МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for January, 2010

УИХ-ын гишүүд биднээс санал аваагүй …

Posted by ИТХ on 2010/01/31

Дундговь аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн 2010 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан 2009 оны 12-р сарын 28-ны өглөөний 9 цагт эхэлж үдшийн 23.20 цаг хүртэл хуралдав.

Тус ИТХ нь 27 төлөөлөгчтэй бөгөөд МАХН-аас дийлэнх олонх нь байлаа. Харин 14 нь төр, захиргааны удирдах ажилтан юм. Эмэгтэй төлөөлөгч 2 байв. Энэ удаад 91.7%-ийн ирцтэй хуралдсан болно.

Read the rest of this entry »

Advertisements

Posted in Дундговь аймаг | Leave a Comment »

Баянгол дүүргийн 2010 оны төсвийн хэлэлцүүлэг

Posted by ИТХ on 2010/01/15

Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн 2010 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга.

БАЯНГОЛ дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан 2009 оны 12-р сарын 25-ны 9.35 цагт эхэлж 17.00 цагт дуусав. Хуралд ИТХ-ын төлөөлөгчдөөс гадна төр, захиргааны албан тушаалтнууд, мөн иргэдийн төлөөлөл ажиглагчаар (бид хоёроос гадна дүүргийн ахмадын холбооны дарга) тус тус оролцов.

Хуралдаанаар:

1. Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны ажлын тайлан ба 2010 оны зорилт

2. Дүүргийн 2009 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл (тодотгол), 2010 оны төсвийн төсөл.

3. Дүүргийн татварын албаны тайлан

4. Дүүргийн газар зохион байгуулалтын 2009 оны зорилтын биелэлт, 2010 оны төлөвлөгөөний тухай

5. ИТХ-ын 2009 оны ажлын тайлан

6. ИТХ-ын дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийхн тухай

7. Нөхөн сонгуулийн бүрэн эрхийг баталгаажуулах тухай асуудлыг тус тус хэлэлцлээ

[Сүүлийн хоёр асуудал дээр бид хоёрыг суулгасангүй].

Read the rest of this entry »

Posted in Баянгол дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Дүүргийн Засаг дарга 300 сая төгрөгийн нөөц хөрөнгөтэй

Posted by ИТХ on 2010/01/10

(Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн

2010 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга)

Нийслэлийн Хан-Уул дүүргийн эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх зорилтын биелэлт, 2009 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны төсвийн төслийг хэлэлцэх ИТХ-ын ээлжит хуралдаан 2009 оны 12-р сарын 30-ны өдөр товлогдсон юм. Гэхдээ төлөөлөгчдийн дунд үүссэн зөрчил, маргааны улмаас зарим хэсэг нь хурлын орхиж гарсан боловч үлдсэн төлөөлөгчид ирц хангалттай гэж үзээд тэр өдрийн оройдоо хэлэлцэх асуудалдаа орж төсвөө баталсан. Харин хуралд оролцоогүй төлөөлөгчид он гараад дахин тусдаа хуралдаж төсвөө хэлэлцсэн тухай мэдээлсэн боловч тэр хурлыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан мэдээлэл алга байна.

Иймд 12-р сарын 30-ны өдрийн хуралдааныг албан ёсны хэмээн үзэж түүнд сууж ажигласан зарим зүйлийг танилцуулж байна.

Энэхүү төсвийн хэлэлцүүлэг харьцангуй бага хугацаанд маргаан хэлэлцүүлэг багатай өнгөрсөн гэж үзэж байна. Үүнд төлөөлөгчдийн бүрэлдэхүүн дутуу байсан явдал ч нөлөөлсөн болов уу.

– Хан-Уул дүүргийн төсвийн орлогын нийт дүн 4,9 тэрбум төгрөгөөр батлагдсан нь өмнөх оныхоос үлэмж нэмэгдсэн юм байна. Харин төсвийн зарлагыг 4,6 тэрбум төгрөгөөр багтаасан.

– Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын шинэ офис Хан-Уул дүүргийн 10-р хороонд Буян-Ухаант баригдаж тус байгууллага шилжиж ирсэнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн 3 тэрбум төгрөг нэмэгдэх болсон тухай яригдсан. Энэ мөнгийг урсгалд зардалд биш дүүргийн тэргүүлэх 4 чиглэлд чиглэлд хөрөнгө оруулалтаар ашиглана гэж тогтсон. Гэтэл нийслэл авна гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл, нийслэл өөртөө ашигтай юмыг аваад түвэгтэй юмыг дүүрэгт үлдээдэг гэж ярьж байлаа. Бас нэг жишээ байна. Зайсан толгойн хөшөө рүү орох замын хураамжаас жилд 16-17 сая төгрөг ордог байсан. Гэтэл Халх голын ойг угтаж хөшөөг засварласны дараа хураамжийг нийслэл авч байгаа гэв.

– Хан-Уул дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд 26,8 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 2,7 тэрбум төгрөгөөр тогтоов.

– Зарлагын зарим өөрчлөлтийг танилцуулснаас үзэхэд, засаг захиргааны анхан шатны нэгжид гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа хороодын хэсгийн ахлагч нарт сар бүр 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тусгажээ.

– Тус дүүргийн хувьд онцлох томоохон бүтээн байгуулалт бол Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Энгельсийн гүүрэн гарц төсөл юм. 2009-2012 онд хоёр эгнээ, 275 метр урт гарц, 315 метр урт замын далан, 400 метр автозамыг сайжруулах юм байна.

– Засаг даргын нөөц сан, хуваарилагдаагүй зардлын хэмжээг 300 сая төгрөгөөр баталжээ. Энэ хөрөнгийг урьдчилан төлөвлөх аргагүй янз бүрийн арга хэмжээнд зарцуулдаг ойлгомжтой. Гэхдээ өнгөрсөн оныхыг хэрхэн зарцуулсан талаар танилцуулга хийгдэж болмоор санагдсан. Тэгвэл хэр үр ашигтай зарцуулсныг мэдэхсэн билээ.

– Төсвийн зарлагыг үзэхэд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 159,8 сая төгрөг, ЗДТГ-т 1,6 тэрбум төгрөг гэх мэтээр хуваарилаж баталсан. Задаргааг Иргэдийн төлөөлөгчид сайн мэдэж, хянасан гэж найдах л үлдэж байна. Хөндлөнгөөс ажигласан бидэнд ойлгомжгүй байсан. Ер нь Хан-Уул дүүрэгт амьдардаг, дүүргийн янз бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хичээж явдаг миний хувьд дүүргийн 2010 оны төсвийн төслийг боловсруулах явцад иргэд, сонгогчдод хандсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдаагүй, бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй, бидний сонгосон Иргэдийн төлөөлөгчид энэ асуудлаар бидэнтэй уулзаагүй юм.

– Төсвийн нарийн ширийн асуудлыг хуралдаанд бэлтгэх явцад урьдчилаад, ажлын хэсгийн хурлаар ярилцаад “шийдчихсэн”, “тохирсон” гэх мэт тайлбар сонсогдож байлаа. Ийм бэлтгэл ажил шаардлагатайг үгүйсгэхгүй боловч тэнд зөвхөн урьдчилан хэлэлцдэг, харин эцэслэн хэлэлцэж шийдвэрлэхийг аль болох ИТХ-ын албан ёсны хуралдаан дээр ил тод, нээлтэй хийж байх нь зүйтэй санагдсан.

(“Зөв тусгал” ТББ)

Posted in Хан-Уул дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Намын бүлгүүд урьдчилаад зөвшилцжээ

Posted by ИТХ on 2010/01/08

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хуралдаанаар

дүүргийн 2010 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга

Хуралдаан 2009 оны 12-р сарын 28-ны өглөөний 10 цаг 25 минутанд эхлэв. Дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчөөс 29 төлөөлөгч хүрэлцэн ирж, өвчтэй 2, бусад шалтгаантай 4 төлөөлөгч байсан бөгөөд 85%-ийн ирцтэй хуралдав.

Иргэдийн хурлын дарга Ч. Батбилэг, хуралдаанд иргэний нийгмийн байгууллагаас төлөөлөл оролцож байгааг танилцуулж үүнээс хойш хуралд оролцохдоо албан бичиг өгч албан ёсоор уригдаж оролцож байхыг сануулаад авлаа.

2009 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны төсвийн төслийг дүүргийн Засаг дарга Д.Ганболд танилцуулав. Мөн Санхүү, төрийн сангийн дарга Эрдэнэбат нар танилцуулга хийсэн болно.

Энэ удаад Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хуралдаан нам тайван болж өнгөрлөө. Төсөв хөрөнгийг задалж дэлгэсэнгүй, тоочоод л өнгөрч байлаа. Үзэл бодол, байр сууриа уралдуулсан маргаан, хэлэлцүүлэг  өрнөсөнгүй. Ихэнх төлөөлөгч маш идэвхигүй оролцлоо. Үүнийг тайлбарлахдаа, хуралдаанаар хэлэлцэх асуудыг хэд хоногийн өмнөөс намын бүлгүүд ярилцаж дотроо зөвшилцөлд хүрсэн учраас тэр гэв. Бас тус дүүргийн ИТХ жилээс жилд нээлттэй болж байна гээд энэ хуралдаанд иргэний нийгмийн төлөөлөл хуралдаанд оролцож байгааг жишээ болгон дурдав. Өмнө нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал ажиллах өрөө тасалгаагүй, нөхцөл муу байсан бол энэ жилээс намын бүлгүүдэд өрөө тасалгаа гаргаж ажлын тоног төхөөрөмжөөр хангаж, бас нэг хүнийг орон тоогоор ажиллуулж байгаа гэнэ.

Дүүргийн хийсэн ажлын ололт, амжилтыг харуулсан бичлэг үзүүлснээр үдээс өмнөх хуралдаан завсарлав

Үдээс хойш 14 цаг 50 минутад хуралдаан үргэлжилж 7 хүн үг хэлж санал хэлсэн юм.

Төсөв мөнгөтэй холбоотой анхаарал татсан асуудлууд гэвэл Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд 15 сая төгрөг төсөвлөжээ. УИХ-ын гишүүн Д.Очирбатын 1 тэрбум төгрөгөөр ахмадын амралт сувиллын газар байгуулна гэлээ. Тэгвэл Г.Баярсайхан гишүүний 1 тэрбум юунд ч зарцуулагдах талаар тодорхой мэдээлэл төлөөлөгчдөд байсангүй. Харин Д.Зоригт гишүүн 1 тэрбум төгрөгөөсөө 7-р хорооны нутаг дэвсгэрт 160 хүүхдийн цэцэрлэг барихад 400 сая төгрөгийг нь зарцуулах, бас 5 ба 37-р сургуулиудад хөрөнгө оруулалт хийх зэрэг ажлуудыг дурьдаж байв

Дүүргийн төсвийг нарийвчлан задалж ярилцаагүй бөгөөд хуралдаан 16 цаг 40 минутад өндөрлөлөө.

Цаашид Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн 1 тэрбум төгрөгийн зарцуулалтад, мөн төсвийн задаргаа гарсны дараа тус дүүрэгт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүд дээр хяналт тавьж мониторинг хийх нь зүйтэй.

Ажиглалт хийсэн Х.Сувд (“Урагш дэвших“ холбоо), Б.Номинзул (Эмэгтэй удирдагч сан)

2010.01.15.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Чингэлтэй дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Дүүргийн төсвийг асуулт хариулт, санал шүүмжлэлгүйгээр баталжээ

Posted by ИТХ on 2010/01/05

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн 2010 оны

төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга

2009 оны 12-р сарын 30-нд СБД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6-р хуралдаанаар 2008 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны дүүргийн төсвийг хэлэлцэж баталлаа. Мөн дүүргийн засаг дарга, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албадууд өнгөрч буй жилд хийсэн ажлаа танилцуулав.

Хуралдаан өглөөний 11.00 цагаас эхлэхээр товлогдсон ч төлөөлөгчид 11:50 цагт цугларч 12.00 цагт эхэллээ. СБД-ийн Иргэдийн хурлын 35 төлөөлөгчөөс (5 нь АН-аас, 30 нь МАХН-аас нэр дэвшин сонгогджээ) 29 нь хуралдаанд оролцож 4 нь гадаадад албан томилолтоор явсныг танилцуулав.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлаасаа өмнө дүүргийн ИТХ-ын 2009 оны шилдэг төлөөлөгчдийг шалгаруулж, тус бүрийг өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнав. Эдгээрт:

1. Хамгийн спортлог төлөөлөгч Ц.БАТТӨМӨР

2. Хамгийн санаачлагатай төлөөлөгч Х.БОЛД /17,18 хороонд цэцэрлэг бариулахаар болсон/.

3. Өв соёлоо дээдэлдэг төлөөлөгч П.АНХТУЯА /ЕБС-ын дунд монгол бичгийн уралдаан зохион байгуулсан/.

4. Дүүрэгтээ хамгийн олон төсөл хэрэгжүүлсэн төлөөлөгч Г.ГАНБАЯР /дүүрэгтээ нийт 231 мянган долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлсэн/.

5. Хамгийн ажил хэрэгч төлөөлөгч Н. ЭНХЦОГТ

6. Хамгийн илүү иргэдтэй ойр ажилладаг төлөөлөгчөөр А. ЛХАМСҮРЭН, Д.БАТЗОРИГ нар шалгарч хурлын даргаас шагналаа авав.

Мөн үүний дараа ЗДТГ-тайгаа хамгийн сайн хамтарч ажилласан бөгөөд ажлаа уялдуулдаг хэлтсээр МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС, ЦАГДААГИЙН ХЭЛТЭС шалгарч тус бүр өргөмжлөл 1 сая төгрөгөөр шагнуулав.

Шагнал гардуулж дууссаны дараа хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав. Үүнд:

1. Дүүргийн засаг дарга 2009 онд хийсэн ажлын үр дүн болон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн зорилт /видео хэлбэрээр/. Засаг дарга Г. ТӨМӨРБААТАР /20 мин/

2. 2008 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны төсвийн төсөл. Төрийн сангийн хэлтсийн дарга С. МӨНХТӨР /15 мин/

3. Дүүргийн 2009 оны газар зохион байгуулалт болон 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Ж.БАТСАЙХАН /15мин/

4. 2009 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын дүн. ИТХ-ын тэргүүлэгч А.ГАНХУЯГ /10 мин/ гэсэн асуудлуудыг уг дарааллын дагуу хэлэлцлээ.

Удалгүй 13 цагт хуралдаан завсарлаж үдээс хойш 14:40-д эхэлж 17:15 хүртэл үргэлжлэв. Эхлээд ИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс тодорхой асуудлаар санал нийлэхгүй байна гэсэн шалтгаан хэлж завсарлага хүсч үүнийгээ тайлбарласан санал дүгнэлтээ уншиж танилцуулав. Агуулга нь: “Сүхбаатар дүүргийн 2009 оны Үндсэн чиглэлийг хэлэлцүүлж батлаагүй. Бид энэ талаар 7-р сарын хуралдаанаар 035 тоот албан тоот ИТХ-ын даргад хүргүүлсэн боловч авч хэлэлцээгүй. Батлаагүй зүйлийг хэлэлцэж дүгнэх нь хууль бус хэрэг юм” гэжээ. Гэвч хурлын дарга ” Уг асуудлыг Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд шийдвэрлэчихсэн учраас дахиж ярих шаардлагагүй” гэж мэдэгдсэнээр удалгүй хуралдаан үргэлжлэв.

Эхлээд Засаг даргын ажлыг хэлэлцээд 100%-ийн биелэлттэй гэж төлөөлөгчид дүгнэв.

2010 оны дүүргийн төсвийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга танилцуулсны дараа иргэдийн төлөөлөгчдийн зүгээс 2010 оны төсөвтэй холбоотой ямар нэг санал шүүмж, асуулт хариултгүйгээр баталсан болно. 2008 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны төсвийн төслийг хуралдаан болохоос хэд хоногийн өмнө төлөөлөгч бүрт тарааж, намын бүлгээрээ хэлэлцсэн гэдгээр үүнийг тайлбарласан юм.

Анхаарал татсан зарим тоо баримт:

Сүхбаатар дүүргийн 2010 оны төсвийн орлогын нийт дүнг 3, 5 тэрбум, төсвийн нийт зарлагын дүнг 1,7 тэрбум төгрөгөөр батлав. Гэхдээ ямар нэгэн задаргаа яригдаагүй тул дүгнэлт хийх боломжгүй байлаа. Жишээлбэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зардал 138 834.3 мянга, дүүргийн Засаг даргын тамгын газар 1 113 442.0 мянган төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байгаа нь 2008, 2009 оныхоос нэлээд хэмжээгээр нэмэгдсэн дүн харагдаж байлаа.

Мөн үйлдвэрлэл, тохижилт үйлчилгээний хэлтсээс 2010 онд БНХАУ-тай хамтран гэрэлтүүлэгт нэлээн ажил хийхээр төлөвлөсөн. Нийтдээ 290 саяыг фасад, дээвэр сайжруулахад, 120 саяыг гэрэлтүүлэгт төлөвлөсөн байна.

Хурлаас ажигласан зарим дүгнэлт:

– ИТХ-ны хурлын тов, хэлэлцэх асуудлыг иргэд болон олон нийтэд урьдчилан мэдээлдэг байх шаардлагатай.

– Иргэдийн төлөөлөгчид хийсэн ажлаа өөрсдөө дүгнэхийн оронд сонгогчдынхоо саналыг авч дүгнэдэг болмоор байна.

– Дүүргийхээ төсвийн талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр вэб сайтдаа тогтмол байршуулж хэвших.

– Дүүргийн төсвийг хэлэлцэж батлахдаа иргэдийн төлөөлөл, эсвэл хэсгийн ахлагч нараас төлөөлөл оролцуулдаг байх гэх мэт.

А.Мөнхнаран (Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн)

Posted in Сүхбаатар дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »