МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for November, 2010

ИТХ сүлжээний мэдээллийн сайтууд

Posted by ИТХ on 2010/11/30

“Иргэд төсвөө хянана” сүлжээний төсвийн мэдээллийн сайтуудыг танилцуулж байна. Эдгээрт улсын ба орон нутгийн төсвийн холбогдолтой янз бүрийн баримт мэдээлэл болон манай сүлжээний гишүүдийн мониторинг, ажиглалтын дүгнэлт, тайлбарыг нийтэлдэг. Татвар төлөгч, иргэн таныг баримт, санал сэтгэгдлээ нэмэрлэж хамтран ажиллахыг урьж байна.

Advertisements

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ] | Leave a Comment »

ИТХ сүлжээний мониторингийн мэдээллийн сайтууд

Posted by ИТХ on 2010/11/30

2010 онд “Иргэд төсвөө хянана” сүлжээний хүрээнд гүйцэтгэсэн буюу одоо үргэлжилж байгаа зарим мониторингийн мэдээллийн сайтуудыг танилцуулж байна. Бид цаашид үргэлжлүүлэн тогтмол шинэчлэх бөгөөд иргэн таныг санал, сэтгэгдэл, баримт мэдээллээ оруулж хамтран ажиллахыг уриалж байна.

(Тус бүрийг дарж үзнэ үү) 

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | Leave a Comment »

Ховдын тендер иймэрхүү болдог.

Posted by ИТХ on 2010/11/28

Ховд аймагт сүүлийн жилүүдэд улсын болон орон нутгийн төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалт ихээхэн будлиантай явагддаг тухай баримтууд АТГ-ын шалгалтаар илрээд байна.

-“ББМЗЗТ” ХХК нь 27 сая гаруй төгрөгийн татварын өртэй байхдаа аймгийн татварын хэлтсийн даргаар “өр төлбөргүй” гэсэн бичиг гаргуулж Эрдэнэбүрэн сумын 12 жилийн сургуулийн барилгын 150 сая төгрөгийн их засварын тендерт шударга бусаар ялжээ. Бас тус компанийн тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дууссан байсныг ч нуун дарагдуулжээ.

-Н.Бадрах захиралтай “Алтан буйлааст” ХХК 2009 онд нэг, 2010 онд дөрвөн тендерт давуу эрх эдлэн ялж тендерийн ажлаа дуусгаагүй байж мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авч дараагийн ажлаа эхлүүлдэг болжээ. Жишээлбэл, 2009 онд Ховдын Зэрэг сумын 12 жилийн сургуулийн дотуур байр барих тендерт шалгарч 150 сая төгрөг авсан атлаа одоо болтол дуусаагүй төдийгүй мөнгө хүрээгүй шалтгаанаар нэмэлт санхүүжилт авсан байсан. Мөн 2009 онд татварын албанд 2.1 сая, нийгмийн даатгалд 4 сая төгрөгийн өртэй байхдаа “Өр төлбөргүй “ гэсэн бичиг гаргуулж улсын төсвийн хөрөнгөөр баригдах Ховд аймгийн Зэрэг сумын Соёлын төвийн барилгын тендерт ялжээ. Нийтдээ тус компани 2010 онд Зэрэг суманд хийгдэх барилга засвар, шинээр барих зэрэг нийтдээ 500-гаад сая төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр ганцаараа шалгарсан юм. Үүний хажуугаар Бургасан багийн төвийн барилгын ажилд 30.6 сая төгрөгийн санхүүжилт авсөн мөртлөө эхлэхгүйгээр тэр мөнгөөрөө Жаргалант суманд 12 айлын орон сууц барьжээ.  Түүнчлэн Мянгат сумын 12 жилийн сургуулийн барилгын их засварын тендерүүдэд шалгарч амжсан гэнэ.

-Т.Дырбубай захиралтай “Толхын ойл” компани 2009 онд 3.7 сая төгрөгийн өртэй байхдаа аймгийн төвд 200 сая төгрөгийн өртөгтэй Амарсанаагийн нэрэмжит эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах тендерт шалгарч төсвөөс 150.4 саяыг нь авч энэ оны 6-р сард дуусгах хуваарьтай байсан ч дуусгалгүй өдий хүрчээ. Ажлын явц 70 хувьтай гэдэг ч шалгалтаар нотлогдоогүй. Түүгээр ч зогсохгүй Мэргэжлийн хяналт, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зөвшөөрөл авалгүйгээр аймгийн төвийн Жаргалант суманд 12 айлын орон сууцны барилгын ажил эхлэхэд нь мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Батцэнгэл ямар ч арга хэмжээ аваагүй байна.

-Ц.Түмэндэмбэрэл захиралтай  “Ховд аргим” гэх компани 2009 онд 3.7 сая төгрөгийн өртэй байхдаа  аймгийн татварын газраас  “Өр төлбөргүй”, бас  аймгийн нийгмийн даатгалд өр төлбөргүй, шимтгэлээ цаг хугацаанд нь төлдөг гэсэн  бичиг авч Булган сумын 12 жилийн сургуулийн барилгын их засварын тендерт ялжээ. Тус компани өмнө нь гүйцэтгэсэн барилгын ажлаа чанаргүй гүйцэтгэсэн талаар Мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гаргаж Үнэлгээний хороонд өгсөөр атал үл ойшоож дахин хууль бусаар шалгаруулсан байна. 

Эдгээр компаниуд хууль зөрчсөн нь тодорхой. Тэгвэл төрийн өмнө хүлээсэн үүргээ хөсөрдүүлж тэдэнд хууль зөрчих, залилан мэхлэх боломж олгосон, илт хуйвалдсан хүмүүс хэн хэн бэ?

Юуны өмнө хуурамч бичиг, тодорхойлолт гаргаж өгдөг Ховд аймгийн Татварын хэлтсийн дарга С.Жаргалдалай, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Мягмарцоож, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батцэнгэл нар юм.

Бүр том буруутнууд нь аймгийн Засаг дарга Н.Нямдаваагийн захирамжаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороог ээлжлэн даргалсан болон гишүүд байсан Засаг даргын орлогч Ж.Цэнд-Аюуш, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Нарандорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Сүрэнжав, тендерийн захиалагчаар ажилласан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга З.Өмертэй, Д.Баатарсүрэн, У.Батзаяа  нар ажээ. Тухайлбал, Д.Алтангэрэл нь тендерийн мөнгө олгох гүйцэтгэгч банкийг байнга шалгаруулдаг байжээ.

2009 онд ес, 2010 онд 10 үнэлгээний хороо байгуулж тендер шалгаруулалт явуулахад Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн орлого, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн О.Буяндэлгэр тасралтгүй ажиллажээ.

Ховд аймагт барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компани байдаг ч голдуу 10 гаруй компани, тэр дундаа дээр дурдсан “Толхын ойл” . “Алтайн буйлааст”, “ББМЗЗТ”, “Ховд Аргим” компаниуд үргэлж шалгардаг нь тийм учиртай байжээ.
 
АТГ-аас Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваад хандаж арга хэмжээ авахыг хүсэхэд О.Буяндэлгэрт  ажлаас халах сахилгын шийтгэл оноож, өөрийн орлогч Ж.Цэнд-Аюуш болон хэлтсийн дарга нарт сануулж, харин Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга У.Батзаяа, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Мягмарцоожийн нэг сарын үндсэн цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авчээ. Татварын хэлтсийн даргыг яаж шийтгэсэн талаар мэдээлэл алга байна.

Posted in Ховд аймаг | 1 Comment »

МОННИС-ын нийлүүлсэн машин …

Posted by ИТХ on 2010/11/28

2009 онд нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хог тээврийн авто машинуудыг худалдан авч үргэлж хэл амтай байдаг дүүргүүдийн Тусгай үйлчилгээний компаниудын паркийг шинэчилсэн юм.

Эхлээд сонгон шалгаруулалт амжилттай явагдаж “Үүрэг трейд” ХХК ба “Моннис” ХХК гэсэн хоёр компани шалгарч “Үүрэг трейд” компани хог тээврийн зориулалттай, шахдаг тэвштэй 13 авто машин, харин “Моннис” компани цас цэвэрлэгээний зориулалттай 6 автомашин, хог тээврийн зориулалттай 72 машин авто машиныг нийлүүлэх болсныг зарлав.

Нийт 85 ширхэг машин худалдан авсан нь нийслэлийн есөн дүүргийн ТҮК-үүдэд ашиглаж байсан 180-аад машины тоог бараг 50 хувь нэмэгдүүлсэн юм. Харин тодорхой тоог зарлаагүй ч 1,6 тэрбум төгрөг, эсвэл түүнээс ихийг зарцуулсэн гэх янз бүрийн мэдээлэл байна. 

Хавар тийшээгээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна ёслол үйлдэж хотын дарга нар хүрэлцэн  ирж дүүргүүдийн ТҮК-иудын жолооч нарт түлхүүр гардуулжээ.

Харамсалтай нь өнөөдөр эдгээр машинууд ээлж дараалан эвдэрч, нэлээд нь асдаггүй, засагддаггүй, сэлбэг байхгүй зэрэг оноштойгоор ТҮК-үүдийн хашаанд хөдөлгөөнгүй зогсох болжээ.  Нэг жилийн баталгаа өгсөн “Моннис” компани засах байтугай сэлбэгийг олж авчирдаггүй.  Хятадын хулхи үйлдвэрээс хулхи машин авчирсны гор гарлаа гэж жолооч нар таамаглах болжээ. Аргаа барсан ТҮК-ийн удирдлагууд дээш доош гомдол мэдүүлж, телевиз, сониныхныг урьж сурвалжлуулаад ч нэмэр алга тухай ярьж байна.

МОННИС бол Монголд өндөр үнэтэй суудлын болон хүнд  машин механизмыг  нийлүүлдэг нэртэй компани. Харин нийслэл хотын тохижилт, үйлчилгээний хэр хэмжээнд нь “тааруулсан” хэрэг бололтой.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар шинэ офистой болжээ

Posted by ИТХ on 2010/11/26

Монгол Улсын төсөв их мөнгөтэй болж буйн үр шимийг түрүүлж хүртсэн газруудын тоонд Сангийн яам, түүний харьяа хоёр агентлаг баттай орно.  

Өнөөдөр, 2010 оны 11-р сарын 25-нд Үндэсний татварын ерөнхий газрын шинэ байр ашиглалтанд орсон тухай зарлав.  Тэнд албан өрөөнүүдээс гадна 50-200 хүний сургалтын танхимууд, номын сан, татварын албаны ил тод байдал, шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд нэг цэгээс татвар төлөгчдөд үйлчлэх тохилог танхим, татварын түүхэн замналыг харуулсан музей нээгджээ. Харин хөрөнгө оруулалтын хэмжээг зарлаагүй тул бид бяцхан хайлт хийснээр уг барилгын ажил 2007 оноос хойш баригдаж 3 тэрбум 755 сая төгрөгөөр боссон болохыг мэдэж авлаа. Анх 2007-2008 онуудад 2 тэрбум 424 сая төгрөгөөр барихаар улсын төсөвт суулгасан мэдээлэл ч бас олдов. Өртөг нь 1,3 тэрбум гаруй төгрөгөөр өсөөд амжжээ. Одоо энэ барилгыг тохижуулах, ширээ сандал, техник хэрэгслээр дүүргэх гээд тоймгүй зардал гарч байгаа нь тодорхой.

Татварын ерөнхий газрын шинэ байр. Урьд нь энд олон жилийн түүхтэй хүүхдийн цэцэрлэгийн барилга, эргэн тойрон мод бут бүхий цэцэрлэг байсан юм.   

 

Ноднин зун Гаалийн ерөнхий газрын 8 давхар шинэ байрыг ашиглалтанд оруулсан юм.  Төсөвт өртгийг хайгаад яг энэ нэрээр олсонгүй, харин “Гаалийн нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга (Улаанбаатар), хугацаа 2008-2009  он, хөрөнгө оруулалт 3,0 тэрбум төгрөг” гэж байгаа нь энэ бололтой.  Хуучин багтаж байсан гурван давхар байрандаа Гааль, эдийн засгийн дээд сургууль гэдгээ оруулсан байна. Боловсон хүчнүүдээ улсын болоод хувийн олон дээд сургуулиудаас бэлнээр авч болдоггүй л юм байх даа?

Гаалийн ерөнхий газрын 9 давхар шинэ байр ноднин ашиглалтанд оржээ.

Одоо Сангийн яамны араас бас нэгэн шинэ байшин цухуйж байгаа нь Сангийн яамны өөрийнх нь өргөтгөл буюу шинэ офис гэлцэнэ. Төсөвт өртгийн тухай тодорхой мэдээлэл хараахан олдохгүй байна.  

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), 10. Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар | 1 Comment »

Хууль бусаар санхүүжүүлсэн барилга цухуйж байна.

Posted by ИТХ on 2010/11/23

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байрны араас өндийж байгаа энэ барилга ямар учиртай вэ?

Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж Засгийн газрын тусгай сан байдаг. Нэрнээс нь харахад юунд зориулагдсан нь тов тодорхой. Гэтэл ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 175, 274 дүгээр тушаалаар ХХААХҮЯ-ны өргөтгөлийн барилгын ажлыг тус сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэн 2009 онд 317.5 сая төгрөг, 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 669.0 сая төгрөг, нийт 986.5 сая төгрөг зарцуулсан байна. Одоо баригдаж дуусах шатандаа оржээ.  

Энэ бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зүй бусаар хууль зөрчин зарцуулсан ганц жишээ биш юм. Үндэсний аудитын газрын шалгалтаар илрүүлсэн бусад баримтуудыг дурдвал:

– 2008 онд яамны төсвийн ерөнхийлөн захирагч болон сангийн удирдах зөвлөл, сангийн ажилагсдад 173.4 сая төгрөгийн төлөвлөгдөөгүй урамшил шагнал олгосон байна.

–  2009 онд төлөвлөсөн 23 нэр төрлийн зардлаас 13-ыг нь хэтрүүлж, төлөвлөгдөөгүй 8 төрлийн зардал нэмж санхүүжүүлсэн.

– Түүнчлэн 2009 онд батлагдсан төсвөөс цалин, нийгмийн даатгалын зардлыг 76.3 сая, гэрэл цахилгааны зардлыг 27.8 сая, тээвэр шатахууны зардлыг 32.2 сая, шуудан холбооны зардлыг 10.5 сая, бичиг хэргийн зардлыг 9.0 сая, дотоодын томилолтын зардлыг 22.1 сая, эд хогшил худалдан авах зардлыг 28.8 сая, төлбөр хураамжийн зардлыг 179.3 сая, урсгал засварын зардлыг 51.3 сая төгрөгөөр тус тус хэтрүүлэн зарцуулжээ.

– 2009 онд 5215.0 сая төгрөгийн төлөвлөгдөөгүй зардал гарчээ. Тухайлбал, ажиллагсдад олгосон урамшуулалд 53.8 сая төгрөг, хоолны зардалд 9.9 сая төгрөг, ОХУ-аас техник, тоног төхөөрөмж, буудай нийлүүлэх ажлыг зохион байгуулахад 454.2 сая төгрөг, өмнөх оны буудайн төлбөрт 4697.1 сая төгрөг гарчээ.

 – ТЭДС-гийн хөрөнгөөс 2008-2009 онд нийт 252.1 сая төгрөгөөр ХХААХҮЯ-ны төвлөрсөн арга хэмжээний зардлыг санхүүжүүлсэн байна.

– 2006-2010 онд ТЭДС-гийн үйл ажиллагаанд хамаарахгүй ХХААХҮЯ-ны гадаад, дотоод томилолтын зардалд 142.4 сая төгрөг, яамнаас зохион байгуулсан хурал, зөвлөгөөн, хүлээн авалт, бусад зэрэг төвлөрсөн арга хэмжээний зардалд 242.4 сая төгрөг, бүгд 384.8 сая төгрөгийг санхүүжүүлсэн байна.

– ТЭДС-гийн хөрөнгөөс ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 112 дугаар тушаалаар Төв аймгийн Баянчандмань сумын Доргонтын эхэн дэх амралтын барилгын цахилгааны шугамын холболтын ажлын зураг төсөвгүй, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 16.3 сая төгрөгийг “Цэлмэг ази” ХХК-д, зам, талбайн барилгын ажилд 17.2 сая төгрөгийг “Цүүрдэн” ХХК-д тус тус шилжүүлсэн байна.

– ТЭДС-гийн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2005 онд 32,4 сая төгрөг, 2006 онд 107,4 сая төгрөг, 2007 онд 184,1 сая төгрөг, 2008 онд 65,6 сая төгрөг, бүгд 357,1 сая төгрөгийн урамшууллыг төсвийн ерөнхийлөн захирагч, удирдах зөвлөлийн гишүүд, сангийн удирдлага болон ажилтнуудад олгож байжээ. Үүнийг хэсэгчилсэн байдлаар үзүүлбэл:

Энэ болон бусад мэдээллийг Үндэсний аудитын газрын аудитын тайлангаас (http://202.70.41.150/welcome_mnao/welcome_mnao/inter/mn/reports/auditreport.html)  үзээрэй.

Posted in 13. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Тариаланг дэмжих сан | Leave a Comment »

Хадгаламж зээлийн хоршоодын хадгалуулагчдын хохиролд 32 тэрбум төгрөг

Posted by ИТХ on 2010/11/17

 10.000 гаруй иргэн 60 гаруй тэрбум төгрөг хадгаламж зээлийн хоршоонд байрлуулснаар хохирогч болж алдсан мөнгөө төрөөс нэхэмжлэх болсон. Төр 50 хувийг буюу 32 тэр бум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр барагдуулахаар болж журам батласан.

Posted in + Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол | Leave a Comment »

Баримт: Хадгаламж банкны Чимэдцэрэнгийн өмнөөс 13,8 тэрбум төгрөг

Posted by ИТХ on 2010/11/17

Ц.Чимэдцэрэн “Хадгаламж банк”-ны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 220 удаагийн үйлдлээр 14 тэр бум 385 сая төгрөг завшсан нь тогтоогдсон бөгөөд Чимэдцэрэнгийн учруулсан хохирлыг төр барагдуулах шүүхийн шийдвэр гарсан. Тодруулбал 14.3 тэр бум төгрөгөөс 13.8 тэр бум төгрөгийг Төрийн өмчийн хороо барагдуулахаар болсон.

Posted in + Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол | Leave a Comment »

Баримт: Завханы Эрдэнэ-Очирт 18 сая төгрөг

Posted by ИТХ on 2010/11/17

Завхан аймгийн шүүхээс бусдыг санаатай алсан хэрэгт гурван удаа цаазаар авах ял ногдуулж, дээд шатны шүүх тухай бүрд нь хэргийн бүрдэл хангагдаагүй, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр цаазар авах ял ногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байсан. Энэ хугацаад Эрдэнэ-Очир гурван жил шоронд хоригдож эрүүл мэнд, сэтгэл санааны ихээхэн хэмжээний хохирол амссан бөгөөд төрөөс 53.699.225 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилснийг шүүхээс 18.010.625 төгрөгөөр тогтоож барагдуулсан.

Posted in + Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол | Leave a Comment »

Баримт: Food land-ийн хэргийн хохирогсдод 74,8 сая төгрөг

Posted by ИТХ on 2010/11/17

 1999 онд “Food Land” захын манаачийн амь насыг хөнөөж, алт мөнгөн эдлэл дээрэмдсэн дуулиант хэрэг. Уг хэрэгт таван хүнийг холбогдуулан шалгаж, олон жилээр хорьж,, эрүүдэн шүүсний улмаас нэг нь нас барж, зарим нь хилсээр хэрэг хүлээсэн. Гэвч Баянзүрх дүүргийн шүүх 2004 онд тэднийг уг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, цагаатгасан. Энэхүү хэрэгт сэжиглэгдэн мөрдөгдсөн “О” хэмээх залуу 1115 хоног, “Б” гэх залуу 1252 хоног, “Х” гэдэг залуу 201 хоног хүртэл хоригдож байсан. Тэд Хүний Эрхийн Үндэсний Комисст(ХЭҮК) өргөдөл гаргаж нийт 258, 278,000 төгрөг нэхэмжилж 74,878,000 төгрөгийг төрөөс гаргуулсан.

Posted in + Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол | Leave a Comment »

Хуулийн заалтууд ямар байдаг вэ?

Posted by ИТХ on 2010/11/17

Төрийн албан хаагч болон төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирлыг барагдуулах талаар Монгол Улсын хууль тогтоомжид дараах байдлаар заасан байдаг. 

  • Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна.  /Төрийн албаны тухай хуулийн 4.2.7/
  • Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай, үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүнийг ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.  /Монгол Улсын Иргэний хууль 498.2/ 

Дээрхи хуулиудын заалтаас харахад “төрийн албан хаагч болон төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас үүсэн гарсан хохирлыг төр хариуцан барагдуулна” гэж заасан нь төрийн албан хаагчид болон эрх бүхий этгээдүүд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд үнэн зөв шийдвэр гаргах гэж хичээх итгэл үнэмшил төрүүлэх нөхцөл болохгүй байгаа юм. Энэ нь зарим талаараа төрийн албан хаагчид, эрх мэдэлтнүүд ирээдүйд гарах хор уршгийг мэдсээр атлаа өөрсдийн гаргаж байгаа шийдвэртээ ач холбогдол өгөхгүй байгаа  явдал нь үүний гол үндэслэл болж байгаа юм.

Хэрэв тухайн байгууллага, албан тушаалтан өөрөө зохих хариуцлагыг хүлээдэг байсан бол үнэн бодит шийдвэр гаргаж улмаар үүнээс шалтгаалан хүний эрх тэр тусмаа татвар төлөгчдийн эрх зөрчигдөхгүй байх нөхцөл үүснэ. Жирийн иргэд өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж үүсгэсэн хохирлоо биеэрээ (шоронд сууж) эсвэл мөнгөн хэлбэрээр барагдуулж байхад, төрийн албан хаагчдын буруутай үйлдэлд ямар нэгэн хариуцлага тооцохгүй харин ч бүр үүнийг нь  төр хариуцаад өнгөрч байна. Үнэндээ бол төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л байдаг.

Posted in + Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол | Leave a Comment »

Аймгийн намын хороо төсөвт өртэй байна.

Posted by ИТХ on 2010/11/13

Авлигатай тэмцэх газрын мэдээллээс үзэхэд, тус аймгийн МАХН-ын хороо орон нутгийн төсөвт 25 сая төгрөгийн өртэй юм байна. Үүнийг шийдвэрлэх талаар АТГ-аас хүргүүлсэн мэдэгдлийн хариуг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат удаасан төдийгүй уг мэдэгдлийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан гэж худал мэдээлжээ. Тэрбээр аймгийн МАХН-ын хорооны дарга Т.Цэдэндамбаад “Төсвөөс олгогдсон мөнгийг МАХН-ын хорооноос гаргуулж, есдүгээр сарын 15-ны дотор аймгийн төсөвт шилжүүлж хохиролгүй болгох” үүргийг өгсөн гэх боловч 11-р сар гэхэд төсөвт орох ёстой 25 сая төгрөг ороогүй байжээ. 

Энэ асуудалтай холбогдуулан аймгийн МАХН-ын хорооны дэд дарга С.Эрдэнэбазар “Аймгийн МАХН-ын хорооны хуучин барилгыг зарах зөвшөөрлийг авахаар МАХН-ын Удирдах зөвлөлд хандсан байгаа. Зөвшөөрөл өгмөгц худалдаж 25 сая төгрөгийг аймгийн төсөвт шилжүүлнэ. Хуучин байрыг түрээслүүлсэн байгаа, худалдан авах хүн нь тодорхой болсон, зарим засвар үйлчилгээг хийгээд явж байгаа” гэсэн тайлбар хэлжээ.

Харин чухам ямар учиртай өр болох, яагаад үүссэн тухай талаар АТГ-ын мэдээлэлд алга байна.

Posted in Архангай аймаг | Leave a Comment »

Тэрбум төгрөгийн вакциныг газарт булна

Posted by ИТХ on 2010/11/10

Ноднин дэгдсэн гахайн ханиадны үеэр ДЭМБ-ийн зөвлөмж, зөвшөөрөлтэйгээр гаднаас улсын төсвийн мөнгөөр худалдан авч оруулж ирсэн уг томууны эсрэг вакцинаас 300 мянган тун үлдэж, хугацаа нь 2011 оны 5-р сард дуусах тул дахиад ханиад гарвал бэлэн гэж байжээ. Гэнэт вакцины хүчинтэй хугацаа өнгөрөгч тавдугаар сарын 30-нд дууссан тул устгалд оруулах зааврыг ДЭМБ-аас өгсөн тул Улсын мэргэжлийн хяналтын байцаагчдын хяналтын дор Налайх орчимд аваачин газарт булж устгахаар өөр аргагүйд хүрчээ. 

Устгалд оруулах 300 мянган тун вакцины үнэ нэг тэрбум төгрөг гэнэ. Одоо энэ вакциныг устгах нь зөв эсэх талаар маргаан дэгдээд байна.

Posted in 18. Эрүүл мэндийн яам | Leave a Comment »

Хуурамч бичиг баримт ашиглан улсаас 74.9 сая төгрөг авч ашиглах нөхцөл яаж бүрдсэн бэ?

Posted by ИТХ on 2010/11/10

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод мэдэгдэл хүргүүлжээ.

Албан тушаалаа ашиглаж, улсын нөөцийг шамшигдуулсан Онцгой байдлын ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтанд холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, уг гэмт хэргийг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар Мөрдөн байцаагчийн мэдэгдлийг Шадар сайдад хүргүүлсэн байна.

2008 оны дотоодын ургацаас 100 мянган тонн хүнсний буудайг худалдан авч, Монгол Улсыг хөгжүүлэх санд буудайн нөөц хэлбэрээр байршуулахаар Улсын Их Хурал 42 дугаар тогтоол гаргасан билээ. Харин Онцгой байдлын ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтан тэрхүү тогтоолыг зөрчиж, албан тушаалаа урвуулан ашиглаж дотоодын ургацаас бус М-ийн импортолсон 936.6 тонн улаан буудайг Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарт авах шийдвэр гаргажээ. Ингэхдээ Засгийн газраас гаргасан журмыг илт зөрчиж, мөнөөх улаан буудайг хүлээн авах албан ёсны зөвшөөрөл, чанар, стандартын шаардлага хангасан тухай мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтгүйгээр улсын нөөцөд бүртгүүлсэн байна. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилготой төр, засгийн бодлого, үйл ажиллагааг хэн нэгэн албан тушаалтан хувийн үзэмжээр өөртөө ашиг хонжоо үүсгэн урвуугаар хэрэгжүүлсэн нь энэ. Дээрх хууль бус шийдвэрийг гаргахдаа орос улаан буудайг “Бооцын тариа”, “Шивээт хайрхан” компаниудын нэрээр нийлүүлэн, тооцоо нийлсэн баримтыг тус хоёр компанийн нэр дээр үйлдэж олгуулжээ.

Read the rest of this entry »

Posted in 13. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Тариаланг дэмжих сан | Leave a Comment »

“Монгол мал” хөтөлбөрийн 9,5 тэрбум төгрөгөөс 2,7 тэрбумыг …

Posted by ИТХ on 2010/11/06

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын хаврын чуулганаар баталсан “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд нийт 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө баталж, уг хөрөнгийг малын үүлдэр угсааг сайжруулах болон эрүүлжүүлэхэд зарцуулахаар тусгасан ч түүнээс 2.7  тэрбум төгрөгийг шүлхий өвчинд зарцуулсан нь  хууль зөрчсөн үйлдэл болсон гэж УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсох үеэр зарим гишүүд үзэж иймэрхүү хөрөнгийг Улсын нөөцөөс гаргах ёс той гэсэн байр сууриа илэрхийлжээ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга тайлбар хийхдээ, өнгөрсөн дөрөвдүгээр сард Дорнод аймгийн Халх гол суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч хязгаарлалтын дэглэм тогтоосон ч хүрээгээ тэлсээр байсан тул Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь зэрэг таван аймгийн 360 мянган бод, 6 сая 800 мянган бог малыг вакцинжуулахад зориулж 3.9 тэрбум төгрөг гаргуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын нөөц санд мөнгө байгаагүй тул “Монгол мал” хөтөлбөрийн хөрөнгөөс зарцуулсан тул хууль зөрчөөгүй гэсэн тайлбар хийжээ.

Posted in 10. Сангийн яам, 13. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам | Leave a Comment »