ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Баянгол дүүргийн 2010 оны төсвийн хэлэлцүүлэг

Posted by ИТХ on 2010/01/15

Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн 2010 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга.

БАЯНГОЛ дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан 2009 оны 12-р сарын 25-ны 9.35 цагт эхэлж 17.00 цагт дуусав. Хуралд ИТХ-ын төлөөлөгчдөөс гадна төр, захиргааны албан тушаалтнууд, мөн иргэдийн төлөөлөл ажиглагчаар (бид хоёроос гадна дүүргийн ахмадын холбооны дарга) тус тус оролцов.

Хуралдаанаар:

1. Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны ажлын тайлан ба 2010 оны зорилт

2. Дүүргийн 2009 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл (тодотгол), 2010 оны төсвийн төсөл.

3. Дүүргийн татварын албаны тайлан

4. Дүүргийн газар зохион байгуулалтын 2009 оны зорилтын биелэлт, 2010 оны төлөвлөгөөний тухай

5. ИТХ-ын 2009 оны ажлын тайлан

6. ИТХ-ын дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийхн тухай

7. Нөхөн сонгуулийн бүрэн эрхийг баталгаажуулах тухай асуудлыг тус тус хэлэлцлээ

[Сүүлийн хоёр асуудал дээр бид хоёрыг суулгасангүй].

Хуралдаанд бэлтгэх явцад төлөөлөгчид хороодоор явж ажилласан, газар дээр нь очиж асуудлуудтай танилцсан, мөн салбар хорооны хуралдаан болон намын бүлгээр хэлэлцсэн гэх зэргээр тайлбарлан идэвхи муутай оролцож нарийвчлан хэлэлцэхгүйгээр баталж байлаа. “Аудит шалгачихдаг юм, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар шалгадаг юм гэж битгий ам таглаад бай”, “ТҮК гэж нэг компанийн нэр зааж хэд хэдэн мөнгө төсөвлөлөө” гэдгээс өөр, тэр тусмаа тодорхой шүүмжлэл үндсэндээ гарсангүй. Асуултууд нь хот тохижилтын нэлээд ажил дүүрэг ба нийслэлийн төсөвт давхардан суусан байна, яагаад гэх мэтээр  үндсэндээ танин мэдэхүйн шинжтэй байв. Харин АН-ын бүлэг Засаг даргын нөөц хөрөнгийг задаргаагаар нь төлөвлөхийг шаардаж үдээс хойш завсарлага авсан боловч “урьдчилан төлөвлөх боломжгүй ажлуудад зориулна” гэж тайлбарласан тул яах ч аргагүй болж эргэн хуралдацгаав.

Төлөөлөгчдийн асуултын ихэнхэд Засаг дарга Л.Амгалан “төсвийн задаргаа ирэхлээр 3-4 сард л тодорхой болно”, “Нийслэлийн эсвэл шадар сайдын багцанд байгаа” гэх мэтээр хариулахаар гишүүд таг болчих юм.

Ингээд УИХ-ын гишүүдэд хандаж 2009 оны мөнгөө яагаад дүүрэгтээ зарцуулаагүй болон 2010 оныхыг яах талаар асуулга тавих, орон нутгийн орлогын төлөвлөгөөнөөс давуулсан 300 орчим сая төгрөгийг хэрхэхийг шийдэх, төсвийн задаргаа, төслүүдийн задаргаа, төлөвлөлтөнд болон тендер зарлахад ИТХ-ын гишүүдийг оролцуулж саналыг нь авах зэрэг асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдэд даатгаад орхив.

Энд тавигдсан илтгэлүүд болон ИТХ-ын гишүүдийн санал шүүмжлэлд төсөвтэй холбоотой гарсан зарим тоо, баримтуудыг дурдвал:

– Дүүргийн хэмжээнд дэвшүүлсэн зорилтоос 118 нь бүрэн биелэгдэж, 10 зорилт 90-100 хувь, 5 зорилт 90 –ээс доош хувийн биелэлттэй, ингээд дундаж хувь 97.22 хувьтай байна.

– 2009 онд орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 300 орчим сая төгрөгөөр давуулан биелүүлсэн.

– Эндээс сонгогдсон УИХ-д гишүүд, нийслэл, дүүргийн төлөөлөгчидтэй хамтран ажилласанаар энэ онд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийт 4 тэрбум 090 сая, дүүргийн орон нутгийн төсвөөр 196.0 сая (нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргад эрх шилжиж ирсэн 21 төрлийн 1073.2 сая төгрөгийн ажлаас 14 ажил бүрэн дууссан, бусад нь гүйцэтгэлийн шатандаа явж байна. Нийт 840.3 сая төгрөгийн сая төгрөгийн санхүүжилтийг ажлын гүйцэтгэлд олгож, 221.3 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын барьцааны дансанд байршуулж, хэмнэлт 11.6 сая төгрөгийг нийслэлийн төрийн санд буцааж хөрөнгө оруулалтын санхүүжилт бүрэн шийдэгдсэн гэжээ), төсөл хөтөлбөрийн санхүүжилттэйгээр 679.0 сая, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хөрөнгө оруулалтыг оруулж тооцвол 3090.2 сая, нийт 8055.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна. Үүнээс УИХ-ын гишүүдийн багцаас орон нутгийн хөгжлийг дэмжих зориулалтаар Нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргад эрх шилжүүлж улсын төсвөөс нийт 1080.0 сая (үүнээс С.Эрдэнэ 500 сая, Ц.Мөнх-Оргил 430 сая, Д.Энхбат 150 сая) төгрөгийн хөрөнгө оруулалт хийв

– Засгийн газраас гаргасан хөнгөлөлттэй зээлийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 34 аж ахуйн нэгж, иргэн 2325.5 сая төгрөгийн зээлд хамрагдаж 222 ажлын байрыг шинээр бий болгосон

– Ирэх онд орон нутгийн өөрийн болон татварын орлого 2577.2 сая төгрөг , төсвийн зарлага 1892.3 сая төгрөг, нийслэлд төвлөрүүлэх орлогыг 684.9 сая төгрөг байхаар төлөвлөж байна. Ирэх онд хог хаягдал үйлчилгээний санд 1.100.0 сая төгрөг төвлөрүүлэхээр тооцож байна. Орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтанд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр 177.0 сая төгрөг байгаа нь нэн чамлалттай үзүүлэлт юм. Ирэх онд орон нутгийн болон нийслэл, улс, орон нутгийн хөгжлийг дэмжих санхүүжилтээр болон төслөөр нийт 173382,4 сая төгрөгийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэх урьдчилсан төлөвлөгөөтэй. (Хэд хоногийн дараа буюу 2010 оны 1-р сарын 6-нд дүүргийн удирдлагуудын УИХ-ын гишүүдтэй хийсэн уулзалтын үеэр 17 тэрбум төгрөгийг дүүргийн зам талбай, барилга байгууламж, гэрэлтүүлэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ажилд зарцуулна гэсэн тоо гарч байв).

Хуралдааны үеэр ямар нэгэн 35 сая төгрөгийн хандив хаашаа орсон тухай асуулт гарахад, биш ээ, ердөө 17,2 сая төг орсон гээд төрийн байгууллага хандив зарцуулж болохгүй тул МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, дүүргийн газрын албаны дарга болон Засаг дарга Л.Амгалан нар өөрөө удирдах зөвлөлд орсон ТББ байгуулж түүний нэрээр “Мөрөөдлийн цэцэрлэгт” зарцуулсан гэв.

Урьдчилсан дүгнэлтүүд:

1. Дүүргийн ажил амьдралын гол баримт бичиг болох төсвийг хэлэлцэж байхад ИТХ-ын ихэнх төлөөлөгч идэвх муутай оролцсон нь тухайн асуудлыг урьдчилж судлаагүй, муу мэдэж байсантай холбоотой болов уу. Маш олон эгзэгтэй асуудлыг тал бүрээс нь нарийвчилж хэлэлцэхийн оронд Засаг даргын үгийг дагаж байх нь ажиглагдав.

2. Сүүлийн хоёр жилд Баянгол дүүргийн Засаг даргыг хөрөнгө мөнгөний асуудалд буруутгасан баримт жишээ, хэвлэл мэдээллээр олонтаа гарч, АТГ-т ч хүрснийг бүгд мэдэж байгаа. Гэтэл түүнийг томилсон дүүргийн ИТХ энэ талаар тодруулах, анхааруулах, хариуцлага тооцох талаар тодорхой юм ярьж хэлэлцсэнгүй.

3. УИХ-ын гишүүдийн “багц”-ын 1 тэрбум төгрөгийг зарцуулах эрхийг дүүргийн Засаг даргад шилжүүлэхээр ИТХ-ын тэргүүлэгчид хөөцөлдөхөөр болсон. Иймд энэ мөнгөний зарцуулалтанд мониторинг хийх нь зүйтэй байх. Угаасаа ч ганц Баянгол дүүргээр зогсохгүй улс даяар маргаан дэгдээсэн асуудал болоод байгаа билээ. 

4. Саявтар Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын талаар хэлэлцэн шинэчлэн баталж, төрийн байгууллагуудад хяналт- шинжилгээ, үнэлгээний тайлан нь бүтэц, агуулгын хувьд харилцан адилгүй байгааг нэг загвар, жишигт оруулах зэрэг өөрчлөлт хийсэн байна. Бид энэ баримт бичгийг судалж ашиглах нь зүйтэй.

Г.Одонтуяа (“Хэрэглэгч сан” ТББ)

Ц.Даланцагаан (Боловсролын давалгаа ТББ)

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: