ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Дүүргийн төсвийг асуулт хариулт, санал шүүмжлэлгүйгээр баталжээ

Posted by ИТХ on 2010/01/05

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн 2010 оны

төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга

2009 оны 12-р сарын 30-нд СБД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6-р хуралдаанаар 2008 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны дүүргийн төсвийг хэлэлцэж баталлаа. Мөн дүүргийн засаг дарга, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албадууд өнгөрч буй жилд хийсэн ажлаа танилцуулав.

Хуралдаан өглөөний 11.00 цагаас эхлэхээр товлогдсон ч төлөөлөгчид 11:50 цагт цугларч 12.00 цагт эхэллээ. СБД-ийн Иргэдийн хурлын 35 төлөөлөгчөөс (5 нь АН-аас, 30 нь МАХН-аас нэр дэвшин сонгогджээ) 29 нь хуралдаанд оролцож 4 нь гадаадад албан томилолтоор явсныг танилцуулав.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлаасаа өмнө дүүргийн ИТХ-ын 2009 оны шилдэг төлөөлөгчдийг шалгаруулж, тус бүрийг өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнав. Эдгээрт:

1. Хамгийн спортлог төлөөлөгч Ц.БАТТӨМӨР

2. Хамгийн санаачлагатай төлөөлөгч Х.БОЛД /17,18 хороонд цэцэрлэг бариулахаар болсон/.

3. Өв соёлоо дээдэлдэг төлөөлөгч П.АНХТУЯА /ЕБС-ын дунд монгол бичгийн уралдаан зохион байгуулсан/.

4. Дүүрэгтээ хамгийн олон төсөл хэрэгжүүлсэн төлөөлөгч Г.ГАНБАЯР /дүүрэгтээ нийт 231 мянган долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлсэн/.

5. Хамгийн ажил хэрэгч төлөөлөгч Н. ЭНХЦОГТ

6. Хамгийн илүү иргэдтэй ойр ажилладаг төлөөлөгчөөр А. ЛХАМСҮРЭН, Д.БАТЗОРИГ нар шалгарч хурлын даргаас шагналаа авав.

Мөн үүний дараа ЗДТГ-тайгаа хамгийн сайн хамтарч ажилласан бөгөөд ажлаа уялдуулдаг хэлтсээр МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС, ЦАГДААГИЙН ХЭЛТЭС шалгарч тус бүр өргөмжлөл 1 сая төгрөгөөр шагнуулав.

Шагнал гардуулж дууссаны дараа хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав. Үүнд:

1. Дүүргийн засаг дарга 2009 онд хийсэн ажлын үр дүн болон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн зорилт /видео хэлбэрээр/. Засаг дарга Г. ТӨМӨРБААТАР /20 мин/

2. 2008 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны төсвийн төсөл. Төрийн сангийн хэлтсийн дарга С. МӨНХТӨР /15 мин/

3. Дүүргийн 2009 оны газар зохион байгуулалт болон 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Ж.БАТСАЙХАН /15мин/

4. 2009 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын дүн. ИТХ-ын тэргүүлэгч А.ГАНХУЯГ /10 мин/ гэсэн асуудлуудыг уг дарааллын дагуу хэлэлцлээ.

Удалгүй 13 цагт хуралдаан завсарлаж үдээс хойш 14:40-д эхэлж 17:15 хүртэл үргэлжлэв. Эхлээд ИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс тодорхой асуудлаар санал нийлэхгүй байна гэсэн шалтгаан хэлж завсарлага хүсч үүнийгээ тайлбарласан санал дүгнэлтээ уншиж танилцуулав. Агуулга нь: “Сүхбаатар дүүргийн 2009 оны Үндсэн чиглэлийг хэлэлцүүлж батлаагүй. Бид энэ талаар 7-р сарын хуралдаанаар 035 тоот албан тоот ИТХ-ын даргад хүргүүлсэн боловч авч хэлэлцээгүй. Батлаагүй зүйлийг хэлэлцэж дүгнэх нь хууль бус хэрэг юм” гэжээ. Гэвч хурлын дарга ” Уг асуудлыг Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд шийдвэрлэчихсэн учраас дахиж ярих шаардлагагүй” гэж мэдэгдсэнээр удалгүй хуралдаан үргэлжлэв.

Эхлээд Засаг даргын ажлыг хэлэлцээд 100%-ийн биелэлттэй гэж төлөөлөгчид дүгнэв.

2010 оны дүүргийн төсвийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга танилцуулсны дараа иргэдийн төлөөлөгчдийн зүгээс 2010 оны төсөвтэй холбоотой ямар нэг санал шүүмж, асуулт хариултгүйгээр баталсан болно. 2008 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны төсвийн төслийг хуралдаан болохоос хэд хоногийн өмнө төлөөлөгч бүрт тарааж, намын бүлгээрээ хэлэлцсэн гэдгээр үүнийг тайлбарласан юм.

Анхаарал татсан зарим тоо баримт:

Сүхбаатар дүүргийн 2010 оны төсвийн орлогын нийт дүнг 3, 5 тэрбум, төсвийн нийт зарлагын дүнг 1,7 тэрбум төгрөгөөр батлав. Гэхдээ ямар нэгэн задаргаа яригдаагүй тул дүгнэлт хийх боломжгүй байлаа. Жишээлбэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зардал 138 834.3 мянга, дүүргийн Засаг даргын тамгын газар 1 113 442.0 мянган төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байгаа нь 2008, 2009 оныхоос нэлээд хэмжээгээр нэмэгдсэн дүн харагдаж байлаа.

Мөн үйлдвэрлэл, тохижилт үйлчилгээний хэлтсээс 2010 онд БНХАУ-тай хамтран гэрэлтүүлэгт нэлээн ажил хийхээр төлөвлөсөн. Нийтдээ 290 саяыг фасад, дээвэр сайжруулахад, 120 саяыг гэрэлтүүлэгт төлөвлөсөн байна.

Хурлаас ажигласан зарим дүгнэлт:

– ИТХ-ны хурлын тов, хэлэлцэх асуудлыг иргэд болон олон нийтэд урьдчилан мэдээлдэг байх шаардлагатай.

– Иргэдийн төлөөлөгчид хийсэн ажлаа өөрсдөө дүгнэхийн оронд сонгогчдынхоо саналыг авч дүгнэдэг болмоор байна.

– Дүүргийхээ төсвийн талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр вэб сайтдаа тогтмол байршуулж хэвших.

– Дүүргийн төсвийг хэлэлцэж батлахдаа иргэдийн төлөөлөл, эсвэл хэсгийн ахлагч нараас төлөөлөл оролцуулдаг байх гэх мэт.

А.Мөнхнаран (Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: