МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for June, 2011

“Төсвийн ил тод байдал ба иргэний оролцоо” нээлттэй семинар

Posted by ИТХ on 2011/06/23

Read the rest of this entry »

Advertisements

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | Leave a Comment »

Тариаланчдад очих мөнгө яамны барилгад цохиж “явна”

Posted by ИТХ on 2011/06/22

ХХААХҮЯ одоогийн байраа өргөтгөж, шинэ барилга бариулахаар болж, тэр нь улсын төсөв болон Тариалан дэмжих сангийн хөрөнгөөр босч байгаа талаар өмнө өгүүлж байсныг удаа дэлгэрэнгүйгээр мэдээлж байна. Салбарын сайд болох Т.Бадамжунайн 2009 онд гаргасан 116 дугаар тушаалаар нийтдээ 7,4 тэрбум төгрөгөөр босч буй энэ барилга удахгүй ашиглалтад орох дөхсөөр байна. Нийтдээ 1059,7 м квд талбай бүхий цогцолбор гэгдэх энэ барилгын бүтцэд хичнээн төгрөг гарган зарцуулж, юу юу багтаж байна вэ гэдгийг харъя.

-4139,7 м квд талбай бүхий 9 давхар оффисын барилга,

-200 хүний хурлын танхим, стандарт биеийн тамирын заал, 30 машины гарааш бүхий 1343, 5 м квд хоёр давхар барилга

-4576,5 м квд 12 давхар 48 айлын орон сууц. Үүнд:

-барилгын суурь ажлын гүйцэтгэлд 1,2 тэрбум төгрөг,

-өргөтгөлийн зураг төсөлд-62 сая төгрөг,

-инженерийн судалгааны ажилд 3,6 сая төгрөг,

-өргөтгөлийн зураг эскизэд 6 сая,

-ажлын байр талбай цэвэрлэх, хог хаягдлыг зайлуулах ажилд 60 сая төгрөг,

-нийт дүн 137,6 сая төгрөг байхаар тушаал гаргажээ.

Дээрх хөрөнгүүдийг Тариаланг дэмжих сангаас болон улсын төсвөөс гаргаж байгаа юм. Тодруулбал, салбарын сайд Т.Бадамжунайн тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гийн хөрөнгө оруулалтын төсөв болон “Атрын аян”-ы хүрээнд улсын төсвөөс дэмжлэг үзүүлсэн газар тариалангийн техник, тоног төхөөрөмж худалдан борлуулсны орлогоос санхүүжүүлэхийг ТЭДС-гийн гүйцэтгэх захирал Батсайханд зөвшөөрч, барилгын хэрэгжилтэд хяналт тавихыг яамны Төрийн нарийн бичгийн  дарга Т.Гантулгад даалгасан юм. Уг нь хуулиар ТЭДС-гийн хөрөнгийг усалгаатай тариалан бий болгох, хөрсний үржил шимийг сайжруулж нөхөн сэргээх, ХАА-н техник, технологийг шинэчлэх гэх мэтээр газар тариаланг хөгжүүлэхэд зориулахаас бус барилгад зарцуулж болохгүй. Гэвч “Тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана” гэсэн нь ийнхүү Т.Бадамжунай сайдад эрх мэдлийг төвлөрүүлж буруу замаар будаа тээхэд хүргээд байна. Үүнээс болж, тариаланчдад очих хөрөнгө:

-Хөдөлмөрийн баатруудын зөвлөлдөх уулзалтад 7 сая,

-орон сууцны зээлд 150 сая

-шинэ жилийн арга хэмжээнд 2 сая,

-Атрын аяны нээлтэд 47,4 сая,

-“Цэнгэг агаар” өдөрлөгт 2,5 сая

-гадаадын зочид хүлэн авах, гадаадад томилолтоор явахад 50 сая,

-357,1 сая төгрөгийг Төсвийн ерөнхийлөн захирагч, Удирдах зөвлөлийн гишүүд, сангийн удирдлага, ажилтнуудад олгосон гэх мэтээр төсвийн хөрөнгө элдэв арга хэмжээнд үр ашиггүй урсан өнгөрчээ. Гэтэл хэл амтай буюу яамны сайдаасаа эхлэн гартаа атгаж хэдхэн нөхдийг баяжуулж буй ТЭДС-нд энэ 2011 онд хамгийн их хөрөнгө төсөвлөсөн байх юм. ХХААХҮ-ийн сайдын төсвийн багцад энэ онд улсын төсвөөс 56,7 тэрбум төгрөг хуваарилж өгсөн нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байгаа байгууллагуудын урсгал зардлын төсөв бөгөөд үүнээс Тариаланг дэмжих санд 32,5 тэрбум буюу салбарын хэмжээн дэх хамгийн их хөрөнгийг төлөвлөөд байна. Гэтэл дэмжүүлэх ёстой жинхэнэ эзэд нь болох тариаланчид тус санд худалдсан улаан буудайн мөнгөө өнөө хэр олж авч чадаагүй л явна. Жишээ нь, Баян-Өлгий аймгийн 3, Хэнтийн 7, Булган, Төв, Сэлэнгэ зэрэг газар тариалангийн гол бүс нутгийн тус бүр арваад аж ахуйн нэгж мөнгөө авч чадалгүй энэ жилийн хаврын тариалалттайгаа золгоод байна.

Posted in 13. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Тариаланг дэмжих сан | Tagged: | Leave a Comment »

Атрын аяны үр дүн бидний бодсончлон биш байна

Posted by ИТХ on 2011/06/21

Ихэнх хүмүүс, тэр дундаа энгийн иргэд “Атрын аян”-ыг олон жил сөнөөд байсан газар тариалангийн салбарыг өөд нь татаж сэргээн, дотоодынхоо хэрэгцээт, эх орны хөрсөнд ургасан улаан буудай, төмс, хүнсний ногоогоор хангахад хувь нэмэр оруулж, үр өгөөжтэй байгаа гэж үздэг, тэгэж ч бодож явдаг. Гэтэл амьдрал дээр тийм биш байна. Энэ нь ТББ-уудын мониторингоор гарчээ. Тодруулбал, “Атрын гурав дахь аян” үр дүнд “Хүнсний Тусгаар байдлын төлөө Хүмүүсийн эвсэл”-ийн гишүүн байгууллага “Хүний эрх хөгжил төв”, ”Хэрэглэгч сан”, “Газар тариалан хөгжүүлэх сан”, “Хил хязгааргүй алхам” ТББ, БНН-ын Эмэгтэйчүүдийн холбоо, “Стар БЭМ” ХХК зэрэг газрууд мониторинг хийж, “Атрын III аяны зорилтот бүлэгт” төслийг өнгөрсөн онд хамтран хэрэгжүүлсэн байна.

Засгийн газар ХАА-н салбарт 50 шахам хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаагаас “Атрын гурав дахь аян”-ыг хугацаа богино, эрчимтэй, амжилттай хэрэгжих, үсрэнгүй үр дүнг бий болгох хөтөлбөр гэж үзээд шаардлагатай санхүүг нэн түрүүнд шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж, 2008 онд төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай 23,333,333,000 төгрөгийг ХАА-н сайд, Сангийн яамны сайдын хамтарсан тушаалаар баталжээ. Мөн аянг хэрэгжүүлэх нийт гурван жилийн хугацаанд 483,5 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд үүнээс:

                     – Улсын төсвөөс 113,5 тэрбум

                     – Зээл тусламжаас 41,0 тэрбум

                     – ААН, иргэдийн өөрийн хөрөнгөөс 328,9 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр тооцоолсон байна. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дараахь зээл тусламж, хөнгөлөлтийн бодлогуудыг хэрэгжүүлсэн. Үүнд:

-Эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тариалангийн бүс нутгийн аймаг бүрт “Итгэлийн зээл” гэж 1-2 тэрбум төгрөг олгосон,

– УИХ-аас ХХАА-н vйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор арилжааны банкнаас авсан 5-аас доошгvй жилийн хугацаатай, жилийн 15 хувиас ихгүй хүүтэй зээлийн хүүний 50 хувийг чөлөөлөх хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Vvнд зориулж 15.0 тэрбум төгрөгийг төсөвт тусган баталсан.

-Өрхийн тариаланг дэмжих “Ногоон хувьсгал“ үндэсний хөтөлбөрийг хэрэгжvvлэх арга хэмжээнд 360.0 сая төгрөг,
-Бага оврын трактор, тоног төхөөрөмж худалдан авч иргэд аж ахуйн нэгжийг дэмжихэд 5.0 тэрбум төгрөг,
-Гурилын vйлдвэрүүдэд нийлүүлсэн дотоодын улаан буудайн урамшуулалд 8.0 тэрбум төгрөг, нийт 20.4 тэрбум төгрөг газар тариалангийн салбарт зарцуулагдахаар төсөвт тусгагджээ. Тэгвэл үр дүн ямар байв?

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд зорилготой “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн эхний шатанд /1997-2005/ улсын төсвөөөс 1,77 тэр бум төгрөг зарцуулсан ч зээл тусламжийн зарцуулалтын тайланг ил тод тайлагнаагүй, хөтөлбөрийн үр дүн бодитой харагдахгүй, зорилтот бүлэгтээ бага ч болов эерэг үр дүнг бий болгож чадаагүй байна. Өрхийн аж ахуй эрхлэгчид ядуу, амь аргацаасан, тархай бутархай, банкны зээлэнд баригдсанаар “банкны ногоочид” гэгдэх болсон нь хөтөлбөр үр дүнгүй байгааг харуулж байна. 2005-2012 онд хэрэгжих 2-р үе шатанд нийт 4910 сая, 2008 онд 360,0 сая төгрөг шаардлагатай байгааг баталжээ.

“Атрын гурав дахь аян” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2008 онд хүүгийн хөнгөлөлтэй зээлд зориулж 10,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэвч энэ зээлд өрхийн аж ахуй эрхлэгчид хамрагдаагүй, тэгэх боломжгүй байв. Учир нь энэ зээлийг авах иргэн, аж ахуйн нэгж 250 сая төгрөгийн барьцаа хөрөнгөтэй, сүүлийн 5 жил газар тариалан эрхэлсэн байх шаардлагатай ч  түүнийг нь хангах аж ахуй нэгж, өрх бодит амьдрал дээр байхгүй, тэдэнд 5 хүртэл га талбайд нэг сая төгрөгийн зээл байхад болох байв. Дээр нь зээл авах шат дамжлага, чирэгдэл ихтэй байв. Үүнд:

-Төслөө боловсруулна

-Харьяа банкны салбарт өгнө.

-Тэндээс зээл олгох боломжтой шийдвэрээ Тариалан эрхлэлтийг дэмжих санд өгнө

-ТЭД Сан хурлаараа хэлэлцэнэ

-ХХАА-н сайдад өргөн мэдүүлж тушаал гаргуулаад

-ХХАА-н сайдын тушаал Сангийн сайдад очно

-Сангийн сайдаар ахлуулсан Хөрөнгө оруулалтын хөгжлийн сангийн удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргана

-Харьяа банкинд шийдвэрээ өгнө

-Банк зээлийг олгоно. Иймээс судалгаанд хамрагдсан газар тариалангийн гол бүс нутаг гурван аймгийн хэмжээнд энэ зээлийг авсан өрхийн аж ахуй байхгүй байв.

 “Атрын гурав дахь аян”-г хэрэгжүүлэхэд тариаланч ногоочдод эргэлтийн хөрөнгөтэй болоход зориулж “Итгэлийн зээл”-ийг газар тариалангийн бүсийн аймаг бүрт олгосон. Гэвч судалгаанд хамрагдсан аймгуудаас Сэлэнгэд оногдсон хоёр тэрбумийг өрхийн аж ахуй эрхлэгчдэд олгосон бол Дархан-Уул аймагт огт олгоогүй байв. Энэ нь орон нутгийн төр, засаг захиргааны байгууллагын санал санаачлага харилцан адилгүй, идэвхигүй ажиллахаас гадна ХХАА-н төрийн захиргааны байгууллага ч зээл тусламж хэнд хүрч, ямар үр дүн гарав гэдэгт эргэн хянах бүртгэл судалгаагүй, тайланд хяналт үнэлгээг хийгээгүй байсантай холбоотой аж. Тухайлбал, Сэлэнгэ аймаг “Итгэлийн зээл”-ээс оногдсон хоёр тэрбум төгрөгийг 100 хувь өрхийн аж ахуй эрхлэгчдэд олгосон мэдээллийг ХАА-н газраас нь мэдээлж байсан боловч судалгаанд хамрагдсан иргэдийн 62,5 хувь нь “Итгэлийн зээл” гэж юу байдаг талаар мэдэхгүй, аваагүй байв.  Сум бүрт 30 тн-ийн багтаамжтай зоорь, хүлэмж, иж бүрэн трактор олгосон гэж байгаа боловч судалгаанд хамрагдсан зургаан сумын алинд ч зоорь байгуулагдсан талаар иргэд нь мэдэхгүй, хуучныгаа засварлаж байгаа гэсэн, барьж дуусаагүй гэсэн бүдэг мэдээлэлтэй байв.

2008 онд хог ургамалтай химийн аргаар тэмцэх, хөрс боловсруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилгоор 1000 тн эрдэс бордоо импортоор оруулж ирэн үнийг 90 хувиар хөнгөлж иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон тайлан байгаа хэдий ч газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгууд энэ хөтөлбөрт огт хамрагдаагүй байгаагаас үзэхэд дээрх эрдэс бордоо хаана очиж, ямар үр дүн үзүүлэв гэдэг нь анхаарал татаж байв.

Нөгөө талаар “Атрын аян” нь хэт нэг тал руу туйлширч, зөвхөн томоохон аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, ногоочид, жижиг аж ахуй эрхлэгчдийг бодлогын гадуур орхисноор өрөөсгөл хэрэгжжээ. Улаан буудай, гурилаар эх орны хэрэгцээг хангаж, импортын төмс, хүнсний ногоог өөрийн зах зээлээс гаргаж улмаар газар тариалангийн салбарт ажиллагсадыг ядуурлаас гаргах, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг бий болгох үр дүнтэй уг хөтөлбөр улсын хэмжээний нийт төмс хүнсний ногооны 80 хувийг үйлдвэрлэгч жижиг аж ахуй эрхлэгчдийг огтхон ч дэмжсэнгүй. Тэд ядууралтай, амь аргацаасан, тархай бутархай хэвээр байсаар байна.

Хүн амын хэрэгцээт төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөсөн “Атрын аян”-ыг хэрэгжүүлэх 2009 оны төлөвлөгөөнд төмс, хүнсний ногоо эрхлэгчид болон өрхийн аж ахуй эрхлэгчдийг зээл тусламж, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих талаар өчүүхэн ч тусгаагүй байна. Тэгсэн хэрнээ дээрх тоон зорилтуудыг хэрэгжинэ гэж үзэн төлөвлөсөн нь үндэсний хөтөлбөрийн ядуурлыг бууруулах, орон нутагт тогтвортой хөгжил бий болгох үндсэн зорилгоосоо гажиж, зөрчихөд хүргэжээ. 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2008 онд шаардлагатай 23.333.333.000 төгрөгийг Сангийн болон ХХАА-н сайдын хамтарсан 194/1/95 тоот тушаалаар баталсан болно. 2008 онд 22,5 тэр бум төгрөгийг зөвхөн техник тоног төхөөрөмж авахад зарцуулсан байна. Гэхдээ энд нийт хэдэн төгрөгийн санхүүжилт гаргасан нэгдсэн дүн олдсонгүй. Учир нь төрлүүдийн заримыг нь төгрөгөөр, зарим нь  хэмжээсээр тайлагнаад байгаа нь эцсийн нэгдсэн дүнг төгрөгөөр гаргаж болохгүй байгаа төдийгүй ХХААЯ-ны холбогдох хэлтсийнхнээс асуухад нэгдсэн дүн хэлж өгөх хүн олдохгүй байжээ. Үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий сайд С.Баяр УИХ-д хөтөлбөрийн эхний жилийн тайланг тавихдаа ч задаргааг дээрхи байдлаар танилцуулсан. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Пэрэнлэй хэлэлцүүлэгт илтгэл тавьж мэдээлэл хийхдээ нэгдсэн санхүүжилтийн хэмжээг мөн хэлээгүй. УИХ-д тавьсан тайлангийн хэлэлцүүлэгт ч парламентийн гишүүд санал асуулга тавиагүй байна. Зөвхөн 2009 онд Төв аймагт болсон тариачдын зөвлөгөөн дээр хөтөлбөрийн хүрээнд нийт зарцуулсан төсвийн нэгдсэн дүн хэд байгааг албан ёсоор асуулахад Хөтөлбөрийн нарийн бичгийн дарга Ч.Пэрэнлэй 47 тэрбум төгрөг зарцуулсан гэж танилцуулж байв.

Posted in 13. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Тариаланг дэмжих сан | Tagged: , | Leave a Comment »

“Авзага трэйд” ХХК: Булган аймаг дахь Их цагаан суварга цогцолбор

Posted by ИТХ on 2011/06/01

Төсөвт өртөг: 200 сая төгрөг

Эхэлсэн хугацаа: 2008 он  

Дуусах хугацаа:  тодорхойгүй. 

Ажлын явц: 2011 оны 6-р сарын сүүлчийн байдлаар 70-80%-тай  байна

Булган аймгийн төвийн өмнөх Майдарын голд оршиж байгаад үгүй болсон Дайчин вангийн хүрээнээс үлдсэн   цорын ганц түүхэн дурсгал болох Их Цагаан суваргын туурийг орон нутгийн хамгаалалтанд оруулсны дараа сэргээн босгох тендер зарлахад “Авзага трэйд” компани  шалгарч 2008 онд ажлаа эхэлжээ. Эхний жил улсын төсвөөс 20 сая төгрөг, УИХ-ын гишүүний багцаас 40 сая төгрөг гэх мэтээр жил бүр санхүүжилт авч өнгөрсөн хугацаанд 200 гаруй сая төгрөгийг зарцуулсан  ч хэдээ дуусгах нь тодорхойгүй өдий хүрчээ. Бас хавь ойрын сумдын ард иргэд, сүсэгтэн олон ч нэлээд мөнгө хандивласныг хэлэх хэрэгтэй. 

Гэтэл Их Цагаан суваргын туурийг засварлах нь битгий хэл суваргын туурийн үлдэгдлийг нураасныг БСШУЯ-наас очсон экспертиз шалгаж тогтоогоод буцааж сэргээх шаардлага гардуулсныг биелүүлэхийн оронд дахин дахин мөнгө нэхэж сүүлдээ туурийг бүрмөсөн нурааж газартай нь тэгшилсэн тухай мэдээлэл бий. Одоогоор Их цагаан суварга сэргээн засварлагдаж ашиглалтанд ороогүй бөгөөд “4  үе  чулуу  явснаас  өөр  зүйл  хийгдээгүй бөгөөд ойролцоо баахан чулуу  буулгаж орхисон” гэж нутгийн утсаар мэдээллээ. 

Их цагаан суваргыг Улиастайн амбан сайд асан Цэрэндорж ноён 1877 онд эхлүүлж түүний ач хүү Чин ван Ханддорж нь 1905 онд дуусгаж 13-р далай лам Тvвдэнжамцаар аравнайлуулсан тvvхийн чухал дурсгал юм.

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | 1 Comment »