ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Хан-Уул дүүргийн бүтээн байгуулалтын зарим сонин

Posted by ИТХ on 2011/01/11

Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан 2010 оны 12-р сарын 30-нд болж төсвөө хэлэлцсэн юм. Урьд өдөр нь ИТХ-ын ажлын албанаас утасдаж “Иргэд төсвөө хянана” сүлжээний төлөөллийг урьсны дагуу очиж хуралдаанд сууж ажиглав.

Хурлаа ил тод байлгахыг чармайж бас хороодын ИНХ-ын тэргүүлэгчдийн дарга нарыг урьжээ. Харин тэд үдээс хойш буцаж орж ирээгүй. Дүүргийн ажилтнууд хэдэн камераар бичлэг хийснийг эс тооцвол хэвлэл мэдээллийнхэн огт харагдсангүй.

Ингээд Хан-Уул дүүргийн төсөвтэй холбоотой зарим мэдээллийг хуралдаан дээр олж сонссоноо иргэн танд хүргэе.

Засаг дарга илтгэлдээ томоор цохон тэмдэглэж, бас үг хэлсэн хурлын төлөөлөгчид санал нэгтэй үнэлсэн ажил бол хуучнаар Ажилчдын соёлын ордон буюу одоо Хан-Уул дүүргийн Соёлын ордны засвар шинэчлэл байсан юм. Хажуугийн зам дагуу хайрцаглан өрсөн улаан тоосгонуудыг нэмбэл 2010 оны дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт гэж болно.Өнгөрсөн 9-р сарын 22-24-ны өдрүүдэд  болсон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын соёлын өдрүүдийг энд зохион байгуулж нүүр тахалсан байна. Саяхан дүүргийн Иргэний танхимыг энд тусгай өрөө гарган байгуулжээ. 120 мянгатаас Цагаан хаалганы зүгт эргэхэд төв замын урд харагддаг, цаагуур нь нь өндөр барилгууд сүндэрлэхийн хэрээр намхарсаар байгаа энэхүү Соёлын төв үнэхээр өнгө зассан харагдана.

Гэхдээ хэлэлцүүлгийн явцад зарим ээдрээ гарч ирэв. Өртөг нь анх 300 сая төгрөг гэж танилцуулгад бичсэнийг илтгэлийн явцад шууд дэлгэцэн дээр 180 сая болгож засварлаж харагдав. Тэр яахав, 180 сая төгрөг гэж ойлгов.

Гэтэл энэ мөнгийг дүүргийн төсвөөс гаргаагүй,  харин ноднин тус соёлын төвийн даргаар томилогдсон Минжүүр (нэрийг буруу сонссон байж магадгүй) гэдэг хүн өөрөөсөө (эсвэл аль нэгэн компаниас авч) гаргажээ. Ингэхийг ИТХ-аас зөвшөөрч, энэ зардлаа үйл ажиллагааны орлогоос нөхөх болзолтой гэрээ байгуулахыг Засаг даргад үүрэг болгосны дагуу хийгджээ.

Нэг төлөөлөгч “Урлаг мэддэг хүнийг соёлын төвийн даргаар баяр хүргэе” гэж байсан. Магадгүй. Гэхдээ ашиг орлогогүй ажиллаж улмаар оруулсан мөнгөө нэхсэн тул төсвөөс олгох асуудал хуралдаан дээр гарч ирэв. Ямар ч байсан үнэхээр 180 сая эсэхийг тогтоох ажлын хэсэг байгуулахаар тогтох шиг болов. Тэгтэл Соёлын төв ерөөсөө нийслэлийн Өмчийн газарт харъяалагддаг, “Хан-Уул дүүрэг зөвхөн менежментийг авч явдаг” болж таарлаа.

Харин 2011 онд тус дүүргийн нутаг дэвсгэр дэх хамгийн том бүтээн байгуулалт бол Төр, захиргааны ордны шинэ барилга гэж ойлгогдлоо. Яагаад гэвэл зөвхөн тус барилгын тусгай макет бэлтгэж хийж хуралдааны танхимд хүндэтгэлтэйгээр байрлуулсан юм. 9 давхар өндөр, бас “Төрийн үйлчилгээний төв байр” гэсэн онцлог нэртэй босно.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн  Засаг даргын тамгын газрын байр нэлээд хуучирсан хоёр давхар байшин юм. Нийслэлийн нийт дүүргүүдээс хамгийн муу барилгатай нь.

Шинэ ордны барилгын ажил 2011 оны хавар эхэлж 2012 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Төсөвт өртөг 5 тэрбум ажээ. Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн илтгэлд дурдсанаар энэ жил нийслэлийн төсвөөс 2 тэрбум төгрөг гаргаж барих ажээ. Үлдсэнийг ирэх жил төсөвт суулгаж гүйцээнэ.

Тэгтэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байр муудсан гээд шинээр барьж байгаа гэнэ. Муудсан нь үнэн байх, гэхдээ …

“Тус хэлтсийн шинэ байрны зургийг 12,5 сая төгрөгөөр хийхээр төсөв батлагдсанаас хамгийн бага үнээр, чанартай, хуулийн хугацаанд гүйцэтгэхээр “Очир тааб” ХХК тендерт шалгарч 8 сая төгрөгий өртөгтэйгээр бүрэн хийж дууслаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх нээлттэй тендер зарлагдаж, 75-р сургуулийн баруун хойно “Комп трэйд” ХХК барьж барьж барилгын ажлын гүйцэтгэл 91 хувьтай явагдаж байна. 2011 оны 1-р улиралд улсын комисст хүлээлгэн өгнө” гэж танилцуулгад бичжээ.

Бас дүүргийн прокурорын байрыг нурааж төр, захиргааны нэгдсэн байр босох хүртэл өөр байр түрээсэлж, зардлыг төсвөөс гаргах тухай танилцуулж байлаа.

Аль алинийг нь нэг жил хүлээж болоогүй юм байх даа гэсэн бодол төрснийг нуух юун.

Өнгөрсөн онд 75-р сургуулийн биеийн тамирын талбайг барих 230 сая төгрөгийг ашиглаж чадаагүй, яагаад гэвэл тендерт шалгарсан компани ажлаа эхлэх гэтэл зураг төсөлд байгаагүй шугам хоолой, цахилгааны шугам илэрч тэдгээрийг шилжүүлэхэд дахиад 70 сая төгрөг шаардагджээ. (Ийм хариуцлагагүй явдал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг нэг төлөөлөгч шаардаж байсан ч тодорхой хариу хэлсэнгүй.). “Хан-Уул хөгжил” нэртэй хөтөлбөрт багтсан уг мөнгийг алдахгүйн тулд 11 багц болгон хувааж өрхийн эмнэлгийг унаажуулах, хороодыг камержуулах, нөгөө соёлын төвд тоног төхөөрөмж зэрэгт зарцуулжээ. Явсаар тэр мөнгө УИХ-ын гишүүн Л.Болдын тойрогтоо зарцуулсан 1 тэрбумын нэг хэсэг болж таарлаа.

Төсөвтэй холбоотой өөр нэг чухал тоо гэвэл дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө ноднин 350 сая төгрөг байсныг нэмээд 400 сая төгрөг болгожээ. Багцаар нь баталдаг. Өмнөх зарцуулалтыг яриагүйг бодоход бас л багцаар нь тайлагнадаг бололтой.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуралдааныг ажиглахад бусад дүүргүүдийн адил нарийн ширийн асуудлыг өмнөх ганц хоёр өдөрт намыг бүлэг, ажлын хороодын хуралдаанаар шийдчихжээ. Нэгэн төлөөлөгч  өөрийн байгуулагад мөнгө нэхэж, бас нэг төлөөлөгч арай өөрөөр хуваарилах талаар хэдэн удаа санал тавихад дарга нар нь “бид өчигдөр ярьсан”,  “төсвийг задлахгүйгээр ярья”, “урьдчилж тохирсон багцаа задлахгүй шүү”, “бүлгээр ярьснаа дага” хэмээн хоёр талаас нь тас цохиж байлаа.

Хуралдааны дундуур ЗДТГ-ын албан тушаалтан “Ноднин төлөөлөгчдийн мөнгөний 70 сая төгрөг дээр акт тавьсан” гэж ярив.  Тэгтэл 2011 онд төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгө – 10 сая төгрөг, харин тэдний тойргийн мөнгө – 3 сая төгрөг төсөвлөсөн гэж Засаг дарга яриандаа дурдлаа. Зарим гишүүн тэр 3 саяыг 5 сая болгох санал тавьж байв. УИХ-ын гишүүдийнх шиг тойргийн мөнгө дүүрэгт бас байна.

Бас нэг сонин зүйл бол зарим төлөөлөгч үг хэлэхдээ иргэдийн төлөөлөгчдийн нийгмийн асуудлыг шийдэх талаар байн байн сануулах юм. “Төрийн албан хаагчдыг анхаараад төлөөлөгчдийг орхиод байна” гэх мэтээр. Чухам юу нэхээд байгааг би сайн ойлгосонгүй, харин нэг төлөөлөгч “Дүүргийн 360 төрийн албан хаагчид газар олгох юм гэнэ. Төлөөлөгчдийг бас хамруулаач” гэснээр бага сага тодрох шиг болов.

Төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар ганц төлөөлөгч ганц удаа дуугарсан. Дүүргийн нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэрлэл,  үйлчилгээ, бизнесийг дэмжиж гээд олон арга зам байж болмоор санагдана. Үүний оронд татварын алба төсөвт мөнгө оруулдаг тул мөнгө өгөх хэрэгтэй гэсэн санал яригдав.

Одоо Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуралдааны материал, ирэх оны төсвийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл www.khanuul.mn сайт дээр тавигдахыг хүлээж байна. Тэр цагт дээр дурдсан зарим мэдээллийг тодруулж гүйцээхийн зэрэгцээ буруу зөрүү ойлгосон зүйл байвал залруулах болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: