ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

2011 оны Монгол улсын төсвийн тухай танилцуулга

Posted by ИТХ on 2010/10/07

Монгол Улсын 2011 оны төсвийн төсөл, Нийгмийн

даатгалын сангийн 2011 оны төсвийн төсөл,

 Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн төсөл

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа “Төсвийн тогтвортой байдлын тухай”, “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай”, “Нэгдсэн төсвийн тухай” хууль болон УИХ-ын 40 дүгээр тогтоолоор батлагдсан 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Засгийн газрын ОУВС-тай байгуулсан Стэнд-бай хөтөлбөрийн хүрээнд гарсан Харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хязгаарыг  тус тус баримталлаа.

Ирэх 2011 он бол Засгийн газрын  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3 дахь жил бөгөөд Үндсэн чиглэл, Мянганы хөгжлийн зорилт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон ажлуудыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэх зорилт тавьсан.

 Нэг. ОРЛОГО

Төсвийн орлогын 2011 оны төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа 2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж,  өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж  буй хууль эрх зүйн орчин болон ирэх оноос хэрэгжиж эхлэхээр батлагдсан хуулийн хүрээнд Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг ТХМ-ээс 282.8 тэрбум төгрөгөөр, 2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 323.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 3056.9 тэрбум төгрөгт хүргэхээр тооцлоо.

УИХ-аар шинээр батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож ирэх 2011 оны төсвийн төсөлд тусгалаа. 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгийг “гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого”-д хамааруулахаар заасны дагуу тооцон үзэхэд “ЗЭС” болон “НҮҮРС”-нээс төвлөрөх орлого хамаарч байна. Алтны хувь дээрх шаардлагыг хангаж чадахгүй байгаа тул 2011 оны хувьд хамаарахгүй байна.

Ирэх онд дэлхийн зах зээл дэх алтны үнийг 1250.0 ам доллар байхаар тооцож төсвийн төсөлд тусгалаа. Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг  2011 онд дунджаар 8425.0 ам.долларт хүрэхээр тооцлоо. 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасны дагуу 2011 онд зэс, нүүрсний үнийг ОУВС-ын сүүлийн 12 жилийн дундаж, “Bloomberg” агентлагийн 2010-2013 оны зэс, нүүрсний үнийн төсөөллийн дунджаар тооцоход зэсийн үнэ 5983.1 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнэ 98.8 ам.долларт байхаар байна. Зэс, нүүрснээс төсөвт 583.8 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна.

Зэс, нүүрсний үнийн төсөөллийг ирэх 2011 онд одоогийн байгаа түвшинд хэлбэлзэнэ гэж үзвэл Тогтворжуулалтын санд ирэх онд ойролцоогоор 164.6 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрөх төлөвтэй байна.

Төсвийн орлогод дараах бодлогын өөрчлөлтүүд тусгагдлаа. Үүнд:

УИХ-аар шинээр батлагдсан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу агаарын бохирдлын төлбөрөөр 30.0 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн.

“Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хууль 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх тул ирэх 2011 онд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараар төсөвт орлого төвлөрөхгүй байхаар тооцож байна./Энэ 2010 онд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараар улсын төсөвт 349.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсан. Зэсийн үнийг 2011 онд 8425 ам доллараар тооцож байгаа бөгөөд хэрэв зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хүчингүй болоогүй байсан бол улсын төсөвт 527.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх байсан байна/

“Оюу толгой” ордын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан “Оюу толгой” ХХК-аас ирэх 2011 онд улсын төсөвт   163.2 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэхээр тооцож тусгалаа.

Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах, орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг  нэмэгдүүлэх боломжийг  орон нутагт нь олгох зорилгоор орон нутгийн ИТХ-аас  дараах хоёр төрлийн татварын хувь хэмжээг УИХ-аас баталсан хязгаарт багтаан тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдлаас хамааруулан тогтоож байхаар хуулийн төслүүдийг боловсруулсан. Үүнд:

           -Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль /8.0 тэрбум төгрөгийн орлого орон нутгийн төсөвт нэмж төвлөрөх боломжтой болох юм./

           -Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль /2.0-7.0 тэрбум төгрөгийн орлого орон нутгийн төсөвт нэмж төвлөрөх боломжтой болох юм./

Сүүлийн жилүүдэд алт олборлогч нар олборлосон алтаа Монголбанкинд тушаалгүй арилжааны банкинд худалдах, хууль бусаар хил давуулах зэрэг сөрөг үр дагаварууд гарах болсонтой холбогдуулан УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу алтны олборлолт, тушаалтад хяналт тавих зорилгоор олборлосон алтыг зөвхөн Монголбанкинд худалдаж байхаар Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт оруулах, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсрууллаа. Үүний үр дүнд төсвийн орлого 5.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр төсвийн төсөлд тусгасан.

Импортоор орж ирж буй суудлын автомашины тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, автозамын ачаалал эрс нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд нийт импортоор орж ирж буй суудлын автомашины 80 гаруй хувь нь үйлдвэрлэгдсэнээс хойш 7-оос дээш жилийн насжилттай байгаа нь автомашины аюулгүй байдал сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Иймээс импортоор орж ирж буй суудлын автомашины насжилтийн бүтцийг сайжруулах зорилгоор үйлдвэрлэгдсэнээс хойш 0-3 жил болж буй суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүйгээр, одоогийн хуульд үйлдвэрлэгдсэнээс хойш 4 жил болсон автомашин 9 жил болсон автомашин адил хэмжээний татвар төлж байгааг өөрчлөн 4-6 жил, 7-9 жил болгож, мөн хөдөлгүүрийн багтаамжийг 2500 ба түүнээс дээш гэснийг “2501-3500”, “3500 дээш” болгож өөрчилж 4-өөс дээш жилийн насжилттай суудлын автомашины онцгой албан татварыг 2 дахин нэмэгдүүлэхээр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа. Төсвийн орлогыг 10.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тусгасан.

Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 1993 оны 7 дугаар сарын 15-нд УИХ-аар батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд улсын тэмдэгттэй холбоотой зарим зохицуулалтыг бусад хуулиар зохицуулж байсныг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэгтгэх, хураамжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлага бий болсон тул Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан төсвийн орлогыг 19.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тусгасан.

Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэл өргөжиж, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортойгоор өсч байгаатай холбогдуулан, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болох нэмэгдэл орлогоос Монгол Улс тодорхой хэсгийг хүртэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Хуулийн төслийг боловсруулахдаа уул уурхай, газрын тосны үйлдвэрлэл хөгжсөн бусад орны туршлага, тэдний ашигт малтмалын үнийн өсөлтөд ногдуулдаг татварын төрлийг судалж үзсэн болно.

Зэсийн үнийн төсөөллийг гаргадаг олон улсын байгууллагууд  1 тн цэвэр зэсийн үнийг 2011 онд 8425 ам.доллар, 2012 онд 8810 ам.доллар, 2013 онд 9500 ам.долларт хүрч, зэсийн эрэлт өсөн, цаашид үнэ тогтвортой өндөр байх хандлагатай байгаа талаар мэдээлээд байна. Иймд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулж  зэсийн үнийн өсөлтөөс авах өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлэн дээд хувь хэмжээг 15 хувь болгох замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа.

Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтөд  өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулснаар   202.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож 2011 оны төсвийн төсөлд тусгасан.      

Хоёр. ТӨСВИЙН ЗАРЛАГА

Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 3,250.7 тэрбум төгрөгт төлөвлөгдсөнөөр 2010 оны төлөвлөгөөнөөс 142.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Улсын төсвийн зарлага 2010 оны дүнгээс 383.8 тэрбум төгрөгөөр буурч төлөвлөгдсөн бол, Хүний хөгжил сангийн зарлага 470.3 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн зарлага 85.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр тооцлоо.

Монгол Улсын 2011 оны төсвийн зарлагын төслийг боловсруулахад дараахь зарчмыг баримталлаа.Үүнд :

Төсөвт байгууллагад ажиллагчдын цалин, тэтгэвэр , тэтгэмжийг одоогийн 30 хувиар өссөн дүнгээр тооцож төсөвт тусгасан.Монгол улсын Засгийн газар Олон улсын валютын сантай байгуулсан “Стэнд-бай” хөтөлбөрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, “Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай” УИХ-ын 2010 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын хязгаараас хэтрүүлэхгүй байх зарчмыг баримталлаа. Хөтөлбөрийн шалгуур хангагдсанаар 2010 онд Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газраас нийт 70 сая америк доллартай тэнцэх зээлийн хөрөнгийг улсын төсөвт авч ашиглах нөхцөл бүрдэх болно.

Гадаадын төслийн зээлийн ашиглалтын дүн нь өнөөдрийг  хүртэл  Сангийн сайдын багцад бүхэл дүнгээр туссаар ирсэнийг өөрчилж төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зардлын зүйл бүрээр тодорхойлон тусгасан.

УИХ-аас баталсан 2010 оны төсвийн үзүүлэлтүүдийг суурь болгох, цалин тэтгэврийн хэмжээг 2010 оны түвшинд барих, төсвийн байгууллагын орон тоог нэмэгдүүлэхгүй байх, УИХ-аас Засгийн газарт өгсөн үүргийн дагуу орон тоо, бүтэцтэй холбоотой өөрчлөлтийг Монгол Улсын 2011 оны төсөвт тусгаж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 онд хэрэгжүүлэх арга хэмжээг 2010 оны түвшинд байлгах, шаардлагатай тохиолдолд урсгал зардлыг бууруулахаар тооцлоо.

Хүний хөгжил сангаас хэрэгжүүлэх арга хэмжээний  зардал болон нийгмийн даатгалын санд олгох зорилтот татаасын хэмжээг бууруулахгүй байхаар төлөвлөсөн. 

Хөтөлбөрөөр төсөвлөж, шинээр нэмэгдүүлэх хөтөлбөр, арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлэх, Төсвийг хэмнэлттэй, үр ашигтай байлгаж, төсвийн байгууллагын өөрийн орлого, төсвийн зарлагыг санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх зарчмыг баримталлаа.

Урсгал зардлын талаар баримтлах бодлого, зарчимд нийцүүлж Улсын төсвийн урсгал зардлын хэмжээг 2011 онд 1,814.9 тэрбум төгрөг байхаар тооцов. Энэ нь 2010 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад 138.8 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Гурав. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Монгол Улсын 2011 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулахад дараах бодлого чиглэл, зарчмыг баримталлаа. Үүнд:

Эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх; Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэх;Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх;Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх;Гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай тохирсон гэрээ, хэлэлцээрээр Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийг ханган биелүүлэх;Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь бэлэн болсон шинээр барилгыг тусгахаар тооцлоо.Мөн Монгол Улсын Ерөнхий сайд хөдөө, орон нутагт ажиллах явцдаа төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаад зогссон дуусаагүй барилгуудыг гүйцээн барьж ашиглалтад оруулах, орон нутагт зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай зарим барилга байгууламжийг 2011 оны төсөвт тусгах   үүрэг даалгавар өгсөнийг бүрэн хэрэгжүүлэх;Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлж ирүүлснийг хөрөнгийн зардлын батлагдсан хязгаарт багтаан тусгах; Урьд оноос шилжин баригдаж буй барилга байгууламжийг дуусгах, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр баригдаж байгаа барилга байгууламжийн хөрөнгийг УИХ-ын 2009 оны 49 дүгээр тогтоолын дагуу тооцож төсөвт тусгах; Засгийн газрын “Агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 12.1  дүгээр зүйлд “Агентлагийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасны дагуу зарим агентлагийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байсан хөрөнгө оруулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тооцож төлөвлөлөө.

Дээрх зарчмыг баримтлан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг эхлүүлэн хэрэгжүүүлэхээр тооцон 2011 онд улсын төсвийн хөрөнгөөр 75.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөлөө.

Орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд хүн ам, газар  нутгийн хэмжээ, ДНБ-н болон орон нутгийн татварын орлогын төвлөрүүлэлт зэргийг харгалзан 2011 онд аймаг тус бүрт дундажаар 560.0 сая төгрөг, нийслэлд 20 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтанд зарцуулах эрхтэйгээр олгохоор төсвийн төсөлд тусгалаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 2011 он онцлог жил болж байгаатай холбогдуулан шинээр эхлэн хэрэгжүүлэх барилга байгууламжийн тоог өмнөх жилээс нэмэгдүүлэх зарчим баримталлаа.

ХҮНИЙ ХӨГЖИЛ САН

Хүний хөгжил сангаас 2011 онд нийт 805.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг санхүүжүүлэн дараах чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Үүнд:

Монгол Улсын иргэн бүрт сар бүр 21.0 мянган төгрөг олгоно.Төрөөс хариуцах ЭМДШ, хураамжийг санхүүжүүлнэ.Мөн оюутны сургалтын төлбөрт нийт 165,000 оюутанд 500,000 төгрөг нийт 82.5 тэрбум төгрөг олгохоор тооцон хөрөнгийг тусгалаа.Сургалтын төрийн сангийн зээлийг чөлөөлөх хөрөнгийг тусгасан.

ТЭНЦЭЛ

Дээрх зарчимуудыг баримтлан Монгол улсын 2011 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн нийт орлого 3,056.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.0 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 3,251.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 41.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 194.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -2.5 хувь болохоор байна.

Үүнээс, Улсын төсвийг авч үзвэл 2011 оны Улсын төсвийн нийт орлого 2,303.0 тэрбум төгрөг, нийт зарлага 2,040.2 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт тэнцэл 262.8 тэрбум төгрөгийн ашигтай гарахаар байна.

Харин Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 320.5 тэрбум төгрөг, нийт зарлага 805.2 тэрбум төгрөг буюу 2010 оны зарлагаас 470.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд Хүний хөгжил сангийн нийт алдагдал 484.7 тэрбум төгрөгт хүрэхээр байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: