Нийслэлийн Аудитын газрын дарга Д.Цэрэндаш Нийслэлийн 2009 оны төсвийн тодотголд өгөх санал боловсруулж ИТХ-д танилцуулсан байна. Зарим анхаарал татсан тооцоо, дүгнэлтийг толилуулбал,
– Нийслэлийн Төр захиргааны гуравдугаар байрыг “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” болгон өөрчилж жилд 3633,8 сая төгрөгийн орлоготой ажиллуулахаар тооцоо гаргажээ. Энэ сайн хэрэг. Гэхдээ түрээсийн төлбөрийг хамгийн багаар тооцоход 680.3 сая төгрөг/4724.5м2 талбайг*12000₮*12 сар, дундаж үнэлгээгээр/ олдог, үүнээс 60 хувийг НӨХГ төвлөрүүлэх эсэх нь тодорхойгүй байна.60 хувийг төвлөрүүлсэн ч цаана нь төсөвт 150.0 сая төгрөг төвлөрүүлэх боломжтой байна
– Үйлдвэрүүд болон барилгын компаниуд ундны усыг цэвэрлэгээнд ашиглах, барилгын зуурмагт ашиглах зэргээр дэндүү гамгүй хэрэглэж байна. Иймд эдгээр байгууллагад усны үнийг дээд хязгаараар 50 төгрөг болгож Засгийн газрын шийдвэр гаргуулж мөрдвөл 158.0 сая төгрөгөөр орлого нэмэгдүүлэх боломжтой. Аж ахуйн нэгжийн хэрэглэгээг зөв тооцож, ашиглалтад шинээр орж байгаа аж ахуйн нэгжийн барилга, үйлдвэрийн барилгуудын хэрэглэх усыг ойролцоогоор тооцоход 140,0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл усны орлогыг нийт 298.0 сая төгрөгөөр өсгөх боломж бий.
– Нийслэл, дүүргийн 2008 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар төсвийг зориулалт бус, үрэлгэн зарцуулсан зөрчил 1546.3 сая төгрөгт хүрсэн байна. Зориулалт бус, үрэлгэн зардал гаргах нэг эх сурвалж нь орлогын төлөвлөгөөг шахуу бус төлөвлөж, орлого давсан гэдгээр ИТХ-аар тодотгосон төлөвлөгөөг батлуулаагүй байж их хэмжээний хөрөнгийг дур мэдэн зарцуулдаг, түүнийг ИТХ зориулалтыг тодорхой нарийвчилж заалгүй нөхөн тодотгож баталдаг нь нөлөөлж байгаагийн зэрэгцээ төсвийн хөрөнгийг зориулалтыг тодорхой заагаагүй дүүрэг хөгжүүлэх сан, хороо хөгжүүлэх сан, нөөц сангуудад их хэмжээтэй хуваарилж хэт үрэлгэн зарцуулж байна.