МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for December, 2010

Эрүүл мэндийн газрын дарга нарын Land 44,5 мянган долларын үнэтэй

Posted by ИТХ on 2010/12/26

Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд автомашин, сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж гардуулах ёслол 12-р сарын 22-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болж бүх 21 аймгийн Эрүүл мэндийн газрууд болон нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн газрын дарга нарт тус бүр 44500 мянган ам. долларын үнэ бүхий Toyota Land Cruiser автомашин, бас дүүрэг болон аймгийн эмнэлгүүдэд нийт 9,2 сая ам.долларын өртөг бүхий бүрэн тохижуулсан сургалтын өрөөг хүлээлгэн өгчээ.

Эдгээрээс маш өндөр үнэтэй автомашиныг Эрүүл мэндийн газрын дарга нарт олгосон нь олны анхааралд өртөж ялангуяа өдөр тутмын сонинууд “дарга нарын авгайн унааг бэлтгэлээ” гэхчлэн шүүмжилж байгаа юм. 

Зарим мэдээллээс үзвэл дээрх машинаар гол төлөв хөдөөгүүр явж эрүүл мэндийн ухуулга, сурталчилгаа  явуулах юм байна.  Харин Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Мянганы сорилтын сангийн төсөл бүх аймагт хэрэгжих учраас хяналт тавих багийнхан “Ланд крузер” машинаар хангагдаж байна” гэжээ. Лав эмчилгээ үйлчилгээний машин биш бололтой. 

Одоо нэгэнт авчихсан бол хэрхэн ашиглаж байгааг дүүрэг, орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд анзаарч хяналт тавьж байх нь зүйтэй.

Advertisements

Posted in + Мянганы сорилтын сан | Leave a Comment »

2008 оны УИХ-ын сонгуулиар МАН (МАХН) ба АН-ын мөрийн хөтөлбөрийн мөнгөн дүн бүхий амлалтууд, тэдгээрийн хэрэгжилтын явц

Posted by ИТХ on 2010/12/24

АМЛАЛТ

Одоо үйлчилж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулинд ийм амлалтыг тодорхой зохицуулаагүй, гэхдээ 37.11.18-д .”cонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах”-ыг хориглоно гэсэн заалт бий.

Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрөөс:  

“Стратегийн ордуудын 50-иас доошгүй хувийн ашиглалтыг ойрын жилүүдэд, түүний дотор Тавантолгой, Оюутолгой, Төмөртэйн ордын ашиглалтыг нэн даруй эхлүүлнэ. Иргэн бүртээ эрдэнийн хувь олгоно. Yнэлэгдэх хэмжээ нь нэг сая төгрөг. Эрдэнийн хувийн хэлбэр нөхцөл, эх үүсвэр, зориулалтыг хувь иргэн, айл өрх, улс орны хөгжил дэвшилд өгөөжтэй байхаар хуульчлан зохицуулна” 

МАХН (одоо МАН)-ын мөрийн хөтөлбөрөөс:

“Стратегийн зарим орд газруудыг түшиглэн үндэсний корпораци, групп байгуулах замаар Монголын иргэн бүрийг хувьцаа эзэмшигч болгож, ашгаас нь тогтмол хувь хүртэж байх нөхцөл, арга замыг судалж хэрэгжүүлнэ. Стратегийн томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулж олсон ашгаас иргэн бүрт 1.5 сая төгрөгөөс доошгүй “Эх орны хишиг” хүртээх сан байгуулах тусгай хууль гаргаж хэрэгжүүлнэ” (харин http://www.nam.mn сайт – д тавигдсан МАХН-ын 2008 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрт алга байна)

ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ

Монголын Ардын Намын амлалтын биелэлт:

2010 оны эхний хагас жилд “Хүний хөгжил” сангаас иргэн бүрт нэг удаа 70 мянган төгрөг олгосон. Харин 8-12-р сард сар тутам 10 мянган төгрөг, бүгд 50 мянган төгрөг, нийтдээ 120 мянган төгрөг олгоод байна.

2011 онд иргэн бүрт сар тутам 21 мянган төгрөг нийт 252 мянган төгрөг олгоно.  Ингэхдээ хоёр хувилбараар олгоно. Нэгдүгээрт, сар бүр 21 мянган төгрөг  бэлнээр өгөх. Хоёрдугаарт, иргэд  хамтарч хоршин жижиг дунд үйлдвэр эрхлэх, эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэхийг хүсвэл техник, тоног төхөөрөмж худалдаж авах байгууллагад нэг удаад бөөнөөр, гэхдээ бэлэн бусаар шилжүүлнэ.  Мөн 500 мянган төгрөгийг бэлэн бусаар олгоно. Үлдсэн мөнгийг 2011, 2012 онуудад “Хүний хөгжил” сангийн хуулийн дагуу олгоно. Эрүүл мэнд, боловсрол, орон сууц, даатгал гэсэн хэлбэртэй байхаах тооцоолжээ.  

Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрийн амлалтын биелэлт:

Стратегийн ордуудын түшиглэсэн корпорац байгуулж хувьцааг нь иргэн бүрт эзэмшүүлэх ажлыг 2011 оны эхний улиралд хэрэгжүүлэх үүргийг УИХ-аас Засгийн газарт өгөөд байна.

Posted in # Улс төрийн намуудын сонгуулийн амлалт, ++ Хүний хөгжил сан (2010 оноос) | Leave a Comment »

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийн хөл дүүжилдэг унаа

Posted by ИТХ on 2010/12/23

Ямар ч байсан бусад аймгийн Засаг дарга нарынхаа дутахааргүй байна. Хэзээ, ямар үнэ өртгөөр авсан тухай тодорхой мэдээлэл алга. 

Харин машины дугаарыг таагаарай. Чадахааргүй бол дорхи зургийг үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in Увс аймаг | Leave a Comment »

Бэлэн мөнгө тараах эрсдэлтэйг УИХ-ын гишүүд мэддэг үү?

Posted by ИТХ on 2010/12/22

Маш сайн мэддэг.  Тэгвэл яагаад ийм сонголт хийсэн бэ? 

2011 оны Монгол улсын төсвийг хэлэлцэн баталж Хүний хөгжил сангаас иргэн бүрт 21 мянган төгрөг тараах шийдвэр гаргахаас өмнө УИХ-ын гишүүд “Манай нам улс төрийн хариуцлагатай хүчний хувьд амлалтаа биелүүлэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлж байсан бол одоо төсөв баталсныхаа дараа “Нэгэнт шийдчихсэн юм чинь хэрэгжүүлэхээс аргагүй” хэмээн тайлбарлах болжээ.  Тэгсэн мөртлөө ард иргэдэд хандаж мөнгөө бэлнээр авахгүй байхыг уриалж байна.

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), # Улс төрийн намуудын сонгуулийн амлалт, ++ Хүний хөгжил сан (2010 оноос) | Leave a Comment »

Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн эерэг ба сөрөг талууд

Posted by ИТХ on 2010/12/22

Монгол улсын 2011 оны төсөв хэр сайн, эсвэл муу болсон бэ? гэдэг тухайд хэвлэл мэдээллээр ихээхэн маргаан дэгдэж ерөнхийдөө шүүмжлэх хандлагатай байна.

Одоо мэдэгдэж байгаа ерөнхий тоонууд гэвэл төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий – 9.9хувь болж байна. Үүнээс улсын төсвийн 2011 оны нийт орлого 2,492.3 тэрбум төгрөг, нийт зарлага 2,782.7 тэрбум төгрөг, нийт тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай, Хүний хөгжил сангийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг, нийт зарлага 805.2 тэрбум төгрөг, нийт алдагдал нь 504 тэрбум болно.

Зарим эерэг ба сөрөг талыг тоймловол,  

Эерэг тал:
-Улсын төсвийн хэмжээ асар ихээр нэмэгдсэн нь манай эдийн түргэн өсч цар хүрээ тэлж байгаагийн үр дүн юм.
-Хүний хөгжил сангаас иргэд бүрт сар болгон 21 мянган төгрөг болон бусад мөнгийг олгох нь хүн амын ихээхэн хэсгийг эзэлж байгаа нийгмийн эмзэг давхаргын хүмүүс, тэдгээрий гэр бүл, үр хүүхдэд шууд тусламж болно.
-ҮҮний ачаар хүнсний дэлгүүр, мухлаг болон өргөн хэрэглээний бараа эргэлт, энэ бизнесийн эрхэлдэг хүмүүсийн орлого нэмэгдэнэ.
 
Сөрөг тал, эрсдэл:
-2011 оны хувьд эдийн засагт төрийн оролцооны хувь хэмжээ 50 хувьд хүрэхээр байна.
-Оны  төгсгөлд инфляц 20 хувьд хүрэх магадлалтай.
-Ихээхэн алдагдалтай.
-Төсвийн алдагдлыг одоо хараахан байгуулагдаагүй уул уурхайн хэлэлцээрийн дагуу орох орлогоос бүрдүүлэхээр тооцоолсон нь эрсдэлтэй.  
-Тавантолгой гэх мэт томоохон төслийн гэрээ хэлэлцээрт орохдоо их хэмжээний урьдчилгаа шаардах нь Засгийн газрын хэлэлцээр явуулах эрх хэмжээг нь үлэмж бууруулж, тохиролцоонд хүрэх хугацааг хойшлуулах буюу эсвэл хариуд нь ашигтай бус нөхцөл тохирох зэрэг эрсдэлтэй юм” – (Дэлхийн банк)

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | 1 Comment »

2011 оны Монгол Улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавихгүй бололтой

Posted by ИТХ on 2010/12/15

11-р сарын 25-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан Монгол улсын нэгдсэн төсвийн эцсийн найруулга албан ёсоор хараахан хэвлэгдэж гараагүй байна. Учир нь эцсийн хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүдийн хэлсэн санал, тодруулга, санал хураалтын дүнд орсон өөрчлөлт болон найруулгын шинжтэй засваруудыг Сангийн яамныхан хийж байгаа бололтой.

Бэлэн болсон Монгол Улсын 2011 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсвийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх ба хэрвээ хориг тавихгүй бол хүчин төгөлдөр болох учиртай. Гэхдээ одоогоор хүргүүлсэн эсэх, хэрвээ хүргүүлсэн бол хэзээ нь тодорхойгүй, бас Ерөнхийлөгчийн зөвлөхийн хийсэн товч мэдэгдэл, мөн хэдхэн хоногийн дараа нийслэл, аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус тусын орон нутагт хуваарилсан төсвүүдийг хэлэлцэж батлах хугацаа нэн тулсан зэргээс дүгнэлт хийж үзэхэд хориг тавигдахгүй бололтой.

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | Leave a Comment »

… Боломж хомс … боломжгүй … эрсдэл учруулж болох … сөрөг үр дагавартай…

Posted by ИТХ on 2010/12/15

2010 оны эхээр Сангийн яамны Төсвийн бодлогын газраас улс төрийн намуудын зүгээс иргэн бүрт 1.0 сая төгрөг ба 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээх амлалтыг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаархи танилцуулгыг “Зөвхөн албан хэрэгцээнд” гэсэн тайлбартайгаар бэлтгэж байжээ.

Гол дүгнэлтүүдийг сийрүүлбэл:

  • 2010-2012 онуудад стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газарт үйлдвэрлэл эхэлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашгийн төлбөрөөр “Хүний хөгжил” санд иргэдэд шаардлагатай хувь, хишгийг хүртээхэд шаардагдах дорвитой орлогын эх үүсвэрийг бий болгох боломж хомс байна.
  • Үндэсний статистикийн газраас авсан мэдээгээр манай улсын хүн амын тоо 2.7 сая байгаа бөгөөд иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишгийг хүртээхэд 4.1 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардлагатай бөгөөд уг хөрөнгийн эх үүсвэрийг 2012 он гэхэд Хүний хөгжил сангийн хуульд заасны дагуу улсын төсөвт ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн эх үүсвэрээс бий болгох боломжгүй байна.
  • Иймд богино хугацаанд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд “Оюу Толгой”, “Таван Толгой” болон бусад стратегийн орд газруудын хувьцааг хөрөнгийн зах зээл дээр шууд болон шууд бус хэлбэрээр арилжаалах (дээрх ордын хувьцааны тодорхой хэсгийг шууд зарах, эсхүл төрийн өмчийн компани байгуулан эдгээр төрийн өмчит аж ахуйн нэгжээр дамжуулах зарах, эсхүл багцлан зарах гэх мэт) замаар богино хугацаанд шаардлагатай эх үүсвэрийг бий болгож болох талтай. Гэхдээ стратегийн томоохон ордын хувьцааг гадаад, дотоодын зах зээл дээр арилжихадшаардлагатай бэлтгэл ажлыг хийх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд нилээд хугацаа шаардлагатай юм. Түүнчлэн стратегийн ашигт малтмалын ордыг хувьцаа хэлбэрээр хөрөнгийн зах зээл дээр арилжих нь манай улсын эдийн засгийн бие даасан байдалд эрсдэл учруулж болохыг анхаарвал зохино.
  • Улс төрийн намуудын дээрх амлалтыг хэрэгжүүлэн иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишгийг Хүний хөгжил сангийн хуульд заасны дагуу хүртээх тохиолдолд олон сөрөг үр дагаварыг үүсгэнэ. Тухайлбал: инфляцийн түвшин өсөх; ирээдүй хойч үед өвлүүлэх баялагийн хэмжээ нөхөн сэргээгдэхгүй нөөцийн нэгэн адил дундарч багассаар тодорхой хугацааны дараа бүр мөсөн үгүй болох; төсвийн дарамт ихсэх; иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг өөхшүүлэх; эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийхэд хүндрэл учрах.

Иргэдийн нийгмийн болон эрүүл мэдийн даатгалын төлбөр, орон сууцны төлбөр, эрүүл мэнд боловсролын үйлчилгээний төлбөрийг хийх хэлбэрээр хувь, хишиг хүртээх нь эцсийн үр дүнд бэлэн мөнгөөр хувь хишиг хүртээсэнтэй адил, инфляцийг огцом нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай…”.

Харин Засгийн газраас 2011 оны Улсын төсвийн төсөл, Хүний хөгжлийн сангийн төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихдаа ч, УИХ-ын гишүүд эдгээр төслийг хэлэлцэн батлахдаа ч дээрх дүгнэлтүүдийг харгалзаж үзээгүй билээ. 

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), # Улс төрийн намуудын сонгуулийн амлалт, ++ Хүний хөгжил сан (2010 оноос) | Leave a Comment »

Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын унаа бүр илүү

Posted by ИТХ on 2010/12/15

Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын албаны машины марк нь Лексус LX 570. Мэдээж 00-01 дугаартай байж таарна. Монголд 120-170 мянган доллараар зарагддаг юм байна.

Posted in Орхон аймаг | 2 Comments »

Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийн шинэ унаа

Posted by ИТХ on 2010/12/15

“Архангайн амьдрал” сонинд мэдээлснээр, тус аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг 2010 онд 97 сая төгрөгөөр унаагаа юүлэн ийм машинтай болж “0001 – АРА” дугаарыг зүүжээ. Одоо Архангайд “Хэн нь хэн бэ?” гэдгийг бүгд харж суугаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь хуралдаад шийдсэн юм байна.  

Зурган дээрээс харвал LandCruiser 200 хэмээх дээд зэргийн тансаг машин аж. Ийм өндөр үнээр авсныг бодоход цоо шинэ, танилцуулгаас харахад  тэр чигээрээ тав тух бөгөөд 100 км-т 18-20 литр “иднэ”. Харин өмнө нь унаж байсан Nissan Patrol машиныг  анх 60 саяын үнэтэй байсан ба сая Засаг даргын жолооч нь дуудлага худалдаагаар авчээ.

Ё.Баатарбилэгийн тухайд гэвэл аймгуудын Засаг дарга нараас хамгийн залуу, 35 настай, МАХН-ын Ёс зүйн хорооны гишүүн гэж намтартаа бичсэн байна.

Posted in Архангай аймаг | Leave a Comment »

“Хүний хөгжил” сангаас хэдийг тараах вэ?

Posted by ИТХ on 2010/12/08

Эрх баригч МАН ба АН-ын 2008 оны сонгуулийн амлалтыг хэрэгжүүлж иргэн бүрт хувь, хишиг хүртээх зорилтыг биелүүлэх үүднээс байгуулсан “Хүний хөгжил” сангийн орлого 2011 онд 301.2 тэрбум төгрөг, зарлага нь 805.2 тэрбум төгрөг байхаар баталжээ. Үүнээс

  • Иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг, жилдээ нийт 252 мянган төгрөг олгох. Үүнд хамгийн их буюу 703 тэрбум төгрөгийг зарцуулна.
  • Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль коллежид суралцаж байгаа 165,000 оюутны 2010 – 2011 оны сургалтын төлбөрөөс оюутан тус бүрт 500 мянган төгрөгөөр тооцож дэмжлэг олгоно. Нийт 82.5 тэрбум төгрөг.  
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу бүх иргэдийг заавал даатгалд хамруулах чиглэлээр одоо эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа 344.4 мянган иргэний 4.5 жилийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлнө. Нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг шилжүүлнэ.
  • Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг 1,356 сая иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхөд 10.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна.

Нийлээд 805,2 сая төгрөгийг “Хүний хөгжил” сангаас зарцуулах юм. Харин дутагдаж байгаа 504 тэрбум төгрөгийг Тавантолгойн орд газрын хувьцааг эзэмшүүлэх урьд­чилгаа, “Эрдэнэт” үйлдвэрийн өсгөн нэ­мэг­дүүлсэн нөөцийн төлбөр зэргээс нөхөхөөр тооцоолжээ.

Posted in # Улс төрийн намуудын сонгуулийн амлалт, ++ Хүний хөгжил сан (2010 оноос) | Leave a Comment »

Хэмнэж болох [байсан] төсөв: Гадаад руу …

Posted by ИТХ on 2010/12/07

Монгол Улсын хүн амын тэн хагас амьдардаг Улаанбаатар хотын удирдлага төсвөө үргэлж чамладаг мөртөө зарим “эргэлзээтэй” зардлуудыг харамлахгүй гаргаж байх юм. Хэдэн жишээ дурдъя. Иргэн та саналаа бичээрэй. Энэ бүгдийг “шаардлагатай” гэсэн олон тайлбар хэлж болох ч энэ их зардлыг хэмнэх талаар өөр олон тайлбар хэлж болох билээ.

  • Сөүл дахь төлөөлөгчийн газар

Арваад жилийн өмнө байгуулагдсан, анх Г.Нямсамбуу, дараа нь Б.Цэрэн гэдэг хүн төлөөлөгчөөр ажиллаж байжээ.  Мөн “БНСУ дахь Улаанбаатар хотын Соёлын Төв” гэсэн нэр дуулддаг нь нэг байгууллага байж магадгүй. Харин одоо хэн удирддаг, хичнээн зардал гаргаж юу бүтээдэг нь тодорхойгүй.    

  • Бээжин дэх байнгын төлөөлөгчийн газар

2010 онд шинээр байгуулагдсан бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүнээр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Оюундарийг томилжээ. Зардал мөнгө нь бас тодорхойгүй, нийслэлийн төсвийн баримт бичгүүдэд дуртай байна.

  • Улаанбаатар: Нийслэлд шаардлагатай боловсон хүчнийг гадаадад бэлтгэх хөтөлбөр.

“Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чадавхи, хүний нөөцийн менежментийг сайжруулах” зорилгоор энэ онд “Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар сургах, суралцагчдыг шалгаруулах журам” гарган хэрэгжүүлж эхэлсэн байна.  Монгол улсаас олон хүн Төрийн сангийн хөрөнгөөр болон өөрийн зардлаар гадаадад суралцаж, нэлээд нь энд ажлын байргүй буюу хангалттай цалин авч чадахгүй байхад тусдаа ингэж зардлал гаргах шаардлага байна.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Tagged: | 1 Comment »

Төсвийн зарлага ДНБ-ний 52,1 хувьд хүрчээ

Posted by ИТХ on 2010/12/03

Хэдхэн хоногийн өмнө батлагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг Сангийн яам дараах байдлаар танилцуулаад байна. 

Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий 9.9 хувь болж байна.

Үүнд, Улсын төсвийн 2011 оны нийт орлого 2,492.3 тэрбум төгрөгт хүрч, нийт зарлага 2,782.7 тэрбум төгрөгт төлөвлөгдөн улсын төсвийн нийт тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

Харин Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг, нийт зарлага 805.2 тэрбум төгрөг байхаар батлагдлаа.

УИХ-аар шинээр батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож анх удаа төсвийн тогтворжуулалтын санд 183.1 тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөлөө.

Уул уурхайн ашигт малтмалын үнэ хэт өндөр өссөн үед тухайн орлогоос төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Энэхүү татварыг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулж ногдуулах бөгөөд зэсэнд дээр 5 + 15%, бусад ашигт малтмал дээр 5 + 5% -иар тооцон авч байхаар тусгасан.

Ирэх 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 627.7 тэрбум төгрөг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 48.2 хувийг авто зам, эрчим хүч, цахилгаан дулаан, барилга, хот байгуулалт зэрэг дэд бүтцийн, 15.7 хувийг боловсрол, соёл, шинжлэх ухаан, 11.5 хувийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, 6.6 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, 3.6 хувийг хууль, хяналтын байгууллагуудын хөрөнгө оруулалтын зардал тус тус зарцуулахаар төлөвлөлөө.

Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа хэдий ч тулгамдсан олон асуудал бодитой байсаар байгаа тул ирэх онд 79.0 тэрбум төгрөгийг нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтад зарцуулах эрхийг олгож байгаа бол орон нутагт нэн тэргүүнд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэхэд зориулж аймаг тус бүрт улсын төсвөөс дунджаар 800.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр тооцлоо.

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | Leave a Comment »