. Тендерт оролцсон болон шалгарсан компаниудын талаарх мэдээллийг Завхан, Сэлэнгэ аймагт ил зарладаг бол Дундговь аймагт тендерийн тухай ямар нэгэн мэдээллийг олон нийтэд хүргэдэггүй, мөн өөр зургаан аймагт тендерийн холбогдолтой зарим нэгэн мэдээллийг ил болгодог ч оролцсон болон шалгарсан компаниудын тухай мэдээлэл байхгүй, харин 13 аймагт тендерт шалгарсан компаниудын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн ч тэдэнтэй өрсөлдөн ялагдсан компаниудын тухай мэдээлэл алга байв.

-Сүүлийн жилүүдэд “УИХ-ын гишүүний мөнгө” хэмээх ойлголт бий болж, орон нутгийн хувьд багагүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тухайн аймаг, нийслэлийн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу хуваарилан зарцуулж байгаа билээ. Гэтэл УИХ-ын гишүүд уг хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар сонсогчдынхоо саналыг сонсож, явц, үр дүнг нь олон нийтэд тайлагнах явдал хангалтгүй байна.

Дор дурдсан линкийг дарж тайлантай танилцана уу.  

Орон нутгийн төсвийн ил тод байдал. 2011. Судалгааны тайлан

Leave a comment