МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for January, 2011

6 сая төгрөгийн үнэтэй төгөлдөр хуурийг 36 сая төгрөгөөр “шахжээ”

Posted by ИТХ on 2011/01/30

Өнгөрсөн оны хамгийн сүүлчийн өдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ төсвийн мөнгөөр 6 сая төгрөгийн үнэтэй төгөлдөр хуурыг 36 сая төгрөгөөр худалдан авсан жишээг дурдаад “энэ бол бодит баримт шүү. Би баталгаатай юмыг хэлж байна” гэлээ.

Advertisements

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер | 1 Comment »

Зах зээл дээр үнэ өсөхөд худалдаж авдаг ганц “бизнес эрхлэгч” бол Засгийн газар

Posted by ИТХ on 2011/01/18

2008 онд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч дотоодын зах зээлийг шатахуунаар хангахад бэрхшээл учирч байна гэсэн шалтгаанаар Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 30 тэрбум төгрөг гаргаж 26.4 мянган тонн бензин, шатахуун нөөцлөх саналыг Засгийн газраас боловсруулж УИХ-д оруулж зөвшөөрүүлсний дагуу Газрыг тосны газраас нефть импортлогч компаниудад хандаж хэрэгжүүлсэн юм.

Гэтэл ганцхан сарын дараа зах зээл дээр үнэ бууж яваандаа огцом унахад Засгийн газар асар алдагдалтай “наймаа” хийсэн нь тодорхой болжээ. Ямар ч бизнес эрхлэгч үнэ өндөр байхад худалдан авахгүй нь тодорхой билээ. Гагцхүү Засгийн газар тэгжээ.

Харамсалтай нь алдагдал үүгээр дуусаагүй. Энэ хооронд нөөцөлсөн бензин, ялангуяа БНХАУ-аас оруулж  ирсэн АИ-93 бензин маш ихээр ууршжээ. 2010 оны хавар УИХ-ын чуулганы хуралдаан дээр энэ асуудлыг хэлэлцэх үеэр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан “Нөөцөлсөн 26.4 мянган тонн бензин, шатахууны 35 тонн нь ууршаад алга болсныг эрхэм гишүүдэд дуулгая” гэсэн бол Р.Буд гишүүнээр ахлуулсан УИХ-ын ажлын хэсгийн энэ тоог баталсан гэнэ. 

Гэхдээ чухам хичнээн ууршсаныг тогтоох аргагүй бөгөөд Газрын тосны газар анх тохиролцохдоо 2006 онд  Засгийн газрын 316-р тогтоолоор баталсан хэвийн хорогдол тооцдог нормыг 30 хувиар нэмэгдүүлж хувийн компаниудад илүү ашигтайгаар шийдэж, харин төсвийн хувьд “тэмээн дээр ямааны гарз” гаргажээ. Бас хадгалалтын хөлсөнд зөвхөн эхний жилд 8 тэрбум төгрөгийг хувийн компаниудад төлсөн мэдээлэл байна.

Өндөр үнээр авсан шатахууныг нэг жилийн хугацаатай  нөөцлөөд борлуулах байсан ч дээр дурдсанчлан зах зээлийн үнэ навс унасан тул яахаа ч мэдэхгүй одоо гуравдахь жилтэйгээ золгоод байна.  Ууршилт ч  үргэлжилсээр. Тэр ч бүү хэд хятадын үйлдвэрлэсэн шатахууныг ашиглах боломжгүй болох эрсдэл ч бий талаар мэргэжлийн хүмүүс хэлж байгаа.

Posted in Газрын тосны газар | Tagged: | Leave a Comment »

Өмнөговь аймгийн Засаг даргын машин 160 сая төгрөгийн үнэтэй

Posted by ИТХ on 2011/01/13

2010 оны 12-р сард болсон Өмнөговь аймгийн ИТХ-ын хуралдаан дээр төлөөлөгч Ж.Отгонбаяр: Б.Зандраа даргын хэлснээр үйл ажиллагаагаараа жилд 60-70 сая төгрөг оруулдаг юм байна. Далд хэлбэрээр бас оруулдаг гэж байна, тэр ямар хэлбэрээр орлого ороод байна, төсвийн ерөнхий захирагч нар, тухайлбал аймгийн Засаг дарга сумдаас хэмнэсэн 160 сая төгрөгөөр автомашин аваад унасан гэж байна…

Posted in Өмнөговь аймаг | Leave a Comment »

Хан-Уул дүүргийн бүтээн байгуулалтын зарим сонин

Posted by ИТХ on 2011/01/11

Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан 2010 оны 12-р сарын 30-нд болж төсвөө хэлэлцсэн юм. Урьд өдөр нь ИТХ-ын ажлын албанаас утасдаж “Иргэд төсвөө хянана” сүлжээний төлөөллийг урьсны дагуу очиж хуралдаанд сууж ажиглав.

Хурлаа ил тод байлгахыг чармайж бас хороодын ИНХ-ын тэргүүлэгчдийн дарга нарыг урьжээ. Харин тэд үдээс хойш буцаж орж ирээгүй. Дүүргийн ажилтнууд хэдэн камераар бичлэг хийснийг эс тооцвол хэвлэл мэдээллийнхэн огт харагдсангүй.

Ингээд Хан-Уул дүүргийн төсөвтэй холбоотой зарим мэдээллийг хуралдаан дээр олж сонссоноо иргэн танд хүргэе.

Засаг дарга илтгэлдээ томоор цохон тэмдэглэж, бас үг хэлсэн хурлын төлөөлөгчид санал нэгтэй үнэлсэн ажил бол хуучнаар Ажилчдын соёлын ордон буюу одоо Хан-Уул дүүргийн Соёлын ордны засвар шинэчлэл байсан юм. Хажуугийн зам дагуу хайрцаглан өрсөн улаан тоосгонуудыг нэмбэл 2010 оны дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт гэж болно.Өнгөрсөн 9-р сарын 22-24-ны өдрүүдэд  болсон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын соёлын өдрүүдийг энд зохион байгуулж нүүр тахалсан байна. Саяхан дүүргийн Иргэний танхимыг энд тусгай өрөө гарган байгуулжээ. 120 мянгатаас Цагаан хаалганы зүгт эргэхэд төв замын урд харагддаг, цаагуур нь нь өндөр барилгууд сүндэрлэхийн хэрээр намхарсаар байгаа энэхүү Соёлын төв үнэхээр өнгө зассан харагдана.

Гэхдээ хэлэлцүүлгийн явцад зарим ээдрээ гарч ирэв. Өртөг нь анх 300 сая төгрөг гэж танилцуулгад бичсэнийг илтгэлийн явцад шууд дэлгэцэн дээр 180 сая болгож засварлаж харагдав. Тэр яахав, 180 сая төгрөг гэж ойлгов.

Гэтэл энэ мөнгийг дүүргийн төсвөөс гаргаагүй,  харин ноднин тус соёлын төвийн даргаар томилогдсон Минжүүр (нэрийг буруу сонссон байж магадгүй) гэдэг хүн өөрөөсөө (эсвэл аль нэгэн компаниас авч) гаргажээ. Ингэхийг ИТХ-аас зөвшөөрч, энэ зардлаа үйл ажиллагааны орлогоос нөхөх болзолтой гэрээ байгуулахыг Засаг даргад үүрэг болгосны дагуу хийгджээ.

Нэг төлөөлөгч “Урлаг мэддэг хүнийг соёлын төвийн даргаар баяр хүргэе” гэж байсан. Магадгүй. Гэхдээ ашиг орлогогүй ажиллаж улмаар оруулсан мөнгөө нэхсэн тул төсвөөс олгох асуудал хуралдаан дээр гарч ирэв. Ямар ч байсан үнэхээр 180 сая эсэхийг тогтоох ажлын хэсэг байгуулахаар тогтох шиг болов. Тэгтэл Соёлын төв ерөөсөө нийслэлийн Өмчийн газарт харъяалагддаг, “Хан-Уул дүүрэг зөвхөн менежментийг авч явдаг” болж таарлаа.

Харин 2011 онд тус дүүргийн нутаг дэвсгэр дэх хамгийн том бүтээн байгуулалт бол Төр, захиргааны ордны шинэ барилга гэж ойлгогдлоо. Яагаад гэвэл зөвхөн тус барилгын тусгай макет бэлтгэж хийж хуралдааны танхимд хүндэтгэлтэйгээр байрлуулсан юм. 9 давхар өндөр, бас “Төрийн үйлчилгээний төв байр” гэсэн онцлог нэртэй босно.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн  Засаг даргын тамгын газрын байр нэлээд хуучирсан хоёр давхар байшин юм. Нийслэлийн нийт дүүргүүдээс хамгийн муу барилгатай нь.

Шинэ ордны барилгын ажил 2011 оны хавар эхэлж 2012 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Төсөвт өртөг 5 тэрбум ажээ. Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн илтгэлд дурдсанаар энэ жил нийслэлийн төсвөөс 2 тэрбум төгрөг гаргаж барих ажээ. Үлдсэнийг ирэх жил төсөвт суулгаж гүйцээнэ.

Тэгтэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байр муудсан гээд шинээр барьж байгаа гэнэ. Муудсан нь үнэн байх, гэхдээ …

“Тус хэлтсийн шинэ байрны зургийг 12,5 сая төгрөгөөр хийхээр төсөв батлагдсанаас хамгийн бага үнээр, чанартай, хуулийн хугацаанд гүйцэтгэхээр “Очир тааб” ХХК тендерт шалгарч 8 сая төгрөгий өртөгтэйгээр бүрэн хийж дууслаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх нээлттэй тендер зарлагдаж, 75-р сургуулийн баруун хойно “Комп трэйд” ХХК барьж барьж барилгын ажлын гүйцэтгэл 91 хувьтай явагдаж байна. 2011 оны 1-р улиралд улсын комисст хүлээлгэн өгнө” гэж танилцуулгад бичжээ.

Бас дүүргийн прокурорын байрыг нурааж төр, захиргааны нэгдсэн байр босох хүртэл өөр байр түрээсэлж, зардлыг төсвөөс гаргах тухай танилцуулж байлаа.

Аль алинийг нь нэг жил хүлээж болоогүй юм байх даа гэсэн бодол төрснийг нуух юун.

Өнгөрсөн онд 75-р сургуулийн биеийн тамирын талбайг барих 230 сая төгрөгийг ашиглаж чадаагүй, яагаад гэвэл тендерт шалгарсан компани ажлаа эхлэх гэтэл зураг төсөлд байгаагүй шугам хоолой, цахилгааны шугам илэрч тэдгээрийг шилжүүлэхэд дахиад 70 сая төгрөг шаардагджээ. (Ийм хариуцлагагүй явдал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг нэг төлөөлөгч шаардаж байсан ч тодорхой хариу хэлсэнгүй.). “Хан-Уул хөгжил” нэртэй хөтөлбөрт багтсан уг мөнгийг алдахгүйн тулд 11 багц болгон хувааж өрхийн эмнэлгийг унаажуулах, хороодыг камержуулах, нөгөө соёлын төвд тоног төхөөрөмж зэрэгт зарцуулжээ. Явсаар тэр мөнгө УИХ-ын гишүүн Л.Болдын тойрогтоо зарцуулсан 1 тэрбумын нэг хэсэг болж таарлаа.

Төсөвтэй холбоотой өөр нэг чухал тоо гэвэл дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө ноднин 350 сая төгрөг байсныг нэмээд 400 сая төгрөг болгожээ. Багцаар нь баталдаг. Өмнөх зарцуулалтыг яриагүйг бодоход бас л багцаар нь тайлагнадаг бололтой.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуралдааныг ажиглахад бусад дүүргүүдийн адил нарийн ширийн асуудлыг өмнөх ганц хоёр өдөрт намыг бүлэг, ажлын хороодын хуралдаанаар шийдчихжээ. Нэгэн төлөөлөгч  өөрийн байгуулагад мөнгө нэхэж, бас нэг төлөөлөгч арай өөрөөр хуваарилах талаар хэдэн удаа санал тавихад дарга нар нь “бид өчигдөр ярьсан”,  “төсвийг задлахгүйгээр ярья”, “урьдчилж тохирсон багцаа задлахгүй шүү”, “бүлгээр ярьснаа дага” хэмээн хоёр талаас нь тас цохиж байлаа.

Хуралдааны дундуур ЗДТГ-ын албан тушаалтан “Ноднин төлөөлөгчдийн мөнгөний 70 сая төгрөг дээр акт тавьсан” гэж ярив.  Тэгтэл 2011 онд төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгө – 10 сая төгрөг, харин тэдний тойргийн мөнгө – 3 сая төгрөг төсөвлөсөн гэж Засаг дарга яриандаа дурдлаа. Зарим гишүүн тэр 3 саяыг 5 сая болгох санал тавьж байв. УИХ-ын гишүүдийнх шиг тойргийн мөнгө дүүрэгт бас байна.

Бас нэг сонин зүйл бол зарим төлөөлөгч үг хэлэхдээ иргэдийн төлөөлөгчдийн нийгмийн асуудлыг шийдэх талаар байн байн сануулах юм. “Төрийн албан хаагчдыг анхаараад төлөөлөгчдийг орхиод байна” гэх мэтээр. Чухам юу нэхээд байгааг би сайн ойлгосонгүй, харин нэг төлөөлөгч “Дүүргийн 360 төрийн албан хаагчид газар олгох юм гэнэ. Төлөөлөгчдийг бас хамруулаач” гэснээр бага сага тодрох шиг болов.

Төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар ганц төлөөлөгч ганц удаа дуугарсан. Дүүргийн нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэрлэл,  үйлчилгээ, бизнесийг дэмжиж гээд олон арга зам байж болмоор санагдана. Үүний оронд татварын алба төсөвт мөнгө оруулдаг тул мөнгө өгөх хэрэгтэй гэсэн санал яригдав.

Одоо Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуралдааны материал, ирэх оны төсвийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл www.khanuul.mn сайт дээр тавигдахыг хүлээж байна. Тэр цагт дээр дурдсан зарим мэдээллийг тодруулж гүйцээхийн зэрэгцээ буруу зөрүү ойлгосон зүйл байвал залруулах болно.

Posted in Хан-Уул дүүрэг | Leave a Comment »

Ховд аймгийн төсвийн сонин хачин

Posted by ИТХ on 2011/01/05

2011 оны 12-р сарын 27-нд болсон Ховд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанд  Аймгийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдоржийн хэлсэн үгэнд гарсан эдийн засаг, төсвийн холбогдолтой зарим баримт, санаанууд:

– Монгол орны эдийн засаг  сүүлийн 2 жилийн дотор огцом өсч нэг хүнд ноогдох  дотоодын нийт бүтээгдэхүүн 1772 ам.доллар болж өссөн байхад Ховд аймгийн  нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1100 орчим ам.доллар байгаа нь улсын дунджаас 40 орчим хувиар бага байна. Төр засгаас аймагт оруулжбуй хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байхад нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн бахь байдгаараа өсөлтгүй байгаа нь үр ашиггүй зүйлд хөрөнгийг буруу зарцуулж байгаагийн бодит жишээ гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтыг ажлын байр шинээр бий болгосон, ард түмний амьдралыг сайжруулсан, дэд бүтцэд дорвитой хөрөнгө оруулсан зүйлд зарцуулахаасаа илүүтэйгүүр  албан тушаалтнуудын халаасыг дүүргэх, тэдний ямбад зориулсан зүйлд зарцуулж байна. Иргэд нь ядуу байхад ард түмний сайн сайхан амьдралын төлөө зарцуулагдах мөнгө аймгийн ИТХ-ын даргынямбандаа зориулж 80 сая төгрөгөөр автомашин худалдаж авахад зориулагдах ёсгүй.

– Ховд аймагт төрийн албаны сахилга хариуцлага, хүнд суртал, авилгал хээл хахууль, албан тушаалтнуудын дураараа авирлал хэрээс хэтэрчээ. 2010 оны 12 дугаар сар 24-ний өдөр болсон ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал дээр Засаг дарга Нямдаваа шал согтуугаар ирэх жилийн төсвийг хэлэлцүүлэх гэж оролдон улмаар уг хурлаас хөөгдөж гарсан нь сахилга хариуцлага ямар түвшинд очсоныг бэлхнээ харуулж байна.

– УИХ-ын гишүүнээсээ эхлээд ИТХ-ын гишүүд, аймгийн шат шатны дарга нар өөрсдийн халаасны компанийг тендерт шалгаруулан улсын ажлыг чанаргүй гүйцэтгэн  мөнгө унагаах, төдийлөн ашиггүй зүйлд ард түмний татварын хөрөнгийг зарцуулан амьдралаа дээшлүүлэх явдал байгааг иргэд шүүмжлэн ярьж байна. Улсаа, ард түмнээ боддоггүй, зөвхөн амин хувиа хичээсэн дээрх албан тушаалтнуудын нэгнийх нь  Мөст суманд барьсан сургуулийн спорт заалныбарилгын дээвэр ашиглалтад орохоос өмнө нурж унасан нь үүний нэг жишээ юм.

– 3 тэрбум төгрөгөөр аймгийн төвд Залуучуудын соёл амралтын хүрээлэн барих,Буянт суманд 8 тэрбум төгрөгөөр усжуулалтын систем барих нь одоогийн аймгийн иргэдийн дийлэнх нь ядуу байгаа үед хэр оновчтой шийдэл вэ? Энэ жил Жижиг дунд үйлдвэрлэх сангаас 855 сая төгрөгийн зээлийг 97 аж ахуйн нэгж, иргэнд олгосон жишгээр тооцвол дээрх хоёр ажлын санхүүжилтээр 1250 жижиг дунд үйлдвэрийг Ховд аймагт байгуулан 12500 хүнийг ажилтай болгох байсан байна. 

– Засаг дарга Нямдаваа гуай Ховд аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын лиценз олгосон компаниудынхаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээг өөрийн “Эко Алтай” ХХК-иар өндөр үнэтэй хийлгэж олсон мөнгөөрөө хувийнхаа аж ахуйг өөд татаж, Эко хэвлэх үйлдвэр, телевиз, оёдлын үйлдвэрээ байгуулж амьдралаа дээшлүүлж байна.

Posted in Ховд аймаг | Leave a Comment »

Хэмнэж болох төсөв: “Улаанбаатар” чуулгын 426 сая төгрөг …

Posted by ИТХ on 2011/01/04

2011 онд “Улаанбаатар” чуулгад 426 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ. Хэдэн жилийн өмнө шинээр байгуулсан, одоо Нийслэлийн залуучуудын  төвийн барилгын нэг хэсгийг эзэмшдэг энэ чуулга юу хийдэг, ямар уран бүтээл туурвидаг талаар мэдэх хүн байна уу? 2010 оны хавар ганц тоглолт хийснийг саналаа. Баяр наадам, шинэ жилээр  уран бүтээлчид нь энд тэндхийн албан байгууллага, компанийн захиалгаар тоглолт хийдэг байж магадгүй. Нийслэлийн байгууллагуудад мэдээж үнэгүй тоглож таараа.  Ерөөсөө Монгол улсын бүх театр, чуулга байрлаж, урлаг соёлын одод бараг бүгдээрээ амьдарч ажилладаг нийслэлд хот заавал өөрийн чуулгатай байх хэрэгтэй юу?

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Tagged: | Leave a Comment »

Нийслэлийн 2011 оны төсөв хэд болов?

Posted by ИТХ on 2011/01/04

Өнгөрсөн оны 12-р сарын 24-ны өдөр хуралдсан Улаанбаатар хотын ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаар нийслэлийн 2011 оны нийгэм эдийн засгийн зорилт, төсвийг баталжээ. Нийслэл хот 2011 онд 179,6 тэрбум төгрөгийн орлого олж, 152,9 тэрбум төгрөг буюу нодингийнхоос 57,9 тэрбум илүүг зарцуулах юм. Мөн 79 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

Одоогоор батлагдсан төсөв албан ёсоор нийтлэгдээгүй байна. Гэхдээ хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн төсөл нэг их өөрчлөлтгүй батлагдсан тухай мэдээлж байгаа тул төсвийн төслийн материалд тулгуурлан зарим дүгнэлтийг хийж болох юм.  Энэ удаад нийслэлийн төсвийн ерөнхий менежерүүд буюу байгууллагын дарга нарын болон зарим төрлийн зардлын тоог дор нийтлэв. (Батлагдсан төсөв нийтлэгдмэгц дахин нийтэлнэ). Гэхдээ жилийн жилд хөрөнгө оруулалтынхаас бусад зардлыг задалж танилцуулдаггүй, нөөц сангийн зарцуулалтыг огт тайлагнахгүй өнгөрдөг тул зөвхөн “гаднаас нь” тандаж үнэлж дүгнэхийг оролдох л үлдэж байна.    

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1240985.5
2. Нийслэлийн Аудитын  газар 341014.2
3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2736176.9
4. Захирагчийн Ажлын алба 354107.2
5. Авто замын газар 1160205.3
6. Агаарын чанарын алба 167914.2
7. Аялал жуулчлалын газар 115787.3
8. Архивын газар 101608.6
9. Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар 474324.1
10. Байгаль хамгаалах газар 487531.3
11. Мэдээллийн технологийн газар 150207.0
12. Өмчийн харилцааны газар 407785.5
13. Нийтийн тээврийн газар 1175495.6
14. Нийтлэг үйлчилгээний газар 1373320.5
15. Нийслэлийн төр захиргааны авто бааз 352117.9
16. Хөдөлмөрийн газар 142506.0
17. Хөдөө аж ахуйн газар 126087.2
18. Хотын тээврийн татварын тасаг 74384.5
19. Монголын хүүхдийн ордон 677748.4
20. Хүүхдийн урлан бүтээх төв 498558.2
21. Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв 177238.9
22. Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай төв 451314.6
23. Улаанбаатар чуулга 426481.3
24. Соёлын төв өргөө 884009.6
25. Нийслэлийн Тагнуулын газар 60780.0
26. Нийтийн аж ахуйг сайжруулах  2-р төслийн удирдах нэгж 36250.0
27. Махны үнийн зөрүү 6000000.0
28. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардал 5918810.0
  Үүнээс:  Газар чөлөөлөх зардал 1000000.0
  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэх, тохижуулах 1450000.0
  Урьдчилан  цэвэрлэх байгууламжийн  техник технологийн шинэчлэл 1740000.0
  Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлэх 1000000.0
  Газрын  хянан баталгаажилт, газар зохион байгуулалтын зардал 728810.0
29. Хэвлэл мэдээллийн зардал 270000.0
30. Төсвийн нөөц хөрөнгө 3000000.0
31. Мал эмнэлгийн үйлчилгээний зардал 170293.0
32. Халаалтын зуухны үнийн зөрүү 260000.0
33. Ахмадын хороо 25267.5
34 Ахмадын сан                                                                                                                     10000.0
35.    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал,                                                                                                                                                             800000.0
  Үүнээс, Гэмт     хэрэгтэй   тэмцэх      зориулалтаар     Нийслэлийн Цагдаагийн газрын техник, тоног төхөөрөмж авах 200000.0
  Замын цагдаагийн газрын хяналт шалгалтын зориулалттай техник, тоног төхөөрөмж авах 290000.0
  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал                    310000.0
36 Хот нийтийн аж ахуйн тохижилт, үйлчилгээний зардал                                          3662954.7
37 Дүүргүүдэд нийтийн  эзэмшлийн   ногоон байгууламж,  цэцэрлэгт хүрээлэн  байгуулах, тохижуулах зардал 9000000.0
38 Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв НӨҮГ                                         61793.5
39 Замын Цагдаагийн газар   90000.0
40 Зам  тээврийн удирдлага мэдээллийн төв                                                                                                                                            242848.1
41.    Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ                                                    61793.5
42 Биеийн тамирын зардал   45356.3
43 Улаанбаатар бүсийн зөвлөл 45356.3
44 Бизнес хөгжлийн төвийн үртсэн, шахмал, түлшний үнийн 200000.0
45.    Шинээр  байгуулагдах  хороодын иргэдийн  шилжилт  хөдөлгөөний зардал 576904.2
46 Шинээр  баригдах  жижиг    дунд    үйлдвэрийг  дэмжих   төвүүдийн ашиглалтын захиргааны зардал 100000.0
47 Нийслэлийн замын сан                                                    9460000.0
48 Төсвийн хөрөнгө оруулалт 79000000.0
 


Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »