ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ хуулиас.
8.1.Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 8.3-т заасан зориулалтаар өмнөх онд гарсан зардлын гүйцэтгэл, байгаль, цаг уурын болзошгүй өөрчлөлтийн талаархи судалгаа, урьдчилсан таамаглал, экспорт, импортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл, цаашдын төлөв, төсвийн орлогын боломж, чадавхийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
8.2.Засгийн газрын нөөц сан болон Эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ нь тухайн төсвийн жилд төлөвлөгдөж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэл хувьтай тэнцүү байна.
8.3.Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-д заасан сангийн хөрөнгийг зарцуулна:
8.3.1. хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах;
8.3.2.үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах;
8.3.3. алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг арилгах;
8.3.4. төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардал;
8.3.5. Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардал;
8.3.6. олон улсын гэрээний дагуу Монгол Улс төлөх, тухайн жилийн төсөвт тусгагдаагүй татвар, төлбөр, хураамж;
8.3.7. байгууллага, иргэдээс тавьсан хүсэлт болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал.
8.4.Гамшгийн хор уршгийг арилгахад зориулан гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын байгууллага, иргэн, хуулийн этгээдээс өгсөн буцалтгүй тусламж, хандивын хөрөнгийг тухайн зориулалтаар нь зарцуулах бөгөөд уг хөрөнгө нь хүрэлцэхгүй бол Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлнэ.
Засгийн газрын нөөц сангийн эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг төсвийн хөрөнгөөр бүрдүүлнэ.