ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Улаанбаатар хотын төсвийн дэргэдэх сангийн тухай зарим мэдээлэл (2005-2008)

Posted by ИТХ on 2010/07/31

Нийслэл Улаанбаатар хотын төсвийн дотроос иргэд төдийлөн мэддэггүй, ихэнхдээ хаалттай, задаргаа, зарцуулалтыг нь олон нийтэд дэлгэдэггүй байсан нөөц хөрөнгө, сангуудын тухай зарим мэдээллийг танилцуулж байна.

1. Засаг даргын нөөц хөрөнгө

Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар “Байгалийн гэнэтийн аюул, гамшигт үзэгдэл болон гадаад, дотоод зах зээлийн орчны нөлөөллийн улмаас нийт эдийн засаг, улсын төсөвт учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор жил тутам дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний эрсдэлийн санг байгуулж болно. Засгийн газрын нөөц хөрөнгө, болзошгүй зардлын эрсдэлийн санг бүрдүүлэх, зарцуулах, хуваарилагдаагүй зардлыг зарцуулах журмыг хуулиар зохицуулна” гэснийг үндэслэн засаг даргын нөөц хөрөнгийг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүнтэй холбогдох харилцааг НЗД-ын 2002 оны 561-р захирамжаар болон НИТХТ-ийн 2006 оны 44-р тогтоолоор баталсан “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц санг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох журам”-ын дагуу зохицуулж иржээ.

Сангийн тухай холбогдох зарим мэдээллүүд

Нийслэл дүүргүүдийн Засаг Даргын нөөц санд тухайн ИТХ- ын болон ИТХТ-ийн тогтоолоор 2005 онд 1927.4 сая, 2006 онд 2942. 5 сая, 2007 онд 2980,1 сая, 2008 онд 3280,5 сая төгрөг тус тус баталжээ.

Засгийн газрын нөөц сан болон болзошгүй эрсдэлийг нөхөх зардал, төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлын тухайн жилийн төсөв төсөвт тусгах хэмжээг тогтоохдоо цаг уурын байгууллага, Улсын байнгын онцгой комисс болон бусад байгалийн гамшигтай холбогдох урьдчилсан төсөөлөл гаргах эрх, үүрэг бүхий байгууллагуудын мэдээлэл, судалгаа, дэлхий зах зээл дэхь холбогдох бараа, бүтээгдэхүүний сүүлийн жилүүдийн дундаж ханш, хэлбэлзэл, цаашдын төсөөлөл, өмнөх жилүүдийн нөөц сан болон зардлын гүйцэтгэл, төсвийн багтаамж зэрэгтэй уялдуулан тооцно гэж засгийн газрын нөөц хөрөнгийн бүрдүүлэх зардлыг тодорхой тусгасан байдаг атлаа “Нийслэл дүүргийн засаг даргын нөөц хөрөнгийг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох тухай журам”-д нөөц хөрөнгийн зөвхөн зарцуулалтыг тусгаж, төлөвлөлт, хуваарилалтыг тусгаагүй, заагүй нь төсвийн хөрөнгө хяналтгүй зарцуулагдах нөхцөлийг бүрдүүлж байна. Нэгэнт орлого бүрдүүлэх тодорхой заалт байхгүй учраас Нийслэл, зарим дүүргийн ИТХ-ийн тэргүүлэгчид нөөц сангийн тодотголыг зохих журмын дагуу хийхгүйгээр төсөвлөж болох зардлыг тусгаж зарцуулсан байна.

Нийслэлийн аудитын газрын тайлангаар илэрсэн зөрчлүүдийн заримыг тоймлон авч үзвэл:

2005- 2007 он (Нийслэлийн Засаг даргаар Ц.Батбаяр ажиллаж байв)

• Нөөц сангийн зарцуулалтын судалгаанаас харахад нийт зарцуулалтын 94,2% нь урсгал зардал эсвэл хөрөнгө оруулалтын төсөвлөж болох зардал байжээ.

• Нөөц сангаас их болон урсгал засвар хийсэн байна

• Нөөц сангаас бэлтгэсэн үндсэн хөрөнгийн дүнд автомашин худалдаж авсан хөрөнгө 2005 онд 43.8%, 2006 онд 32.8% эзэлж байна. Нөөц сангаас үндсэн хөрөнгө бэлтгэсэн үйлдэл нь Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоолын 3-т: “Тухайн жилийн батлагдсан төсөвт тусгагдаагүй хөрөнгө оруулалтын чанартай засвар, үйлчилгээ хийх, автомашин, тавилга, тоног төхөөрөмж худалдан авахыг хориглохыг төсвийн байгууллагын бүх шатны эрх захирагч, …нарт даалгасугай” гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн хөрөнгө бэлтгэхдээ ч нийслэл, БЗД-ээс бусад дүүргүүд тендерийн хуулийг мөрдөөгүй байна.

• Нөөц сангаас бэлтгэсэн үндсэн хөрөнгийн дүнд автомашин худалдаж авахад: 2005 онд 118.2 сая, 2006 онд 145.4 сая төгрөгийг зарцуулсан

• Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, нийгмийн асуудалд хөрөнгө зарцуулснаас гадна улсын төсвөөс санхүүждэг нэгжийн ажилтанд 2005 онд 12.0 сая, 2006 онд 15.0 сая төгрөгийг тус тус олгожээ. Мөн 2005- 2006 онд нийгмийн асуудалд зориулж олгосон мөнгөний хэмжээ 0.5-27.9 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа нь тухайн асуудлын талаар нэгдсэн бодлогогүйтэй холбоотой байна. Энэ нь тусгай сангийн тухай хуулийн “тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй зардлыг нөөц сангаас санхүүжүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж, төсөвлөж болох зардлыг санхүүжүүлсэн зөрчил гаргажээ.

• Нөөц сангийн 9.9%-ийг 2007 онд, 9.0%-ийг 2008 оны эхний хагас жилд үндсэнхөрөнгө бэлтгэхэд зарцуулжээ. Үүнээс автомашин худалдаж авсан хөрөнгө 2007онд 72.1%, 2008 оны эхний хагас жилд 28.2 %-ийг эзэлж байна. Нөөц сангаас үндсэн хөрөнгө бэлтгэсэн нь Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоолын 3-д: “Тухайн жилийн батлагдсан төсөвт тусгагдаагүй хөрөнгө оруулалтын чанартай засвар, үйлчилгээ хийх, автомашин, тавилга, тоног төхөөрөмж худалдан авахыг хориглохыг төсвийн байгууллагын бүх шатны эрх захирагч, …нарт даалгасугай” гэснийг зөрчсөн байна.

• Гамшгийн болон цаг үеийн шаардлагаарх үйл ажиллагаанд 2007 онд 352.5 сая төгрөг зарцуулсан нь нийт зарцуулалтын 11.2%-ийг, 2008 оны эхний хагас жилд 449.2 сая төгрөг зарцуулсан нь нийт зарцуулалтын 25.9%-ийг тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын нөөц сангаас 2007 онд 2690.2 сая, 2008 оны эхний хагас жилд 1286.9 сая төгрөгийг төсөвлөж болох буюу зориулалтын бус зүйлд зарцуулсан байна.

• НЗД, СХД, БГД-ийн ЗД-ын нөөц сангаас Засаг даргын захирамжаар Очирваань шүтээнийг бүтээхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 129 дүгээр зарлигийг зөрчиж 20.1 сая төгрөгийг хандивлаж1 төсвийг хохироосон, НЗД-ын нөөц сангаас нийслэлийн түүхийн 480 ширхэг номыг 24.0 сая төгрөгөөр худалдан авч,бусдад бэлэглэж сангийн хөрөнгийг зориулалт бусаар үргүй зарцуулсан байна. Энэ нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 3-д: “Аймаг, нийслэлийн Засаг дарга … гэрээгээр нийлүүлэх бүтээгдэхүүний санхүүжилтэд олгосон хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

• Нөөц хөрөнгийг зарцуулах үндсэн зорилго болох байгалийн гэнэтийн аюул, гамшигт үзэгдэл болон гадаад, дотоод зах зээлийн орчны нөлөөллийн улмаас нийт эдийн засаг, төсөвт учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд зарцуулсан хөрөнгө бага хувийг эзэлж байна. СБД-ийн засаг дарга нөөц санд 2005 онд төсөвлөсөн зардлыг 61,4 сая төгрөгөөр хэтрүүлж зарцуулсан

• Нийслэл, дүүргүүдийн Засаг дарга ИТХ-тай хийсэн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээндээ нэмэлт өөрчлөлт хийлгүй Засаг даргын нөөц санд 2007 онд 388.2 сая, 2008 онд 730.1 сая төгрөгийн тодотгол хийсэн байна. Энэ нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 1-ийн 9-д: “орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар Хурлын байгууллагатай гэрээ байгуулах,…” гэсэн, бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний “гэрээнд тусгагдаагүй бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг талууд харилцан зөвшилцөж, нэмэлт гэрээ байгуулах, журмаар шийдвэрлэж болно” гэсэн заалтуудыг зөрчиж, хуулийн бүрэн эрхээ хэтрүүлжээ.

• СХД-ийн ИТХ-ын тэргүүлэгчид 2005 оны нөөц хөрөнгийн тодотголыг мөнгөн дүн тавилгүй хийсэн

Хуулийн дагуу дотоод хяналтын тогтолцолцоог сайжруулах шаардлагатай

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2006 оны 12 дугаар сард шинэчлэн найруулагдсан, Санхүү эдийн засгийн сайдын 2001 оны 207 дугаар тушаалыг Сангийн сайдын 2006 оны 11 дүгээр сарын 382 дугаар тушаалаар хүчингүй болсон байна. Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг 2007, 2008 онуудад эрх зүйн чадамжгүй журмаар зарцуулж иржээ. 2007 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлд төсвийн ерөнхийлөн захирагч төсвөөс нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөх, зарцуулах асуудлыг зохицуулсан тодорхой заалтууд байгаа ч түүнийг нийслэл, дүүргийн удирдлагууд хэрэгжүүлээгүй байна.

1. Нийслэл хөгжүүлэх сан

Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийн 18.1 дэхь заалтанд “ Нийслэл нь хотын аж ахуйг өргөтгөх, хот байгуулалт, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын хангамж, үйлчилгээг сайжруулах, байгаль орчныг хамгаалах зорилгоор Засгийн газраас тогтоосон тусгай зориулалтын сантай байж болно. Энэхүү сангийн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зарцуулна.” 18.2-т “Нийслэлийг хөгжүүлэх зориулалтаар дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос бүрдсэн сан байж болох бөгөөд сангийн хөрөнгийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч захиран зарцуулж, гүйцэтгэлийн тайланг иргэдийн төлөөлөгчдийн Хуралд жил бүр тавина” гэснийг үндэслэн Нийслэлийг хөгжүүлэх “Улаанбаатар сан”-г байгуулан ажиллуулдаг бөгөөд орон нутгийн түвшинд дүүрэг хөгжүүлэх сан, хороог хөгжүүлэх сан гэж бүтэцчилэгддэг.

Дүүрэг, хороо хөгжүүлэх сан

Урьдчилан төлөвлөх боломжгүй. Орлогын эх үүсвэр нь аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хандив, дүүргийн засаг даргын захирамжаар өгсөн санхүүгийн дэмжлэг зэргээс бүрддэг.

2005-2006 онд тус сангийн нийт орлого 1118237200 байсан бөгөөд үүнээс 743805800 төгрөгийг зарцуулсан боловч 10672400 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байна.

Зарцуулалтын тухай зарим мэдээллүүд

Хороодын хөгжлийг дэмжих сангийн орлогын бүрдүүлэлт нь нөөц бололцоог бүрэн ашиглаж чадаагүй, сангийн журам, ТБУСТХ-ийн зарим заалтыг зөрчжээ.

Хороодын хөгжлийг дэмжих санд 2007 онд 99.2 сая, 2008 онд 334.9 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэнээс 68.6 хувийг НЗД-ын захирамжаар нийслэлийн төсвөөс, 22.5 хувийг дүүргийн төсвөөс, 8.9 хувийг нь хандив тусламжийн орлогоос тус тус бүрдүүлж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна. Нийт орлогын 60.9 хувийг иргэдийн дунд зохион байгуулах арга хэмжээний зардал нэрээр ач холбогдол, үр ашиг багатай баяр ѐслол тэмдэглэх, урлагийн тоглолт, уралдаан тэмцээн зохион байгуулах гэх мэт арга хэмжээнд зарцуулсан нь Хороодын хөгжлийг дэмжих сан нэрээр төсвийн хөрөнгийг хяналтаас гадуур, үр ашиг багатай, зориулалт бус зүйлд үрэлгэн зарцуулж байгаагийн баталгаа болж байна. Нийслэлийн нийт хороодын 27.3 хувьд нь сангийн бүрдүүлэлт зарцуулалтыг үзэхэд 20.8 сая төгрөгийн орлогыг санд төвлөрүүлээгүй, бүртгэл тайланд тусгалгүй зарцуулсан байна. ХХДС-д бусад орлогын эх үүсвэр, нөөцийг бүрэн ашиглаж санг бүрдүүлж, бэхжүүлэх талаар дүүрэг хороодын удирдлагаас огт анхаараагүй, санаачилгагүй хандсан төдийгүй ХХДС-д орох зарим орлогыг данс бүртгэлээс гадуур зарцуулж холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байжээ.

Зориулалтын бус зарим зарцуулалт:

Дүүргийн ЗДТГ-ын ажилтануудын хоолны хөнгөлөлт- 5192100

БНД-ийн ЗД-ын машин авах дэмжлэг- 600000

БЗД-т авсан үндсэн хөрөнгө(бүртгэлд тусгаагүй)-3694400

СХД-ийн засаг даргын машинд сэлбэг- 1185500

СХД, НД, БЗД-ээс бусад дүүргүүд 2006 оноос өмнө дүүрэг хөгжүүлэх сангийн хөрөнгийн санхүүгийн тайланг гаргадаггүй байсан.

Хороо хөгжүүлэх сан

Хороо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлуудад зарцуулсан хөрөнгийн хэмжээ, дүүргээр

1 БГД 124109500
2  БЗД 2763691600
3  БНД 698057500
4  БХД 52259800
5  НД 834833400
6  СХД 4693875900
7  СБД 4634521200
8  ЧД 58610900
9  ХУД 1239065800
Нийт 15099025600

Зарцуулалт нь:

1. Хороодод шаардлагатай техник хэрэгсэл бэлтгэсэн

2. Нэн ядуу хүнд амьпралтай иргэдэд тусламж үзүүлсэн

3. Тохижилт болон их засварын ажилд зарцуулсан

3. Авто замын сан

Монгол улсын авто замын тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтыг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн түвшинд тухайн харъяа орон нутгийн авто замтай холбоотой төсвийн харилцааг зохицуулах үүднээс орон нутаг тус бүрт замын санг байгуулж ажилладаг юм байна.

2007 оны байдлаар нийслэл рүү орж гарах шалган нэвтрүүлэх товчооны замын төлбөрөөс жилд 300-400 сая төгрөг, авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, шалган бүртгэх товчооноос 5 тэрбум 300 сая орчим төгрөг төвлөрдөг. Сүүлийн жилүүдэд нийслэлд авто машин хэрэглэгчдийн тоо эрс өссөнтэй холбоотойгоор замын сангийн төсөв ч гэсэн тодорхой хэмжээгээр өссөөр байгаа. Энэ жил л гэхэд албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар 6,4 тэрбум төвлөрсөн сурагтай. Замын сангийн төсөв нэмэгдсээр байгаа боловч нийслэлийн зам хэн бүхний уур бухимдлыг төрүүлсээр, гэрэлтүүлэггүй гудамж харанхуй хэвээрээ, зам, гэрлэн дохионы нөхцөл байдал сайжирсан шинжгүй л байна.

Уул нь энэ хөрөнгөөр зам засах, замын гэрэл гэрэлтүүлгийг сэлбэх, цахилгааны төлбөр төлөх, эвдрэл гэмтлийг засварлах, зам арчлалтын ажил хийх, хэвтээ болон босоо тэнхлэгийн цагаан зураасыг татдаг, замын цас шороог цэвэрлэх, хашлагыг засах ажлуудыг хариуцаж хийдэг.

Хотын замын засвар шинэчлэлд зарцуулдаг төсөв нь улсын төсвөөс батлагддаг. Харин зам арчилгааны ажлыг энэ сангийн хөрөнгөөр хийдэг гээд бодохоор жил бүр төвлөрч байгаа энэ хөрөнгийн зарцуулалт яагаад бидний нүдэнд харагдахгүй байгаа нь хачирхалтай л байна.

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн төлөвлөлт, бүрдэлтэд хийсэн нийслэлийн аудитын газрын тайлангийн зарим дүгнэлтээс.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 5/26 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 2 дүгээр сарын 65 дугаар захирамжаар Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар “2006 онд хэрэгжүүлэх, зам, гүүрийн барилга, байгууламж, төсөл, арга хэмжээнд хийгдэх авто зам, замын байгууламжийн ажлыг барьж, засварлах, арчлах, зураг төсөл, тэмдэглэлгээний ажлуудад 4032.0 сая төгрөг зарцуулах”-аар баталсан байна.

НИТХ 2006 онд хэрэгжүүлэх зам, гүүрийн барилга, байгууламж, төсөл, арга хэмжээнд хийгдэх ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахдаа хийгдэх ажлын хэмжээ нэр төрлийг зохицуулаагүй, хөрөнгө оруулалтаар батлагдсан ажлыг онд нь багтаан гүйцэтгээгүйгээс 863.7 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулж чадаагүй, Амарсанаагийн гудамжны ажлыг төлөвлөгөө, гэрээнээс 100.0 гаруй сая төгрөгөөр хэтрүүлж хийлгэсэн, Багануур, Багахангай, Налайх дүүргийн замын сангаар хийгдэж байгаа ажил мэргэжлийн байгууллагын хяналтаас гадуур хийгдсэн юм байна.

Замын сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг бүрэн хийгээгүй, төлөвлөгөөнд тусгагдаагүй ажил хийсэн, түүнийг тухайн ажлын гүйцэтгэлд оруулж тооцоогүй, зарим ажлын санхүүжилтийг урьдчилан олгосон, хөрөнгө оруулалтаар бэлтгэсэн материалыг замын ажилд ашиглаагүй байхад зарлага болгосон, зарим ажлыг хэт өндөр үнээр гүйцэтгэдэг байна. Тухайлбал:

Амарсанаагийн гудамжны шинэчлэлтээр техникийн нөхцөл авах, хашлага солих, хучилт шинэчлэн хийх, зарим уулзвар гарцыг өөрчлөхөөр нийт 390.4 сая төгрөг төсөвлөсөн байна. Уг замын ажлын гүйцэтгэл төлөвлөгөөт өртгөөс 104.0 сая төгрөгөөр хэтэрч санхүүжилтийг нь НЗД-ын 2007 оны 133 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн 2007 оны урсгал орлогоос гаргахаар шийдвэрлэж байжээ.

4. Ахмадын сан

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтын дагуу аж ахуйн нэгж байгууллагууд ажиллаж байсан нийт ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр тэтгэмж гэх мэт дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөвт байгууллага үйл ажиллагааныхаа зардлын хэмнэлтээс, аж ахуйн нэгж байгууллага үлдэгдэл ашгаас цалингийн нийт сангийн 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулж ажиллах бөгөөд ийнхүү сан байгуулах журмыг засгийн газраас баталдаг байна.

5. Нийслэлийн соёл урлагийг хөгжүүлэх сан

21000445 тоот данс нээж 2006 оны 7 дугаар сарын 19-нөөс 2007 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд нийт 13118.9 мянган төгрөгийн орлого төвлөрч, зарлагын гүйлгээ хийгээгүй 2007 оны эцэст үлдэгдэл нь хэвээр байна. Сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сангийн орлогыг нэмэгдүүлэхээр идэвхи санаачлагатай ажиллаагүй, соёл урлагийн төлбөрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг бүрэн хамруулж бүртгээгүй, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих хяналт хангалтгүй байна.

НСУХС-ийн гүйцэтгэх захирлын 2009 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 09 тоот тушаалаар Нийслэлийн соѐл урлагийг хөгжүүлэх сан “Соѐл, урлаг-хөгжил” 3-н сарын бүтээлч аяныг баталж, НМХГ, НЦГ, Дүүргүүдийн ЗДТГ, МХХ-тэй хамтран Соѐл урлагийн төлбөрт үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэлд хамруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хууль журмын хүрээнд үйл ажиллагаа явуулахад хяналт шалгалтыг хийжээ. 2009 оны байдлаар 400 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, 180 орчим байгууллага ажлын байрны стандарт шаардлага хангахгүйгээс зөвшөөрөл олгоогүй байна.

Соѐл урлагийг хөгжүүлэх сангийн орлогын төлөвлөгөө, зардлын хэмжээг Удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн баталсан, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж байна. Гүйцэтгэсэн ажил, санхүүгийн тайланг удирдах зөвлөлд хагас жил тутам тайлагнах зарчмаар ажилладаг юм байна.

Удирдах зөвлөл нь 2008 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулсан байна.

НИТХ-аас “Нийслэлийн Соѐл урлагийг хөгжүүлэх сан нь 2008 онд Монгол Улсын хууль, Нийслэлийн төр захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого, тогтоол, дүрэм, журмыг хэрэгжүүлж, үйлчилгээ эрхлэгчдэд хяналт тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, соѐл урлагийн олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжин хамтран ажиллах, түүх соѐлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах, хамгаалах, эрдэмтдийн зохиол, бүтээлийг ивээн тэтгэж нийтийн хүртээл болгох зэрэг соѐлын олон талт үйл ажиллагааг явуулж иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ, тэдэнд зориулсан үйл ажиллагаа явуулж иргэдийн талархлыг хүлээж, иргэдтэй илүү ойр, нээлттэйгээр ажилласан байна” гэж дүгнэсэн байна.

2008 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд 63.9 сая төгрөгийн орлоготой, 42.5 сая төгрөгийг зардалтай, 21.4 сая төгрөгийн ашигтай, өр авлагагүй ажилласан бол 2009 оны 2 дугаар улирлын байдлаар 36.9 сая төгрөгийн орлоготой, 26.6 сая төгрөгийн зарлагатай 10.3 сая төгрөгийн ашигтай ажилласнаар тайлагнасан байна.

СУХС нь урьд оныхтой харьцуулахад соѐл урлагын үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн нэгдсэн судалгаатай болж орлогын хэмжээ нэмэгдсэн байна. Гэвч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хэдэн өрөө, караокены машин, биллярьдын ширээтэй талаархи дэлгэрэнгүй судалгаа байхгүй байна.. Түүнчлэн сангийн хөрөнгөөр 10.0 сая төгрөгөөр суудлын автомашин авсан байна

7. Хог хаягдлын сан

Нийслэл, дүүргүүдийн Хог хаягдлын үйлчилгээний сангийн 2008 оны зарим үйл ажиллагааны үр дүн

Нийслэл, дүүргүүдийн Хог хаягдлын үйлчилгээний сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин оновчтой бүрдээгүй, хууль, журмын зарим заалтыг буруу хэрэгжүүлсэн байна. Тухайлбал:

АБҮХХТ хуулийн 3 заалттай НИТХ-ын баталсан ХХҮСЖ-ын 4 заалт зөрчилдөж байгаагаас хог хаягдлын сангийн орлогыг бүрэн бүрдүүлэх боломжийг алдагдуулж, сангийн хөрөнгөөс 2007-2009 оны эхний хагас жилд нийтийн цэвэрлэгээг 350.0 сая, орон сууц хоорондын цэвэрлэгээний зардлыг 114.7 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлсэн, гэр хорооллын 45486 өрхөөс дундажаар 1091.7 сая төгрөгийн орлого бүрдүүлэхэд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлсөн байна.

НИТХ-ын 2006 оны 248 дугаар тогтоолоор баталсан ХХҮСЖ-ын 3 заалт тодорхой бус байгаагаас урамшууллыг зохих журмын дагуу олгоогүй, дүүргийн Засаг дарга нар ХХҮС-г өөр өөр хэлбэрээр байгуулсан, ХХҮСЖ-ын 5 заалтыг холбогдох албан тушаалтнууд зөв зохистой хэрэгжүүлээгүй байна.

Засгийн газрын 2007 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Хог хаягдал гаргасны төлбөр тооцох аргачлал”-ын дагуу хог хаягдлын төлбөрийн үнэ тарифыг шинэчлэн тогтоогоогүй байна.

Дүүргийн Засаг дарга нар журмыг зөв оновчтой хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж ХХҮС-ийн үйл ажиллагаа бүрэн төлөвшиж чадахгүй, хуульд заасан зорилгоо бүрэн хангаж ажиллаагүй байна.

ХУД-ийн Засаг дарга НЗД-ын 594 дугаар захирамжийг зөрчиж, ХХҮС байгуулахгүй байсаар 2009 оны 8 сард байгуулжээ. ХУД-ийн ТҮК 2008 онд хог хаягдал гаргасны төлбөрөөс 363.2 сая төгрөгийн орлого бүрдүүлж, орон нутгийн төсвөөс 207.0 сая төгрөгийн санхүүжилт авч, санхүүгийн тайланг төсвөөс авсан санхүүжилтийн, үйлчилгээний орлогын бүрдэлтээр 2 тусдаа гаргаж, хог хаягдал гаргасны төлбөрийг түүгээрээ хяналтгүй зарцуулж иржээ.

Статистик мэдээгээр тус дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг ААНБ, айл өрхөөс авах хог хаягдал гаргасны төлбөрийг тооцоход 2008 онд 1499.6 сая төгрөгийн орлого бүрдүүлэх тооцоо гарч байгаа ч ТҮК 24.2%-ийг бүрдүүлсэн байна.

Нийслэлийн Захирагчийн албанаас ХХҮС-уудын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт, дүгнэлтийг цаг тухайд нь өгөх, мэдээлэл, арга зүйн туслалцаа үзүүлээгүйгээс сангуудын үйл ажиллагаа өөр өөр, ажил үүргийн хуваарийн талаар нэгдсэн зохицуулалт байхгүй, ХХҮС-уудын хог хаягдал гаргасны төлбөрийн орлогыг бүрдүүлдэг арга, гүйцэтгэдэг ажил үүрэг ч харилцан адилгүй явагдаж ирсэн байна.

Дүүргүүдийн ХХҮС-аас тээвэрлэлт, бусад зардлыг санхүүжүүлсэн судалгаагаар нийт санхүүжилтийн 2007 онд 87.1%, 2008 онд 85.9%, 2009 оны эхний хагас жилд 84.7%-ийг хог хаягдлыг ачиж тээвэрлэх зардал эзэлжээ.

Нийслэл, дүүргүүдийн Хог хаягдлын үйлчилгээний сангийн үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, санхүүжилтийг зохих журмын дагуу хийгээгүй, хөрөнгийг үр ашиггүй, арвилан хэмнэлтгүй зарцуулсан байна.

ХХҮС-гууд үйл ажиллагааныхаа зардалд 2007 онд 270.5 сая, 2008 онд 424.8 сая, 2009 оны эхний хагас жилд 265.3 сая, нийт 960,6 сая төгрөг зарцуулсан байна. Нийслэл, дүүргүүдийн ИТХ-аас сангуудын үйл ажиллагааны зардлыг баталж өгөөгүй байхад тухайн дүүргийн Засаг дарга нар баталж, ХХҮС-ийн хог хаягдал гаргасны төлбөрийн орлогоос санхүүжүүлж иржээ. ХУД сан байгуулаагүй, БГД, СБД, СХД-үүдийн Засаг дарга төсвийг нь баталсан, БЗД 2007-2008 онд, ЧД 2007 ондуудад Засаг дарга нар төсвийг батлуулаагүй байна.

ХХҮС-гууд хууль, тогтоомжуудын холбогдох заалтуудыг зөрчиж, үйл ажиллагааны зардлын санхүүжилтээс 24.5 сая төгрөгийг зориулалт бусаар үр ашиггүй, 124.4 сая төгрөгийг арвилан хэмнэлтгүй тус тус зарцуулсан байна.

(IRIM, Захиргааны шинэ санаачлага ТББ)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: