Монгол Улсын ТӨСӨВ

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мэдээллийн сайт

Archive for the ‘Хөрөнгө оруулалт, тендер’ Category

“Хог хаягдлын машин шинээр авах шаардлагагүй”

Posted by ИТХ on 2012/02/15

2012 оны 2-р сарын 13-нд “Тунгаа төв” ТББ, “Улаанбаатар шинэчлэл” компани болон хувиараа хог тээвэрлэгчид хамтран зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр тэд дараах баримтуудыг зарласан байна.

- Ирэх 4-р сард нийслэлийг хөгжүүлэх сангаас 20 тэрбум төгрөгөөр хог тээврийн 200 машин машин авах гэж байна. Нэг машины үнэ 100 сая төгрөг гэсэн үг. Дэндүү их мөнгө учраас дүүрэг дүүргээр хувааж байршуулсан. Тухайлбал, хамгийн цөөхөн хороотой Чингэлтэй дүүрэгт 1,8 тэрбум төгрөгийг хуваарилсан бол хамгийн олон хороотой Баянзүрх дүүрэгт нэлээд хэдэн тэрбум төгрөг ногдоно.

- Монгол улсад хог тээвэрлэх машин техник дутагдалтай мэтээр сурталчилдаг нь худлаа. Өнөөдөр хог тээврийн машинтай хувийн компани, хувь хүмүүс зөндөө байна. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг ингэж гарын салаагаар урсгаж байгааг бид эсэргүүцэж байгаа. МАХН-ын сонгуулийн сурталчилгаагаар хороо болгоныг хогны машинтай болгоно гэж байсан. Түүнийг хэрэгжүүлж сонгуулийн шоу хийх гэж байна.

- 100 сая төгрөгийн машиныг “Улаанбаатар шинэчлэл” компани 30 сая төгрөгөөр оруулж ирье гэхэд “битгий тендерт” ор гэсэн.

- Өмнө нь 2009 оны 7-р сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна ёслол хийж 72 машин оруулж ирсэн ч ихэнх нь эвдэрсэн. Зарим нь бүр паркдаа очиж чадахгүй эвдэрч байсан. Өнөөдөр засаж сэлбэх гэхлээр үйлдвэр нь байхгүй болсон. Эдгээр машиныг “Моннис” компани 9 тэрбум төгрөгөөр оруулж ирсэн. Уг нь нэг нь 25 сая төгрөгийн үнэтэй гэсэн. 25х72 = 1,8 тэрбум төгрөг, бусад мөнгө нь хаачсан бэ?

- Дүүргүүд ТҮК-үүд иргэдээс мөнгө хураадаг боловч түүгээр нь хог тээвэрлэдэггүй мөртлөө Засаг даргын нөөц сангаас мөнгө авдаг. Хог тээврийн хувийн компаниудаар хог тээвэрлүүлсэн ч мөнгийг нь өгөхгүйгээр дампууруулж байна. Саяхан БГД-т хоёр компани дампуурсан.

- Япон улсад 5 жил ажиллаад ирсэн иргэн “Улаанбаатар шинэчлэл” компанийг Сүхбаатар дүүрэгт байгуулж өөрийн хөрөнгөөр хогны машин оруулж ирсэн боловч дэмждэггүй учраас дампуурах гэж байна. Сүхбаатар дүүргээс дөчөөд сая төгрөгийн авлагатай. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай саяхан гурваас дөрвөн удаа хогийн мөнгө гаргаж авсан. Сургийг нь сонсоход энэ мөнгөөр хоёр хорооны дарга нарт “Аксент” маркийн хоёр машин авч өгсөн сураг байна.

- Дүүрэг болгонд хог хаягдлын сан гэж байгууллага байна. Иргэдээс хогний мөнгийг авч компаниудад өгч тээвэрлүүлдэг. Энэ санг захиргааны хэргийн шүүхээр хууль бус гэдгийг тогтоосон боловч байж л байдаг.

- Би 1980 оноос хог тээвэрлэж байна. Чиргүүлтэй машинаар хог тээе гэхлээр СХД, бас нэг дүүргээр явсан боловч зөвшөөрөөгүй. Хотын захирагчийн ажлын албанаас бидний санаачлагыг дэмждэг боловч дүүргүүд дэмждэггүй. Дүүргүүдийн ТҮК-үүд менежментийн хувьчлалаар хувьд очсон, дүүргийн дарга нар хувь эзэмшдэг. Тийм компаниудад 20 тэрбум төгрөгөөр дахиад машин авч өгөх гэж байна.

- Өнөөдөр хогийг 2500 төгрөгөөр тээвэрлэх бүрэн боломжтой. Судалгаа хийгээд гэр хорооллын айлын хогийн 1900, гэр хорооллын хогийг 900 төгрөгөөр тээвэрлэхэл алдагдалгүй гэдэг.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хөрөнгө оруулалт, тендер | 1 Comment »

Хоёр дахин их өртгөөр барих уу?

Posted by ИТХ on 2011/08/08

Саяхан нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдахад төсөвтэй холбоотой нэгэн асуудалд оруулж ирсэн нь Улаанбаатар хотын 7 дүүрэгт нэгэн зэрэг баригдах усан бассейн , мөсөн гулгуурийн талбай бүхий цогцолборын барилгын батлагдсан төсвийг нэмэгдүүлэх тухай байжээ. Компаниудын дунд аль хэдийнэ тендер зарласан хэрнээ үл ойлгогдох шалтгаанаар гацчихаад байсан юм. Албан тушаалтнууд тайлбарлахдаа, эдгээр барилга байгууламжийг газар хөдлөлийн бүсэд барих тул нэмэлт бэхэлгээ хийх шаардлагатай гэсэн экспертизийн шинжилгээний дүн гарсан тул нэг цогцолборын өртөг 900 сая төгрөгт багтахгүй байна гээд дахиад нийт 4 тэрбум төгрөг баталж өгөхийг хүсчээ.

Үүнийг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч (Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд) Д.Нямхүү эсэргүүцэж “Төсөв хүрэлцэхээ болилоо гэсэн шалтаг хэлээд дахин анхны төсөвтэй тэнцэх төсөв нэмж оруулж байна. Үүнийг мөнгө угаах гэдэг юм. Сүхбаатарын талбайд ингэсэн. Сүхбаатарын хөшөөг хүрэлдэхэд бас ингэсэн. Сая бас нэг юман дээр төсөв хүрсэнгүй гэж 160 сая төгрөгийн төсөв нэмж батлуулсан. Барилгын зураг төсвийг зохиосон хүн түүний өөрчилнө гэдэг маш хэцүү. Гэтэл энэ зураг төсвийг хийсэн хүн яахаараа хоёр дахин бага төсөв хийчихсэн байдаг юм бэ?” гэж асуусан ч тодорхой тайлбар аваагүй байна.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хөрөнгө оруулалт, тендер | Leave a Comment »

2010 оны нийслэлд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд

Posted by ИТХ on 2010/07/18

Нийслэлийн ИТХ-ын 5-р хуралдаан 7-р сарын 16-нд болж нийслэлийн 2010 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон 2009 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Өнгөрсөн оны тухайд 2009 онд нийслэл Улаанбаатар хотын төсвийн орлого 115,1 тэрбум төгрөг байжээ. Үүний 90,4 хувийг татварын орлогоор, 9,3 хувийг татварын бус орлогоор үлдсэн 0,3 хувийг хөрөнгийн орлогоос бүрдүүлсэн байна. Төсвийн зарлага 46,6 тэрбум, ингээд улсад төвлөрүүлэх орлого 62,7 тэрбум төгрөг болжээ. Төсвийн зарлагын 10,6 хувийг зам засвар, арчилгааны зардалд, 23,5 хувийг өндөр настан, оюутны унааны хөнгөлөлтөнд, 32,1 хувийг хөрөнгө оруулалтад, 6,4 хувийг хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээнд, 27,4 хувийг нийтийн ерөнхий үйлчилгээнд хувийг тус тус зарцуулсан дүн гарчээ. Хөрөнгө оруулалтын хувьд Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 49,1 тэрбум төгрөгийн өртөгтэй 263 хөтөлбөр, төсөл, барилга байгууламжийн ажил хийгдсэн байна.

Өнгөрсөн онд төлөвлөснөөс давж биелсэн 7,6 тэрбум төгрөгийн орлогыг 2010 онд дараах хөрөнгө оруулалтанд зарцуулахаар төлөвлөжээ. Үүнд,

- Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд 300 айл өрхийг түр суурьшуулах, дамжин өнгөрөх орон сууцны барилгыг эхлүүлэхэд 2,5 тэрбум төгрөг,

- Баянзүрх дүүргийн Төр захиргааны нэгдсэн байрны барилгын ажилд 2,5 тэрбум

- Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголд 400 сая төгрөг

- Орон сууцны хорооллын гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ өргөтгөх, шинэчлэхэд 831 сая төгрөг,

- Д. Сүхбаатар, Х. Чойбалсан нарын хөшөөг сэргээн засварлах, хүрлээр цутгах ажилд 900 сая төгрөг

- Тусгаар тогтнолын талбайн тохижилтын ажилд 350 сая

- “Усны барилга байгууламж” НӨҮГ-т далан сувгийн цэвэрлэгээний зориулалтаар экскаватор худалдан авахад 100 сая

- Багахангай дүүргийн шинэ суурьшлын гэр хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангах, гудамж талбайн гэрэлтүүлгийн ажилд 50 сая төгрөг

2010 оны хотын төсвийн орлогийг 8,6 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцон тодотгожээ. Төрийн албан хаагчдын цалин энэ оны 10 дугаар 1-нээс 30 хувиар нэмэгдэх болсонтой холбоотойгоор төсөвт орох орлогыг 1,7 тэрбум төгрөгөөр, аж ахуйн нэгж байгуулагын ажиллагсдын цалин хөлснөөс олох орлогыг 3,0 тэрбум төгрөгөөр нийт 4,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.

2010 онд нийт 47,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна. Үүнд:

- Эрхүүгийн гудамжны 0,7 км авто замын шинэчлэлт

- Саппорагийн аюулгүйн тойргийн 0,4 км авто замын шинэчлэлт

- 100 айлаас Сэлбэ голын гүүрний уулзвар хүртэл 840 метр авто зам

- Хорооллын доторхи авто замын засвар 4,1 км гэх мэтээр нийт.

Мөн 2010 оны төсвийн орлогын 6,0 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг танилцуулжээ. Үүнд:

- 2011 онд шинээр хэрэгжүүлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулахад 1,2 тэрбум,

- Иргэдийг үер усны гамшгаас хамгаалах зорилгоор үерийн барилга байгууламж барихад 600 сая төгрөг,

- Энхтайвны өргөн чөлөөний “Ионсей”-н явган хүнд зориулсан нүхэн гарцын инженерийн шугам сүлжээний ажилд 91 сая,

- Улаанбаатар хотын хаягжилтын ажилд 100 сая,

- Нийслэлийн хүүхдийн төлөө газрын барилгын засварт 1 тэрбум төгрөг

- Цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын албыг бэхжүүлж морин болон нохойтой эргүүл ажиллуулахад 112 сая төгрөг

- Хөрсний усыг хотын барилга байгууламж, орон сууцуудад аж ахуйн зориулалтаар ашиглах ТЭЗҮ боловсруулах, төсөл хэрэгжүүлэхэд 1 тэрбум гэх мэт.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хөрөнгө оруулалт, тендер | Leave a Comment »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 49 other followers