ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

2007-2009 оны Засгийн газрын нөөц сангийн зарцуулалт

Posted by ИТХ on 2010/07/14

Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогын эх үүсвэрээс Засгийн газрын тусгай сан бүрддэг. Засгийн газрын нөөц сан болон Эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ нь тухайн жилд төлөвлөгдөж байгаа ДНБ-ий 1 хүртэл хувьтай тэнцүү байхаар хуульчилж өгсөн. Төсвийн Ерөнхийлөн захирагч өмнөх онд гарсан зардлын гүйцэтгэл, байгаль, цаг уурын болзошгүй өөрчлөлтийн талаархи судалгаа, урьдчилсан таамаглал, экспорт, импортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дахь үнийн хэлбэлзэл, цаашдын төлөв, төсвийн орлогын боломж, чадавхийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөдөг.

Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурьдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд Засгийн газрын нөөц хөрөнгийг зарцуулна. Үүнд:

  • Байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах
  • Техникийн холбогдолтой томоохон осол гарсаг тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах
  • Алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг арилгах
  • Төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардал
  • Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардал
  • Олон улсын гэрээний дагуу Монгол Улс төлөх, тухайн жилийн төсөвт тусгагдаагүй татвар, төлбөр, хураамж
  • Байгууллага, иргэдээс тавьсан хүсэлт болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд “Гамшигийн хор уршигийг арилгахад зориулсан гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад дотоодын байгууллага, иргэн, хуулийн этгээдээс өгсөн буцалтгүй тусламж, хандивын хөрөнгийг тухайн зориулалтаар нь зарцуулах бөгөөд уг хөрөнгө нь хүрэлцэхгүй бол Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлнэ” гэж заасан байдаг.

Засгийн Газрын нөөц сангийн 2007 оны төлөвлөгөө, гүйцэтгэл

Засгийн газрын нөөц сангаас 2007 онд 10,0 тэрбум төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн хуулийн хүрээнд захиран зарцуулахаар төсөв батлагдсанаас гүйцэтгэлээр 8,9 тэрбум төгрөгийг цаг үеийн асуудлыг шийдвэрлэх, гэнэтийн аюул ослын нөхөн төлбөр, ард иргэдийн нийгмийн аюулгүй байдлыг хангах, цаг зуурын гэнэтийн бэрхшээлийг арилгах зэрэг нийт 116 арга хэмжээнд зарцуулжээ. Зориулалтаар нь ангилан үзвэл:

  1. Малын гоц халдварт цэцэг өвчний цагийн байдал, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний зардалд 619,3 сая төгрөг
  2. Хувь, хүмүүсийн эмчилгээний зардалд 117,6 сая төгрөг
  3. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаантай холбоотой 18 удаагийн үйл ажиллагаанд 492,5 сая төгрөг
  4. Авлигатай тэмцэх газрын байрны засварт 277,8 сая, ҮАБЗ-ийн стратеги судалгааны хүрээлэн, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн байрны засварт 250 сая төгрөг
  5. Дархан Уул аймгийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж авахад 513,0 сая төгрөг
  6. Улсын нөөц бүрдүүлэхэд 1,0 тэрбум төгрөг
  7. Цэрэг цагдаагийн байгууллагын гэнэтийн үйл ажиллагааны зардалд 705,0 сая төгрөг
  8. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Монгол Улсын хууль” /1206-2006/ болон одоо мөрдөгдөж буй хуулийн эмхэтгэлийг хэвлэн олон нийтэд түгээх, тайлбарлан таниулахад 152,2 сая төгрөг
  9. МИ-8 онгоцны осолтой холбоотой гарсан тэтгэмж нөхөн төлбөр болон бусад зардлыг санхүүжүүлэхэд 468,4 сая төгрөг
  10. Улсын хэмжээнд 2006 онд гарсан ой хээрийн түймэртэй тэмцэхэд гарсан зардлын нөхөн төлбөрт 443,0 сая төгрөг
  11. Гэмтэл согог судлалын төвд эргэлтийн сан байгуулахад 200,0 сая төгрөг
  12. Өмнөгоь, Говь-Алтай аймгийн дулааны цахилгаан станцын засварт 710,0 сая төгрөг
  13. ЭКСПО-2005 үзэсгэлэнд оролцох зардал 167,0 сая төгрөг
  14. Зарим хорих ангийн нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардалд 220,5 сая төгрөг
  15. Олимпын тэмцээн уралдааны бэлтгэл ажилд 250,0 сая төгрөг, кураш бөхийн дэлхий аварга шалгаруулах тэмцээний зардалд 100,0 сая төгрөг
  16. “Их бүтээн байгуулалт-шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил”-ийн ажлыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж 52,3 сая төгрөг
  17. Даланзадгадын дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2007-2008 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, тоног төхөөрөмжийн их засвар хийх, засварын цех болон ажилчдын ахуйн байрны зориулалтаар барилга барихад зориулж 336,0 сая төгрөг
  18. Малаа оторлож яваа малчдад төрийн үйлчилгээ үзүүлэх, өвс, тэжээл тээвэрлэж малчдад хүргэхэд зориулан аймгуудад олгох хөрөнгийг хавсралт ёсоор баталж, түүнд шаардагдах 142,5 сая төгрөг
  19. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Овоотын усан цахилгаан станцад шинээр генератор худалдан авч суурилуулах болон зарим тоног төхөөрөмжийн их засвар хийхэд зориулж 123,536,1 сая төгрөг
  20. МУ-ын ЗГ-аас хийсэн ажил хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бүрэн хэмжээний баримтат кино хийх, ЗГ-ын үйл ажиллагааны талаар ном гарган хэвлүүлэхэд 29 сая төгрөг
  21. Малайз улсад 2007 оны 6 дугаар сарын 3-30-нд болсон Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүн таслах ажиллагаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн зардалд 10,109,5 сая төгрөг
  22. Бусад арга хэмжээнд 1,5 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлсэн байна.

Засгийн Газрын нөөц сангаас  2007 онд төлөвлөж улсын төсөвт тусгагдсан 10 тэрбум төгрөгөөс 8,9 тэрбум төгрөгийг холбогдох арга хэмжээнд зарцуулж, гүйцэтгэлээр 1,01 тэрбум төгрөгийн хэмнэллтэй гарсан байна.

Хэдийгээр хэмнэлттэй зарцуулсан боловч урьдчилан төлөвлөж төсөвт тусгах боломжгүй арга хэмжээг санхүүжүүлэх зорилготой Засгийн газрын нөөц хөрөнгөөс 2007 онд 898,6 сая төгрөгийг гадаад зочны арга хэмжээ, Засгийн газар хоорондын хуралдааны зардал, гадаад томиолотонд зарцуулжээ. Гэтэл, ЕТГ-ын даргын төсвийн багцын нийт хэмнэлтийн 39,0 хувь, Ерөнхий сайдын төсвийн багцын нийт хэмнэлтийн 44,7 хувь, ЗГХЭГ-ын даргын төсвийн багцын нийт хэмнэлтийн 53,9 хувь нь гадаад албан томилолт, арга хэмжээний зардлын хэмнэлт байгаа юм.

Засгийн Газрын нөөц сангийн 2008 оны төлөвлөгөө, гүйцэтгэл

Засгийн газрын нөөц сан, болзошгүй эрсдэлийг нөхөх зардал, төсвийн хувиарлагдаагүй зардлын 2003-2005 оны гүйцэтгэлээс харахад зардлыг 2003,2004 онд тус тус ижил хэмжээгээр төсөвлөж байсан бол 2005 онд өмнөхөөсөө 2 дахин багаар төлөвлөн батлуулсан юм. Гэсэн хэдий ч 2007 онд Засгийн газрын нөөц санд 10 тэрбумыг батлуулан 1,01 тэрбум төгрөгийн хэмнэлттэй гарч байсан бол 2008 онд Засгийн газрын нөөц хөрөнгийг 10 тэрбум төгрөг байхаар төсөвлөн төсвийн тодотголоор 10 тэрбум төгрөгийг нэмж 20 тэрбум болгосон байна.  

2008 оны гүйцэтгэлээр засгийн газрын  нөөц хөрөнгөөс мөнгө гаргаж  нэлээд хэдэн томоохон асуудлыг шийдвэрлэжээ.  Энэ хугацаанд Засгийн газрын нөөц хөрөнгө болох 20,0 тэрбум төгрөгөөс 18,901,6 сая төгрөгийг зарцуулсан байна. Үүнд:  2008 онд гарсан ой хээрийн түймрийг унтраах усанд осолдсон хүмүүсийг эрж хайх, малын халдварт өвчний голомтыг устгах гэх мэт гамшигийн хор уршигийг арилгахад 138 сая төгрөг зарцуулсан байна.

Засгийн газрын нөөц хөрөнгийг зарцуулсан байдлаар нь ангилан авч үзвэл: 

  1. Айлчлал, хүлээн авалтанд 273,843,50 сая төгрөг
  2. Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардалд 1,400,355,40 сая төгрөг
  3. Байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгахад 9,376,204,90 тэрбум төгрөг
  4. Техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгахад 480,018,60 сая төгрөг
  5. Олон Улсын уралдаан тэмцээнд оролцоход зориулж 678,228,50 сая төгрөг
  6. Сонгуулийн зардалд 1,3 тэрбум төгрөг
  7. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд 460,500 сая төгрөг
  8. Халдлага, түүний хор уршигийг арилгахад 1,2 тэрбум
  9. Хүмүүнлэгийн тусламж бусад оронд үзүүлэхэд 189,307,30 сая төгрөг
  10. Иргэдийн эмчилгээний зардалд 99,200,0 сая төгрөг
  11. Цаг үеийн шийдэх шаардлагатай ажилд зориулж 1,7 тэрбум төгрөг
  12. Их тэнгэр цогцолборын засварт 59,077,0 сая төгрөг
  13. Бусад зардалд 779,198,20 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

Үүнээс үзэхэд Засгийн газрын нөөц сангийн дийлэнх хувийг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгахад, сонгууль, Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардалд болон цаг үеийн шийдэх шаардлагатай ажилд зориулж зарцуулсан байна.

Мөн 7 сарын 1-ний өдрийн хадлага, түүнээс үүссэн хор хохирлыг арилгахад нилээдгүй хөрөнгийг зарцуулсан байна. 

Эмчилгээний зардалд 2008 онд нийт 14 иргэнд 99,200,0 сая төгрөгийг зарцуулсан байна.

Засгийн Газрын нөөц сангийн 2009 оны төлөвлөгөө, гүйцэтгэл

2009 оны төсвийн жилд Засгийн газрын нөөц санд 10 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн ба нийт 8,9 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх онтой харьцуулахад 2 дахин бага байна. Гэсэн хэдий ч айлчлал хүлээн авалт, иргэдийн эмчилгээний зардалд зарцуулсан мөнгө өмнөх оноос илүү байна.

Засгийн газрын нөөц хөрөнгийг зарцуулсан байдлаар нь болон нийт зарцуулсан төгрөгийн хэмжээгээр эрэмблэн авч үзвэл: 

  1. Байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгахад 3 тэрбум төгрөг
  2. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 1 тэр бум 417 сая төгрөг
  3. Их тэнгэр цогцолбор, зам засварт 1 тэрбум 252 сая төгрөг
  4. Тэмдэглэлт ойд 520,336,678  төгрөг
  5. Цаг үеийн шийдэх шаардлагатай ажилд зориулж 371,022,297 төгрөг
  6. Айлчлал, хүлээн авалтанд 300,801,628 сая төгрөг
  7. Техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгахад 215,771,866 төгрөг
  8. Сонгуулийн зардалд 143,057,145 төгрөг
  9. Иргэдийн эмчилгээний зардалд 136,900,000 төгрөг
  10. Хурал уулзалтанд зориулж 49,514,509 төгрөг
  11. Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардалд 41,302,716 төгрөг
  12. Бэлэг дурсгалд 34,880,944 төгрөг тус тус зарцуулжээ.

Дээрхээс дүгнэвэл 33,7 хувийг буюу 3 тэрбум төгрөгийг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгахад зарцуулсан. Үүнийг өмнөх жилийнхтэй харьцуулж үзвэл 6,3 тэрбум төгрөгөөр бага байна.

Их тэнгэр цогцолборын засварт буюу тавилга худалдан авахад зориулж 2008 онд 51 сая төгрөг зарцуулсан бол 2009 оны гүйцэтгэлээр 627 сая төгрөгийг засварт зарцуулсан байна.

(“Зориг” сангийн хийж гүйцэтгэсэн мэдээллийн мониторингийн материалаас)

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: