ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

… Боломж хомс … боломжгүй … эрсдэл учруулж болох … сөрөг үр дагавартай…

Posted by ИТХ on 2010/12/15

2010 оны эхээр Сангийн яамны Төсвийн бодлогын газраас улс төрийн намуудын зүгээс иргэн бүрт 1.0 сая төгрөг ба 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээх амлалтыг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаархи танилцуулгыг “Зөвхөн албан хэрэгцээнд” гэсэн тайлбартайгаар бэлтгэж байжээ.

Гол дүгнэлтүүдийг сийрүүлбэл:

  • 2010-2012 онуудад стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газарт үйлдвэрлэл эхэлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашгийн төлбөрөөр “Хүний хөгжил” санд иргэдэд шаардлагатай хувь, хишгийг хүртээхэд шаардагдах дорвитой орлогын эх үүсвэрийг бий болгох боломж хомс байна.
  • Үндэсний статистикийн газраас авсан мэдээгээр манай улсын хүн амын тоо 2.7 сая байгаа бөгөөд иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишгийг хүртээхэд 4.1 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардлагатай бөгөөд уг хөрөнгийн эх үүсвэрийг 2012 он гэхэд Хүний хөгжил сангийн хуульд заасны дагуу улсын төсөвт ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн эх үүсвэрээс бий болгох боломжгүй байна.
  • Иймд богино хугацаанд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд “Оюу Толгой”, “Таван Толгой” болон бусад стратегийн орд газруудын хувьцааг хөрөнгийн зах зээл дээр шууд болон шууд бус хэлбэрээр арилжаалах (дээрх ордын хувьцааны тодорхой хэсгийг шууд зарах, эсхүл төрийн өмчийн компани байгуулан эдгээр төрийн өмчит аж ахуйн нэгжээр дамжуулах зарах, эсхүл багцлан зарах гэх мэт) замаар богино хугацаанд шаардлагатай эх үүсвэрийг бий болгож болох талтай. Гэхдээ стратегийн томоохон ордын хувьцааг гадаад, дотоодын зах зээл дээр арилжихадшаардлагатай бэлтгэл ажлыг хийх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд нилээд хугацаа шаардлагатай юм. Түүнчлэн стратегийн ашигт малтмалын ордыг хувьцаа хэлбэрээр хөрөнгийн зах зээл дээр арилжих нь манай улсын эдийн засгийн бие даасан байдалд эрсдэл учруулж болохыг анхаарвал зохино.
  • Улс төрийн намуудын дээрх амлалтыг хэрэгжүүлэн иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишгийг Хүний хөгжил сангийн хуульд заасны дагуу хүртээх тохиолдолд олон сөрөг үр дагаварыг үүсгэнэ. Тухайлбал: инфляцийн түвшин өсөх; ирээдүй хойч үед өвлүүлэх баялагийн хэмжээ нөхөн сэргээгдэхгүй нөөцийн нэгэн адил дундарч багассаар тодорхой хугацааны дараа бүр мөсөн үгүй болох; төсвийн дарамт ихсэх; иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг өөхшүүлэх; эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийхэд хүндрэл учрах.

Иргэдийн нийгмийн болон эрүүл мэдийн даатгалын төлбөр, орон сууцны төлбөр, эрүүл мэнд боловсролын үйлчилгээний төлбөрийг хийх хэлбэрээр хувь, хишиг хүртээх нь эцсийн үр дүнд бэлэн мөнгөөр хувь хишиг хүртээсэнтэй адил, инфляцийг огцом нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай…”.

Харин Засгийн газраас 2011 оны Улсын төсвийн төсөл, Хүний хөгжлийн сангийн төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихдаа ч, УИХ-ын гишүүд эдгээр төслийг хэлэлцэн батлахдаа ч дээрх дүгнэлтүүдийг харгалзаж үзээгүй билээ. 

Leave a comment