Монгол Улсын ТӨСӨВ

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мэдээллийн сайт

Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2007 оны байдлаар ямар байв?

Posted by ИТХ on 2008/05/19

Ерөнхий байдал.

Засгийн газрын тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр 2007 онд хэрэгжиж байгаа 75 үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулж байна.

Засгийн газраас баталсан Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийсэн дүнг 2007 оны 07 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад яамд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ үе шат бүрийн зорилтуудад хяналт-шинжилгээ, үр дүнд үнэлгээ өгөхөд шаардагдах шалгуур үзүүлэлтүүдийг жил бүрийн эхэнд баталж, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой тусгаж байхыг Засгийн газрын гишүүдэд тус тус өгсөн боловч санхүүжилтийн асуудал болон яамд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах үүргүүд хангалттай биелээгүй байна.

Хяналт шинжилгээ хийсэн дүнгээс харахад боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн дийлэнхид санхүүжилт хангалтгүй байна. Монгол Улсын Шинжлэх, ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний дүнгээс харахад салбарын санхүүжилтийн хэмжээ Шинжлэх ухаан технологийн тухай хуульд заасан хэмжээнээс 5 дахин бага байгаа нь хөтөлбөрийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж, эрдэм шинжилгээний байгууллагуудын туршилт, сорилтын баазыг бэхжүүлэх талаар ахиц гараагүй байна. Ийм дүгнэлтийг 2006 оны тайланд мөн дурдсан байсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох үүрэгтэй яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо туйлын хангалтгүй байгаа бөгөөд нэг ч байгууллага хийсэн ажлын тайлан мэдээгээ ирүүлээгүй ажээ.

Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, улсын төсвөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх, орон нутгийн удирдлагын идэвх санаачилгыг дээшлүүлэх шаардлагатай байна гэжээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүдэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээс харахад хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоо, нэгдсэн удирдлага зохион байгуулалт муу, санхүүжилтийн асуудал дутмаг, олон улсын байгууллага, гадаад орнуудын төсөл хөтөлбөрөөс хамааралтай байдаг тул санхүүжилтийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээс харахад санхүүжилтгүй, ажлын уялдаа холбоо муу, хөтөлбөрийн удирдлагын идэвх, санаачилга дутмаг гэсэн шалтгаануудаар хүрэх түвшиндээ хүрч чадаагүй гэсэн ерөнхий дүр зураг харагдаж байна.

Түлш, эрчим хүчний салбарын хүрээнд хэрэгжиж байгаа Үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд жил жилийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгийг хөтөлбөрийн хэрэгжилтэд чиглүүлэх саналыг яам гаргасан байна. Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нутгийн удирдлагын оролцоо муу байгаа учраас орон нутгийн удирдлагын оролцоог нэмэгдүүлж, хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүдэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээс харахад хүлээгдэж буй үр дүндээ хүрээгүй шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлсийг яамд, агентлагийн ажлын уялдаа сул, ихэнх хөтөлбөрт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлт байхгүй, санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй гэж дүгнэсэн байна.

Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжиж байгаа “40000 Орон сууц үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх хуулиуд батлагдаж, Засгийн газраас 60 тэрбум төгрөгийн бонд гаргасан байна.Хөтөлбөрийн хүрээнд баригдсан болон баригдах орон сууцнуудаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэд худалдан авахад нь зориулж бага хүүтэй, урт хугацаатай хөрөнгийн эх үүсвэр бий болгож чадаагүй байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагчидтай тогтвортой байдлын гэрээ байгуулах, хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бондын баталгаа гаргаж өгөх, гадаадын хөрөнгө оруулалтаар баригдсан орон сууц, түүний дэд бүтцийг худалдах, худалдан авах талаар хууль, эрх зүйн баримт бичгүүд гарахгүй удааширсантай холбоотойгоор хөтөлбөр хүлээгдэж буй үр дүндээ хүрээгүй гэж үзэж байна.Улаанбаатар хотод баригдах орон сууцнуудын байршлыг шийдвэрлэхэд Засгийн газрын зүгээс дэмжлэг ихээхэн хэрэгтэй байгаа ажээ.

1. Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр болон Нэг суурин-нэг бүтээгдэхүүн ХХААЯ

2. Цахим Монгол хөтөлбөр МХХТГ

3. Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөр БСШУЯ

4.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх болон Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр ЭМЯ

5. Сум суурин газрын дулаан хангамжийн хөтөлбөр ТЭХЯ

6. Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх хөтөлбөр СЯ

7. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих ХТҮГ

8.Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх болон Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ХЗДХЯ гаргаж ирүүлээгүй байна.

Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээлэл ороогүй болно.

Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц.

Хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулж байна.

а/ Нийгмийн бодлогын чиглэлээр:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт

1. Бичиг үсгийн боловсрол

2. Зайны сургалт

3. Бага дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх

4.Үндэсний соёлын өв мэдээллийг тоон системд оруулан хадгалах

5. Сонгодог урлаг

6. Морин хуур, уртын дуу

7.Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Зайны сургалтын үндэсний хөтөлбөрт тусгайлан тусгасан санхүүжилтгүй, бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй, албан бус боловсролын арга зүйч давхар хариуцан ажилладаг ажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын ажлын уялдаа муу, нэгтгэн зангидах тал дээр хангалтгүй ажилладаг гэж дүгнэсэн байна.

Бага дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгуур үзүүлэлтүүдээр үнэлснээс харахад ихэнх зорилт 100 хувь биелж, багш мэргэжлээр төгсөгчдийн мэргэжлийн ажил эрхлэлтийн түвшинг 70 хувьд хүргэх зорилт 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Хөтөлбөрийг зохих түвшинд хэрэгжүүлж байгаа боловч хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөлт, зохицуулалт, түүнд тавих хяналт сул байна гэж дүгнэсэн байна. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар яамны зүгээс дараахь саналуудыг тавьсан байна.

Эрдэм шинжилгээний байгууллагын туршилт, сорилтын баазыг бэхжүүлэх талаар онцгой анхаарч хүрээлэн дундын ашиглалт бүхий аналитик судалгааны иж бүрэн лабораторийг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн засвар үйлчилгээ, угсралтын төв байгуулах асуудлыг шийдвэрлэх

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэхээр санал болгож байгаа Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнд аналитик лаборатори байгуулах, Биотехнологийн төвийн судалгааны баазыг бэхжүүлэх төслүүдийг Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжих

Гадаадын зээл, тусламжийн хөрөнгийн нэгээс доошгүй хувийг эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, сорилт туршилтын баазыг бэхжүүлэхэд зарцуулах тухай шинжлэх ухаан, технологийн шинэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газраас онцгой анхаарах

Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын зүгээс онцгой анхаарч энэ хөтөлбөрийн санхүүжилтийг тусгайлан гаргаж санхүүжүүлэх

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд

1. Сэтгэцийн эрүүл мэнд

2.Халдварт бус өвчинтэй тэмцэх

3.Нөхөн үржихүйн эрүүл мэнд

4.Осол гэмтлээс сэргийлэх

5.Сумын эмнэлгийн хөгжил

6.Эрүүл мэндийн технологийг сайжруулах

7.Халдварт өвчинтэй тэмцэх

8.Рашаан сувиллыг хөгжүүлэх

9.Орчны эрүүл мэнд

10.Эрүүл Монгол хүн

11.Амны хөндийн эрүүл мэнд хөтөлбөрүүд тус тус хэрэгжиж байна.

Сэтгэцийн эрүүл мэнд хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа 2007 онд дуусч байгаа бөгөөд хүн амын дунд сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн тохиолдол, амиа хорлолт буурахгүй байгааг харгалзан 2 дахь шатны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгтэй гэж яам үзсэн байна. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн орон нутгийн төсөв хөрөнгийн хүрэлцээ хангалтгүй байдаг бөгөөд нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд нийтэд нь төсөвлөгддөг төсвөөс бага хэсэг нь Сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрт хуваарилагддаг тул үр дүнтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд хүрэлцдэггүй байна.

Халдварт бус өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээг анхан шатанд төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах, хянах үүрэг бүхий техникийн ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулан ажиллаж байгаа нь холбогдох байгууллага, ажилтнуудын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний чанар, үр дүнг дээшлүүлэх арга хэмжээ болсон байна.

Нөхөн үржихүйн эрүүл мэнд /НҮЭМ/ хөтөлбөр 95 хувийн хэрэгжилттэй, эхийн эндэгдэл буураагүй, бусад үзүүлэлтүүд буурсан байна. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянан үзэх чиг үүрэгтэй НҮЭМ-ийн зохицуулах зөвлөл байгуулагдсанаас гадна НҮЭМ-ийн чиглэлээр ажиллаж буй Төрийн бус байгууллагуудын нэгдсэн сүлжээтэй болсон байна.

Осол гэмтлээс сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Осол гэмтлийг бууруулах нь зөвхөн эрүүл мэндийн салбарын бус нийгмийн өргөн цар хүрээтэй ажил бөгөөд бусад салбарын оролцоо маш чухал. Олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр нилээд арга хэмжээ авч хэрэгжүүлдэг ба хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах төсвийн санхүүжилт хангалтгүй байдаг нь хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байгаа ажээ.

Халдварт өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хангалттай түвшинд байгаа ч Халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Ялангуяа тархвар зүйн судалгаа, дүн шинжилгээ хийж, тухайн жилд гарах магадлалтай халдвараас сэргийлэх арга хэмжээг урьдчилан авах ажил хангалтгүй байсан байна.

Хүн амын ядуурал, эрсдэлт зан үйл зэрэг бусад сөрөг үзэгдлүүдтэй холбоотойгоор зарим халдварт өвчин ихсэх магадлал өндөр тул халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд зарцуулах орон нутгийн төсвийн санхүүжилт, дэмжлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ.

Рашаан сувиллыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн болон гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах талаар дэмжлэг шаардлагатай байгаа юм байна. Орон нутгийн байгаль хамгаалах, мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэжээ.

Орчны эрүүл мэндийг сайжруулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх талаар бусад салбарын байгууллагуудын оролцоо, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд зохих ахиц дэвшил гарч байгаа боловч, цаашид салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Орчны бохирдолтоос шалтгаалсан зүрх судас, амьсгалын замын болон хавдрын өвчлөл буурахгүй, өсөх хандлагатай байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн байдлаар Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа юм байна.

Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн нийт батлагдсан санхүүжилт болох 5.3 тэрбум төгрөгөөс 2007 онд зохих хувийг зарцуулсан бөгөөд үлдэгдлийг буцаан нийгмийн даатгалын санд хуримтлуулсан боловч өнөөг хүртэл санхүүжилт буцаан олгогдоогүйн улмаас хөтөлбөрийн хэрэгжилт нийслэл, орон нутгийн түвшинд зогсонги байдалд хүрээд байгаа ажээ.

Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2007-2010 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан, Нийгмийн эрүүл мэндийн зөвлөлийн дэргэдэх салбар дундын ажлын хэсгийн хуралдаанаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж, нийслэлийн дүүрэг, аймаг сумын амны хөндийн кабинетууд сургалт сурталчилгааг тогтмолжуулан, эмч мэргэжилтнүүдийн мэргэжил, мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч, сургалтад хамруулах зэрэг ололттой талууд гарсан байна.

Энэхүү хөтөлбөрийн 2 дахь шат 2006 оноос хэрэгжиж байгаа ч хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа хангалттай бус, амны хөндийн зохилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, хянах нэгдсэн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах мэргэжлийн толгойлох байгууллага тодорхой бус байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хагахад сөргөөр нөлөөлж байгаа ажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яамны дэргэдэх “Эрүүл мэндийг дэмжих” сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллага дэмжлэг үзүүлж, Таван богд, MCS, Анунгоо, Космо зэрэг компаниуд идэвхтэй хамтран ажилласан байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн бодлогын хүрээнд:

1.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах

2.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

3.Жендэрийн тэгш байдлыг хангах

4.Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал

5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих

6.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих

7.Хүн худалдах ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах

8.Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд ажилтны ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг эрмэлздэг аж ахуйн нэгж, байгууллагын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь сайшаалтай байна. Гэвч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин төдийлөн буурахгүй, барилга, уул уурхайн салбарт осол гарч, ажилчид амь насаа алдах явдал гарсаар байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тоо жил ирэх тутам буурч, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа, ажилгүйдлийн түвшин буурсан зэрэг үзүүлэлт нь энэ хөтөлбөр болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дүн бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр баталгаатай, жилээс жилд өсч байгаа нь их ач холбогдолтой гэж үзсэн байна. Засгийн газраас 2007 оныг “Их бүтээн байгуулалт-Шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил” болгон зарласны үр дүнд 81172 шинэ ажлын байр бүртгэгдсэн байна.

Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал хөтөлбөрийн зорилт хэт ерөнхий, тунхаглал шинжтэй, эдийн засгийн чадавхи боломжиндоо тохироогүй учир хөтөлбөрийн зорилтын биелэлтийг гаргахад хүндрэлтэй байсан байна.

б/Эдийн засгийн бодлогын хүрээнд:

Санхүү, эдийн засгийн салбарт:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Авилгатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хороо, Улсын мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын байцаагч нарт худалдан авах ажиллагааны хууль болон түүнийг дагалдан гарсан журам, зааврыг таниулах сургалт зохион байгуулж, хяналт шалгалтын 100 гаруй ажилтан хамрагдсан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын болон олон улсын хандивлагч байгууллагуудын хөрөнгөөр санхүүжүүлэхээр заасан байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг 50 хувьтай байна гэж үзжээ.

40000 орон сууц хөтөлбөрийн Сангийн яамтай холбоотой заалтыг хэрэгжүүлэх хүрээнд уг хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрт зориулан 2006 оны 12 дугаар сар, 2007 оны 4-10 дугаар саруудад нийтдээ 11 удаагийн арилжаагаар нийт 41.9 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг арилжиж төрийн санд 40.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг дунджаар жилийн 6.5 хувийн хүүгийн зардалтайгаар татан төвлөрүүлж, Голомт банкинд 9.9, Улаанбаатар хотын банкинд 8.0, Монгол шуудан банкинд 4.0 тэрбум, нийт 21.9 тэрбум төгрөгийг дамжуулан зээлдүүлээд байгаагаас Орон сууцны санхүүжилтийн корпораци өнөөгийн байдлаар ердөө 3.0 орчим тэрбум төгрөгийн барилгын гүйцэтгэлийн санхүүжилтийг хийгээд байгаа ажээ.

Үйлдвэр, худалдааны салбарт:

1. Экспортын үйлдвэрлэлийг дэмжих

2. Ой мод боловсруулах үйлдвэрлэлийг сэргээх, тухайн чиглэлээр байгуулагдсан тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ

3. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх

4. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих

5. Ноос

6. Арьс шир

7. Бөөний худалдааны сүлжээ

8. Геологийн мэдээллийн сан хөтөлбөрүүд тус тус хэрэгжиж байна.

Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ хөрөнгийн эх үүсвэр уялдаагүй, дэд бүтэц, шинжлэх ухаан-технологи-үйлдвэрийн парк, экспортын үйлдвэрийг орон нутагт байршуулж байгуулах төсөл, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулж хэрэгжүүлэх хамтын ажиллагаа хангалтгүй байсан гэсэн дүгнэлтийг 2007 оны хяналт шинжилгээ, үнэлгээний дүнд дахин дүгнэсэн байна.

2007 оны байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд хязгаарлагдмал нөхөгдөхгүй нөөцтэй уул уурхай, олборлох үйлдвэрийн бүтээгдэхүүн 67.8 хувийг эзэлж байгаад судалгаа-дүгнэлт хийж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох, бодлого стратегийг нарийвчилсан хөрөнгийн эх үүсвэр, төлөвлөгөөтэй, дэс дараатай хэргжүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

Экологийн цэвэр лаазалсан махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх хандлагатай байна. Экспортын бодлого, зах зээлийн судалгаа, хөгжлийн хурд зэргийг харгалзан ойрын хугацаанд хэрэгжүүлэхүйц дэд хөтөлбөрүүд шаардлагатай ажээ.

Ой мод боловсруулах үйлдвэрлэлийг сэргээх, тухайн чиглэлээр байгуулагдсан тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ хөтөлбөрт улсын төсвөөс 120 сая төгрөг, бусад эх үүсвэрээс 420 сая төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байна. Хөтөлбөрт хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээс харахад хүлээгдэж буй үр дүндээ хүрээгүй шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь ой ашиглах, хамгаалах тогтвортой менежмент байхгүй явдал гээд, энэ нь ойгоос мод бэлтгэх, ойг нөхөн сэргээх, мод боловсруулах үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна.Үүнээс гадна Засгийн газрын 1998 оны 125 дугаар тогтоолоор батлагдсан “Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх тухай журам”-ын дагуу ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа газарт АМГТХЭГ-ын Кадастрын албанаас ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лиценз давхардуулан олгож аж ахуйн нэгжүүдийн хооронд маргаан үүсгэж, хууль журам зөрчигдөж байна гэсэн байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөл, салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хөтөлбөрт оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэжээ. Монголын Ойчдын нэгдсэн холбоо, Үйлдвэр худалдааны яамны хамтын ажиллагааг хангалттай сайн байгаа гэж үзсэн байна.

Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон Бөөний худалдааны сүлжээ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бусад хөтөлбөрийн хэрэгжилтэд гарч буй санхүүгийн эх үүсвэртэй уялдуулж төлөвлөөгүй, санхүүжилтгүй зэрэг нийтлэг асуудал гарсан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн зорилго нь жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, албан бус бизнес эрхлэгчдийг албан ёсны жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байр шинээр бий болгох явдал.

Хөтөлбөр зохих үр дүнд хүрч байгаа боловч санхүүжилт хугацаандаа олгогдохгүй, жижиг дунд үйлдвэрийг /ЖДҮ/ дэмжих зээлийн эх үүсвэр урт хугацаат хөнгөлөлттэй зээлийн асуудлын шийдвэрлэгдэх хугацаа удаашралтай, ЖДҮ эрхлэгчдийн мэдлэг, боловсрол, чадвар дутмаг зэргээс хамаарч уг хөтөлбөрийн зарим арга хэмжээ хугацаандаа хэрэгжихгүй байх хандлага ажиглагдсан байна.

Ноос дэд хөтөлбөрийн 3 дахь шатны хэрэгжилт 30 хувьтай байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах шаардлагатай гэж дүгнэсэн байна. 2007 онд ноосны салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн боловч, экспортын хэмжээ буурсан байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр жижиг, дунд үйлдвэрийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдэж, жижиг дунд үйлдвэрлэлийг зээлийн бодлогоор дэмжих арга хэмжээг сайн хэрэгжиж байна гэжээ.

в/ Хот байгуулалт, эрчим хүч, бүс нутаг, хөдөөгийн бодлогыг дэмжих чиглэлд

Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжиж байгаа “40000 Орон сууц үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх хуулиуд батлагдаж, Засгийн газраас 60 тэрбум төгрөгийн бонд гаргасан байна.Хөтөлбөрийн хүрээнд баригдсан болон баригдах орон сууцнуудаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэд худалдан авахад нь зориулж бага хүүтэй, урт хугацаатай хөрөнгийн эх үүсвэр бий болгож чадаагүй байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагчидтай тогтвортой байдлын гэрээ байгуулах, хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бондын баталгаа гаргаж өгөх, гадаадын хөрөнгө оруулалтаар баригдсан орон сууц, түүний дэд бүтцийг худалдах, худалдан авах талаар хууль, эрх зүйн баримт бичгүүд гарахгүй удааширсантай холбоотойгоор хөтөлбөр хүлээгдэж буй үр дүндээ хүрээгүй гэж үзэж байна.Улаанбаатар хотод баригдах орон сууцнуудын байршлыг шийдвэрлэхэд Засгийн газрын зүгээс дэмжлэг ихээхэн хэрэгтэй байгаа ажээ.

г/ Хүнс, хөдөө аж ахуйн салбарт

1.Ногоон хувьсгал

2.Сүү

3.Экологийн цэвэр бүтээгдэхүүн

4.Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл

5.Иод дутлын эмгэгтэй тэмцэх

6.Малын эрүүл мэнд

7.Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих

8.Малын чанар сайжруулах үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Ногоон хувьсгал хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төмс, хүнсний ногоо, жимсний дотоодын үйлдвэрлэл тогтвортой нэмэгдэж, олон түмний идэвх санаачлага, өөрийгөө дайчлах хандлага сайжирсан байна. Хөтөлбөрийн санхүүжилт хангалттай нэмэгджээ. Төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжилтын түвшин дээшилж хөдөлмөрийн бүтээмж, усалгаатай талбайн хэмжээ нэмэгдсэнээр төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг байгаль цаг уурын таагүй нөлөөллөөс тодорхой хэмжээгээр ангид байлгах боломж бүрдэж эхэллээ гэж үзсэн байна. Хэдий тийм боловч төлөвлөлт бодитой бус, хөтөлбөр хэрэгжих эхний шатанд санхүүжилт дутмаг байснаас хүлээгдэж байгаа түвшиндээ хүрээгүй байна.

Сүү хөтөлбөрийн хүрээнд сүүний чиглэлийн эрчимжсэн 56 аж ахуй, сүү боловсруулах 7 үйлдвэр, цагаан хоолны 3 газар шинээр байгуулагдсан байна. Улсын болон орон нутгийн төсөв, банкны зээл, гадаадын зээл, тусламжийн хүрээнд хөтөлбөрийн санхүүжилтэд мэдэгдэхүйц ахиц гарснаар сүү үйлдвэрлэл, боловсруулалтын бизнес эрхлэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна.

Сүү үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн удирдлага, зохион байгуулалтын байнгын, тасралтгүй байдал шаардлага хангах хэмжээнд хүрээгүй байгаа ажээ.

Экологийн цэвэр бүтээгдэхүүн хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай, эхлэлийн төдий байгаа бөгөөд экологийн цэвэр бүтээгдэхүүний стандарт, шалгууруудыг боловсруулж гаргаагүй байна. Үндэсний хороо гүйцэтгэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, салбар хоорондын уялдаа муу байсан зэрэг нь хөтөлбөрийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлжээ. ХХААЯ, ҮХЯ, БОЯ, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ажлын уялдаа муу байсан гэж дүгнэсэн байна.

Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 64 гаруй тэрбум төгрөг /2001 оны ханшаар/ шаардлагатайгаас тус хөтөлбөртэй холбоотой Малын эрүүл мэнд, Цагаан хувьсгал, Ногоон хувьсгал, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих зэрэг хөтөлбөрүүдийн санхүүжилтийг оролцуулан тооцоход хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өссөн дүнгээр 27 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Хүнсний аюулгүй байдлын хяналтын нэгдсэн тогтолцоо бүрэлдсэн гэж ХХААЯ үзсэн байна.

Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээс харахад хөтөлбөрийн санхүүжилт хангалтгүй, орон нутагт хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтын ажил, хариуцлага туйлын сул, гүйцэтгэлийн хяналтын тогтолцоо бүрдээгүй, хөтөлбөрийн үндэсний хорооны үйл ажиллагаа орон нутагт хүрдэггүй, оролцогч талуудын хамтын ажиллагааг хангаж чадахгүй байгаа зэрэг нь хөтөлбөрийн үр дүнд сөргөөр нөлөөлж байна гэжээ.

Иод дутлын эмгэгтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн, оролцогч талуудын хамтын ажиллагаа сайн, хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна гэж үзсэн байна.

Түлш эрчим хүчний салбарын хүрээнд УИХ, Засгийн газраас баталсан 4 хөтөлбөр хэрэгжиж байна. Үүнд:

1.100000 нарны гэр хөтөлбөр

2 .Сэргээгдэх эрчим хүч

3. Шингэрүүлсэн шатдаг хий

4. Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем

100000 нарны гэр үндэсний хөтөлбөрийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр хөдөөгийн нийт айл өрхийг хангаж сум, багийн төв, аялал жуулчлалын бааз, суурин газрыг цахилгаанжуулах ажлыг өргөжүүлэх ажлыг 2006-2010 онд хийхээр төлөвлөсөн байна.

2007 онд 50 Вт-ын чадалтай нарны цахилгаан үүсгүүрээр 50000 малчин өрхийг хангах олон улсын нээлттэй тендерт БНСУ-ын “L-Systech-Bionics-Prothinker” компанийн түншлэл гүйцэтгэгчээр шалгарч Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвтэй гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас гэрээг цуцалж, тендерт оролцсон бусад компаниудын дунд хязгаарлагдмал тендерийг 2007 оны 4 дүгээр сард дахин зарлан “Баян констракшин” ХХК-г шалгаруулж гэрээ байгуулж, 2007 онд нийлүүлэх 50 Вт-ын 40400 нарны зайн үүсгүүрээс 31271 үүсгүүрийг нийлүүлсэн байна. Буцалтгүй тусламжаар олгосон цахилгаан үүсгүүрийн үнийн төлбөрөөс эргэлтийн хөрөнгийн сан байгуулж дараагийн шатны ажилд зарцуулах шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн байна.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 380-450 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд хөтөлбөрийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг 19.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх нийтлэг зорилт болон ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 7 үндсэн зорилт амжилттай хэрэгжиж байна гэж үзсэн байна.

Шингэрүүлсэн шатдаг хий үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд 12-15 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 2007 онд шингэрүүлсэн хийн баллоныг шалгах, баталгаажуулах, туршиж тохируулах төв болон хийн шинжилгээний лаборатори байгуулах ажилд 360 сая төгрөг тусгагдаж 90 сая төгрөгийн санхүүжилт хийгджээ.

Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн болон “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр 2007 онд 71.2 тэрбум төгрөгийн барилга байгууламж, төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгэсэн байна.

Зам, тээвэр, аялал жуулчлалын салбарт хэрэгжиж байгаа “Иргэний нисэхийн аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний болон нмсэхийн аюулгүй байдлын үзлэгийн шалгалт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах зардлыг ИНЕГ-ын жил бүрийн үйл ажиллагааны зардлын төлөвлөгөөнд тусган санхүүжүүлж, 2007 онд 427.4 сая төгрөг зарцуулсан байна. Тагнуулын ерөнхий газрын санаачилгаас хамаарч ИНЕГ-тай хамтран “Иргэний нисэхийн эсрэг заналхийллийн үед авах арга хэмжээний нэгдсэн журам”-ыг боловсруулж Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлөөр баталгаажуулж мөрдүүлэх ажил хэрэгжээгүй байна.

г/ Байгаль орчны бодлогыг дэмжих хүрээнд

Байгаль орчны салбарт

1.Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагаа

2.Тусгай хамгаалаттай газар нутгийн /УИХ-ын тогтоол/

3.Ус

4.Хог хаягдлыг бууруулах

5.Агаарыг хамгаалах

6.Монгол Улсын ХХI зууны тогтвортой хөгжил

7.Уур амьсгалын өөрчлөлт

8.Ойн тухай

9.Монгол орны ховор ургамлыг зохистой ашиглах

10.Чанарын болон байгаль орчны удирдлагыг дэмжих

11.Ус цаг уур орчны шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх

12.Цөлжилттэй тэмцэх

13.Монгол орны идлэг шонхорыг хамгаалах

14.Ногоон хэрэм

15.Цоохор ирвэс /Байгаль орчны сайдын тушаал/

16.Цагаан тоос /Байгаль орчны сайдын тушаал/

17.Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай

18. Îçîны үе давхаргыг хамгаалах

19.Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах

20.Төрөөс экологийн талаар баримтлах бодлого /УИХ-ын тогтоол/

21.Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Байгаль орчны салбарт Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоол, Байгаль орчны сайдын тушаалаар баталсан 21 хөтөлбөр хэрэгжиж байна. Ихэнх хөтөлбөр үйл ажиллагааны төлөвлөгөөтэй хэрэгжиж байна. Зарим хөтөлбөр тухайлбал Төрөөс экологийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр зэрэг нь тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх хугацаат төлөвлөгөөгүй, салбар хоорондын үйл ажиллагаа шаардсан хөтөлбөрүүд тул биелэлтийг тооцохдоо дэвшүүлсэн зорилтын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дүнгээр багцаалж дүгнэсэн байна.

Ихэнх хөтөлбөрүүдэд хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт, тодорхой механизм тусгагдаагүйгээс хөтөлбөр тус бүр дээр дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийгдсэн ажлын бодит гүйцэтгэлээр үнэлгээ өгчээ.

Ногоон хэрэм төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын бүтэц үндсэндээ шийдвэрлэгдэж 2 жилийн хугацаанд ногоон зурвас байгуулах ажлыг хийж зохих хэмжээний туршлага хуримтлуулсан байна. Ногоон хэрэм хөтөлбөрийн эхний үе шатанд /2005-2015 онд/ 750 км урттай, 40 мянган га талбайд ногоон зурвас байгуулахаар төлөвлөгдсөн байна. Санхүүгийн боломжоос хамаарч 2007 онд төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй байна.

Агаар хамгаалах хөтөлбөрт шаардагдах төсөв тусгагдаагүй, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө хэт ерөнхий, ойрын үед хэрэгжүүлэх боломжгүй ажлуудыг тусгасан, холбогдох байгууллагуудын ажлын уялдаа муу гэсэн дүгнэлтийг Байгаль орчны яам хийсэн байна.

Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд багагүй амжилттай ажилласан гэж дүгнэсэн байна.

Энэхүү хөтөлбөрийн Нөхөн сэргээлт хийгээгүй орхисон аж ахуйн нэгж, байгууллага болон эвдэрч өөрчлөгдсөн талбайн талаар мэдээлэх, нөхөн сэргээлтийг стандартын дагуу мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах, байгальд ээлтэй, хаягдалгүй технологиор ашигт малтмал ашиглахыг дэмжих сурталчлах зорилтын хүрээнд Байгаль орчны сайдын 2007 оны 6 дугаар тушаалаар “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-ыг батлуулан мөрдүүлж ажилласны үр дүнд 2007 онд 159 аж ахуйн нэгж 553.9 сая төгрөгийг тусгай дансанд төвлөрүүлэн ажилласан байна. Нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй тохиолдолд уг баталгааны мөнгөөр нөхөн сэргээлтийг зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлж дутсан хөрөнгийг олборлолт явуулсан аж ахуйн нэгжээс үл маргах журмаар гаргуулах журмаар ажиллаж байгаа ажээ. Мөн эдэлбэр газрынхаа 50-с дээш хувьд нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан урамшуулж, 2007 онд “Ханшижир”, “Алтандорнод Монгол” компаниудыг “Тэргүүний байгаль орчныг сэргээгч” гэрчилгээ, дурсгалын зүйлээр урамшуулжээ.

д/ Хууль хяналтын байгууллагыг бэхжүүлэх, гэмт хэргийг бууруулах чиглэлд

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн явц 48.3 хувьтай байгаа нь тус хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2007-2010 онд 5 үндсэн зорилтын хүрээнд 41 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төлөвлөгөөнд çамын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албаны албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сонгон шалгаруулах төлөвлөгөө гарган давтан болон зайны сургалтыг зохион байгуулах гэсэн заалтын дагуу ямар нэгэн дорвитой арга хэмжээ авагдаагүй байна. Мөн төлөвлөгөөнд Тээврийн хэрэгслийн ашиглалт, техникийн байдалд судалгаа явуулж, гааль, татварын бодлогоор зохицуулалт хийх гэсэн заалт хэрэгжиж эхлээгүй байна.

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яам зохион байгуулах болон бусад байгууллагатай хамтран гүйцэтгэх 23 заалт байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Авилгалтай тэмцэх орон тооны бус зөвлөл тухайн онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан уг төлөвлөгөөнд заасан ажлуудаас гадна Авлигын эсрэг зөвлөмж боловсруулан харьяа агентлаг, байгууллагуудад хүргүүлэн, авлигад өртөж болзошгүй үйл ажиллагаа, албан тушаалын жагсаалтыг батлуулж ажилласан байна.

Монгол Улсад Хүний эрхийг хангах, Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх болон Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр зэрэг нийт 21 хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих хөтөлбөр, Тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх дэд хөтөлбөр, Сэтгэцийн эрүүл мэнд, Орчны эрүүл мэнд болон Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал хөтөлбөрүүдийн зарим заалтыг хариуцан хэрэгжүүлж байна

е/ Батлан хамгаалах салбарын хүрээнд:

1. Халдварт өвчинтэй тэмцэх

2. Нөхөн үржихүйн эрүүл мэнд

3. Монгол Улсад хүний эрхийг хангах

4. Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах

5. Эрүүл Монгол хүн

6. Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх

7. Бичиг үсгийн боловсрол

8. Ногоон хэрэм

9. Цахим Монгол

10. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах

Батлан хамгаалах яам дээрх 10 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бөгөөд 5 хөтөлбөр 70 хувийн, 3 хөтөлбөр 90 хувийн хэрэгжилттэй, харин Ногоон хэрэм болон Цахим Монгол хөтөлбөрүүд эхлэлийн шатандаа байна.

ё/ Гадаад хэргийн яаманд:

1.Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих

2.Морин хуур, уртын дуу

3.Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого

4.Ногоон хэрэм

5.Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах

6.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөрүүдийн зарим заалт хэрэгжиж байна.

Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газраас Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хандивлагч орон болон олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа ажээ.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад Монголын талаас санал болгосон төслүүдийг батлуулах чиглэлд тодорхой ахиц гарсан гэж үзсэн байна.

Дүгнэлт

Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны 30 дугаар тэмдэглэлээр Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад яамд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ үе шат бүрийн зорилтуудад хяналт-шинжилгээ, үр дүнд үнэлгээ өгөхөд шаардагдах шалгуур үзүүлэлтүүдийг жил бүрийн эхэнд баталж, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой тусгаж байх үүргүүдийг Засгийн газрын гишүүдэд өгсөн боловч үүргийг биелүүлэх тал дээр хариуцлагаүй хандсан байна. Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ идэвх, санаачилга гаргаж ажиллаагүйгээс, яамд хоорондын хамтын ажиллагаа төдийлөн сайжраагүй, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Яамдаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж байгаа хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, танилцуулгын найруулга муу, үг үсгийн алдаа их байна.

Байгаль орчны яамны толгойлон хэрэгжүүлж байсан Бүх нийтийн экологийн боловсрол үндэсний хөтөлбөрийг Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд, Байгалийн гамшгийн аюулыг бууруулах хөтөлбөрийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжих шатанд нь шилжүүлсэн гэж Байгаль орчны яамны тайланд дурдсан байна. Эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг БСШУЯ, ОБЕГ гаргаж ирүүлээгүй.

Санал

Хөтөлбөр бүрийн санхүүжилтийг тодорхой болгож, хөтөлбөрийн гүйцэтгэлийн тоон болон чанарын шалгуур үзүүлэлтүүдийг зорилт бүрээр нь хэмжигдэхүйц байдлаар гаргаж байх

Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг цаашид сайжруулах шаардлагатай байгаа тул жил бүрийн 2 дугаар хагаст хэрэгжилт нь удаашралтай байгаа хөтөлбөрүүдэд хяналт, шинжилгээ үнэлгээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, оролцогч яамдын төлөөлөлтэй ажлын хэсэг байгуулан хийж байх

Орон нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо хангалтгүй байгаад дүгнэлт хийж, хөтөлбөрийг толгойлон хэрэгжүүлэгч яамд санаачилгатай ажиллах шаардлагатай байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 48 other followers

%d bloggers like this: