ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Дүүргийн Засаг дарга 300 сая төгрөгийн нөөц хөрөнгөтэй

Posted by ИТХ on 2010/01/10

(Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн

2010 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга)

Нийслэлийн Хан-Уул дүүргийн эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх зорилтын биелэлт, 2009 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны төсвийн төслийг хэлэлцэх ИТХ-ын ээлжит хуралдаан 2009 оны 12-р сарын 30-ны өдөр товлогдсон юм. Гэхдээ төлөөлөгчдийн дунд үүссэн зөрчил, маргааны улмаас зарим хэсэг нь хурлын орхиж гарсан боловч үлдсэн төлөөлөгчид ирц хангалттай гэж үзээд тэр өдрийн оройдоо хэлэлцэх асуудалдаа орж төсвөө баталсан. Харин хуралд оролцоогүй төлөөлөгчид он гараад дахин тусдаа хуралдаж төсвөө хэлэлцсэн тухай мэдээлсэн боловч тэр хурлыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан мэдээлэл алга байна.

Иймд 12-р сарын 30-ны өдрийн хуралдааныг албан ёсны хэмээн үзэж түүнд сууж ажигласан зарим зүйлийг танилцуулж байна.

Энэхүү төсвийн хэлэлцүүлэг харьцангуй бага хугацаанд маргаан хэлэлцүүлэг багатай өнгөрсөн гэж үзэж байна. Үүнд төлөөлөгчдийн бүрэлдэхүүн дутуу байсан явдал ч нөлөөлсөн болов уу.

– Хан-Уул дүүргийн төсвийн орлогын нийт дүн 4,9 тэрбум төгрөгөөр батлагдсан нь өмнөх оныхоос үлэмж нэмэгдсэн юм байна. Харин төсвийн зарлагыг 4,6 тэрбум төгрөгөөр багтаасан.

– Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын шинэ офис Хан-Уул дүүргийн 10-р хороонд Буян-Ухаант баригдаж тус байгууллага шилжиж ирсэнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн 3 тэрбум төгрөг нэмэгдэх болсон тухай яригдсан. Энэ мөнгийг урсгалд зардалд биш дүүргийн тэргүүлэх 4 чиглэлд чиглэлд хөрөнгө оруулалтаар ашиглана гэж тогтсон. Гэтэл нийслэл авна гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл, нийслэл өөртөө ашигтай юмыг аваад түвэгтэй юмыг дүүрэгт үлдээдэг гэж ярьж байлаа. Бас нэг жишээ байна. Зайсан толгойн хөшөө рүү орох замын хураамжаас жилд 16-17 сая төгрөг ордог байсан. Гэтэл Халх голын ойг угтаж хөшөөг засварласны дараа хураамжийг нийслэл авч байгаа гэв.

– Хан-Уул дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд 26,8 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 2,7 тэрбум төгрөгөөр тогтоов.

– Зарлагын зарим өөрчлөлтийг танилцуулснаас үзэхэд, засаг захиргааны анхан шатны нэгжид гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа хороодын хэсгийн ахлагч нарт сар бүр 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тусгажээ.

– Тус дүүргийн хувьд онцлох томоохон бүтээн байгуулалт бол Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Энгельсийн гүүрэн гарц төсөл юм. 2009-2012 онд хоёр эгнээ, 275 метр урт гарц, 315 метр урт замын далан, 400 метр автозамыг сайжруулах юм байна.

– Засаг даргын нөөц сан, хуваарилагдаагүй зардлын хэмжээг 300 сая төгрөгөөр баталжээ. Энэ хөрөнгийг урьдчилан төлөвлөх аргагүй янз бүрийн арга хэмжээнд зарцуулдаг ойлгомжтой. Гэхдээ өнгөрсөн оныхыг хэрхэн зарцуулсан талаар танилцуулга хийгдэж болмоор санагдсан. Тэгвэл хэр үр ашигтай зарцуулсныг мэдэхсэн билээ.

– Төсвийн зарлагыг үзэхэд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 159,8 сая төгрөг, ЗДТГ-т 1,6 тэрбум төгрөг гэх мэтээр хуваарилаж баталсан. Задаргааг Иргэдийн төлөөлөгчид сайн мэдэж, хянасан гэж найдах л үлдэж байна. Хөндлөнгөөс ажигласан бидэнд ойлгомжгүй байсан. Ер нь Хан-Уул дүүрэгт амьдардаг, дүүргийн янз бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хичээж явдаг миний хувьд дүүргийн 2010 оны төсвийн төслийг боловсруулах явцад иргэд, сонгогчдод хандсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдаагүй, бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй, бидний сонгосон Иргэдийн төлөөлөгчид энэ асуудлаар бидэнтэй уулзаагүй юм.

– Төсвийн нарийн ширийн асуудлыг хуралдаанд бэлтгэх явцад урьдчилаад, ажлын хэсгийн хурлаар ярилцаад “шийдчихсэн”, “тохирсон” гэх мэт тайлбар сонсогдож байлаа. Ийм бэлтгэл ажил шаардлагатайг үгүйсгэхгүй боловч тэнд зөвхөн урьдчилан хэлэлцдэг, харин эцэслэн хэлэлцэж шийдвэрлэхийг аль болох ИТХ-ын албан ёсны хуралдаан дээр ил тод, нээлтэй хийж байх нь зүйтэй санагдсан.

(“Зөв тусгал” ТББ)

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: